П.Намуун: “Намарт дуртай” гэж хэлэхэд зориг хэрэгтэй

Админ
2021/08/17

М.ДЭВЭЭЖАРГАЛ

Энэ удаагийн “Оюунт Монгол” буланд “Сэтгэл зүйн байршил” тууж болон “Бүдэг зүүд” яруу найргийн түүвэр гаргасан П.Намууныг урилаа. Тэрбээр цаг наргүй цагдаагийн ажлын хажуугаар өөрийн бүтээлийг туурвиад амжсан юм. Хүн дуртай зүйлдээ ямагт хөтлөгдөж, хөглөгдөн амьдардаг билээ. 

-Яруу найргийн анхны номоо гаргачихаад явж байхад ямар мэдрэмж төрж байв. Ер нь бүтээж туурвихад орчин их чухал санагддаг. Аль улиралд илүү хөглөгдөж байна? 

-Номоо гаргана гэж их догдолж байснаа гарсных нь дараа зүгээр л, их ичсэн. Ном гаргана гэж бодох, номоо гаргаж байгааг төсөөлөх, хэвлээд гар дээрээ тавина гэдэг өөр мэдрэмж. Номоо уншаад өөрийгөө голохын зэрэгцээ, айж сууснаа санадаг юм. Улирал гэдэг их сонин юм билээ. Намарт дурлаж, өвлөөс бэргэж явах цаг үе зөндөө байсан. Гурван жил Сибирийн их цасан дунд амьдрахдаа намраас урваад өвөлд дуртай болсон ч байж магадгүй. Магадгүй шүү.Гэхдээ өвлийн хүйтэн, цасны хайлах чимээ сайхан санагдах болсон. Харин “Намарт дуртай” гэж хэлэхэд зориг хэрэгтэй. Ер нь хүний бодол үргэлж хувьсан өөрчлөгдөж байдаг эд.

 -Цагдаагийн ажил, зохиол бүтээлийн санаанд нөлөөлөх юм уу? 

-Цагдаагийн албан хаагч байна гэдэг их үүрэг хариуцлага. Сургуулийн орчинд цагдаагийн албан хаагч байх, яг практик байгууллагад нь ажиллах гэдэг эрс тэрс ялгаатай. Нийгмийн хар бараан руу ханцуй шамлан ордог, өөртөө баймгүй их сэтгэлийн хүч гаргадаг алба шүү дээ. Гэвч өөрөө ч анзаараагүй байхад зохиол бүтээлээр зогсохгүй бүхий л зүйлд нөлөөлчихсөн байдаг. Цагдаа дотор сэртхийлгэм гэмт хэргүүдтэй амьдралынхаа хором бүрд нүүр тулж байдаг гээд бод л доо. Асар их сэтгэлзүйн тэсвэр, тэвчээр хэрэгтэй.

 -“Сэтгэлзүйн байршил” нэртэй туужаа бичих гэж хэр хугацаа зарцуулсан бэ. Яагаад тууж гэж тодорхойлсон бэ? 

-“Сэтгэлзүйн байршил” тууж миний харах өнцөг, ийм байгаасай, сайхан болоосой гэх мөрөөдлийн минь хэл тэрхий. Бас өөрийн ажиллаж буй цагдаагийн байгууллагаа харуулж болох хамгийн сайхан хувилбар. Тууж гэдгийг хянан уншсан зохиолч, яруу найрагчид тодорхойлсон болохоор би юу хэлэх вэ. Цагдаагийн байгууллагын түүхт 100 жилийн ойд зориулсан энэхүү бүтээлээрээ нэг алба хаагчийг элэг бүтэн амьдрахад дэм тус болох үүднээс хандивын аян өрнүүлсэн. 

-Санаанаас гардаггүй зохиол байдаг даа. Таны амьдралд нөлөөлсөн тийм бүтээл байдаг уу? 

-Би Г.Г.Маркесын зохилуудад дуртай. “Зуун жилийн ганцаардал” миний уран зохиолыг мэдрэх, мэдрэмжийг дээшлүүлсэн зохиол. Харин “Алхимич”-ийг хааяа ч юм уу, барьж аваад, бодож үзмээр санагддаг ном минь. 

-Энэ салбарт нэрээ үлдээх хүсэл байна уу. Эсвэл зүгээр сонирхолдоо хөтлөгдөөд бичиж явна уу? 

-Уран зохиолын салбарт нэрээ үлдээнэ гэвэл миний боловсрол, мэдлэг хаана ч хүрэхгүй. Авьяас чадвар минь ч дутна. Гэхдээ суралцсаар байх болно. Хүсэлдээ хөтлөгдөн чиг зүггүй бичсэн ч чансаатай бүтээл болоосой гэж хүсдэг. Хүний уншиж байгаа зүйл сэтгэлгээнд нь ямар нэг хэмжээгээр нөлөөлж байдаг тул аль болох эерэг талаас нь бичихийг эрмэлздэг. Гэхдээ үргэлж сайхныг бичнэ гэдэг боломжгүй зүйл. Ядаж бичгийн соёлдоо анхаарахгүй бол үг үсэг, дүрмийн алдаатай ном харах харамсалтай санагддаг. Бид чинь эх хэлээ тээж яваа улс. 

-Танд өөрөөсөө салгалгүй авч явдаг ном бий юу? 

-Яг одоо уншиж байгаа болохоор “Мэлхий” л үргэлж цүнхэнд минь явдаг.

 -Бичнэ гэдэг нэг талаараа сайн уншигч байна гэсэн үг. Уран зохиол сонирхогч залууст өөрийн тань таалагддаг таван номоо санал болгохгүй юу?

 -Эхлээд Г.Г.Маркесын “Тахлын үеийн дурлал” номыг санал болгомоор байна. Түүний бичлэгийн онцлог тархийг их ажиллуулдаг. Уншиж дуустлаа уйдахгүй. Уг зохиолыг хэдэн жилийн дараа эргэн сөхөхөд анхны мэдрэмж арилдаггүй. Мөн Д.Батбаярын “Ийнгаа миний хээр тал” ус шиг урсаж уншигддаг зохиол. Гуравдугаарт, Үй Хуагийн “Амьдрахуй” номыг нэрлэмээр байна. Хүмүүс энэ зохиол дахь зовлонг нь харж өрөвдөөд байх шиг санагддаг. Харин надад “Амьдрахуй”-г уншихаар хүн алдаж болох хэмжээ хязгаараа мэдрэх ёстой юм шиг, тэр мэдрэмжийн зогсоолыг нь зааж өгөөд байх мэт бодогддог. П.Бажовын “Ногоолин хайрцаг” номыг нэрлэж байгаагаараа би шидэт реализмд их дуртай бололтой. Хамгийн сүүлд нь хэлэхэд, залуусыг өөртөө цаг гаргаасай, өөрийгөө хөгжүүлээсэй гэсэндээ Адлерын “Ад үзэгдэх зориг”-ийг зөвлөх байна. Аз жаргалтай байна гэдэг өөрөөс хамаарах зүйлийн адил сайн зохиолч, судлаач болно гэдэг ч бас надаас шалтгаална. Ер нь өөрийнхөө дотоод ертөнц рүү өнгийн харж чаддаг байх нь чухал. Тиймээс дурдахгүй өнгөрч болохооргүй номын нэг гэж боддог.


0
1
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна