Үгүйлэх сэтгэлээр хөглөсөн дуу

Админ
2021/08/18

М.ДЭВЭЭЖАРГАЛ

Сэтгэлдээ үгүйлэн сэв сэвсэрч явахад татан босгодог “дуу” гэж бий. Он цагийн шалгуурт дарагдан бүдгэрээгүй ерээд оны дуунуудыг зөвхөн ахмад үеийнхэн сонсдог гэсэн ойлголт олны дунд байдаг юм билээ. Гэвч тийм яруу дуунуудыг хэн чих тавьж, зүрх дэлгэн сонсохгүй өнгөрч чадах вэ.

 “Намираа цэнхэр бороо шивэрсэн

Намрын хонгор өдрөө дурсдаа чи

Ариухан үерхэлээ дурсахыг жаргалаар

Алс нутгаас дуулж сууна даа би...”

Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Ц.Чинзоригийн аялгуу, яруу найрагч Н.Сүхбатын шүлэг, “Намрын дурсамж” гэдэг дуу МУГЖ Н.Төмөрхуягийн амилуулснаар ард түмний сэтгэлд хоногшиж, цээжинд аялагдаад өдгөө 33 оны өнгийг үзжээ. Дөрөвдүгээр сарын нэгэн үдшээр төрсөн энэ дууны түүхийг хүргэж байна.

Хөгжмийн зохиолч Ц.Чинзориг ажил амьдралд, уран бүтээлийн гараагаа Баянхонгор аймагт эхлүүлж байжээ. Тухайн үед сургуулиа төгсөж ирэнгүүтээ очсон болохоор таних хүн цөөтэй учир найз нөхдөө дурсаж суух нь элбэг байж. Тэгээд л өөрийнхөө сэтгэлд бодогдоод байгаа тэр зүйлээ дуу болгоё гэж бодсон байна. Өрөөндөө хөгжмөө дараад сууж байхад нь “Ай хө, чи минь” гэх үг санаанд нь буусан гэдэг. Харин энэ дууны шүлгийг бичсэн хүн нь зэргэлдээ өрөөнд суудаг байсан яруу найрагч Н.Сүхбат юм. 

Түүнийг бичгийн машинаа товшоод сууж байтал хөгжмийн зохиолч Ц.Чинзориг орж ирснээ “Чи итгэлийн тухай” захиа сонсох уу гэж хэлээд “Хүнд итгэх шиг сайхан зүйл байхгүй” хэмээн захиагаа уншиж эхэлжээ. Харин түүнд нь яруу найрагч учиргүй уярч байснаа дурссан байдаг.1988 оны дөрөвдүгээр сарын үдэш. Театрынхан цугларчихсан, Ц.Чинзориг хөгжмөө дараад, юм л бол “ай хө...” гэх хэсгээ аялаад байж. Тэдний дундаас нэг нь “Бороо шивэрсэн өдрөөр аялан алхмаар дуу юм шиг байна” гэсэн нь эхний мөрийг бичих шалтаг болж л дээ. Гэхдээ тэр мөр “Намираа бороо зөөлөн шивэрсэн” хэмээх үгтэй байсан юм билээ. “Талхан зүрхний сарнай байж дээ” гээд аялахад нь олны дундаас нэг нь “Яагаад хэн ч байсан хамаагүй дурсан санахдаа аяладаг дуу байж болдоггүй юм” гэхэд өөрчилсөн байдаг.

Анх н.Түмэнжаргал, н.Ерөөлт гэж залуус хоёр хоолойгоор дуулж байсан нь хөгжмийн зохиолчийн санаанд ихэд нийцэж байсан гэдэг. Харин дуучин Н.Төмөрхуяг “Анх Хан Хэнтий чуулгын хөгжимчин н.Дарханбаатарын аялснаар сонссон. Түүний аялж байгаа нь их содон, сайхан санагдаж байлаа. Харин би Ц.Чинзоригоос хоёр дуу авсны нэг нь “Намрын дурсамж”, нөгөө нь “Хорвоод ганцхан ээждээ” юм. Дуэт дуулах гэж үзсэн ч тохирч өгөөгүй. Тэгээд л гоцлол дуулсан даа” хэмээн өгүүлсэн байдаг. ...Ай хө чи минь Алагхан зүрхний итгэл байж дээ Амьдрал, жаргалд минь надтай учирсан Алдрай насны дурсгал байжээ чи...


1
2
0
1
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна