Төв аймгийн Сэргэлэн, Алтанбулаг сумын 76 иргэн, ААН газраа чөлөөлнө

Админ
2021/07/30

Д.СҮРЭН

Газар зохион байгуулалт, геодези зурагзүйн газраас Хөшигийн хөндийн газар чөлөөлөлтийн талаар мэдээлэл хийлээ. Тус газрын орлогч дарга М.Буяндэлгэр дараах асуултад хариуллаа. 

-Хөшигийн хөндийн хэдэн га газрын чөлөөлөхөөр болсон бэ? 

-УИХ-ын хурлын 2020 оны 52-р тогтоолоор баталсан “Алсын хараа-2050”, урт хугацааны хөгжлийн бодлогод “Шинэ зуун мод” дагуул хотын бүтээн байгуулалтыг эхлүүлж, инженерийн шугам сүлжээ, орон сууцжуулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх зэрэг цогц зорилтыг дэвшүүлсэн. Энэ бодлогын хүрээнд Төв аймгийн Сэргэлэн, Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт хот байгуулалт, дэд бүтцийн чиглэлээр үндэсний хэмжээний томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай нийт 19390.4 га газрыг Газрын тухай хуулийн 16 зүйлийн 16.1.13 д заасны дагуу улсын хэрэгцээнд авахаар газар зохион байгуулалтыг хийж байна. 

-Уг газарт ямар бүтээн байгуулалтууд босохоор төлөвлөгдсөн байна вэ? 

-Нисэх онгоцны буудал байгаа учраас Ази-Европыг холбосон тээвэр ложистикийн төвийг бий болгох, мөн ажлын байрыг холбосон үйлдвэр, технологийн паркийг барина. Хамгийн гол нь Хөшигийн хөндий орчмыг 150 мянга орчим хүн амтай дагуул хот болгохоор төлөвлөсөн. Мөн шинэ нисэх онгоцны буудлыг түшиглээд аялал жуулчлал, эдийн засгийн төвийг байгуулах юм. Энэ ерөнхий төлөвлөгөөтэй холбогдуулан Төв аймгийн Сэргэлэн сумыг хотуудтай холбох эдийн засаг, хүнс, хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнээр хангах төв болгохоор зорьж буй.

 -Газар чөлөөлөх ажлыг хэрхэн хийх вэ? 

-Улсын тусгай хэрэгцээнд авахаар төлөвлөж байгаа 19 мянган га газарт газар чөлөөлөх ажлыг зохион байгуулахаар Барилга хот байгуулалтын сайдын тушаалаар газар чөлөөлөх ажлын хэсэг байгуулсан. Нийт 3173 иргэн, аж ахуй нэгж байгууллага газар ашиглаж, өмчилж буй. Засгийн газрын 2017 оны тогтоолоор Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах журмын дагуу газар чөлөөлөх ажлыг зохион байгуулна. Үүнд, газрыг нөхөн олговортойгоор солих, хууль бус газар олголтуудыг цуцлах арга хэмжээ явагдана. Эхний ээлжид 76 иргэн, аж ахуй нэгжийн газар эзэмших, ашиглах эрхийг цуцлахаар болсон. Тийм учраас Төв аймгийн Алтанбулаг, Сэргэлэн суманд газар эзэмшиж, ашигладаг, өмчилдөг иргэн аж ахуй нэгж байгууллагууд 2021 оны долдугаар сарын 29-ний өдрөөс наймдугаар сарын 15-ныг хүртэл хугацаанд Төв аймгийн Газрын харилцаа, хот байгуулалтын албанд ирж тайлбар, саналаа хэлээрэй гэдгийг хэлье.



0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна