Т.Рэнцэнбадам: Хилчин эмэгтэйн тэсвэр, хатуужлыг харуулна

Админ
2021/08/19

Г.ЭНХГЭРЭЛ

Дорноговь аймгийн ЗамынҮүд суманд байрлах Хилийн 0108 дугаар ангийн ахлах ахлагч, спортын мастер Т.Рэнцэнбадам өмнөд хилийн отрядаас умард хилийн отряд хүртэл буюу Сэлэнгэ аймаг хүртэл 1100 км-ын холын зайд гүйхээр наймдугаар сарын 1-нд замдаа гарсан. Тэрбээр Дорноговь аймгийн Хилийн 0108 дугаар ангиас Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтын 652 дугаар тэмдэгт хүртэл нийт 1100 километрийг туулж, Хил хамгаалах байгууллагын 88 жилийн ойн баярын өдөр буюу есдүгээр сарын 17-ны өдөр бариандаа орохоор тооцож буй юм. Түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.

 -Одоогийн байдлаар хэдэн км зам туулаад байна вэ? 

-Говьсүмбэр аймгийн Чойр сумыг өнгөрөөд явж байна. 445 км зам туулсан гэсэн үг. 

-Биеийн байдал хэр байна вэ? 

-Хэвийн, сайн байгаа.

 -Холын зайн гүйлтэд биеийн тэсвэр, тэвчээрээс гадна, сэтгэлзүй чухал байх. Хэрхэн даван туулж байна вэ? 

-Гэнэт л гүйе гээд шийдчихээгүй, анхнаасаа төлөвлөж байсан учир бие, сэтгэлзүй бүгд сайн байна. Мөн Хил хамгаалах ерөнхий газрын хөнгөн атлетикийн дасгалжуулагч багш н.Даваасүрэнгээс зөвлөгөө авч байгаа. 

-Өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн гүйхээр бэлтгэлдээ орсон юм билээ. Ийм шийдвэр гаргах түлхэц юу байв аа?

 -Монгол Улсын Зэвсэгт хүчин, цагдаа, Онцгой байдлын алба, Хил хамгаалах албанд мөрдөстэй олон бүсгүй бий. Тэр дундаас хилчин эмэгтэйн тэсвэр, тэвчээр, хатуужлыг харуулахыг хүссэн. Мөн есдүгээр сарын 17-нд болох Хил хамгаалах байгууллагынхаа 88 жилийн ойд зориулж, өмнөд хилээс хойд хил буюу Дорноговь аймгийн 108 дугаар ангиас Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтын 652 дугаар тэмдэгт хүртэл гүйж үзэх чин сэтгэлийн хүсэлтэй байсан. Эх орны торгон хил, хилийн багана гэдэг хилчин хүний хувьд хамгийн үнэ цэнтэй зүйл нь байдаг. 

-Гэр бүл тэр дундаа ээж, аав нь анх таатай хүлээж аваагүй гэсэн. Одоо бодол нь өөрчлөгдсөн болов уу? 

-Би шийдсэн бол зорьсон зүйлээсээ буцдаггүй. Нэгэнт замдаа гарчихсан болохоор аян замдаа сайн яваад, зорьсон хэргээ бүтээгээд ирээрэй хэмээн үдсэн. 

-Ээжийгээ эзгүйд хүүхдүүд нь хаана байгаа вэ? 

-Эмээ, өвөө нь харж байгаа.