П.Дэлгэрбаяр: “Арчуг хаан”-ы дүрд өөрийгөө сорих цаг болжээ хэмээн шатаж явна

Админ
2021/08/16

М.ДЭВЭЭЖАРГАЛ

Энэ удаагийн зочноор МУСТА, жүжигчин, зохиолч, кино найруулагч Пүрэвдоржийн Дэлгэрбаярыг урин ярилцлаа. Түүнийг “Илд цэцэг”, “Дурлалын гэмт хэрэг” зэрэг кино бүтээснээр нь, мөн бүтээсэн дүрээр нь мэдэх хүн цөөнгүй биз ээ. Монголын кино урлагт ассан хүсэл, гялалзсан авьяастай найруулагчид байна гэдэг сайхан хэрэг.

-Удахгүй үзэгчдийн хүртээл болох “95 хувь” олон ангит киноны тань тухай яриагаар эхэлье гэж бодлоо. Зохиолын санаагаа хэрхэн олж байв?

-Жүжигчний мэргэжил эзэмшихээр их сургуулийн босгоор алхан орсон эхний өдөр өмнө минь дэлгэсэн ном бол А.Дюмагийн “Монте Кристо гүн”. Тэр номыг дөрвөн жилийн хугацаанд хуудас бүрээр нь асган задалж, эвлүүлж, эвдэж уншсан. Эхлээд уншихад хайр дурлал, гомдол гуниг амтагдаад, дахин уншихад нэр төр, урвалт мэдрэгдээд л. Үнэндээ ганцхан энэ номтой ноцолдож олон он жилийг ардаа хийсэн. Төгсөхдөө “Монте Кристо” гэх бэсрэг жүжиг бичин дипломоо хамгаалж байлаа. Гэхдээ номоо нэг мөсөн хаагаагүй. Миний сэтгэлийн ширээн дээр одоо ч дэлгээтэй байсаар байна. Уран бүтээлд минь хүртэл хамгийн хүчтэй нөлөөлсөн гэж хэлж болно. Монте-Кристогийн мөн чанар “95 хувь” киноноос үнэртэнэ гэдгийг би мэдэж байна.

Магадгүй миний мэдэх хамгийн адгийн, үзэн ядам чанар бол урвалт шарвалт. Гэхдээ хуулан бичлэг хийсэн гэсэн хэрэг биш шүү. (Инээв) 

X-files гээд бараг 30 жил үргэлжилсэн алдартай сериалыг хүн болгон мэднэ дээ. “Үнэн хаа нэгтээ бий” гэж эхэлдэггүй юу. Түүн шиг ер бусын хэрэг мөрддөг мөрдөгчдийн тухай кино хийе гэж зорьсон юм. Зорилгодоо ч хүрсэн гэж бодож байна.Энэ төслийг олон жил үргэлжилнэ гэж найдаж байгаа. Харин VOOтэй хамтран анх удаа олон ангит кино хийж байна. Амттай, ааштай, аргадаж ажиллах ёстой төрөл юм байна л даа... “Маргааш ирэх үнэнийг өнөөдөр бид худал гэж боддог” гэж манай нэг дүрийн үг санаанд бууж байна. Ажлаа хийгээд явж байсан цагдаагийн мөрдөгчид ер бусын хэрэг мөрдөх даалгавартай нүүр тулдаг. Ер нь хүн тархиныхаа багтаамж, хүчин чадлын таван хувийг ашигладаг гэсэн яриа байдаг. Цаана нь ашиглаж чаддаггүй 95 хувийн нөөц байна гэж төсөөлье. Тэр 95 руу нэвтрэхийг бид хичээсэн юм. Санаа бол мөчир цуглуулж, үүр барих шувуу шиг л учир зүйд захирагддаг эд юм болов уу. Дээр нь цар тахлын хүнд цаг үетэй зохицож ажиллах шаардлага тулгарсан.

-Бараг л 20 жил байх нь ээ. Яагаад энэ салбарт хүч үзэхээр болсон юм бэ, бүр эхлэлийг нь яривал?

-Мэдээж кино урлагт дурласан л даа. Гэхдээ Мандухай хатан, Ж.Сэнгэдорж хоёроос болсон хэрэг. Халган халган байж Батмөнх даян хаан, Алтанжинтай дэр нэгтгэснийг дуулгадаг хэсэг байна шүү дээ. Ай даа, тэндээс л урлагийн, тэр тусмаа дэлгэцийн урлагийн гоо сайхныг хамгийн хурцаар мэдэрсэн гэх үү дээ. Жишээлбэл, тайзан дээр Н.Сувд гуайн мөнгөн аяганы цаана нүүрээ нуудаг тоглолтыг үзүүлж чадахгүй шүү дээ. Харин алдарт найруулагч Ж.Сэнгэдорж, надаас нэг, хоёр ах юм. аравдугаар ангийн сурагч байхад багш нар урлагийн үзлэг бэлдүүлэхээр электрон жаал шиг буржгар үстэй, жижигхэн залууг дагуулж ирсэн нь оюутан Сэнгээ байлаа. Халтуур хийж яваа нь тэр. Сэтгэлд байсан бяцхан очоо хаана очиж, гал болгон асаахыг зааж өгсөн хүн дээ. Би “Ах аа” гэдэг юм, тийм чиглүүлэгчийг “Аав аа” гэсэн ч буруудахгүй байх. Их хожим, саяхан “Ах аа гэхээ боль, анд болъё” гэж хэлсэн. Ингэж л би Сэнгээгийн суралцаж байсан “Бэрс” гэх сургуулийг төгссөн юм. Нөгөө Ерөнхий сайдын төгссөн гэж шоолуулдаг алдарт сургууль. (Инээв)

-Жүжигчин мэргэжлийн онцлог, хийж буй ажилд тань давуу тал болж, их л нөлөөлдөг байх даа?

-Мэдээж шүү дээ. Жүжигчний мэргэжил их онцгой. Чамайг хэн ч болгож чадна. Бирдийн хүч чадалтай өвөрмөц мэргэжил гэж боддог доо. Хүн судлаач ч гэж хэлж болох байх. Кино өөрөө нийлмэл, том урлаг. 

Жүжигчин л аливаа дүрийг амьдруулж, зохиолч найруулагчийн толгойдоо бүтээснийг үзэгчдийн өмнө амьдруулдаг. Хайрлуулсан шигээ үзэн ядуулдаг. Тийм ч учраас хийж буй ажилд минь нөлөөлөхгүй яах вэ. Кино хийхэд жүжигчний мэргэжил ар тал, нөмөр нөөлөг болж байгаа нь мэдрэгддэг юм.-Ер нь уран бүтээлчдэд дотоод хүнээ гаргах “урлан” хэрэгтэй байдаг юм шиг ээ. Кино зохиол бичихдээ ч юм уу, бүтээл туурвихын тулд өөртөө ямар нөхцөлийг бүрдүүлдэг вэ?

-Тэр бол эхлэл хэсэг. Ганцаардах, өөрийгөө уудалж, өөртэйгээ ярилцах шаардлагаас зугтааж чадахгүй. Тийм болохоор л шөнийн цаг бол миний эзэмшил. Ажлын өрөө, ер нь тааралдсан газраа бичнэ. Санаанд орж ирсэн дүрийг минь илэрхийлж чадахуйц үг, өгүүлбэрээ хаана ч хамаагүй тэмдэглэж явдаг. Өөрийгөө нэрнэ, хөгжим сонсоно, зүрх сэтгэлээ хөглөнө. Бэлэн болсон зохиолоо бусад уран бүтээлчдэд уншиж өгөх мэдрэмж их гоё. Бусдыг ажиглах нөхцөл тэнд бүрддэг. Хүлээж авах, анхны сэтгэгдэл нь хурцаар мэдрэгдэх сайхан. Үүнээс хойш л миний биш, хамт олны ажил болж хувирдаг юм даа. Миний хувьд кино ингэж л эхэлдэг.

-Урлаг гээд байгаагийн цаад утгыг ойлгоогүйгээс ч болдог уу, сүүлийн үеийн дэлгэцийн бүтээлд нэг тийм “хоосон” өгүүлбэрүүд л урсаад байх юм. Таны бодлоор яавал кино амьтай болох бол?

 -Яг эхний асуултаас чинь бүх зүйл эхэлдэг. Амь тавин ажиллаж байж л кинонд амь сүнс нь шүншиглэн оршдог. Амь тавьж ажиллаагүй бол хоосон, хөндий хонгио л гэсэн үг. Би киног, урлагийг багшийн үүрэгтэй гэж боддоггүй. Хүмүүс кино үзээд гарч ирэхдээ “Энэ ямар мундаг эх оронч кино вэ” гэж дүгнэдэггүй. “Энэ муу Исмэл тайж” гээд л хараагаад гарч ирдэг. 

Урлаг бол гоо сайхан, хүний мэдрэмжид хамаатай нандин зүйл. Хоосон кино хийхгүйн тулд өөрөө дүүрэн байх хэрэгтэй. Урлагт байгаа өөрийгөө биш, өөрт байгаа урлагийг хөгжүүл гэх сайхан үг байдаг даа.-Найруулсан киногоо эргээд үзэхэд зохиолоосоо сайн эсвэл өөр болсон тохиолдол байна уу?

-Ер нь мөнгөнөөс хэт хамааралтай, нүсэр бүтэцтэй урлаг л даа. Тэр утгаараа хоёр талтай. Заримдаа би зотон даавуугаа татчихаад, нийлүүрээ барьж, будгаа бийрээр илбэнгээ бодлогошрон зогсоо зураач хүнд атаархдаг шүү. Зураачид зөвхөн өөрөөс нь шалтгаалсан эцсийн урлагаа бүтээж чаддаг. Кино бол тийм биш. Найруулагч хүнд толгойноос нь өөр ямар ч зэвсэг байдаггүй. Бүх урлагаа бусдаар үйлдүүлдэг. Найруулагчийн эрдмээс хамгийн сайнд тооцогдох нь бусдыг зохион байгуулах чадвар шүү дээ. Бага байхдаа өөрийн зохиол бусдын нөлөөнд хүч буурахыг, өөрчлөгдөхийг харж л явсан. Харин одоо өөрийнхөөрөө л зүтгэнэ.

Гэхдээ зохиол маань хөгжихийг мэдэрвэл хүлээн зөвшөөрдөг. Өөрчлөлт болгон харамсал төрүүлнэ гэж юу байх вэ дээ. Нэг удаа “Машин давхин ирж, зам дээр байх голиог дугуйгаараа няц дайраад зогсоно” гэх хэсгийн зураг авалт хийсэн юм. Гэтэл олон давтсаны эцэст, дугуйны хээнд үл мэдэг шүргүүлэн амьд үлдсэн өнөөх голио хэнэг ч үгүй цаашаа явчихдаг байгаа, уг дублийг авсан даа. Амьдрал гэгч хэний ч бичсэн зохиолоос баялаг шүү дээ.

-АУЗ Б.Лхагвасүрэнгийн шавь байсан юм билээ. Дүрийн сэтгэлзүй гэж судлах зүйл үлдээсэн зохиолчдын нэг гэж боддог. Тэр хүн таны уран бүтээлд хэр нөлөөлсөн бэ эсвэл огт нөлөөлөөгүй юу?

-Тэр агуу хүн надад нар, хөрсөнд илчээ шингээн ургамлыг ургуулдагтай адил нөлөөлсөн. Гэхдээ илчинд нь би байтугай, Монголын урлагийн бүхэл бүтэн хэд, хэдэн үе өсөж бойжсон гэж боддог. Тийм л хүн. “Тамгагүй төр” жүжиг Монголын тайзыг эзэгнэж байсан 2000-2001 онд Улсын Хүүхэлдэйн Театрт жүжигчнээр ажилд орсон юм. Би ч юу дутах вэ, багшийгаа хөдөө тоглолтоор явахад Арчуг хааны монологийг уншиж олонд хүргэж явлаа.

 Б.Лхагвасүрэн гуай өөрөө найруулагч мэргэжилтэй хүн шүү дээ. Над дээр өөрийн зоргоор ажилласан. Тэр үеэс энэ дүр, энэ агуу зохиол зүрхэнд тамгаа тээж үлдсэн юм. Би тогломоор байна гэж хэлж үзсэн л дээ. Тэгэхэд багш минь “Чи хорин жил амьдралыг туучаад ир. Хоёулаа тэр үед л яриатай даа” гэж билээ.Харин сүүлд, Аса аваргын оролцсон “Монгол туургатны зуун эрхэм” нэвтрүүлгийн зургийн үеэр “Цаг нь арай болоогүй байна, би 20 жил гэсэн” гээд юуг ч мартаагүйгээ илтгэн шүг шүг инээж байсан даа. Мөнх бусын хорвоод ч гэсэн, мөнх юм байдаг юм билээ. Нэг нь “Тамгагүй төр”. Өнөөдөр харин хорин жил өнгөрч, би Л.Хасартайгаа уулзах яриатай л үлдлээ. Зүрхэндээ тээж явсан оч өнөөдөр гал болон дүрэлзэж байна. Сонгодог зохиолд хүрч чадсан нь өсөн тэлж, чадаагүй нь хэмжээгээ мэдэрч хөрсөн дээрээ буудаг жамтай. Одоо “Арчуг хаан”-ы дүрд өөрийгөө сорих цаг болжээ хэмээн шатаж явна.

-Өмнөд Солонгосын детектив төрлийн кинонууд бүр төгсөрч байна аа. Таны бүтээсэн кинонуудыг ч энэ төрөлд хамруулж яривал буруудахгүй болов уу. Тухайн уран бүтээлийг хийхэд өөрөөс болон өрөөлөөс юу шаарддаг вэ?

-Тэвчээр шаардана. Оньсого шиг кинонд би дуртай. Өөрөө ч хичээдэг. Тэрний тод илрэл нь одоо удахгүй гарах “95 хувь” болов уу. Өөрөөсөө, сэрэл мэдрэмжээсээ урвах дургүй, чаддаг ч үгүй. Төгсгөлийг нь хэн ч таахгүй байгаасай, тааж мэдэхгүйдээ хөндүүрлээсэй гэж хүсдэг. “Дурлалын гэмт хэрэг” киноноосоо хойш л өөрийгөө олсон гэдэг юм уу, өөрчлөгдсөн гэж анзаардаг, хүмүүс ч хэлдэг юм. Би туулж чадах зөв зам дээрээ гарч ирсэн. Одоо төгөлдөржих л хэрэгтэй байна.

 -Нөхцөл бүрдэхийг хүлээхгүйгээр хийж эхэл билүү дээ, Квентин Тарантиногийн үг байдаг шүү дээ. Гэхдээ цар тахлын үед бүтээл хийхэд хүндрэлтэй байсан байх?

-Мэдээж. Бүр бусад цагт байгаагүй ариун цэвэр, дэглэм хангах тусдаа үүрэгтэй орон тоо гаргаж ажилласан. Тиймдээ ч элдэв муу зүйл холуур өнгөрсөн байх. Маш чанд дэглэмтэй ажилласан гэх үү дээ. Тэнгэрийн ивээл гэж байдаг юм шиг санагдсан шүү. Тэнгэртэй залуучууд ч ивээсэн болов уу. 

Киноны баг буюу гэр бүл, зураг авалтыг минь тэнгэр тэтгэсэн. Хөвсгөлийн Хатгалд арав орчим хоног зургаа сайхан аваад буцсан даа. Биднийг Мөрөн хотод хүрмэгц Хатгалд цасаар шуурч, өвөл болсон байсан.Цаг орчмын өмнө хөдөлсөн газар шүү дээ. Тэнгэр тэр их цасыг тэвэрч байгаад явангуут алдан асгаж байгаа мэт. Зургийн даргадаа “Чамд тэнгэр гэх сайн туслах, зохион байгуулагч байна даа” гэж тоглож хэлсэн юм даг. Манай киноны гол дүр болох Амина гэж залуу мөрдөгчийн дүрд анхны дүрээ бүтээж байгаа жүжигчин Г.Долгор тоглосон. Кинонд гарах Аминагийн анхны танилцуулга зургийг төлөвлөчихсөн байлаа. Жүжигчин маань ч шинэхэн, киноны дүр ч шинэхэн. Яагаад ч юм, би “шинэ цас нэвсийтэл ороосой” гэж мөрөөдөж байсан. Өглөө нь дун цагаан болчихсон, хүний мөр огт гараагүй цасан дээр жүжигчин маань анхны мөрөө гаргаж дүрээ бүтээсэн. Яг л миний хүссэнээр... Тэнгэрт тэтгэгджээ, энэ кино. (инээв)

-Найруулагч бүрд өөр, өөрийн онцлог, шалгуур байгаа. Харин хамтарч бүтээл хийхээр зөрчилдөөн бол үүснэ биз. Таны хувьд кинондоо юуг чухалчилж үздэг вэ?

-Эв нэгдлийг чухалчилдаг. Би хашхичиж, загнахыг чаддаг хүн биш. Киног жаргаж хийнэ шүү л гэж ярьдаг. Дүрүүддээ дурлаж ажилладаг юм. Ер нь аз жаргал, хайр дурлалаа ажил болгосон азтай хүн хэд ч байдаг юм бүү мэд. Лав л их цөөхөн байх. Гэр бүл гэж дээр хэлсэн шүү дээ. Тийм л орчныг эрхэмлэж явдаг. Ажлын бус цагийн хөгжөөн наргианд толгойлоод л орно. Б.Лхагвасүрэн багш тийм хүн байсан юм. Надад үлдээсэн өв байх. Хэн ч дарамтгүй ажиллах ёстой. Гэхдээ зөөлөн байх тусам хүмүүст биесээ хүндлэх хүндлэл бий болж, ажил ч урамтай урагшилдаг нь үнэн шүү. Гэр бүл, гэр бүл... 

Өмнө нь хамтарч байгаа уран бүтээлчдээ ойлгох гэж, тэдэнд нийцэх гэж хичээдэг байсан байж магад. “95 хувь”-ийг хийхийнхээ өмнөх хурал дээр “Одоо би алганы хээ шигээ өөрчлөгдөхгүй болжээ. Тийм болохоор та нар надад тохирч ажилла” гэсэн. Манай 95-ын гэр бүл тэгж ч чадсан.-Уран бүтээлч хүний бодож хийсэн зүйл босгоо давах ч үе байна, давахгүй ч үе байна. Холыг бодож л киногоо бүтээдэг байлгүй дээ?

-Босго нь юу вэ, үзэгчид үү. Тийм л байх. “Хүний сэтгэлийг хөдөлгөж чадахгүй бол хөнгөн бийрийг хөших хэрэг юун” гэх В.Инжинашийн мөрт байдаг даа. Магадгүй кино маань ойрхон ч дуусаж мэднэ. Миний л чадал тэр. Харин би “хол яваасай” гэж хүссэн нь үнэн. Үл таних хүмүүс хаа холоос холбогдоод анзаараасай гэж хүссэнийг минь анзаарахад би хүүхэд шиг л баярладаг. Хамгийн баярт мөч. Түрүүн хэлсэндээ, оньсого шиг кинонд дуртай гэж. Тийм кино нийгмийг илээр бужигнуулаад, хуйлруулаад байх нь ховор. Харин тэгж хуйлрах шалтгийг тархинд нь сэмхэн суулгачихдаг байж мэднэ. (инээв) “95 хувь”-ийг Монголын хамгийн сайн олон ангит кино гэж хэлж чадахгүй. Харин хамгийн сонирхолтой, адармаатай нь гэж бардам хэлнэ.


4
6
0
1
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.