Малчид хадлан хадаж, өвс тэжээлийн нөөц бүрдүүлнэ

Админ
2021/07/30

Наадмын маргааш намар гэдэг. Орон нутгуудын зуншлага хэр байгаа, хадлан тэжээлийн бэлтгэл ажлаа хэдийгээр эхлүүлэх, ногоо, тарианы гарц ямар хэмжээнд байгааг орон нутгуудын Хүнс, хөдөө аж ахуй /ХХАА/­-н газрын дарга нараас тодрууллаа. 

Ж.Баттөр: НАЙМДУГААР САРЫН ДУНД ҮЕЭС ХАДЛАНГИЙН БЭЛТГЭЛДЭЭ ГАРАХАД БЭРХШЭЭЛГҮЙ БОЛЛОО (Баянхонгор аймгийн ХХААГ­ын дарга) 

-Ойрын хэдэн өдөр нийт нутгийг хамарсан бороо орж, ган тайлагдлаа. Зуншлага долдугаар сарын эхэн үеэс сайжирсан. Хангайн уулархаг нутгаараа голын усны түвшин эрс нэмэгдсэн байдалтай. Өвсний гарц боломжийн хэмжээнд хүрлээ. Ер нь наймдугаар сарын дунд үеэс эхлэн хадлан тэжээлийн бэлтгэл ажлаа эхлүүлэхэд бэрхшээлгүй боллоо гэж хэлж болохоор байна. Нийт нутгийн 80 орчим хувьд 10-20 см-ийн өндөртэй ногоо ургаж байна. Отор нүүдлийн тухайд зүүн гурван аймгаас бусад нутгаас оторчид ирлээ. 3.5 сая орчим мал манай аймагт зуншиж байна. Цочир хүйтэрчихгүй л бол намар ес, аравдугаар сар хүртэл хүндрэл гарахгүй болов уу. 

Б.Бямбажав: ЗЭРЭГ, ДАРВИ СУМД ГАНДУУ БАЙНА (Ховд аймгийн ХХААГ­ын дарга) 

-Аймаг болон бүх сумдад зуншлага харьцангуй сайжирсан. Зарим сумдад зуншлага нэлээд оройтсон, бороо хургүй, газрын гарц муу, өвс гандуу байсан. Долдугаар сарын эхний арван хоногоос эхэлж бороо сайн орлоо. Зэрэг, Дарви, Чандмань сумын нутгаар хур бороо татруу байснаас шалтгаалж газрын өнгө гандах янзтай болчихлоо. Тариалангийн бүс нутгуудад үр жимс, ногооны гарц хэвийн байна. Манай Ховдын тухайд, ил талбайн ногоо гэхэд л зургадугаар сарын 5-нд гарч, худалдаанд борлуулагдаж эхэлсэн. Ирэх өвлийн тухайд гурван сая орчим мал өвөлжихөөр байгаа юм. Бид өнөөдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл ажлын албан даалгавраа гаргачихсан. Урд талын сумдууд сумынхаа өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх ажлаа өнөө маргаашгүй эхлүүлэхээр гэрээ, хэлцлээгээ эхнээсээ хийж байна. 

Т.Ган-Очир: ЭРДЭНЭЦАГААН, СҮХБААТАР, МӨНХХААН СУМДААС МАЛЧИД ХАДЛАНГАА ХАДНА (Сүхбаатар аймгийн ХХААГ­ын дарга)

 -Манай аймгийн хувьд зуншлага тааруу байна. Сумдуудад өвс, ногооны гарц жигд байна. Малын тарга хүчний хувьд чамлахааргүй хэмжээнд тарга, хүч авч байна. Өвс хадлангийн тухайд Эрдэнэцагаан, Сүхбаатар, Мөнххаан сумдаас малчид хадлангаа хадна. Дөрвөн сая гаруй мал манай аймагт өвөлжинө. Өнгөрсөн хавар бид сая гаруй төл хүлээж авсан. Жилд манайх 700-800 орчим мянган малыг хүнсний хэрэгцээнд бэлтгэж, эдийн засгийн эргэлтэд оруулдаг. Ирэх сарын дундаас эхлээд өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх, хадлан хадах, намар, өвлийн бэлтгэл базааж эхэлнэ. 

Б.Нургулан: ХАДЛАНГИЙН БҮС ГАНДУУ БАЙГАА (Баян­Өлгий аймгийн ХХААГ­ын дарга) 

-Манай аймгийн тухайд зуншлага гойд сайн биш. Намаржаа, өвөлжөөний бүс нутгууд гандуу байна. Зургадугаар сарын эхээр ганц нэгхэн удаа бороо орсон ч долдугаар сард бороо орсонгүй, маш халуун байна. Бороо хур муу байснаас болж голын усны түвшин багассан. Нийт өвөлжөөний бэлчээрийн 60-аад хувь нь гантай гэж бид үзлээ. Нутгийн уулархаг хэсгээр өвсний гарц боломжийн хэмжээнд байгаа ч өвөл цасанд даруулчихдаг учраас тэрүүхэн хэсгийн өвс ашиглагддаггүй. Хадлангийн гарц хангалтгүй байна. Манай аймгийн тухайд голоосоо ус татаж хадлангийн талбайгаа усалдаг онцлогтой. Энэ жил голын усны түвшин эрс багассан учраас хадлангийн талбайдаа ус гаргаж чадаагүй. Тэгэхээр малчид хадлангаа хүссэн хэмжээндээ хадаж авах боломжгүй байдал үүсэж магадгүй. Мал, махны үнэ өнгөрсөн жилийнхээс эрс өссөн. Манай аймаг өнгөрсөн хавар 2.2 сая гаруй толгой мал тоолуулсан. 7000 орчим толгой мал зүй бусаар хорогдсон. Бойжуулсан малаа тооцоод 3 сая давсан толгой мал манай аймагт өвөлжихөөр байна. Аймгийн Засаг дарга шийдвэр гаргаад наймдугаар сарын 1-нээс уулын хадлан, 15-наас голын хадлангаа бэлтгэх чиглэл өгсөн.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна