Сэтгэл гэрэлтэнэ

Админ
2021/08/25

М.ДЭВЭЭЖАРГАЛ

Монголын дүрслэх урлаг, уран зургийн ертөнцөд шинэхэн мөр татуулан зураач С.Цацрал анхны бие даасан үзэсгэлэнгээ олны сэтгэлийн мэлмий дор дэлгэж байгаа билээ. Усан бийрээрээ байгаль өөрийгөө урлах шиг наймдугаар сарын бороон дундуур туучсаар “Сэтгэлийн чанад” дахь түүний оршихуйн хаалганд хүрэв. “Монгол Арт галерей”-н гуравдугаар танхимын хананд амьдрал, хайр сэтгэл, зүүд зөнгийн нарийн эрчлээнээс өндийсөн 18 бүтээл дэлгэгджээ. Тус үзэсгэлэн Соёлын яамны ивээл дор зохион байгуулагдаж буй. Мөн залуу уран бүтээлчдийг дэмжих, нийгэмд дүрслэх урлагийн нөлөөллийг нэмэгдүүлэн урлагийн боловсролд түлхэц үзүүлэх зорилготой “Улаанбаатар” олон улсын дүрслэх урлагийн хоёрдугаар наадмын хүрээнд хийгдэж буй ажлуудын нэг аж.

Танхимын баруун талын ханан дахь зургууд гоо үзэсгэлэн, эрх чөлөө хийгээд дурлалын дуулал мэт. Харин эсрэг талд байршуулсан зургуудаас энэрэнгүй сэтгэл, эх хүний элбэрлийн зөөлөн эрчим цацарч байлаа. Өнгөний сонголтууд нүд амрааж, хурууны өндгөөрөө мэдрэх гэж үзвэл эмзэглэл дотроо сэлж буй мэт мэдрэмж төрөв. Зураач С.Цацралаас “Сэтгэлийн чанадад” үзэсгэлэнд дэлгэсэн уран зургуудыг хэр хугацаанд зурсан, юуг илэрхийлэхийг зорьсон тухай лавлахад, “Сүүлийн таван жилийн хугацаанд эрчимтэй зурсан. Өөрийн болон өрөөлийн сэтгэлд өрнөдөг мэдрэмжийг дүрслэн гаргахыг хичээсэн юм. Тухайлбал, зураг бүр дээрх шувууд өөр өөрийн утга учиртай бөгөөд бэлгэдлийн чанартай нь ч бий. Ихэнх нь эх үр, эр эмийн хайр бусдыг хайрлах тухай өгүүлж буй” хэмээв. Харин уран бүтээлчдийн туурвисан орон зай, бийрээ түшин бүтээсэн зургуудад дурсамж, цаг хугацаа, амьдралын алдаа оноо, амттай бүхэн хадгалагдан үлдсэн мэт санагддаг учраас түүний “Зөн” зургийн түүхийг сонирхсон билээ.

Тухайн бүтээлийнхээ талаар, “Хүүхдээ төрүүлснийхээ дараа энэ зургийг зурсан. Эмэгтэй хүн байх, эх хүн байх хоёрын хооронд их ялгаатай юм билээ. Хүүхэд хэвлийд бүрэлдэж эхэлсэн цагаас эх хүний зөн бий болж, үрээ хайрлах, бусдаас хамгаалах сэтгэл бойждог гэсэн утгатай” гээд үзэсгэлэнг оюутан, залуус ирж үзэж байгаад, хосууд галерейд уран зураг ширтэж зогсохдоо бие биеэ улам хайрлаж байгаад талархаж буйгаа хэлсэн юм. Дүрслэх урлагийн салбарт хоорондоо ялгаатай зургуудыг тайлбарлаж, уран зураг сонирхогчдод хүргэдэг, уран бүтээлчид дэм болдог хүнийг куратор гэж нэрийддэг. Тэгвэл “Сэтгэлийн чанадад” үзэсгэлэнгийн курартороор урлаг судлаач Б.Учрал ажиллаж байлаа. Тэрбээр “С.Цацрал хүнийг бүтээлийнхээ гол дүр, дүрслэлийн нэг хэсэг болгодгийн учир нь оршихуйн мөн чанарын тухай өгүүлж буй хэрэг юм.

Утга агуулгын хувьд эр эмийн хайр, хүний амьдрал дахь энгийн хэрнээ чухал зүйлсийг өнгийн тоглолт, зураасаар илэрхийлэн бодол мэдрэмжийн тухай өгүүлнэ. Хиргүй тунгалаг, зөөлөн, гэгэлгэн мэдрэмжийг төрүүлэхийн сацуу, бүтээл бүрийн арын дэвсгэр дэх Оптик арт буюу ОП АРТ-ын төрөлд багтах хээ, хаяалбар шугам, хэлбэр, өнгө түүний зураг бүрд байршил болон хэлбэрээ олсон хэмээн хэлж болно. Түүний бүтээлүүд гүн утга агуулгатай бус хэдий ч энгийн зүйлсийг уран бүтээлчийн ертөнцөөр дамжуулан бүхий л зүйл өөрийн оршихуй болон илэрхийлэлтэй байхад, зун байдгийн адилаар, эр хүйс байхад эм хүйс оршин буй тухай өгүүлнэ.

Түүний бүтээл жил ирэх тусам монгол зургийн зураасны татлага, орон зайн шилжилт, хавтгай таглалт, дагнаасны ажиллагааны хувьд уламжилсан боловч агуулга хийгээд сэдэл, хэллэгийн хувьд шинэчлэгдсээр байна” хэмээв. Цээжин дотор уулс цэнхэртэн модод ургаж, тэргүүн дээр нь үүлс хунгарлан тогтсон “Хавар, зун, намар, өвөл, хавар...” нэртэй зургаас цаг хугацааны гүнээс ширтэн зогсоо өөрийгөө олж харах шиг болсон юм. Нүдээ хагас аньсан зургуудаас эмэгтэй хүний дотоод совин, эмзэг турь сэтгэл нэвт ханхална. Зураач бүсгүйн “мэдрэмжийн хэл”-ийг уран зургаас тайлж уншихаар ирэх үзэгчдийн харц уярамтгай. Эмэгтэй хүн үсээ сул тавин алхахдаа ширхэг бүрээр нь эрх чөлөөнд хүрдэг ч байж мэдэх юм

Үзэсгэлэнд дэлгэгдсэн зургуудаас үүдэн гоо сайхан, ертөнцийн гоозүйтэй хэрхэн сүлэлдэн оршдогийг мэдрэхээс гадна эсрэг хүйстний зөн билэг хоорондоо нэвчих ахуйд “хайр”-ын үүтгэл гэрэлтдэг тухай бодлоо. “Сэтгэлийн чанадад” уран зургийн үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл хана таазанд мэлмий болж, харанхуй цээжинд гэрэл асаана. Наймдугаар сарын тэнгэр хураа өөртөө татсан бололтой бороо ганц нэг дуслах аж. Ийм ахуйд “Монгол Арт галлерэй”-гээс гарч, байгалийн урласан нойтон гэзэгт охидыг үзэв. Уран зураг бол өөрийнхөө дотор бийр эргүүлж, будаг цацан суухаас эхэлдэг мөн чанарын урлаг гэж шивнэлээ. Орчлонгийн юмс оршихуйдаа тунаран шингэхийг харахад хязгааргүй орон зай үүдээ цэлийтэл нээх юм. Үгс, оюун санаа, чимээгүй дүрслэлүүд амь орон бүлээн гараараа хөтлөх шиг сэтгэлийн будан ариллаа. 


0
17
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна