Ө.Ганзориг: Хөрөнгийн захыг босгохын тулд тэтгэврийн реформ хийх ёстой

Админ
2021/08/24

З.УРСГАЛ

Хөрөнгө оруулалтын сан руу иргэдийн тэтгэврийн мөнгийг хийж баялгийн хуваарилалт руу нь оруулъя

Эдийн засагч Ө.Ганзоригтой санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, эдийн засгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.

 -Санхүүгийн систем гэж юу байдаг юм бэ. Ямар хэсгээс бүрддэг вэ гэдгээс яриагаа эхэлье?

 -Санхүү гэхээр банк, мөнгө, хөрөнгийн бирж гэхчлэн хүн бүр өөр өөрийн ойлголттой байдаг. Угтаа санхүү гэдгийг улс орны эдийн засгийн дэд бүтэц гэдэг байдлаар ойлгох хэрэгтэй. Сүүлийн 15 жилд аймгуудаа засмал замаар холболоо. Энэ бол тээврийн дэд бүтэц. Эрчим хүчээр холболоо. Энэ бол эрчим хүчний дэд бүтэц. Агаарын орон зайн тухайд антен тавиад аймаг, сумдад гар утсаар ярьж болдог болсон нь харилцаа холбооны дэд бүтэц. Харин эдийн засгийн өөрийнх нь дэд бүтэц бол санхүүгийн сектор. Санхүүгийн сектор үндсэндээ гурван тулгуур баганатай. 

-Тодруулбал? 

- Нэгдүгээрт, банк, хоёрдугаарт хөрөнгийн зах, гурав дахь нь даатгалын сектор. Монгол Улсын хувьд банкууд маань хүмүүсийн илүүдэл хадгаламжуудыг татаж, төлбөр тооцоог нь гүйцэтгэн, зээл олгох хэлбэрээр эдийн засагт дахин хуваарилалтыг хийдэг үүрэгтэй. Хөрөнгийн зах гэдэг бол баялгийг хуваарилах үүрэгтэй. Харин даатгал эдийн засаг, нийгэмд байгаа эрсдэлийг бууруулах үүрэгтэй механизм. Энгийнчилбэл хүн амьдарч байгаа цагт заавал эрсдэл дундуур явдаг. Эрсдэлийг бууруулах үүрэгтэй салбар бол даатгалын салбар. Ийм үндсэн үүрэгтэй гурван дэд тулгуур баганан дээр санхүүгийн ертөнц тогтдог гээд ойлгочиход болно. 

-Хөрөнгийн зах зээл дотор хувьцаа, бонд гээд ялгаа байх шиг байгаа юм. Ялгаа нь яг юу байна вэ? 

-Хүнд хүрэх буюу үйлчилгээний хэрэгслүүд шүү дээ. Банкны салбарт, зээл, хадгаламж, зээлийн болон төлбөрийн карт байна. Хөрөнгийн зах дотор хувьцаа, бонд, үүсмэл үнэт цаас байдаг бол даатгалын тухайд авто машин, амьдрал, гэнэтийн осол, хариуцлага, барилга угсралтын даатгал гэхчлэн даатгал маань биежиж санхүүгийн сектор хүнд хүрч байна л гэсэн үг. 

-Дэлхийд энэ гурван багана зэрэг хөгждөг. Харин манайд?

 -Багана жигд байх ёстой. Нэг нь өндөр, нөгөө нь намхан бол багана байж чадахгүй. Дээврийг гурван багана зэрэг түших ёстой. Гэтэл даатгал, хөрөнгийн зах нь байхгүй, манай улсад. Санхүүгийн мэргэжилтнүүдийн УИХ-ын гишүүдэд хүргэх гээд байгаа мессэж бол нөгөө хоёр баганаа босгооч ээ. Банк бол хөгжчихлөө. Банкаа нураах хэрэггүй. Ганцаараа түшиж явна гээд ганц “Алтан гадас” одон өгчих хэрэгтэй. Харин одоо хөрөнгийн болон даатгалын захаа босгоё. Хөрөнгийн болон даатгалын захыг босгоё гэхээр бодлогын чанартай хууль тогтоомж гаралгүй л өнөөдрийг хүрчихэж. Гучин жилийн хугацаанд буюу 2010 онд даатгалын салбарыг хөгжүүлэх ганцхан хууль гарсан нь Албан журмын даатгал. Жолоочийн хариуцлагын даатгал үнэхээр хэрэгтэй. Хүний нийгэм байгаа цагт даатгал заавал байх ёстой. Иргэд эл даатгалын давуу тал, ашгийг их мэдэрч байгаа. Даатгалын бизнест 100 хүн нөхөн төлбөрөө аваад баярлаад явахад, нэг хүн нөхөн төлбөр авч чадалгүй Хөрөнгө оруулалтын сан руу иргэдийн тэтгэврийн мөнгийг хийж, баялгийн хуваарилалт руу нь оруулья чангаар хашхирдаг. Сошиал ертөнц мөн их өөгшүүлдэг. Намайг 2008- 2009 онд даатгалын компанийн захирлаар ажиллаж байхад, их хохирол гардаг байсан. 16 настай хүүхэд согтуугаар ахынхаа машиныг унаж зогсоол дээрх машиныг мөргөчихсөн байсан. Төлбөрийн ямар ч чадваргүй. Банкны зээлээр авсан цоо шинэ машинаа гуравдагч этгээдээр эвдүүлж хохирдог. Шүүхэд очихоор өнөө 16-тай хүүхдийг, хүний эд хөрөнгийг гэмтээсэн, өр төлбөрөө барагдуулж чадаагүй гээд гурван жилийн хорих ял өгч шоронд явуулдаг байсан. Ердөө 10 жилийн өмнө ийм байсныг бид мартаж болохгүй. Харин жолоочийн хариуцлагын даатгал том дэвшил болсон юм шүү. Харамсалтай нь бүтэн 30 жилийн хугацаанд гарсан ганцхан дэмжлэг. УИХ ажлаа хангалттай хийхгүй байна. Хөрөнгийн захыг хар, ямар жижигхэн байна вэ. 

- Банкны зээл ийнхүү өндөр байна, буулгая гэж нийгэм их шаардсаны үндсэн дээр Монголбанк бодлогын хүүгээ буулгаж, үр дүнд нь хадгаламжийн хүү буурсан. Өөрөөр хэлбэл, банкны хүү буурснаар хөрөнгийн зах зээл амилах хандлага ажиглагдаж байна уу? 

-Ажиглагдаж байна. Өмнө нь төгрөгийн жилийн хадгаламжийн хүү 15-16 хувь байсан учраас ажил, бизнес хийх ямар ч сонирхолгүй, банканд аваачаад тушаачихдаг. Банк өндөр хүүгээр хадгаламж татсан юм чинь өндөр хүүгээр зээл гаргадаг. Яагаад хадгаламжийн хүү өндөр байгаад байна вэ гэвэл Төв банкнаас тогтоож буй бодлогын хүү 11-12 хувьтай байлаа шүү дээ. Товчхондоо, Төв банк хүүгээ буулгасан нь маш зөв алхам. Гэхдээ нөгөө талд нь бид, төгрөгийнхөө ханшийг тогтвортой барихгүй бол хүү эргээд өсөх эрсдэлтэй. Оны эхний хоёр улирлын гадаад худалдааны тэнцэл ашигтай гарсан гэж Үндэсний статистикийн хороо мэдээлсэн нь мэдээж таатай сонсогдож байна. Одоо бид импортоо нэмэлгүйгээр экспортоо нэмэх тал дээр ажиллах хэрэгтэй. Экспортоо сайн нэмээдэхвэл төгрөгийн ханшаа барьж чадна, хүүгээ бага байлгана. Цаашлаад хөрөнгийн зах хөгжих боломж бүрдэнэ. Мөн хүмүүс банкнаас хадгаламжаа татаад шууд хөрөнгийн зах руу орох үзэгдлүүд өрнөнө. Гэхдээ энэ нь хөрөнгийн захыг хөгжүүлэхэд хангалтгүй. Нэмээд заавал тэтгэврийн реформ хийх хэрэгтэй. Сүүлийн 100 жилийн дэлхийн 150-160 улсын хийсэн нотолгоо. Бид л хүлээн зөвшөөрөхгүй өнөөдрийг хүртэл гүрийгээд, гүлдийгээд суугаад байна. 

-Тэтгэврийн реформ хийж, уг сангаас нэг хэсгийг нь авч хөрөнгө оруулалтын сан байгуулах хэрэгтэй гэсэн үг үү? 

-Тийм. Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийг бид бичсэн юм. 2011-2012 онд боловсруулаад, тухайн үеийн Ерөнхий сайд, УИХ даргад танилцуулснаар 2013 онд Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийг Монголд анх удаа батлуулсан. Хөрөнгө оруулалтын сан гэж юу вэ гэхээр жирийн иргэн, 10 сая төгрөгөө хөрөнгийн зах руу оруулъя гэвэл аль компанийн хувьцааг авах вэ, төлөөлөн удирдах зөвлөлд нь сайн хүмүүс байна уу, үгүй юу. Бизнес төлөвлөгөө нь яг явах уу, үгүй юу гээд судлахын тулд хугацаа шаардлагатай. Үүний оронд 10 сая төгрөгөө хөрөнгө оруулалтын санд хийчихье. Хөрөнгө оруулалтын сан дээр 20-30 залуу суучихаад өдөржин, шөнөжин хувьцаа, бондоо гаргасан компаниудын санхүүгийн тайланг судлаад хамгийн сайн бөгөөд хамгийн хямдхан үнэлгээтэй компанийг сонгож, хувьцааг нь авна. Сайн компани байж болно. Гэхдээ хувьцаа нь маш өндөр үнэтэй байвал аваад хэрэггүй шүү дээ. Сайн бөгөөд хувьцаа нь хямдаар үнэлэгдэж байгааг нь авахыг Хөрөнгө оруулалтын сан хийж байгаа юм. Манай улсын тухайд та бидний нийгмийн даатгалд төлж байгаа 26 хувийг татаж авдаг. 26 хувь гэхээр 1.5 их наяд орчим төгрөг болж байгаа болов уу гэж бодож байна. Жилдээ ийм их мөнгө татаж авчихаад хаа хамаагүй дампуурах гэж байгаа банканд ч юм уу хийгээд алдчихдаг. Энэ чинь төр менежмент хийж чадахгүй юм байна гэдгийг харуулж байгаа юм. Хөрөнгө оруулалтын сан руу иргэдийн тэтгэврийн мөнгийг хийж, баялгийн хуваарилалт руу нь оруулъя. Энэ бол санаа биш шүү. Дэлхий нийт ингэж л явж байна. Шуудхан хэлэхэд энэ санхүүгийн хууль. Дэлхийн жшиг хуулийг манай НХХЯ болон Нийгмийн даатгалын ерөнхий газар тас эсэргүүцээд суучихсан. Мэдээж тэнд ажиллаж байгаа нийгмийн даатгалын 2.000 гаруй байцаагч, яаманд ажиллаж буй 200-аад хүн эсэргүүцээд байгаа юм биш шүү дээ. Хоёр гурван газрын дарга л эсэргүүцээд суучихаж байгаа байхгүй юу. Бүхэл бүтэн дэлхийн хөгжлийн тренд, 100 жил нотлогдсон юмыг эсэргүүцнэ гэдэг аймшигтай хэрэг шүү. Миний хувьд, үе үеийн Нийгмийн хамгааллын сайд нартай “тулж” ирсэн. Би сүүлийн 15 жил нэг л юмаа тоть шиг ярьж байгаа.

 -Юуг, яагаад гэдгээ тодорхой тайлбарлаач?

 - Өөрчлөгдөхгүй байгаа учраас яриад байгаа юм. Гэхдээ энэ бол О.Ганзоригийн санаа ч биш, санхүүгийн суурь хууль. Жишээ нь ОХУ болон Казахстан улсыг бид харьцангуй автократ засаглалтай, ардчилсан биш, коммунист талдаа гэж боддог. Гэтэл Казахстан улс 1998 онд тэтгэврийнхээ реформоо хийгээд, иргэдийнхээ мөнгийг хөрөнгийн зах руу оруулаад иргэд нь томоохон компани, банкны эзэн нь болчихсон. ОХУ-ын РТД буюу төмөр замын нэгдлийн ажилтнууд аль хэдийн төмөр замын ажилчдын нэгдсэн тэтгэврийн хөрөнгө оруулалтын сан гэж байгуулчихсан. Бидний үзэн ядаад байгаа Голомт банк 1995 онд дөрвөн ажилтантай, түрээсийн байранд үйл ажиллагаагаа эхэлсэн. MCS гэхэд гурван ажилтантай, ганц комьпютертэй ажлаа эхлүүлсэн гэдэг. Тэр үед хувьцааг нь авчихсан бол өнөөдөр иргэдийн тэтгэврийн мөнгө хэдэн мянга дахин өсөх вэ. Логик нь энэ. Би хэлсэн дээ, үе үеийн сайдтай тулсан гэж... Бодож үзье, судлая гэдэг ч дөрвөн жил нь өнгөрөөд алга болдог. Дараагийн хүн ирээд бодоод явж байхад нь том группүүд нь улам баяжиж, нэг босс ганцаараа томроод л байдаг. Ард түмэн бид, энд нь гайхаад ядуураад л суугаад байдаг. Улстөрчид нь дунд нь популизм хийгээд л байж байна. MCS-ийн хувьцааг бид одоо авчих хэрэгтэй. Сүүлийн 25 жилд Ж.Оджаргал гэдэг хүн шиг ахуйгаа аваад явчихдаг Ерөнхий сайд гарсан уу л гэж асууя. Ер нь бол 26 хувиа төлж байгаа иргэнээс, та мөнгөө НХХЯ-нд өгөх үү, эсвэл MCS-ийн Ж.Оджаргал гэдэг хүнд өгөх үү гэж асууя л гээд байгаа юм. Хариулт маш тодорхой. 20 жил тэр хүн өөрийгөө нотоллоо шүү дээ. Бид энэ том группүүдийн хувьцааг авснаар ард түмэн чинь тэр группүүдийн эзэн болж байна. Өгөөж нь ил тод байна. Дунд нь ганц хоёр хөрөнгө оруулалтын алдаа гарна. Эдийн засгийн хямралууд тохиолдоно. Гэхдээ АНУ-ын иргэдийн тэтгэврийн сан 1900-2021 он хүртэл хэдийг алдаад хэдийг олсон юм бэ гэж харьцуулах юм бол айж эмээх зүйлгүй гэдэг нь харагдана. 

-Эдийн засаг, эрүүл мэндээ хамгаалахын тулд төр ямар бодлого шийдвэр гарга гэж та зөвлөх вэ?

-Монгол Улсын эдийн засгийн 80 гаруй хувь нь нийслэлд бүрддэг. УОК, НОК-ын нэгдсэн зохион байгуулалтгүй шийдвэрүүд нь бизнес эрхлэгчдийг үнэндээ туйлдуулсан. Эдийн засгаа сэргээе гэвэл төрийн шат шатны хүнд сурталыг өөрчлөх шаардлагатай. Барилга, уул уурхайн тусгай зөвшөөрөл авахад төрийн хүнд суртал дээд түвшинд хүрснийг олон ч хүнээс сонслоо. Жишээ нь, 2020 оны дөрөвдүгээр сард уурхайн ажлаа эхлүүлэх гээд төлөвлөсөн байтал зургадугаар сарын 20-нд эхлүүлж байсан гэнэ. Шалтгаан нь тусгай зөвшөөрөл өгдөг есөн том даргынх нь гарын үсгийг цуглуулах гэтэл бүгд ажлаа хийхгүй алга болцгоочихдог. Бүтэн хоёр сар Монгол Улс уурхайгаас олох байсан орлогоо алдсан гэсэн үг. Зарим уурхайд бүтэн зунжингаа шалгалт орж, ажил хийлгэдэггүй жишээ ч олон бий. Эдийн засаг нь өвдгөөрөө сөхрөхөд уул уурхай, барилгын салбарынхан мөн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид л эдийн засгаа босгоно. Монгол Улс эдийн засгаараа тэжээгддэг болохоос биш мэргэжлийн хяналт, татварын байцаагчид баялаг бүтээдэггүй юм.

 -Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өсөлттэй байх үеийг зөв ашиглаж чадахгүй бол эдийн засагт нааштай үр дүн харагдахгүй. Төмөр замгүйгээс нүүрсээ их хэмжээгээр гаргаж чаддаггүй гэхчлэн уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өндөр үе буюу супер циклийг Монгол Улс ашиглаж чадалгүй алдсан удаа цөөнгүй нь нууц биш шүү дээ? 

-Дэлхий дахин байгаль орчинд хортой үйлдвэрүүдээс татгалзаж эхэлсэн. Үүний нэг нь нүүрс олборлолт. Сүүлийн тавхан жилийн дотор дэлхийн олон улсын хөгжлийн банкууд нүүрстэй холбоотой төсөлд хөрөнгө оруулахаас татгалзсан. Өнгөрсөн 2016 онд манайх нүүрсний цахилгаан станцад Франц, Герман зэрэг бусад орны хөрөнгө оруулалтын банкуудаас санхүүжилт авах боломжтой байсан. Одоо гэтэл бүгд нүүрсний төсөлд санхүүжилтээ зогсоосон. Энэ нь ирэх 20-30 жилд нүүрс хэрэггүй болохын дохио. БНХАУ 2040 он гэхэд нүүрсний хэрэглээгээ бууруулахаа мэдэгдчихсэн. Тэгэхээр бидний нүүрсээ зарж орлого олох хугацаа 15 жилээс хэтрэхгүй. Энэ хугацаанд яаралтай нүүрсээ их хэмжээгээр борлуулах. Хоёрдугаарт, 15 жилийн дараа биднийг тэжээх дараагийн орлогын эх үүсвэрээ одооноос бэлтгэх шаардлагатай. Жишээ нь өмнөд хөрш 100 сая гаруй чинээлэг иргэнтэй. Миний мэдэхийн Хятадын 150 сая орчим иргэн жилдээ 40 сая орчим төгрөгийн цалин авдаг. Энэ 150 сая хүнд зориулсан органик, чанартай мах гаргах том зах зээл Монголд байна. “Монголын мах хамгийн тансаг хүнс” гэсэн пи-арыг Хятадын зах зээлд одооноос гаргаж байж үр дүн нь 10 жилийн дараа гарна. Гэтэл эсрэгээрээ монгол махыг хятадад хямдхан зарах гээд байдгийг би огт ойлгодоггүй. Энэ мэтчилэн төр урт хугацаанд үр дүн өгөх стратегийн ажлаа хийхгүй байна.


1
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна