Б.Түвшиндорж: Хүн сонгосон мэргэжлээрээ өөрийн амьдралын зохиолыг бичдэг

Админ
2021/08/16

С.ЭНХЦЭЦЭГ

2020 оны тавдугаар сард СУИС-ийн театрын урлагийн их сургуулийн гуравдугаар курсийн оюутнууд нэгдэж, мөрөөдлийнхөө замын уулзвар дээр “Зэв фильм”-ийг анх байгуулжээ.Тэдний ажил амьдралын гараа болсон уран бүтээлийн тухай хэсэг хором ярилцлаа.

-“Гэгээн учрал” киноны анхаарал татам постерууд гарч эхэлсэн. Киноныхоо тухай танилцуулаач?

-Б. Түвшиндорж: Дөнгөж амьдрал дээр гарч байгаа яг л бидний үеийн залуусын хайр дурлалыг өөр талаас нь харуулж, өөрсдийнхөө дотоод мэдрэмжүүдийг гаргаж ирэхийг хүссэн. 2020 оны долдугаар сарын 25-наас зураг авалтаа хийж эхлээд одоо бэлэн болж байна.

-Шинэ, залуу гэдэг утгаараа олон бэрхшээл тулгарсан байх. Гэхдээ давуу тал нь юу байв?

-З.Тэмүүжин: Кино уран бүтээлд зураач, талбайн зохион байгуулагч, найруулга, зохиол дээр ажиллах гээд олон төрлийн бие даасан үүргийг уран бүтээлчид гүйцэтгэдэг. Гэтэл манай фильмийн уран бүтээлчдийн хувьд нэг хүн давхар үүргийг гүйцэтгэсэн учраас хүн тус бүрийн хувьд олон ур чадвар шаардлагатай болсон. Бид өөрсдөө ч шинэ ур чадваруудтай болсон нь залуу хүмүүсийн давуу тал юм болов уу гэж харж байна. Кино хийхэд маш их хариуцлага бидний нуруун дээр ирсэн. Тийм учраас “Бид дан ганц жүжигчнээ хийгээд явж болохгүй юм байна, бүгдээрээ өөр өөрсдийн гэсэн ур чадвартай болж, өөрсдийгөө хөгжүүлэн суралцах ёстой юм байна” гэдгийг ойлгосон. 

Манай Түвшиндорж жүжигчнээсээ гадна найруулга дээрээ давхар ажилладаг ч юм уу, Дашдолгор маань зохиол дээрээ ажиллаж, миний хувьд санхүүгийн, Хонгорхүү маань зураачийн ажлыг, Түвшинтөгс продюсер хийж байсан.

- Б. Түвшиндорж: Жишээлбэл би жүжигчин ч гэсэн зураглаачийн туслах хийгээд ч юм уу хэдтэй дуран яаж хаанаас авдгийг мэдчихлээ гэхэд зураг авалтын үеэр ямар дуран намайг яаж авч байгааг мэдрээд тоглочих чадвартай болно гэсэн үг. Үүгээрээ илүү давуу талтай юм болов уу гэж бодсон.

 -Киноны дууг Чоно хамтлаг болон Сэрчмаа дуулж байгаа юм байна?

-З. Тэмүүжин: 2000 оны эхэнд хит болж байсан Сэрчмаагийн “Сэтгэл буруугүй” гэдэг дууны албан ёсны зөвшөөрлийг аваад Чоно хамтлаг дорнын аялгуугаар шинэчилж дахин сонсогчдын хүртээл болгох гэж байна. Энэ дууг Чоно хамтлагийн ахлагч Д. Дэрмээ манай зураглаач Б. Буянбат ахад маань өгч байсан юм билээ. Энэ дууны өнгө аяс нь манай кинотой зохицож байсан учраас бидний саналыг нааштайгаар хүлээн авч шинэчилж найруулан дуулахаар болсон.

 -Яагаад Зэв гэж нэрлэсэн бэ?

Б. Түвшиндорж: Зэв бол сумны хамгийн түрүүнд салхи зүсэж явдаг хэсгийг хэлдэг. Хамгийн түрүүнд манлайлж байхыг бэлгэдэж энэ нэрийг өгсөн.

 -Аливаа бүтээлд уран бүтээлчид нь өөрсдөө шингэсэн байдаг. Тэгвэл “Зэв фильм”-ийнхэн ямар өнгөтэй вэ?

-З.Тэмүүжин: Бид бол ерөнхийдөө Z үеийнхэн гэж тодорхойлогдоно шүү дээ. Ийм учраас ажиллаж байгаа киноныхоо өнгө төрх, дуу шуум, зураг авалтын орчин зэрэг бүх зүйлийнхээ хийц чанарт нь анхаарч ажиллахыг хичээж, энэ нь бидний онцлог байгаасай гэж хүссэн.

-Б. Түвшиндорж: Жишээлбэл объект сонголтын хувьд ч гэсэн хүмүүсийн мэддэггүй, хэрвээ үзвэл “Монголд ийм газар байдаг юм уу” гэж бодохоор тийм газруудыг олж сонгохыг зорьсон.

 Хүмүүсийн өмнө нь хийсэн зүйлсийг дахиж давтах нь утгагүй шүү дээ. Шинэ фильм учраас арай өөр өнгө төрхтэйгөөр бүх зүйлийг шинэлэг байлгахыг хүсэж байна.

- Уран бүтээл болгон уран бүтээлчдийг өөрсдийг нь хүмүүжүүлж байдаг байх аа. Та бүхэн киноныхоо ардаас юуг олж авав?

 -Б.Түвшиндорж: Нэг уран бүтээлийн ард гарах болгонд том туршлага үлддэг юм байна. Бодож байснаас өөр зүйл ч байлаа. Зохиол, зураг авалт, объект, текст гэх мэтчлэн бүх зүйл дээрээ ач холбогдол өгч “Гэгээн учрал” киногоо үзэгчдэд хүргэхийг хичээсэн. Кино хийх гэдэг тийм ч амархан бүтчих ажил биш, нөр их хөдөлмөр ордог гэдгийг бие сэтгэлээрээ мэдэрсэн. Залуучуудын тэр дундаа хосуудын хооронд гардаг зөрчил маргаан, бие биенийгээ чин сэтгэлээсээ хайрлах хайр гэх мэтчилэн энгийн юм шиг хэрнээ хайр гэдэг бол өргөн цар хүрээтэй сэдэв шүү дээ. Их зүйлийг ойлгож авсан.

 -Цаашдаа ямар жанрыг сонирхож байна? Яагаад?

-З.Тэмүүжин: Ямар нэгэн жанрт баригдахгүй гэж бодож байна. Биднийг инээдмийн жүжигчин, драмын жүжигчин гэх мэтээр ангилдаггүй. Мэргэжлийн жүжигчин гэсэн ерөнхий нэрийн дор явдаг учраас залуу хүмүүс бүх талаар өөрсдийгөө сорих хүсэлтэй байгаа.

-Саяхан л оюутан байж байгаад мэргэжлийн гэдэг нэрийг үүрээд, мэргэжлээрээ ажиллахын сайхныг хэцүүтэй нь хамт амсаж үзэж байна шүү дээ. Магадгүй оюутнууд мэдэхгүй, мэргэжлээрээ олон жил ажиллаж байгаа хүмүүс мартсан тэр шинэхэн мэдрэмжээсээ хуваалцаач?

-Б.Түвшиндорж: Уран бүтээлийг эхлүүлж байхдаа маш их айдастай нүүр тулсан. Гэхдээ өөрийнхөө сурсан зүйлийг хийх гэж байгаа учраас өөртөө итгэлтэй байж,өөрсдийгөө байнга зоригжуулах гэж хичээсэн. 

Мэргэжлийн гэдэг үг ийм утгыг агуулж байгаа байх. Хүн төрөөд үхэх хүртлээ ямар нэгэн түүхийг бүтээдэг. Яг жүжгийн зохиол шиг. Хүн сонгосон мэргэжлээрээ тэр зохиолыг бичдэг гэж боддог.

-З.Тэмүүжин: Бидэнд зааж зөвлөдөг, хажуугаас болохгүй байгааг маань хэлж өгдөг байсан багш нар байхгүй. Тийм учраас биеэ дааж, дөрвөн жил сурсан зүйлээ өөрсдийн уран бүтээлдээ шингээж ажиллах, киноны арын ажлуудыг зохицуулах гээд бүгд маш том хариуцлага болж ирсэн. Миний хувьд өөрийнхөө хүссэн мэргэжлээр суралцаж төгсөөд найзуудтайгаа мөрөөдлөө биелүүлэхээр асах үедээ асаад хааяа унтрах үедээ унтраад энэ бүхний эцсийг үзэхээр хамтдаа зүтгэж байгаа учраас маш их баяртай байгаа. Энэ бол одоо цаг хугацаанаас авч байгаа хамгийн шинэ мэдрэмж байна даа.

-Кино бүтээх явцад төрсөн хамгийн торгомсог мэдрэмж юу байсан бэ?

-Б.Түвшиндорж: Бидний заримынх нь хувьд энэ кино маань хамгийн анхны ажил байсан учраас шууд хөдөө гадаа, халуун хүйтэн янз бүрийн орчинд орж зураг авалт хийхэд амаргүй зүйл олон гарсан. Зун хөдөө зураг авалтын үеэр бүгдээрээ нэг гэрт байрлаад хамгийн жаргалтай мөчүүд ч их. Харин дараа нь өвөл идэр есийн хүйтнээр хотын зураг авалтыг хийсэн. Тэр үед жинхнээсээ “Би юу хийгээд байна аа” л гэж бодсон. (инээв) Тэнд гадаа тийм их хүйтэн байхад жүжигчид нь нэвсийсэн зузаан хувцастай байж болохгүй. Бас бид нар кранаа угсрах гэдэг ч юм уу, наана цаана нь дандаа төмөр хэрэгслүүдтэйгээ харьцаж ажиллаж байсан. Хүмүүс үүнийг төдийлөн мэддэггүй. 

Манай арын баг хамт олон их сайн ажилласан. Баяр жаргалтай, хүнд хэцүү цаг мөчүүд байсан. Гэхдээ одоо бодоход бүх л зүйл нь сайхан дурсамжтай. Өвөл ч байсан хамаагүй дахиад нөгөө төмөрнүүдээ бариад зогсож байх юмсан, тэр мэдрэмжүүдээ дахиж мэдрэхсэн гэж санагддаг юм билээ.

 -Энэ их урам зориг, эрч хүч хаанаас гардаг вэ. Залуу насны ч юм байгаа байх?

-Б.Түвшиндорж: Үргэлж дэмжиж байдаг гэр бүл, баг хамт олон, хамтарч ажилласан найз нөхөд, ард ажилласан ах эгч нараасаа их урам зориг авсан.

З.Тэмүүжин: Боломжгүй мэт санагдавч тэр бүх зүйлийг боломжтой болгодог зүйл хүмүүс л байдаг юм байна. Жүжигчнээр төгссөн хүн бүр мэргэжлээрээ ажиллаж чаддаггүй шүү дээ. Бид тэгэхийг хүсээгүй. Манай фильм захирал Түвшинтөгс, зураглаач Буянбат, жүжигчид Дашдолгор, Хонгорхүү, Тэмүүжин, Түвшиндорж эвлүүлэгч Наранбаатар, гэрэлтүүлэгч Чойлхагва гэсэн найман хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. 

Биднийг үргэлж хурцалж чаддаг хүн бол манай киноны найруулагч, зураглаачаар ажилласан Б.Буянбат буюу Буугий ах, Х.Түүхтбаяр, Б.Ариунболд, О.Цэгмэд, Н.Болор-Эрдэнэ, Б.Цогбаяр, Н.Түвшинтогтох, Д.Чогжуумүнсэл , М.Төгөлдөр, Э.Батцолмон гээд олон хүн бидний ард, уран бүтээлд маань сэтгэл зүрхээ зориулан ажилласныг дурдахгүй өнгөрч болохгүй.

Маш олон хүн тусалж дэмжсэн. Бүгдийг нь дурдаж чадалгүй үлдээсэн бол уучлаарай. Удирдаж авч явж байгаа хүн маань л бүхнийг болгохын төлөө хичээдэг нь бидэнд маш том урам зориг, итгэл өгдөг. Яг одоо амьдарч байгаа орон зай, хийж байгаа бүх зүйл мөрөөдөл маань байсан. Тиймдээ ч хүн дурласан зүйлдээ илүү их цаг зав гаргаж, шөнийн цагаар ч байсан хамаагүй эрч хүчтэйгээр хийх ёстой зүйлийнхээ ард гарахын төлөө өөрийгөө дайчилж ажилладаг.

Б.Түвшиндорж: Цаашдын хэтийн зорилго мэдээж олон зүйлийг харж байгаа учраас түрүүн дурьдсанчлан өөрсдийн онцлогийг гарган харуулсан бүтээл хийхээр хичээж ажиллана.

 З.Тэмүүжин: Бидний үеийн залуучууд түүнээс доош насныхан гээд Z –үеийнхэн маш хурдацтайгаар хөгжиж, хүмүүсийн үзэх харах зүйл нь хүртэл өргөн цар хүрээтэй сонголттой болчихсон байгаа учраас бид цаашдаа илүү их хөгжиж дэвшин шат шатаар урагшлах зорилготой.


31
118
4
1
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.190.193
    2021/08/20

    Хүмүүжил ухамсар хоёр өөр гэдгийг эрдэмтэд нотолж

    Хариулах