Таны заавал унших ёстой өрнийн уран зохиолууд

Админ
2021/08/10

Б.Мичидмаа

Уран зохиол бол хүнийг хүмүүжүүлэх, өөрийг нь өөрт нь нээж өгөх, хүнийг хүн болгох тэр л энгийн атлаа хамгийн ойр багш бас найз. Тэгвэл энэ удаа дэлхий дахинаа алдартай, таны заавал унших ёстой өрнийн уран зохиолуудын түүвэртэй танилцацгаая.

“Одиссейн дуулал” Гомер

Гомер өрнөдөд төдийгүй дэлхий дахинд алдаршсан Илионы дуулал, Одиссейн дуулал хэмээх гайхамшигт хоёр туульсыг зохиогч бөгөөд эртний Грекийн домогт яруу найрагч. Энэ цуут найрагчийн цадиг намтар нь огт мэдэгдээгүй балархай тул ерөөс Гомер гэгч түүхэн хүн мөн үү, биш үү гэдэг асуудал ч гарч, эрдэмтэн судлаачид маргалдсаар ирсэн юм. Гомерийн хоёр тууль хэдийгээр хэмжээ том ч, цөөн хоногийн үйл явдлыг багтаасан байдаг. Тууль тус бүр 24 дуулалаас бүрдэх бөгөөд «Илиад» нь 15693 шад шүлэг, «Одиссей» нь 12110 шад шүлгийг багтаасан байна.

Гомер, туульстаа үнэн бодит байдлаас гадна уран сэтгэмж, ид шидийн зүйлсийг ихээр оруулсан байдаг. Гэхдээ уран зохиолын дүрслэх ёстой гол зүйл болох хүн, хүний ажил үйл, зан чанарыг орхигдуулсангүй. Түүний зохиолын гол баатрууд оргилсон хүсэл тэмүүлэл, эх оронч үзэл, зорьсондоо хүрэхээс үл няцдаг чанарыг агуулсан байдаг.

"Эдип хаан" Софокл

“Эмгэнэлт жүжгийн Гомер” хэмээгддэг Софокл 60 гаруй жил уран бүтээл туурвихдаа 123 жүжиг бичсэн ч тэдний долоо нь л өнөө үед мэдэгддэг. Түүний бичсэн жүжгүүдээс хамгийн алдартай нь “Эдип Хаан” бөгөөд анх НТӨ 429 онд Афинд тоглогдсон. Тус зохиол нь хүний орчлонгийн хамгийн ариун гэгдэх эх үрийн харилцаа, эцгийн ёс зэргийг хөндсөнөөрөө эмгэнэлт жүжгүүдээс онцгойрдог.

“Эртний жүжгийн нэг ч бүтээл европ жүжгийн түүхэнд Эдип хаан шиг ийм мэдэгдэхүйц ул мөр үлдээсэнгүй”Тус эшлэлийг зөвлөлтийн эртний утга зохиолын түүхч И.М.Тройский хэлсэн бөгөөд олон утга зохиолын шүүмжлэгчид түүнтэй санал нэг байдаг.

“Кихот Ноён” Мигель Сервантес

1605 оны нэгдүгээр сард их зохиолчийн алдарт бүтээл «Ламанчийн нарийн ухаант Кихот ноён» роман Мадрид хотноо хэвлэгдэн гарав. Хэвлэлийн газрын эзэн эл романыг төдийлөн амжилт олж чадахгүй биз гэж бодоод хуучирч элэгдсэн үсгээр, аанайхан цаасан дээр үг үсгийн алдаа ихтэй хэвлээд нэртэй цуутай зохиолчдын бүтээлийг уншиж эрхэшсэн нийслэлийнхнийг бодвол алс бөглүү далайн чанад дахь эзэмшил нутгийнхан илүү ойшоох байлгүй гэж бодсон тул ихэнх хувийг усан онгоцонд ачуулан холын нутаг руу явуулсан гэдэг. Гэтэл «Ламанчийн Кихот ноён» худалдааны лангуун дээр тавигдсан даруй алга болж уншигчдын талархлыг хүлээснээр барахгүй 1605 ондоо таван удаа, дараачийн таван жилийн дотор дөрвөн удаа дахин хэвлэгдсэн байна.

Анх хэвлэгдэн гарснаас хойш гурван зуун жаран зургаан жил өнгөрөхөд тус роман испаниар барахгүй дэлхийн олон орны үй түмэн уншигчийн дуртай ном нь болж улмаар дэлхий дахины дэвшилтэт соёлын санд испанийн ард түмний оруулсан нэг том хувь нэмэр гэгддэг билээ.

Испанийн алдарт зохиолч уг зохиолоор өөрийгөө тольдсон хэмээн судлаачид үздэг. Кихот шиг агуу мөрөөдөлтэй бүтэлгүйчүүд бүх цаг үед байсаар ирсэн. Тэдний тоо цөөрөхийн хэрээр нийгэм дэх ядуурал багасна хэмээх зохиолын утга оршдог.

“Гамлет” Уильям Шекспир

Английн алдарт зохиолч, яруу найрагч Уильям Шекспирийг театрыг анх бий болгосон хүн ч гэж хэлдэг. Тэрээр эмгэнэлт, инээдмийн төрлийг хослуулан бүтээж байсан ч оргил гэж хэлж болох бүтээлүүд нь эмгэнэлт зохиолууд нь байв.

Түүний дотроос Гамлетыг энэ удаа онцолж байна. Тус зохиол нь хаан ширээ, эрх мэдэл, эд хөрөнгийн төлөөх увайгүй тэмцэл, үеийн үед хүн төрөлхтнийг эмгэнэлт байдалд оруулсаар ирсний тод жишээ юм. Мөн хүн үхдэл мэт амьд явах эсвэл нэр төртэйгээр үхэх хоёрын ялгаа заагийг гаргаж өгсөн.

“Фауст” Йоханн Вольфганг Фон Гёте

Германы их зохиолч, эрдэмтэн, улс төрийн зүтгэлтэн Гётегийн Фауст жүжгийг дэлхийн уран зохиолын оргилуудын нэг хэмээн үздэг. Тус зохиол нь сурч мэдэх хүсэлдээ автсан хөгшин эмч Фауст чөтгөрт сүнсээ худалдаж, бялуурсан жаргал, ёроолгүй зовлонд унаж буй талаар гарах бөгөөд хүний орчлонгийн бүх мэдрэмжийг та эндээс мэдэрч болно.

“Гэм зэм” Фёдор Михайлович Достоевский

Оросын нэрт зохиолч Достоевскийн “Гэм зэм” роман сэтгэл зүйн зохиолын хэв маягт харьяалагддаг. Хувь хүний дотоод сэтгэл, ертөнцийг харах үзлийг тусгасан энэхүү романыг 1866 онд хэвлэснээс хойш бүтэн зууныг дамжсан байна. “Гэм зэм” роман эрин зууныг дамжсан суу алдарыг хүртэхийн тулд гараас гарах хүртлээ жилийн хугацаа зарцуулсан гэдэг.

1860-аад оны Санкт Петербургт үйл явдал өрнөх бөгөөд их сургуулиасаа чөлөө авсан Раскольников хэмээх нэгэн залуу, мөнгө хүүлэгч эмгэн болон түүний дүүгийн аминд хүрсэн хэргийн тухай өгүүлдэг. Нийт 6 бүлэг, төгсгөл бүхий романы зөвхөн нэг бүлэгт л гэмт хэргийн талаар харин бусад бүлэгт зохиолын баатрын сэтгэл зүйн байдал, оюун санааны амьдрал, түүний хийсэн гэмт хэргийн сэдэлд зохиолын үйл явдал өрнөнө. Хүний сэтгэл зүрх хичнээн агуу, амь гэдэг ямар өчүүхэн гээд маш олон торгон, нарийн мэдрэмжийг мэдрэх боломжтой. 



0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна