Н.Хатанбүүвэй: Байгалийн амьдлаг чанарт хайртай

Админ
2021/08/20

М.ДЭВЭЭЖАРГАЛ

Байгалийн зураг хараад бид байгалийг бүтээх гэж яваа юм биш, байгаль бидний дотор өөрийгөө бүтээж байгаа мэт бодогддог. Уран зургийг ойлгож унших, ухааран урлах хоёрын дунд газар тэнгэр шиг ялгаа бий. Энэ удаагийн “Шинэ танил” буландаа СУИС-ийн хоёрдугаар курсийн оюутан, мөн уран бүтээлч болохоор тэмүүлж яваа Н.Хатанбүүвэйг урин ярилцлаа. Тэрбээр “Амгалан орчлон” зэрэг гар зургийн улсын уралдааны тэргүүн байрын шагналтай юм. 

- Уран бүтээлч болох замыг сонгоход юу нөлөөлөв, хэдийнээс зураг зурж эхэлсэн бэ? 

-Хүүхэд байхаас ээж минь үдэш бүр үлгэр ярьж өгдөг байлаа. Магадгүй тэр үеэс зураач болно гэсэн төсөөллийг өөртөө бий болгосон болов уу. Ер нь ганцаараа тоглож, өөртэйгээ ярилцдаг байсан маань үлгэрийн ертөнцийн төсөөллийг дотоод оюунд тэлсэн байх. Ээж минь дээл урлаж суухдаа уран зураг мэт харагддаг байсан. Энэ л намайг уран бүтээлчийн амьдралд дурлуулсан гэж боддог. Тууштай зурах болсон үе гэвэл дунд ангиас эхлэлтэй. 

- Зураач л болно гэж боддог байв уу, өөр зүйлд татагдсангүй юу?

 -Мөрөөдлөөсөө урваагүй. Миний бүтээж чадах ганцхан зүйл энэ.

 -Ямар чиглэлийг илүү сонирхож байна?

 -Сэтгэлгээний уран зургийг илүү таашаадаг болохоор сюрреалист чиглэл таалагддаг. 

-Зураг зурахын тулд байгальд гарч байв уу, өөрийн орон зайг хэрхэн бий болгож байна вэ? 

-Байгалийн амьдлаг чанарт хайртай, түүнийг мэдрэх дуртай. Харин орон зайгаа өөрөө бүтээдэг. Зураг зурахын тулд будаг бийрнээс гадна мэдрэмж хөглөх шүлгийн ном, тэмдэглэлийн дэвтэр зэргийг авч явдаг. Түүний тусламжтайгаар бодол санаагаа амраадаг. Заримдаа зурахгүйгээр номоо уншаад суучихдаг. Л.Өлзийтөгс зохиолчийн яруу найргийн түүврийг байн байн дэлгэж харна. Надад хүртээж байгаа мэдрэмжүүд нь таалагддаг.

 -Яг ямар мэдрэмж өгдөг гэж? 

-Өөртэйгөө уулзаад ярилцаж байгаа мэт. Мэдрэмжүүд хоорондоо огтлолцдог гэж болох юм. 

-Зураач хүнд байх ёстой хамгийн чухал зүйл гэвэл? 

-Миний бодлоор сэтгэл санаа хамгийн хүчтэй. Уран бүтээлд шууд тусах учраас түүнийгээ цэвэр, тунгалаг байлгахыг их хичээдэг. Мөн дэргэд байгаа хүмүүс нэлээдгүй нөлөөлдөг юм шиг санагддаг. Тэдний сэтгэлзүй ч нэвт харагдана. 

- Өөрийнхөө бүтээлд шалгуур тавьдаг л байлгүй? 

-Бүтээлүүд маань бага, багаар нэмэгдэж байгаа. Гүйцэтгэлтэй, сайн зураг зурахыг зорьдог болохоор шалгууртаа нийцсэн нь цөөн.

 -Цаашид өөрийгөө хэрхэн хөгжүүлье гэж бодож байна вэ?

 -Их сургуулиа төгссөн ч мэдээгүй, мэдрээгүй зүйл өчнөөн гарч ирнэ. Тиймээс Европын улсуудад суралцах зорилготой. Тэр дундаа Оросын “Репин”-ийн академи сургалтын чанараараа ч, алдар хүнд ээрээ сайн болохоор сэтгэлд багтаад байна.



19
154
6
2
1
3

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 203.91.115.47
    2021/08/20

    Хатанбүүвэй минь улам хичээгээрэй чи чаднаа

    Хариулах