Өөрийгөө урамшуулах нь

Админ
2021/08/21

Б.Мичидмаа

Уналт бүдрэлт ихтэй ч амьдрах сайхан гэдэг шүү дээ. Амжилт бүрийн тань ард бусдын дэмжлэгээс илүү таны зүтгэл хамгийн их үүрэг хүлээж байдаг. Тэгвэл өдөр бүр хичээж буй өөртөө хэрхэн талархаж, урамшуулах багахан зөвлөгөөг хүргэж байна. 

Амжилтаа бичиж тэмдэглэх

Хүний тархи ч бас багтаамжтай. Бидний дурсамжууд урт хугацааны явцад балран арилж, зарим нь бүр засагдаж байдаг. Аливаа зүйлийг бодоод өнгөрөхөөс илүүтэй түүнийгээ цаасан дээр буулгах нь гүнзгий мэдрэмж төрүүлдэг байна. Магадгүй хэзээ нэг өдөр өөртөө урам хугарах, гуниглах үедээ тэдгээр амжилтуудаа ахин нэг харж урам зориг авч болох юм. Тиймээс гаргасан амжилт бүрээ жижиг гэлгүйгээр бичиж тэмдэглэн өөрийгөө урамшуулж байгаарай.

Хайртай хүмүүстээ хэлэх

Гаргасан амжилтаар тань таниас ч илүү бахархаж, баярладаг хүмүүс бол гэр бүл, дотны хүмүүс байдаг. Тэдгээр хүмүүс таныг хамгийн сайн мэдэхээс гадна чадна гэдэгт тань үргэлж итгэж байдаг. Магадгүй өөрийгөө урамшуулах хамгийн шилдэг арга нь хайртай хүмүүстэйгээ амжилтаа хувцаалцаж тэднийхээ баярлаж буйг харах юм. Үүнээс та эргээд маш их урам зориг, өөртөө итгэх итгэлийг олж болно. 

Дуртай амттанаа авч идэх

Амттай хоол идэх нь бидний өлсөх мэдрэмжийг дарахаас гадна таашаал, сэтгэл ханамжийг өгдөг. Хэмжээнд нь тааруулан хэрэглэсэн багахан амттан танд аз жаргал, сэтгэлийн их таашаалыг өгөх болно. Өөрийгөө урамшуулахдаа амттан, сайхан хоолоор эрхлүүлэхээ ч бас бүү мартаарай. 

Дуртай хувцсаа өмсөх

Өөрийгөө урамшуулах нь гагцхүү том бэлэг, онцгой зүйлд бус бидний энгийн дадалд ч нуугдаж байдаг билээ. Тухайн өдрийн хувцаслалтандаа сэтгэл хангалуун байх нь ер бусын тухтай, өөртөө итгэлтэй мэдрэмжийг төрүүлдэг. Дуртай хувцсаа өмсөөд, сайхан газраар алхах нь өөрийгөө хайрлах нэг арга юм.

Баярын мөчөө цахим хаягтаа хуваалцах

Олон нийтийн сүлжээн дэх найз нөхөдтэйгээ ч мөн баярт мөчөө хуваалцаарай. Таны орууласан эерэг мэдээ маш олон хүнд аз жаргалыг түгээх чадна. Бид бусдад сайн сайхныг хуваалцсанаараа хэд дахин илүү сэтгэл ханамжийг мэдэрдэг шүү дээ. 



0
1
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна