Эко амьдрал руу алхам алхмаар

Админ
2021/08/11

Б.Цагаанцоож

Хүн төрөлхтний хөгжил дэвшил дээшлэх тусам экологийн асуудлууд толгойн өвчин болсоор байна. Тэр хэрээр шийдэх арга замыг хайж өдөр тутмын амьдралд олон эко сонголт гарч буй нь сайн хэрэг. Эмэгтэйчүүдийн амьдралд чухал хэрэглээ болж чадахуйц бүтээгдэхүүн “menstrual cup”  буюу сарын тэмдгийн аягыг танилцуулъя. 

АЯГАХАН ГЭЖ ЮУ ВЭ?

Эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн шингэнийг хуримтлуулж авдаг эмнэлгийн зориулалттай силикон аяга юм. “Zero waste” амьдралын хэв маягийг эрхэмлэдэг бүсгүйчүүдийн хэрэглээ болоод амжсан билээ.

ДАВУУ ТАЛУУД

Эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй

Ариун цэврийн хэрэглэл, тампонд элдэв химийн бодис агуулагддаг бөгөөд биед хортой нөлөө үзүүлж, ховор тохиолдолд үхэлд хүргэх нь ч бий. Мөн тампон их хэрэглэх нь үтрээний дотоод чийгшлийг багасгаж хуурайшуулдаг. Харин сарын тэмдгийн аяга нь биед гаж нөлөөгүй, өвтгөхгүй, тав тухтай байдлыг бий болгодог. 

Эдийн засгийн хувьд хэмнэлттэй

Аягаханыг 5-10 жил хэрэглэх боломжтой. Нэг удаагийн худалдан авалтад бренд, сонголтоосоо хамааран 25-80 мянга хүртэл үнэтэй байдаг. Үүнийг сар бүр ариун цэврийн хэрэглэл авах өртөгтэй харьцуулъя. Худалдан авсан аягаа найман жил хэрэглэнэ гэж тооцвол нийт 96 удаагийн сарын тэмдгийн үеэр ашиглана. Дунджаар 50 мянган төгрөгөөр худалдаж авбал найман жилийн турш сард ердөө 520 төгрөгийг сар бүрийн хэрэглээндээ зарцуулах болно.

Байгальд ээлтэй

Эмэгтэй хүн амьдралынхаа туршид дунджаар 11,000 ширхэг ариун цэврийн хэрэглэл, тампон хэрэглэдэг гэсэн тооцоо байдаг. Мөн нэг ширхэг ариун цэврийн хэрэглэлд 3 ширхэг гялгар ууттай тэнцэх хэмжээний хуванцар ордог байна. Ариун цэврийн хэрэглэл нь байгальд шингэдэггүй, эсвэл шингэж задрах хүртлээ маш олон жил байгалийг бохирдуулж, хорт бодис ялгаруулж байдаг. Иймд сарын тэмдгийн аяга бол эко хэрэглээ юм. 

Биед эвтэйхэн

Аягаханыг зөв хийсэн бол бассейн, саун, иог, дасгал хийхдээ, унтахдаа хэрэглэсэн ч хальж урсах эрсдэл үүсэхгүй, бүрэн найдаж болно. 

Багтаамж сайтай

Нэг ширхэг ариун цэврийн хэрэглэл 6-8 гр шингэнийг өөртөө шингээх чадвартай бол сарын тэмдгийн аяга 5 дахин их шингэнийг багтаах боломжтой. Өөрөөр хэлбэл, энэ нь шингэнийг 4-12 цаг барьдаг гэсэн үн юм. Тиймээс ариун цэврийн хэрэглэлээс бага шингэн хуримтлуулах вий гэж айх хэрэггүй.

АНХААРАХ ЗҮЙЛС

Ариутгаж цэвэрлэх

 

Аягыг хэрэглэж эхлэхээсээ өмнө болон сарын тэмдэг ирж дууссаны дараа буцалсан халуун усанд хийж нян, бактерийг нь устгаарай. Харин сарын тэмдгийн үеэр хэрэглэх явцад шингэн дүүрэх бүрд цэвэр усаар угааж хэрэглэнэ.

 

Хэмжээгээ зөв сонгох

Сарын тэмдгийн аяга нь эмэгтэйчүүдийн биеийн онцлогоос шалтгаалан хэд хэдэн хэмжээтэйгээр үйлдвэрлэгддэг. Ихэнх брэндүүдэд S, M, L гэсэн гурван хэмжээтэй аяга бий. 20-с доош насны охид юм уу төрөөгүй, төрөөд удсан эмэгтэйчүүдэд S размерыг санал болгож байна. Харин хоёр болон түүнээс дээш хүүхэдтэй юм уу сарын тэмдэг нь ихээр ирдэг эмэгтэйчүүдэд L размер тохиромжтой.

 

Аяганы уян хатныг сонгох 

Сарын тэмдгийн аяга нь хатуулгийн хувьд янз бүр байдаг. Ерөнхийд нь зөөлөн, дундаж, хатуу гэж ангилна.  Хэрэв дасгал их хийдэг, аарцгийн булчингийн хөгжил сайтай бол дотоод булчингийн даралтад хумигддаггүй, үтрээнд амархан дэлгэгддэг хатуу аяга хэрэглэх нь зүйтэй. Зөөлөн аяга нь үтрээнд оруулахад хялбар, мэдрэмтгий давсагтай хүмүүст илүү тохиромжтой.  Харин аарцгийн булчингийн хөгжил сайтай, спортлог хүмүүс, мөн залуу охидын хувьд зөөлөн аяга үтрээнд  дэлгэгдэхдээ хэцүү байх нь бий. Харин анх хэрэглэж үзэж байгаа, мөн дээрх 2 аяганы төрөл нь танд тийм ч тохиромжтой бус санагдаж байвал дундаж хатуулагтай аягыг сонгоорой. 

Болгоомжтой хэрэглэх 

Анх удаа хэрэглэхэд бага зэрэг эвгүй мэдрэмж төрж магадгүй тул аягаа хийх болон буцааж авах үедээ өөрт амар байдлаар, маш болгоомжтойгоор хэрэглээрэй. Зурагт үзүүлсэн зааврын дагуу хэрэглэх нь өвдөлт багатай гэгддэг. Мөн хэрэглэж сурах хүртлээ ариун цэврийн хэрэглэлийг давхар хэрэглэх нь зүйтэй. Ингэснээр шингэн хальж урсахаас сэргийлэх юм. 

ХЭН ХЭРЭГЛЭЖ БОЛОХГҮЙ ВЭ?

“Vaginismus” буюу үтрээний хананы булчин удирдлагагүй агшдаг, “Fibroid” буюу умайн булчингийн хоргүй хавдартай, “Endometriosis” буюу умайн доторх салст бүрхүүлийн үрэвсэлтэй бол сарын тэмдгийн аяга хэрэглэх хэрэггүй. Хэрэв танд эмэгтэйчүүдийн өөр ямар нэгэн зовуурь  бусад өвчлөл бий бол эмчээс зөвлөгөө авсны үндсэн дээр хэрэглэх нь илүү найдвартай бас эрсдэлгүй юм.

МОНГОЛД ХААНА ХУДАЛДААЛДАГ ВЭ? 

  • Цомхон эко дэлгүүр- Байгальд ээлтэй, эко бүтээгдэхүүн худалдаалдгаараа хэрэглэгчдийн дунд алдартай билээ. “Zero Waste” амьдралын хэв маягийг эрхэмлэдэг бүсгүйчүүд сайн мэдэх байх. https://tsomhon.mn/products/17912/68191 линк дээр дараад захиалаарай.

  • Ger organic store- Монголын анхны эко дэлгүүрүүдийн нэг “Гэр органик дэлгүүр”-ийг ч мөн мэдэхгүй эко хэрэглэгч байхгүй биз.  http://gerorganic.com/product/mooncup/ линк дээр аягаханаа захиалаарай.

  • We trust store- Сарын тэмдгийн аяга, даавуун ууттайгаа 34.900 төгрөгөөр хүргүүлэн авах боломжтой. https://wettrust.mn/products/2948/10523 линк дээр дараад захиалаарай.

  • Womanly menstrual cup Mongolia- Аягахан болон ариутгагч тус тусад нь зардаг. https://www.facebook.com/womanlycup линк дээр дараад захиалаарай.

  • Аягаханы аврагч- Хэрэгтэй бүх зүйлсийг багцаар зардаг. https://www.facebook.com/Ayagahanii.avragch линк дээр дараад захиалаарай.

  • Cozie Cup- Зөвхөн бүтээгдэхүүнээ санал болгоод зогсохгүй хэрэгтэй мэдээллийг хүргэдэг.  https://www.facebook.com/coziecup линк дээр аягаханаа захиалаарай.

Мөн “Сарын тэмдгийн аяга хэрэглэгчдийн групп”-д нэгдэж бусад хэрэглэгчидтэй санал бодлоо солилцох боломжтой. https://www.facebook.com/groups/443071350017313

Жижиг зүйл дээр ч зөв сонголт хийх нь том үр дүн авчирна. Байгаль орчинд болон эрүүл мэнд, эдийн засагт чинь сайнаар нөлөөлнө гэж найдаж байна. Амжилт хүсье, бүсгүй минь.


4
17
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна