Цахим хэрэглээгээ багасгахад тань тусалъя

Админ
2021/08/16

Б.Мичидмаа

Цаг тутам ирэх мэдэгдэл, сөрөг сэтгэгдэл, ууртай бичвэрээс залхаж байна уу. Тэгвэл бид танд хэрхэн цахим орчны хэрэглээгээ танаж, эрүүл, эерэг өөрийгөө авч үлдэх бяцхан зөвлөгөө хүргэе. 

Өглөөг утасгүйгээр эхлүүлээрэй

Бид өглөөг хэрхэн угтаж буйгаар өдрийн өнгө төрх тодорхойлогддог. Та өглөө сэрээд утсаа оролдож хэвтэх үед таны өдрийн бүтээмжийн тал нь нурж байдаг байна.  Энгийнээр хэлэхэд таны тархи тэрхүү тухтай нөхцөлд дасан зохицож, үргэлжлүүлэн орондоо шигдэн хэвтэх хүслийг бий болгож, бие физиологи түүнийг даган удааширч идэвхгүй болж байдаг байна.

Апплкейшн-үүддээ цагийн хязгаар гаргаарай

Та бидний утас олон хэрэгцээтэй платформуудыг агуулдаг. Гэвч хүмүүс ихэвчлэн тэдгээрийг тогтмол хэрэглэдэггүй бөгөөд гагцхүү фэйсбүүк, инстаграм, твиттер зэргийг хэтрүүлэн хэрэглэх хандлагатай байдаг байна. Харин апплкейшн-дээ цагийн хязгаар гаргаж өгснөөр амралт чөлөөт цаг болон хөгжих нөхцөлөө тэнцүү байлгах боломжтой юм

Сөрөг хандлагатай хаягуудыг UNFOLLOW хийгээрэй

Олон цагаар ажиллаад завсарлага авахдаа эсвэл орой гэртээ ядарч ирээд буйдандаа шигдэн хэрэгцээт мэдээллээ авахаар тухалдаг шүү дээ. Цахим орчин бидний оюун санааг хэсэг ч атугай амраах үүрэгтэйгээс гадна өөрийнхөөрөө байх нөхцөлийг бүрдүүлэн өгдөг. Чухамдаа эерэг мэдрэмжүүдийг эндээс цуглуулдаг хүмүүс ч цөөнгүй бий. Тиймээс сөрөг хандлагатай танд аз жаргал бэлэглэдэггүй хаягуудыг дагахаа болихыг зөвлөж байна. Ингэснээр цахим хэрэглээ тань илүү аюулгүй, эрүүл байх болно. 

Мэдэгдлийн тохиргоог өөрчлөх

Цаг минут тутамд ирдэг тэдгээр сануулга, мэдэгдлүүд бидний анхаарлыг бага багаар хумсалж бүтээмжийг бууруулж байдаг байна. Харин тохиргоонд нь өөрчлөлт хийн унтрааснаар та ажил, амралтынхаа алинд ч бүрэн төвлөрч, сэтгэл санаа тань тогтвортой байх юм.

Цахим хэрэгсэлгүй бүсийг гэртээ бий болгоорой

Хамгийн тайван, халуун дулаан газар бол бидний гэр орон байдаг. Гэвч техник технологи хөгжихийн хэрээр гэр бүлийн амьд харилцаа үгүй болсоор буй. Тэгвэл үүнийг бага багаар өөрчлөх сонирхолтой  бөгөөд үр дүнтэй нэг арга бол гэртээ цахим хэрэгсэлгүй бүсийг бий болгох юм. Жишээ нь танай гэр бүл хоолны ширээний ард огт утас хэрэглэхгүй гэдэг дүрэм зохиож болно. Ингэснээр гэр бүлээрээ тойрж суун дотно яриа өрнүүлэнгээ хоолоо амтархан идэх нөхцөл бүрдэх юм. 

Унтахаас цагийн өмнө цахим хэрэгслээс холдоорой

Нойр нь бидний амьдралын анхдагч хэрэгцээний нэг билээ. Сайн нойр авснаар бидний маргаашийн ажлын бүтээмж нэмэгдэж, эрч хүчээр дүүрэн байдаг. Харин унтахын өмнө утас болон таблетыг хэтрүүлэн хэрэглэвэл хорт туяа нь таны нойрыг сэргээж, унтаж амрах нөхцөлийг бүрдүүлдэггүй байна. Улмаар хангалттай амраагүй, ядарсан мэт мэдрэмжийг төрүүлдэг. Иймээс та унтахаас цагийн өмнө цахим хэрэгслээс холдон халуун сүү уух юм уу, шүршүүрт орсноор илүү бат бөх тайван амрах болно. 

Б.Мичидмаа


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна