Ш.Булган: Зүрх судасны өвчнөөр нас баралт их байна

Админ
2021/08/06

С.ЭНХЦЭЦЭГ

“ Бундан зүрхэн ” эмнэлгийн эмэгтэйчүүдийн эмч Ш.Булгантай ярилцлаа. 

- Бэлгийн замын халдварт өвчин тэр тусмаа тэмбүүгийн өвчлөл ихсэж, хувьсгалын өмнөх үеийг санагдуулах боллоо гэх эмзэглэл нийгэмд бий. Үнэхээр тэгтлээ ихэссэн хэрэг үү? 

-Бэлгийн замын халдварт өвчин хүний нас хүйс, боловсрол харгалзахгүй, хэнд ч тохиолдож болох учраас нийгмийн халдварт өвчин гэгддэг юм. Шалтгаан нь тохиолдлын бэлгийн хавьтлаас үүдэлтэй гэж тодорхойлдог ч гэр бүлтэй, нөхөртэй эмэгтэйчүүдэд их тохиолдож байна. Товчхондоо БЗХӨ-ийг өөрт тохиолдохгүй мэт хандаж болохгүй. Бүх л хүмүүст тохиолдож болох аюул болчихоод байгаа. Бэлгийн замын халдварт өвчин ямар ч нийгмийн үед байсаар л ирсэн. Жишээ нь тэмбүү бол манай улсад хувьсгалын жилүүдэд хоёр хүн тутмын нэг гэж яригддаг байсныг “халуун буюу улаан тарианы үе”-ийг өрнүүлж дарсан. Гэтэл сүүлийн үед жирэмсэн эмэгтэйчүүдийг оношлогоонд оруулснаар мэдэгдэхгүй байгаа далд хэлбэрийн тэмбүү илрэх тохиолдол түгээмэл байна. Тэмбүү зөвхөн цусаар оношлогддог учраас зорьж ирж шинжилгээ өгч байж л илэрдэг. Хүмүүс мэс засалд орохын өмнө юм уу, шаардлагатай тохиолдолд зорьж шинжилгээ өгөхөд л илэрч байна. Бусад бэлгийн замын халдварууд ч мөн адил заавал эмчийн үзлэг хийгдэж, эмгэг ялгадаснаас нь шинжилгээ авч илэрдэг. Ний нуугүй хэлэхэд, ганцхан тэмбүү ч биш, энэ төрлийн шинжилгээг хийлгэж чадахгүй хүн олон байна. 

-Өвчлөлийн тухайд хэдэн насныхан илүү өртөмтгий байна вэ? 

-БЗХӨ бүрэн эмчлэгддэг. Тэгэхээр үүнийг нэгдүгээрт, хувь хүний хүмүүжил болон боловсролтой холбож үздэг. Нэгэнт бэлгийн замын халдварт өвчнөөр өвчилсөн бол хамтрагчтайгаа хамт өндөр ухамсартайгаар эмчлүүлэх ёстой. Гэтэл нуун дарагдуулдаг, богино хугацаанд эмчлэгдэхийг хүсдэг учраас бүрэн эмчлүүлдэггүй орхидгоос дараа нь тодорхой нөхцөл байдлын улмаас сэдэрдэг гэмтэй. Дархлаа унасан, хүнсний хэрэглээтэй холбоотойгоор дутуу эмчлэгдсэн эмгэг дахин сэдрэх тохиолдол олон. Энэ нь зөвхөн бэлгийн замыг өвчлүүлээд зогсохгүй бие махбодийн бусад эд эртхэнд нөлөөлдөг. Цаашид насан туршдаа үргүй болох зэрэг сөрөг үр дагавар их. Эрсдлийг нь иргэд төдийлөн сайн мэдэхгүйн улмаас хүндрүүлчихдэг. Тиймээс хувь хүний бэлгийн боловсрол гэдэг зүйлийг өсвөр наснаас нь сургах хэрэгтэй. Бэлгийн замын халдвараас яаж сэргийлдэг вэ, тохиолдлын бэлгийн хавьтал байх ёстой юу зэрэг мэдлэгүүд хүний ухамсарт байж байж л сэргийлж чадна. Түүнээс биш, “нэг өвчин байдаг, тусдаг, тариа тарьдаг “ гэсэн ойлголттой байвал БЗХӨ нийгмээс арилахгүй. Тэр ч утгаараа БЗХӨ-ийг нийгмийн халдварт өвчин гэж тодотгодог юм. 

-Хэдэн жилийн өмнө умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх вакцины хотын захын дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагч охидод хийж, “Ээжүүдийн холбоо” эсэргүүцэж байсныг санаж байна. Умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл тийм их байдаг юм уу. Урьдчилан сэргийлэх арга нь вакцин мөн үү?

 -Эмэгтэй хүний умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэгч нь хүний хөхөнцөр вирус. Хөхөнцөр вирус зөвхөн бэлгийн замаар дамжиж халдварладаг. Энэ вирусийг бэлгийн хавьталд анх орохдоо ч авч болно, магадгүй бэлгийн хавьталд орсноос хойш 10 жилийн дараа ч авч болно. Өөрийн чинь яриад байгаа вакциныг охидод бэлгийн харьцаанд орохоос нь өмнө хийснээрээ Монголын эмэгтэйчүүд умайн хүзүүний хорт хавдраар өвчлөхгүй байх бүрэн боломжтой. Бид элэгний С, В вирус элэгний хавдар үүсгэж байна гэж мэддэг шиг эмэгтэй хүний умайн хүзүүний хавдраас урьдчилан сэргийлэх вакциныг бэлгийн харьцаанд ороогүй байхдаа заавал хийлгэх ёстой. Харамсалтай нь энэ талаар үнэн зөв мэдлэг, мэдээлэлгүй хүмүүс нийгэмд буруу ойлголт өгснөөс зогсоосон. Харин вакциныг хийлгэсэн хүмүүс, ”Би хэзээ ч энэ халдвараар өвчлөхгүй” гэсэн итгэлтэй байх ёстой. Яг одоогоор бэлгийн замын халдвартай холбоотойгоор энэ асуудлыг ярьж байгаа боловч бэлгийн замын халдвараас биш, манай эмэгтэйчүүд дунд маш их байдаг энгийн нянгийн үрэвслээс ч сэргийлж чаддаг. Зарим эмэгтэйчүүд бэлгийн харьцаанд орохгүй байгаа юм чинь надад ямар нэг асуудал байхгүй гэж боддог. Гэвч эмэгтэй хүний үтрээ гэдэг тусдаа бие даасан үйл ажиллагааны эрхтэн. Өөрийн гэсэн орчинтой байх ёстой. Гэтэл бэлгийн харьцаанд орохгүйгээс болоод үйл ажиллагаа нь алдагдаж асуудал үүсдэг. Тодруулбал, үтрээ агааргүйгээс агааргүйтэн нян буюу эмгэг ялгадас гарах тохиолдол бий. Түүнээс гадна дадал зуршлуудаас ч шалтгаална. Сүүлийн үед өдөр тутмын ариун цэврийн хэрэглэлийг их хэрэглэх болсон. Угтаа үтрээнд агаар орох ёстой. Товчхондоо өдөр тутмын ариун цэврийн хэрэглэлийг өдөр болгон хэрэглэх нь зөв хэрэглээ биш. 

-Сүлжээний бүтээгдэхүүн буюу эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд хэрэгтэй гэх элдэв бүтээгдэхүүн, эм бэлдмэлийн талаар мэргэжилтний хувьд ямар зөвлөгөө өгөх вэ?

 -Эмэгтэйчүүдэд маань өөрийгөө л ариун цэврийн байдлаар маш сайн, өөрөөс нь бусад эмэгтэйчүүд асуудалтай гэж үздэг хандлага байдаг. Нөгөөтээгүүр сүүлийн үед худалдаанд янз бүрийн бүтээгдэхүүнүүд их гардаг болсон. Нэмэлт бүтээгдэхүүн хэрэгтэй хүндээ сайн үр нөлөө үзүүлдэг ч эмэгтэй хүний үтрээ гэдэг байнгын ямар нэг зүйл хэрэглэж байж цэвэр байдаг тийм бохир зүйл биш. Зүгээр байхад нь бактерийн эсрэг, чийгшлийг нь алдагдуулах бүтээгдэхүүн хэрэглэхээр үтрээ хавдах, загатнах, хорсох шинж тэмдэг илэрнэ. Тиймээс шинжилгээ өгөөд асуудалтай гарсан үедээ л хэрэглэх ёстой. Үтрээ нь хүүхэд төрүүлэх зам болох, бэлгийн харьцаа хийх гэсэн хоёр үндсэн үүрэгтэй эрхтэн. Тиймээс эмэгтэй хүнд бэлгийн харьцаа гэдэг зүйл байх ёстой. Бэлгийн харьцаанд ороогүйгээс зовиурлахгүй боловч зарим асуудлууд эмэгтэй хүн болгонд үүсдэг. Эмэгтэйчүүд өвдөх зүйлгүй учраас эмчид ханддаггүй. Жаахан зовиур илэрсэн ч маргааш нь намждаг болохоор эмчид үзүүлэхгүй хойш тавьдаг. Үүний улмаас үтрээний үйл ажиллагаа бүрэн алдагддаг. -Үтрээний үйл ажиллагаа алдагдсан тохиолдолд ямар сөрөг үр дагавар гардаг юм бэ? -Үтрээ суларсан тохиолдолд эмэгтэй хүний амьдралын бүтээмж дагаад суларчихдаг. Бэлгийн харьцаа байхгүйтай холбоотойгоор бэлгийн харьцаанд орох сонирхолгүй болохоос гадна дагалдах сэтгэлзүйн болон бие физиологийн олон асуудал тулгардаг. Ингэж ярихаар заавал эрэгтэй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэж ойлгож болохгүй. Бидний мэддэг кегелийн дасгалыг хийж, жилд нэг л удаа мэргэжлийн эмчид үзүүлээд, умайн хүзүүний хавдрын шинжилгээ өгөөд, урьдчилан сэргийлэх энгийн хэвшлийг хэрэгжүүлчихвэл олон асуудлаас сэргийлэх боломж бий. Харамсалтай нь манайхан бэлгийн замын халдвар авсны дараа ноцтой шинж тэмдэг илрэх үед нь л эмчид ханддаг. Эмэгтэйчүүдийн эрхтний үйл ажиллагаа нууцлаг байдаг учраас зарим эмэгтэйчүүд санаа зовдог, гадаадад үйлчлүүлдэг тохиолдол ч бий. Миний хувьд өөрсдийгөө хамгаалах үүргээ биелүүлж байх хэрэгтэй гэж л үйлчлүүлэгч эмэгтэйчүүддээ зөвлөдөг дөө. 

-Ковид гээд бусад өвчнийг мартаж орхилоо. Хавдраар нас барагсдын тоо утгаа алдлаа гэх шүүмж бий. Хөл хориотой холбоотойгоор БЗХӨ-ний өвчлөл буурсан байх болов уу гэж найдаад асууж байна л даа. Нөхцөл байдал яг ямар байна вэ? 

-Сүүлийн үед ковид л хүмүүсийн эрүүл мэндийг доройтуулж байгаа хамгийн том өвчин юм байна гэсэн ойлголт түгээд байгаа ч үнэндээ ковид бол хүйтний улиралд ханиад томуу дэгддэг шиг нэг л вирусийн гаралтай өвчин.Үүнтэй адил хорт хавдрыг ч бас “салхи татуулдаг”. Үнэндээ жилд нас барж байгаа 14-15 мянган хүний 10 мянга нь зүрх судасны өвчний шалтгаантай байдаг. Зүрх, судасны өвчлөл стресс буюу бухимдалтай холбоотой. Нийгмийн байдал, өр зээл, үр хүүхэд, байр, ажил орлого яах вэ гэсэн санаа зовнилтой холбоотойгоор стрессдэж, эрт илрүүлвэл эмчлэгдэх боломжтой өвчлөлүүд нас баралтын нэгдүгээр шалтгаан болчихоод байна. Миний мэдэхийн сүүлийн 10 жил, жил болгоны нас баралтын нэгдүгээр шалтгаан нь хорт хавдар биш зүрх судасны өвчин байгаа. Уг нь нас баралтад хүргэхээс нь өмнө сэргийлэх боломжтойг иргэд анхаарах хэрэгтэй. Хорт хавдар бас хүмүүсийг айдаст автуулдаг ч бас л эрт илрүүлбэл эмчлэгдэх бүрэн боломжтой. Бодит байдал дээр хөдөө, захын суманд байгаа хүмүүс тэр болгон ирж, хорт хавдрын шинжилгээ өгч чаддаггүй. Эцсийн шатандаа орсон үед нь оношлогдоод эмчилгээгүй гэх хатуу мэдээг сонсдог. Өнөөгийн нийгэмд, үнэндээ эмнэлгийн хандив цуглуулж чадсан нь эмчилгээ хийлгэж, хандив мөнгөгүй нь асуудлаа шийдэж чадалгүй дуусгадаг дүр зураг үүсээд байна. 

-Эмэгтэйчүүдийн эмчээс үр хөндөлтийн талаар асуухгүй өнгөрч болохгүй байх. Үр хөндөлтийн хор уршгийн талаар мэдлэг мэдээлэлгүйгээс анхны жирэмслэлтээ таслуулснаас үүдэх хор уршгийн талаар тайлбарлаж өгөөч? 

-Манай улс цөөн хүн амтай. Нэг эмэгтэй хэдэн ч хүүхэд төрүүлэх боломжтой гэж ярьдаг ч үр хөндөлтийн асуудал монголчуудыг түгшээж буй асуудлын нэг мөн. Үр хөндөлтөөс үүдээд насан туршдаа үр хүүхэдгүй болох эрсдэлтэй. Үр хөндөлтийг мэдээж нөхөн үржихүйн насныхан хийлгэдэг. Тогтвортой гэр бүл зохиогоогүй, сургуульд сурч байгаа, амьдралын боломжгүй гэхчлэн бололцоогүйгээс шалтгаалан үр хөндөлт хийлгэдэг. Хэдийгээр манай улс хуулиараа үр хөндөлтийг чөлөөтэй болгосон ч үр хөндөлт хийх зөвшөөрөлгүй эмнэлгүүд үр хөндөлт хийдэг. Өнөөдөр статистикаар гаргаж буй үр хөндөлтийн тоо зөвхөн улсын эмнэлгүүдэд хийгдэж байгаа нь. Уг нь Үр хөндөлтийн тухай хуулиндаа эмч нар нь бодит тоогоо мэдээллэдэг байвал хүн амын статистик тоо баримт зөв гарах боломжтойгоос гадна өөр олон талын ач холбогдолтой. Мэдээж, үр хөндөлт хийлгэж байгаа эмэгтэйчүүдийн ихэнх нь залуу охид. Тэд амьдралын боломжгүй, орлогогүй, нөхөргүй гэсэн шалтаг хэлдэг. Шуудхан хэлэхэд, манай улсад эрүүл мэндээ өөрсдөө хамгаалах нөхцөлийг бүрдүүлэх нийгмийн тусгай үйл ажиллагаа огт алга. Мэдээж залуучууд өвдөхгүй бол эмчид хандахгүй. Гэхдээ эрүүл мэндийн даатгал төлж байгаагийн хувьд жилд нэг удаа оношилгоонд хамрагдах боломжийг төр засгаас олгож байх хэрэгтэй л дээ. Өөрийн чинь асуусан хариулахад, үр хөндөлтийн үр дүнд умай цоорох, насан туршдаа үргүй болох ноцтой хүндрэлүүд гарах эрсдэл бий. Нөгөөтээгүүр хүндрэл гарвал өөрөө хариуцна гэж гарын үсгээ өгч мэс ажилбарт ордог. Гэвч туршлагатай эмч ч бай, залуу эмч ч бай мэс ажилбарын хүндрэл хэзээ тохиолдохыг мэдэх боломжгүй. Түүнээс гадна нийт эмэгтэйчүүдийн 10 хувь нь резусфактор хасах буюу сөрөг гэсэн цусны тохироотой байдаг. Энгийнээр тайлбарлавал, амьдралынхаа хугацаанд нэг л хүүхэд төрүүлэх боломжтой. Тэр хүүхдээ авахуулчихвал хүүхэд төрүүлэх боломжгүй болох нь. Үүнээс гадна сүүлийн үед үр хөндөх мэс ажилбарын янз бүрийн аргууд гарсантай холбоотойгоор үрийн хоолойд битүүрэл, үрэвсэл үүсэх, хүндрэх, наалдах зэрэг хүндрэл гардаг. Үр хүүхэд мөрөөдсөн хүн үр шилжүүлэн суулгах ажилбарыг сонгодог. Нэг удаагийн ажилбар 10 сая төгрөг. Хүүхэд бүрэлдэн тогтсон ч бай, үгүй ч бай мөнгөө төлдөг. Анагаах ухааны хувьд үр шилжүүлэн суулгалтаар үр тогтох магадлал дэлхий даяараа 30 хувь л байдаг. Энэ бүх хүндрэлд хүрэхгүй байх гол арга нь анхнаасаа л мэдлэг, мэдээлэлтэй байх явдал. Зөв мэдээллээр дутмаг, өнөөдөр л аминд тулсан асуудал биш бол дараа нь ямар үр дүнд хүргэх талаар тооцоолж мэдэхгүй байна даа, манайхан. Иргэд байтугай эрүүл мэндийн салбарт ч таван жил, арван жилийн дараа ямар байх тооцоо алга байна шүү дээ. Эрүүл мэндийн асуудлаа салбараасаа эхлээд иргэн рүүгээ чиглэсэн байдлаар цогцоор нь шийдэхгүй бол, тогтолцоо нь өөрөө буруу бол үйлчилгээ нь зөв явахгүй, эмчилгээ нь ч сайн эсэх нь тодорхойгүй хэвээрээ байх нь тодорхой шүү дээ. 

-Өнгөрсөн хаврын чуулганаар Эрүүл мэндийн багц хуулийг баталсан. Салбарын мэргэжилтний хувьд анзаарсан л байх. Ахиц дэвшил гарах магадлал байна уу? 

-Миний хувьд эрүүл мэндийн салбарын үйлчилгээг үнэ төлбөргүй байх ёстой гэж үздэг. Европ, Скандинавын орнуудад эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ нь бүгд төлбөргүй байдаг. Харин манай эрүүл мэндийн салбар болж л өгвөл төлбөр лүү чиглэдэг. Улсын эмнэлгийн аль нэг тоног төхөөрөмж нь эвдэрсэн байдаг, улмаар хувийн эмнэлэг рүү явуулдаг. Зүй нь даатгалаа төлөөд төлбөргүй байвал эмнэлгүүдийн үнэ тэнгэрт хадахгүй, цэвэр чанарын өрсөлдөөнөөр үйлчлүүлэгчээ татдаг бодлого хэрэгжинэ. Манай хуулинд, “... үр хөндүүлэхээс бусад бүх жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл, эмчилгээ, үзлэг, шинжилгээ улсын эмнэлэгт үнэ төлбөргүй...” гэсэн байдаг. Гэхдээ яг бодит байдал дээр яадаг билээ. Төрөх дээр очиход л тийм юм хэрэгтэй, ийм ч юм хэрэгтэй гэсээр төлбөртэй эмнэлгээсээ их мөнгө зарлагддаг. Шинэчилсэн хуулийн тухайд эрүүл мэндийн салбарт байдаг, байх ёстой мэдээжийн зүйлсийг л наана цаана нь оруулахаас өөр ахиц дэвшил гараагүй.



0
2
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна