О.Булган: Спортыг бизнес болгох ёсгүй гэж би боддог

Админ
2021/08/24

Т.ДӨЛГӨӨН

Энэ удаагийн “Шинэ танил” буландаа газрын теннисийн мастер, сагсан бөмбөгийн нэгдүгээр зэрэгтэй О.Булганыг урин ярилцлаа. Тэрбээр газрын теннисээр Улсын гурван удаагийн аварга, Хотын хоёр удаагийн аварга, олон улсын тэмцээнд амжилттай оролцсон гэх мэтчилэн олон амжилтын эзэн юм. 

-Та газрын теннисээр хэр удаан хичээллэсэн бэ?

-Манай аав газрын теннисийн олон улсын хэмжээний мастер хүн л дээ. Би аавыгаа дагаад гурван настайгаасаа эхэлж бэлтгэл сургуулилтад нь хамт явдаг байсан. Ингэж хамт явж байх үедээ энэ спортод дуртай болсон. Тэрнээс хойш 13 жил хичээллэсэн.

 -Газрын теннисээр гаргасан амжилтуудаасаа хуваалцаач? 

-Ер нь улсын аварга, хотын аварга, клубуудын тэмцээн, орон нутгийн тэмцээн гээд бүгдэд нь л оролцсон. Нэлээд хэдэн шагнал байгаа. Намайг дөнгөж энэ спортоор хичээллэж байхад олон тэмцээн уралдаан болдог байсан шүү. 

-Дуртай спортоо орхих болсон шалтгаан тань юу вэ? 

-Энэ спорт маань бизнес болчихсон. Би спортыг бизнес болгох ёсгүй гэж боддог хүн л дээ. Дуртай спорт маань мөнгөтэй шууд хамааралтай болсон нь орхих гол шалтгаан болсон.

 -Газрын теннисээ орхиход гэр бүлийнхэн тань хэрхэн хүлээн авсан бэ? 

-Аав маань газрын теннисийг орхисон болохоор ч тэр үү гэрийнхэн юм хэлээгүй. Ингээд бодохоор цаагуураа дэмжсэн ч юм шиг. Энэ спорт нь үнэ цэнээ алдаад мөнгөний төлөө болоод хөгжихгүй гэдгийг гэр бүлийнхэн маань ч мэдэж байсан. 

-Сагсан бөмбөгийг сонгосон шалтгаан юу байв? 

-Гэртээ багаасаа жижиг шит зоогоод бөмбөг шидэж өссөн. Tеннисээс авсан мэдрэмжтэй төстэй байсан учраас сагсан бөмбөгт дуртай болсон. Газрын теннисийг орхисон буюу 2015 оноос хойш тоглодог болсон. Энэ үед багш нар бас их түлхэц болсон. 

-Сагсан бөмбөгөөр цаашдаа хэр удаан хичээллэх бодолтой байгаа вэ?

 -Сагсан бөмбөгөөр анх өндөр болох, бие бялдраа хөгжүүлэх зорилготойгоор хичээллэж эхэлсэн. Одоо бол Mонголынхоо лигт тоглох хүсэлтэй байгаа. Би сэтгэл судлалаар төгссөн. Цаашдаа энэ спортыг мэргэжилтэйгээ хослуулан спортын сэтгэл судлалаар суралцах бодолтой байгаа. 

-Яагаад спортын сэтгэл судлалыг сонгосон бэ? 

-Багаасаа спортоор хичээллэсэн хүний хувьд спортод сэтгэлзүй хэр чухал байдгийг мэднэ. Монголд одоохондоо хөгжөөгүй салбар. Спортын сэтгэл судлал нь тухайн тамирчны өрсөлдөөнөөс үүдэлтэй дарамт шахалтыг даван туулах, анхаарлаа төвлөрүүлэх гэх зэрэг бэрхшээлүүдийг шийдэхэд тусалдаг.



0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна