Б.Намуун: Хүн төгс байх боломжгүй, гэхдээ хөдөлмөрч байх ёстой

Админ
2021/08/13

С.ЭНХЦЭЦЭГ

Загвар өмсөгч, сэтгүүлч, сайн дурын ажлын идэвхтэн Б.Намуунтай ярилцлаа. Хичээл зүтгэл, ухаан түүнийг улам үзэсгэлэнтэй болгох аж.

-Багын мөрөөдөл тань юу байсан бэ. Тэр мөрөөдөлтэйгөө цуг өсөж том болсон уу. Мөрөөдөгч пэйжийг ажиллуулаад хэдэн жил болж байна? 

-Мөрөөдөлтэйгөө хамт өсөж том болсон гэж хэлэхэд болно. Багаасаа модель, сэтгүүлч тайз дэлгэцийн хүн болохыг хүсдэг байсан. Яагаад ч юм оффисд суудаг ажил надад тохирохгүй юм шиг. Хөдөлгөөнтэй, адал явдал хайсан мэргэжил сайхан санагддаг. Яг л тэр замаараа явж байгаа гэж бодож байна. Залуу хүнд ийм мэргэжил гоё ч юм уу, тийм мэргэжил зүгээр ч юм уу гэх эргэлзээ шохоорхол үргэлж төрдөг. Зорилгодоо ойртсоор байгаа. Мөрөөдөх дуртай. Тийм ч учраас “Мөрөөдөгч” гэдэг пэйжийг арван гурван настайгаасаа ажиллуулж эхэлсэн. Мөрөөдөх, мөрөөдлөө хүмүүстэй хуваалцах, хүмүүсийг мөрөөдлөө биелүүлэхэд нь туслах хамгийн сайхан зүйл. Эцсийн дүндээ би мөрөөдлөө биелүүлээд зогсохгүй түүндээ хүрэхийг хүсдэг. 

-Сошиал орчинд олны хайр хүндэтгэлийг хүлээсэн, шүүмжлэл ч хүртсэн. Шүүмжлэлийг яаж хүлээж авдаг бэ?

 -Анх шүүмжлэлийг хүндээр хүлээж авдаг байсан. Харин одоо шүүмжлэл бүрт эмзэг хандах нь багассан. Аль болох эерэгээр хүлээн авахыг хичээдэг. Доромжлол, гүтгэлгийг шүүмжээс ялгадаггүй хүмүүс байдаг. Огт болоогүй зүйлээр гүтгэдэг, доромжилдог, эсвэл зохисгүй үгээр дайрдаг хүмүүс сошиал орчинд их бий. Тийм маягийн шүүмжүүдийг хүлээж авдаггүй ээ. Ямар ч хариу үйлдэл үзүүлдэггүй. Зүгээр л уншихгүй, сонсохгүй орхичихдог. Эрүүл бус харилцаа, хандлагатай хүмүүсийг “block” хийчихдэг. Амьдрал богинохон. Надад аз жаргалтай амьдрах хэдий хэр хугацаа байгааг мэдэхгүй. Хүн дотоод ертөнцдөө амар амгалан аж төрөх ёстой гэж боддог. 

-Загварын ертөнцөд олон өнгө төрхийг гаргах шаардлага тулгардаг. Сайн зургийн ард ямар бэлтгэл сургуулилт байдаг вэ?

 -Ямар нэг бүтээлд орж, зургаа дарууллаа гээд амжилттай болох нь тун ховор. Бэлтгэл сургуулилт хэрэгтэй. Гаднын болон Монголын моделиудаас үлгэр дуурайл авч, суралцахаас гадна загварын шоу, зургуудыг үзэж хувийн судалгаа хийдэг. Ямар чиг хандлага давамгайлж байгаа талаар цагийн зүүтэй уралдан судалж байх ёстой гэж боддог. Өөрийгөө шинэчлэх боломжийг хайж, нээж чаддаг байх нь модель хүнд байх ёстой чанар. Ямар зураг авалтад орж байгаагаасаа шалтгаалаад бэлтгэл сургуулилт хийдэг. Жишээ нь Cashmer , Bake up-ийн зураг авалтад оролцохдоо “ Уг брендийг хэрхэн илэрхийлэх, нүүр будалт болон хувцсаа илүү сайн харагдах тал дээр ажиллах шаардлагатай. 

-Зураг авалтад нийтлэг ямар алдаа гардаг бол?

 -Тухайн зурагны илэрхийлэмж маш чухал. Юуг илэрхийлэх гэж буйгаасаа шалтгаалаад өмсөх хувцас, нүүр будалт, зогсолт зэргээ зөв тооцоолох ёстой. Зөв гэдэг нь нуруу тэгшхэн, сайхан инээмсэглэлээ зурагтаа тусгах гэсэн үг. Бүх үйл явдлын гэрч нь зураг. Зураг авахуулж сурах нь орчин үед хүн болгонд байх ёстой чадвар болоод байна. Цээж зураг авахуулах гэж байгаа мэт, албадмал, нэгэн хэвийн байдал зургийг онцгүй харагдуулдаг. Поз авахдаа хэт хүчлэлгүйгээр өөрийнхөөрөө байж, тухайн агшны мэдрэмжээ харуулахыг хичээгээрэй. 

-Сайн дурын ажил таны амьдралд хэр том орон зайг эзэлж байна вэ?

-Сайн дурын ажил, зураг авалт хоёр миний хувьд чухал орон зайг эзэлдэг. Балчир наснаасаа энэ ажлыг хийж явна. Гэр бүлийнхэн намайг хичээлээс өөр зүйлд сатаарахад санаа зовж сайн дурын ажил хийлгэдэггүй байсан. Сурлагадаа яасан ч муудахгүй гэдгээ амлан захиа бичиж байж зөвшөөрөл авч байв. (инээв) Энэ ажлаас их зүйлийг мэдэж авсан. Зөвхөн өөрийн “тухтай бүс” дэх хэдхэн хүмүүсээр хүрээлүүлж, тун бага хүрээнд өөрийгөө дүгнэж ирснээ ойлгосон. Дэлхийн өнцөг булан бүрт сайн дурын ажил хийгддэг. Олон орны хүмүүстэй харьцаад эхлэхээр хүний бодол санаа өөрчлөгддөг юм. 

-Таны оролцож байсан хамгийн том тэмцээн гэвэл. Таны хувьд тэмцээн уралдаан гэж юу вэ? 

-Загварын чиглэлээр тэмцээнүүдэд оролцдог. Миний хувьд хамгийн том тэмцээн маань уран илтгэлийн тэмцээн. Өөрийгөө сорьж, шинэ зүйлсийг мэдэж, олон найз нөхөдтэй болдог. Тэмцээн уралдаан хүнд суралцах боломжийг олгодог. Анх 9-р ангидаа илтгэлийн тэмцээнд оролцоод тэнцэж чадахгүйгээр хасагдаж байсан. Тэр үеийн илтгэлээ уг нь зуны гурван сар бэлдсэн юм. Өөртөө итгэлтэй орсон ч тэнцэж чадаагүй. Би их шартай юм шиг байгаа юм. Яагаад гэхээр тэнцэж чадаагүйдээ шүүгчдийг буруутгасан, тэдэнд итгээгүй байх. Гэхдээ дараа нь дахиад тэмцээн зарлахад яваад л очсон. Тэр үед харин тэмцээний 2-р шатад тэнцсэн. Би улсын уран илтгэлийн аварга болж байгаагүй. Гэхдээ шагналт байруудад орж байсан. Тэр нь миний хувьд хамгийн том амжилт. Шантралгүй бууж өгөлгүй явсны хүчинд өөрийгөө ялсан.

 -Хүмүүс модель болоход гаднах төрх л чухал гэж боддог. Загвар өмсөгчийн төлөвшил чухал нөлөө үзүүлдэг үү ? 

-Нэг удаа хүндэлж явдаг хүн маань “Чи модель гэхэд их ухаантай ярьдаг юм байна шүү дээ” гэж хэлж байсан. Моделиудын тухай хүмүүс одоо хүртэл тийм ойлголттой байдгийг гайхдаг. Моделиуд эзэмшсэн мэргэжилтэй, мэргэжлээрээ ажилладаг, хэд хэдэн хөдөлмөр эрхэлдэг, олон салбарт зүтгэдэг ухаалаг, хүчирхэг бүсгүйчүүд байдаг гэж боддог. Төгссөн сургуулиуд нь гурваар хязгаарлагддаггүй, гадаад улсад тэмцээн уралдаанд оролцдог тул олон хэлээр чөлөөтэй ойлголцдог хөдөлмөрч хүмүүс. Миний хувьд боловсрол хүнд хэрэгтэй ч хүн чанар зайлшгүй байх ёстой зүйл. Хүн байх л хамгийн чухал.

 - Инстаграм, фэйсбүүк хуудсаараа дамжуулан охидод зөвлөгөө өгдөг. Магадгүй Youtube сувагтаа бичлэг болгон оруулбал олон хүн үзэх байх?

- Би инстаграм, фэйсбүүктээ бичлэгүүд оруулж эхэлсэн. Мөн YouTube хуудас нээвэл дагана гэсэн хүмүүс их байдаг. Тэр талаар бодож байгаа. YouTube сувагтай болохоороо байнга бичлэг оруулбал үүрэг, хариуцлага нэмэгдэх тул сайн бэлдэж, хүмүүст чанартай зүйл хүргэнэ гэж боддог. Эхлэх нь чухал гээд чанаргүй бичлэг хүмүүст хүргэж байснаас 24 цагийн story бичлэг хийгээд устгасан нь дээр санагддаг.



1
2
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна