Ц.Дэлгэрмэнд: Хүүхдээ бусадтай харьцуулж шийдвэр тулгаж болохгүй

Админ
2021/08/26

Г.ЭНХГЭРЭЛ

“Family college” төвийн сэтгэл зүйч Ц.Дэлгэрмэндтэй өсвөр насныхны сэтгэлзүйн онцлогийн талаар ярилцлаа.

 - Бид нүүдэлчин соёлтой ард түмэн . Одоо суурин соёлд дасах гэж хичээцгээж байна. Ер нь нүүдэлчин, суурин соёлыг дагаад үндэстний сэтгэлгээний онцлог өөрчлөгддөг үү. Монгол хүний сэтгэлзүйн онцлогийн тухай яриагаа эхэлье? 

-Тархи, физиологийн үүднээс яривал дэлхийн хүн бүр адилхан. Ялгаа үүсгэж байгаа зүйлс нь тухайн улсын соёл, уламжлал, хууль дүрэм, өдөр тутмын амьдралын хэв маяг юм. Бидний сайн тал нь дасан зохицох чадвар өндөр байдаг. Ганцаарчилсан аль эсвэл хосын харилцааны зөвлөгөө өгөхдөө ажиглахад ихэнх хүн өөрийнхөө юу хүсдэг, боддог, үнэт зүйлээ тодорхойлоогүй сул талтай. 1990 онд эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалт гурав орчим байсан. Харин өнөөдөр 5-10 орчим байна. Энэ долоон жилийн ялгааны учир юунд байна вэ гэвэл эмэгтэйчүүд урт хугацааны зорилготой, амьдралаа уртасгах үйлд эл, хэв маягт суралцсан. Харин эрэгтэйчүүдийн хувьд одоо л тэр зүйлсийг суралцаж эхэлж байна. Монгол гэр бүлийг ажиглахад хөвгүүдэд илүү их эрх чөлөө өгдөг. Өдөр тутмын гэрийн ажлыг хуваарилахад тэдэнд бага ажил өгч, үүнийг дагаад хариуцлага үүрүүлж сургадаггүй. Охидтой харьцуулбал онц сурахыг шаардахгүй. Ийм хүйсийн ялгаа манайд өнөөдөр ч байгаа. Өмнөх үетэй харьцуулахад мэд ээж багассан. Охид, хөвгүүд зэрэгцэж их сургуульд суралцаж байна. Гэхдээ дээрх ялгаа удаан арилж байна гэсэн үг.

 - Зарим эцэг, эх сэтгэл хөдлөл, биеэ хянах чадваргүй байх тохиолдол олон. Энэ нь хүүхдэд нөлөөлж, уур бухимдалтай, бусдын биед халдах шууд шалтгаан болдог. Хүүхдийг яаж сэтгэл хөдлөлөө зөвөөр илэрхийлж сургах вэ. Энэ талаар тодруулбал?

- Хүн төрөлхтний суралцах аргуудын нэг үндэс нь бусдыг даган дуурайх. Тэгэхээр хүүхдийн хувьд хамгийн анх ажиглаж, даган дуурайх хүн нь эцэг, эх, асран хамгаалагчид нь. Дан ганц эцэг,эх ч биш ах, эгч, өвөө, эмээ, сургууль, цэцэрлэгийн багш, найз нөхөд нь ч үүнд хамаатай. Гэхдээ сүүлийн хоёр жил цэцэрлэг, сургууль тогтмол ажиллаагүй учраас сургуулийн орчноос нөлөөлөх нөлөөлөл харьцангуй бага болсон. Ихэнх тохиолдолд хүүхдээ ээжүүд өөрсдөө харна. Аав, ээж, ах эгч хэн нь харсан бай энэ үед хэрэгтэй хамгийн чухал зүйл туслалцаа. Ээжүүдэд туслах хамгийн эхний хүн нөхөр нь. Гэтэл тэд мөнгө олох, ар гэрээ авч явах үүрэгтэй хэмээн тэр бүр эхнэртээ тусалж чадахгүй үе байна. Өмнө нь бид нүүдэлчин соёлтой байхад төрөл садан биш ч саахалтын айл, авга, нагацууд нь тусалж, дэмждэг байсан. Ингээд хүүхэд асрах, өсгөх үйлд эмэгтэйчүүд түүртэж, ядардаггүй байсан. Харин орчин үед гэртээ хүүхдээ харж байгаа ээжид туслах хүн хомс. Өдөр тутмын хийж байгаа зүйлд нь завсарлага, чөлөө завгүй болохоор уурлаж, бухимдана. Тусламж хэрэгтэй байна гэдгээ зөв илэрхийлж чадахгүй байдаг. Бусад хүн ч гэсэн өөр өөрсдийн амьдрал, ажилтай. Үүний үр дүнд хүн бүр бухимдалтай болж байна. Бусдаас тусламж авахгүй удаан явсны үр дагавар нь нэгдүгээрт, хэн ч надад туслахгүй, намайг гэх сэтгэлгүй гэсэн гомдол тээж эхэлнэ. Түүнээс биш муу хүн учраас уурлаж, бухимдаад байгаа асуудал ерөөс биш. 

-Тэгвэл үүнийг яаж шийдэх ёстой юм бол?

-Тухайн хүнийг уураа барь, тэвчээртэй бай гэхээс илүү шийдэл хэрэгтэй. Тодорхой шийдэлгүйгээр удаан хугацаанд явснаар хэрүүл, маргаан үүснэ. Ингээд хүүхдийн сэтгэлзүйд өөрийгөө буруутгах мэдрэмж төрдөг. Эцэг, эхчүүд хүүхддээ маргааныхаа шалтгааныг зөвөөр тайлбарлах ёстой. Үгүй бол өөрийгөө буруутгаж, үгүйсгэж өөртөө итгэлгүй болдог. Хэрвээ маргаан хүндрээд, бие биенээ хараах, гар хүрвэл хүүхдийн сэтгэлзүй гэмтэж, хэзээ дахиж маргалдах бол гэсэн айдастай болж эхэлнэ. Цаашлаад хүндэрсэн тохиолдолд тэр үеийн дурсамжууд алга болчихдог. Хүн бүр сэтгэлзүйгээ эрүүл байлгахын тулд ямар үед уурлаж, баярлаж, аз жаргалтай болдгоо мэддэг байх ёстой.

-Зарим хүүхэд олон нийтийн газар авахыг хүссэн зүйлээ буруугаар илэрхийлдэг. Энэ тухайд? 

-Ийм ааш гаргахад нөлөөлж байгаа хүчин зүйл нь эцэг эхчүүд өөрсдөө. Тэгэхээр үүнийг ээж, аав өөрсдөө засна гэдэгт би итгэлгүй байна. Учир нь ээж, аавын аль нэг нь асуудал, сэтгэлийн хямралтай, яаж шийдэхээ мэдэж чадахгүй байгаа учраас хүүхэд ийм ааш гаргадаг. Учир нь бусад үед авахыг хүссэн зүйлийг нь авч өгдөггүй, тоодоггүй учраас эцсийн арга нь хашхичих, бархирах, уйлах байдаг. Энэ нөхцөлд хүмүүс нэг л зүйлийг мэдэх хэрэгтэй. Тархи өөрөө өөрийгөө засварладаг механизм. Мартах ёстойгоо мартаж, санахаа санаж байдаг. Ингээд өөрийгөө засаж, чимэглээд байж болох хамгийн сайн хувилбараа бүтээнэ. Тэр нь бусдад таалагдахгүй байсан ч өөрчилж, засах гээд хэрэггүй. Олны дунд уйлж, биеэ зөв авч явж чадахгүй байлаа гээд ирээдүйд муухай ааштай, муу хүн болно гэж дүгнэж болохгүй. Хэрвээ ярьж чаддаг насны хүүхэд бол ярилцдаг байх хэрэгтэй. Хүүхддээ жижиг ч бай амлалт өгсөн бол амлалтдаа хүрдэг байх ёстой.

-Үүнээс гадна хүүхдийн хүмүүжилд гарч байгаа сөрөг зүйлс бий байх?

 -Эцэг, эхчүүд дараах зүйлийг тогтмол ажиглаж байх хэрэгтэй. Нэгдүгээрт, олон хүүхэд англи хэлээр хэлд орж байна. Хөл хорионы үед энэ үзэгдэл ихэссэн. Хоёрдугаарт, 8-13 насандаа маш их ууртай болбол хүүхдийнхээ тархийг ямар нэгэн байдлаар гэмтээж байсан уу гэдгээ бодох хэрэгтэй. Хүний зан чанарт удамшил, нийгмийн хүчин зүйл, боловсрол нөлөөлөхөөс гадна тархи нөлөөлдөг. Тархи бол эрхтэн. Гэмтэл авсан тохиолдолд уураа барьж чадахгүй, бусдыг ойлгохгүй, буруутгах, ганцаараа байхыг эрмэлзэх зэрэг шинж тэмдэг илэрнэ. Багад нь унагасан, спортоор хичээллэж байхдаа бөмбөгөөр цохисон ч байж болно. Гуравдугаарт, өсвөр насныханд уур бухимдал, түгшүүр нэмэгддэг. Энэ бол жам ёсны зүйл. Эцэг, эхчүүдийн хувьд энэ үед нь хэт их шаардлага тавих, бусадтай харьцуулах, ирээдүйн зорилго, мэргэжлийг нь өмнөөс нь сонгох, сул талыг нь үргэлж ярих зэрэг алдаа гаргаж болохгүй. Ярилцах ёстой үед нь ярилцаж, тайвшруулж, дэмжих хэрэгтэй. 

-Хүүхдүүд сургуульд явахгүй удаан хугацаа өнгөрлөө. Хэд хоногийн дараа хичээл танхимаар орж тэд эргээд нийгмийн харилцаанд орж эхэлнэ. Хүүхэд бүрийн өссөн орчин өөр тул зөрчил, маргаан гарч таарна. Үүнийг яаж эерэгээр шийдэх вэ?

 -Яг ийм нийгмийн харилцааны асуудалд эцэг, эхчүүд өөрсдөө туслах ёстой. Тэгэхээр гол дүр юм шиг хариуцлага авч, санаа зовоод, багш нар, найз нөхөдтэйгөө яг л тэгж харьц гээд хувийн зүйлс рүү нь хэт халдаж болохгүй. Гурван хүүхэдтэй айл байлаа гэхэд хүүхэд бүр өөр зан чанартай. Зарим нь бие даасан, сэргэлэн эсвэл залхуу, хойрго, зорилгогүй ч байж болно. Ер нь хүүхдээ сайн ажиглах л хэрэгтэй. Юунд хамгийн их баярлаж эсвэл уурлаж, айж байна гэдгийг анзаараад аз жаргалтай болгож байгаа зам руу нь л чиглүүлэх ёстой. Хүүхэд өөрийнхөө амьдралаар амьдрах эрхтэй. Яг өөр шигээ, эсвэл өөрийнхөө хүслээр байлгах гэсний хэрэггүй гэж хэлмээр байдаг. Нөгөө талаас хүүхэдтэйгээ зөвлөж байгаад хүсэл сонирхол дээр нь үндэслэн зорилго, төлөвлөгөө гаргавал хүүхэд хичээнгүй хүн болдог. Харин хэт ахадсан зорилго тавьж болохгүй. Хүүхэд өөрөө хүсэж байна уу гэдэг л хамгийн чухал.



0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна