Х.Цэндсүрэн: Хүүхдүүдээ анхаарч, ажигласнаар сэтгэлзүйн хямралд өртөхөөс сэргийлнэ

Админ
2021/08/13

Д.БЯМБАСҮРЭН

Хүүхдийн сэтгэлзүйн асуудлаар СЭМҮТ-ийн хүүхдийн эмч Х.Цэндсүрэнтэй ярилцлаа.

-СЭМҮТ-д сэтгэлзүйн асуудлаар өдөрт хэчнээн хүүхэд ханддагаас яриагаа эхэлье? 

-Манай Сэтгэл судлалын үндэсний төвд өдөрт 12-16 хүүхэд тогтмол үзүүлдэг. Ингэхдээ ихэвчлэн асуудал тулгарсан, аутизмтэй, ямар нэгэн сэтгэлзүйн эмгэгтэй хүүхдүүд ирдэг. Эдгээр хүүхдүүдийг эцэг, эх, асран хамгаалагч, сургуулийн нийгмийн ажилтан нь олж харж, ямар нэгэн шинж тэмдэгтэй гэсэн үүднээс ханддаг. 

-Эдгээрээс хамгийн түгээмэл ирэх нь аль нь вэ?

 -Дээрх шинж тэмдгүүдээс түгээмэл гэсэн зүйл байхгүй. Хүүхдүүд өөрсдөө аав, ээжтэйгээ ярилцсаны үндсэн дээр зорьж ирэх, хүүхдүүдийнх нь ямар нэгэн зүйл нь болохгүй эцэг, эх хүүхдүүдээ үзүүлдэг. Харин гэр бүлийн ямар нэгэн хүчирхийлэлтэй, ар гэр нь хайхардаггүй, үл хайхардаг хүчирхийлэлд өртдөг хүхдүүд ирэх нь ховор. 

-Танайд хүүхдийн сэтгэлзүйгээр хандах тохиолдол өмнөх жилүүдээс өссөн үү, хэвийн байна уу?

-Манайх сэтгэл засал зэрэг эмчилгээг хийхгүй, зөвхөн амбулаторийн тасгаар иргэдэд үйлчилж байна. Өөрөөр хэлбэл, давтан хянах тохиолдол үүссэн учир үйлчлүүлэгч бага зэрэг өссөн. Түүнээс биш өмнөх жилээс ихэссэн зүйл байхгүй. Нарийн үзлэг, хэвтэн эмчлүүлэх тохиолдолд бол хэвийн горимоор явдаг. Амбулаторийн тусламж үзүүлэх үедээ сэтгэл заслын эмчилгээ хийх боломжгүй байна. Учир нь өдөртөө зургаан цагийн хугацаанд хүүхдүүдээ хүлээж авдаг болохоор тусламж үзүүлэх боломжгүй.Мөн хороо, дүүргийн нийгмийн ажилтан сэтгэлзүйч ажиллаж буй. Тиймээс сэтгэл заслын тусламж үйлчилгээ үзүүлдэг газар ховор. 

-Та бүхэн амбулаториор үйлчлүүлж байгаа хүүхдүүдэд ямар зөвлөгөө мэдээлэл өгдөг вэ. Сэтгэлзүйн хүнд, хөнгөн гэсэн төвшин бий юу? 

-Сэтгэлзүйн хувьд түвшин тогтоох боломжгүй. Мэдээж ямар нэгэн асуудал тулгарсан болохоос бусдаар хэвийн хүүхдүүд байна. Эхний үед зөвлөгөө өгсний дараагаас зургаан сар өнгөрчихөөд байхад тухайн хүүхэд шалтгаалсан зүйлдээ дасан зохицохгүй байх юм бол бидний зүгээс ямар нэгэн эмийн нөлөө шаардлагатай болдог. Түүнээс тухайн хүүхдийн сэтгэлзүй ийм төвшинд байна гэж үзэж болохгүй. Тулгамдсан асуудалтай, эмгэгтэй, хэвийн, эрүүл гэсэн гурван бүлэг бий. 

-Сүүлийн жил гаруйн хугацаанд хүүхдүүд гэртээ хоригдлоо. Энэ байдал сэтгэлзүйд нь нөлөөлж байгаа байх?

 -Хүүхдүүдийн сэтгэлзүйн асуудал өмнө нь байсан одоо ч буй. Цар тахал, хөл хорионы улмаас хичээл орохгүй болж, найз нөхөдтэйгээ уулзахгүй болохоор хүүхдүүдэд гэнэтийн өөрчлөлт орсон байж болзошгүй. Гэхдээ энэ түр зуурын асуудал болохоос яг хөл хорио хүүхдийн сэтгэлзүйд нөлөөлнө гэж хэлэх аргагүй. Учир нь үүнийг тогтоосон ямар нэгэн тоо баримт, судалгаа байхгүй. Харин цар тахлын нөхцөлд дасан зохицох хугацаа л хэрэгтэй. Цар тахал ганц хүүхэд ч биш бүх хүнд нөлөөлсөн. Хүмүүс коронавирусийн эхэн үед сэтгэл түгшиж, айж хүлээж авсан бол өдгөө нийгэм тэр чигтээ бодит нөхцөл байдалтай дасан зохицоод эхэлсэн. Харин ч ийм үед яаж горимоор амьдрах вэ гэдгийг эрэлхийлдэг болсон. 

-Хүүхдийн сэтгэлзүйг хэвийн тогтворгүй, өөрчлөгдсөн зэргийг хэрхэн мэдэх боложтой бол? 

-Бага насны хүүхдийг бол цаг ямагт эцэг, эхчүүд нь анзаарч байх хэрэгтэй. Тухайлбал, хэлд орох, өөрийгөө илэрхийлэх, ааш зан нь ямар байна зэргийг байнга ажиглах. Мөн нойр, хоолондоо ямар байна, шөнө унтахдаа уйлж байна уу, орондоо шээж байна уу гэдгийг анзаарах нь чухал. Зарим бага насны хүүхэд хоолонд дургүй байдаг. Тэгвэл юу идэхдээ дуртай байна, ямар үед баярлаж, уурлаж байгааг нэг бүрчлэн харж, эцэг эхчүүд өөрсдөө энэ бүгдэд хяналт тавих нь зүйтэй. Харин өсвөр насны хүүхдийн сэтгэлзүй тогтворгүйтэх гол шалтгаан бол шилжилтийн нас. Манай дээр шилжилтийн нас эхэлсэнтэй холбоотойгоор зөвлөгөө авахаар хүүхдүүд ирдэг. Энэ насны хүүхдүүд мөн амархан нэг зүйлд донтох, бухимдах гээд байдаг учир эл бүхнийг олж харж, ажиглах хэрэгтэй. Хамгийн гол нь найз нөхөд. Хэнтэй нөхөрлөж, ямар хүрээлэлд байгаагаасаа шалтгаалан өөрчлөгдөж, сэтгэлзүйн хямралд өртөх тохиолдол элбэг. Үүнээс улбаалан бусдад уруу татагдаж, бусдын буруу үйлдлийг даган дуурайх нь түгээмэл. Өөрөөр хэлбэл, эцэг, эхчүүд хүүхдүүдээ анхаарч, ажиглах нь сэтгэлзүйн хямралаас сэргийлэх нэгэн хэлбэр болдог. 

-Хүүхдүүд ямар шалтгааны улмаас сэтгэлзүйн хямралд өртдөг вэ? 

-Гэр бүлийн, сургуулийн, нийгмийн, найз нөхдийн, нойргүйдэл , гэнэтийн гарз хохирол зэрэг олон зүйл нөлөөлнө. Гагцхүү тухайн хүүхэд ямар шалтгааны улмаас сэтгэлзүйн хямрөлд өртөөд байна гэдгээс хамааран хүнд, хөнгөн байдлыг харж болно. 

-Хүүхдүүд шууд танай дээр ирэхээс өөрөөр дүүргийн болон өрхийн сэтгэлзүйч дээрээ хандах ёстой байдаг уу? 

-Хүүхэд залуучуудын төв болон дүүргийнхээ хороо дүүргийн сэтгэлзүйчид хандаж болно. Харин үзүүлэх шаардлагатай байна гэвэл манай дээр 70150500 гэдэг утсаар хүүхдийн тусламж үйлчилгээ цаг авна. 

-Эмч, цагдаа нарын зүгээс хамтарсан арга хэмжээ, аян зохион байгуулдаг уу?

 -Хуучин явагддаг байсан. Одоо 108 хүүхдийн тусламжийн төв болон Гэр бүл хүүхэд залуучуудын төв хүүхдүүдээ үзүүлдэг. 

-Алслагдсан дүүргийн хүүхдүүдэд хэрхэн хүрч ажилладаг вэ? 

-Бид нар тэр хүүхдүүд дээр очиж тусламж үзүүлэх боломжгүй учраас хамгийн гол нь хорооны нийгмийн ажилтан, тухайн хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байна уу, тухайн хүүхэд сургуульдаа явж байна уу гэдгийг анзаарч харах ёстой. Мөн сургуулийн сэтгэлзүйч, багш нар, нийгмийн ажилтан зэрэг хүмүүс тухайн хүүхдийн ар гэр ямар байна, хүүхэд хичээл сурлагадаа сайжирч байна уу зэрэг гэдгийг ажиглаж, гаргаж байгаа ааш араншинг мэдэх нь чухал. 

-Эцэг, эхчүүдэд энэ талын мэдээлэл хэр байдаг бол?

 -Ер нь бол Гэр бүл, хүүхэд, залуучуудын төв болон 108 хүүхдийн тусламжийн төв зэрэг байгууллагууд идэвхтэй ажилладаг. Хамгийн гол орхигдоод байгаа хүүхдүүд нь ээж, аав нь ажиглахгүй анхаарахгүй байгаа хүүхдүүд. Хүчирхийлэл гэдэг өөрөө далда хэлбэрээр явагддаг, хэн нэгэн шууд хараад анзаарахадмөн төвөгтэй. Хэн нэгэн хянаж байгаа ч гэсэн тэднийг илрүүлж чадахгүйгээр далд явагдаж байж болно шүү дээ. Тэгэхээр одоо хөршийн холбоо бусад хүмүүс анхаарах хэрэгтэй.

 -Тэгэхээр хамгийн чухал нь эцэг эхчүүд байх нь ? 

-Тэгэлгүй яахав. Хүүхдээ эмчлүүлэх гэж байгаа бол эмч, хүүхэд гэр бүлийн гишүүд, аав ээж, асран хамгаалагчид, дээрээс нь нийгмийн ажилтан. Эдгээр нь баг болж хамтарч ажиллаж байж хүүхдүүд маань хэвийн болдог. Буцаад гэр бүлийн орчин таарамжгүй, гэр бүл нь хичээхгүй, тухайн хүүхдийн сэтгэлзүйд нөлөөлөх зүйлүүд байдаг. Тиймээс хамгийн гол нь эцэг эхчүүд хүүхдэдээ анхаарал хандуулах нь чухал. 

-Ямар үед хүүхдүүдийн сэтгэл санаа тогтвортой байх вэ? 

-Бага насны хүүхэд гэр бүлийн хүрээнд байвал илүү тогтвортой, эцэг эхчүүд нь тухайн хүүхдийг илүү дэмжиж, сэтгэл санаагаар өргөх нь чухал юм. Хамгийн гол нь гэр бүлийн хүрээнээс гадна, найз нөхдийн хүрээ асар чухал. Тиймээс хүүхдүүдтэйгээ ярилцаж, юунд шаналж, яагаад байгааг нь асуух хэрэгтэй. Тэр зүйлийг нь ойлгохгүй бол бүр цаашлах, буру хүмүүстэй нөхөрлөха тохиолдол олон бий. Эцэг эхчүүд өөрсдөө мөн сайн үлгэрлэх хэрэгтэй. Дэргэд нь зодолдож, суудалцаж, хэрэлдэж болохгүй. Мэдээж тухайн хүүхдийн хүмүүжил асар чухал. Тиймээс цаг бүр өөрсдийнхөө хийж байгаа үйлдэл үлгэр дуурайлыг анзаарч байх нь чухал. Тэгэж гэмээн, зөв үлгэрлэж, зөв хүнийг төлөвшүүлнэ гэсэн үг. 

-Хамгийн чухал нь цахим орчин байх? 

-Телевиз, кино, контэнт нөлөөлөгч том хүчин зүйл мөн. Тэгэхээр тухайн хүүхдүүдийн насны хязгаарт тохирсон хүүхэлдэйн кино, үзвэр үйлчилгээг үзүүлж хэрэгтэй. Түүнээс гадна янз бүрийн тоглоомууд, интернэт тоглоом бол хүүхдийн сэтгэлзүйд шууд нөлөөлж, гэмт хэрэг үйлдэх нөхцөл болж байна гэж хэлэх боломжгүй. Тодорхой хэмжээнд нөлөөлнө. Хамгийн гол нь эцэг эхчүүд аль насны ямар бүтээл үзүүлэхийг анхаарах нь зүйтэй. Дээрээс нь цахим хэрэглээ гэдэг өөрөө хэрэглээ учраас хэрэглээ гэдгийг бага насны хүүхдүүдэд ойлгуулах хэрэгтэй, хүүхдүүдийнхэ эхийж байгаа, гаргаж байгаа үйлдлийг л ажиглана. Өөрөөр зүйл үгүй.


0
2
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна