Н.Бадамсүрэн: Хүүхэд бүр өөр өөрийнхөөрөө гэрэлтдэг

Админ
2021/08/26

М.ДЭВЭЭЖАРГАЛ

“...Үзэг барьсан турьхан гарт минь Үг холбох аргыг заасан Бага ангийн багшдаа баярлалаа Балчирхан би чинь бичиж сурлаа” гэх дуугаар бага ангийн дурсамж эхэлдэг. Хүн болох багаасаа гэж ардын цэцэн үг ч бий. Хүүхэд бүрийн сэтгэлд байдаг өнгийн солонго руу хүрэх замыг багш хүн зурдаг гэдэгт итгэдэг. Гадаа намар ч болж, удахгүй есдүгээр сар хаалга тогшино. Тийм ч учраас энэ удаагийн “Зочин” буландаа Монголын оюун ухааны академийн харьяа “Язгуур” сургуулийн бага ангийн багш Н.Бадамсүрэнг урин ярилцлаа. Тэрбээр “Би багш” нэвтрүүлгийн шилдэг дөрвөн багшийн нэгээр шалгарсан юм. 

-Багш мэргэжлийг сонгох болсон шалтгаанаас тань яриагаа эхэлье гэж бодлоо? 

-Үргэлж багш болж тоглодог хүүхэд байлаа. Хөрш айлын хүүхдэд өөрийнхөө мэддэг шүлгээ заах хоббитой. Ээж минь “миний охинд багш мэргэжил тохирох юм байна” гэж хэлдэг байсан. Хүүхэд байхаасаа дүү нараа харж, өөрөө жаахан мөртлөө жаалуудыг их өхөөрддөг, хамаатны ах эгч нарынхаа хүүхдийг харж тусалдаг байлаа. Хүүхэд бүр хөөрхөн. Багшлаад есөн жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд хүүхдэд улам л хайртай болжээ. 

-Олон төрлийн ааш зантай хүүхдүүдтэй харьцах, тэр тусмаа мэдэрч ажиллана гэдэг гайхалтай хэрэг байх?

 -Хүн бүрийн хурууны хээ өөр байдаг шиг хүүхдүүд хоорондоо ялгаатай. Тийм учраас сайн багш байхын тулд сайн судлаачтай агаар нэг. Хүүхэд бүрийн зан чанар, өссөн орчин, сэтгэлзүй, харьцаа хандлага, хүмүүжил, авьяас чадвар зэрэг бүхий л талаас нь судлах хэрэгтэй болдог. Багш хүн шавиа ойлгон мэдэрч , хайрласныхаа дараа мэдлэг олгож, заах тухай бодох хэрэгтэй. Нэг талаасаа хүүхэд бүрийн ялгаатай байдалд тохирсон арга зүйгээр ажиллаж байж үр дүн гардгийг ойлгосон. 

-Эцэг эхийн эргэх холбоо чухал. Тэгэхээр томчуудтай ойлголцох хэрэг гарч байна аа даа?

 -Тийм шүү. Хүүхэд гэнэн цайлган, цагаан цаас. Тэд томчуудыг хараад зөнгөөрөө суралцдаг. Хэлсэн үгээс илүү хийсэн үйлдийг хүүхэд шууд хүлээн авч даган дуурайдаг. Би юун түрүүнд эцэг эхчүүдэд “ хүүхдүүддээ зөвөөр үлгэрлэхийг хичээгээрэй” гэж захидаг. Хэрвээ аав ээж нь ном уншдаг бол хүүхэд номонд дуртай өсдөг. Аав ээж үргэлж талархдаг бол хүүхэд адилхан талархаж сурдаг. Багш болон эцэг эхийн хүсэл,зорилго нэг шүү дээ. Яагаад гэвэл сайн шавьтай, сайн хүүхэдтэй л болох. Нэгэнт зорилго огтлолцох учраас хамтдаа хичээж байж үр дүнд хүрнэ. Харилцаа, ойлголцол хамгийн чухал санагддаг.

-Бага ангид суурийг нь сайн тавьж, зөв чиглүүлсэн хүүхдүүд цаашид амжилттай суралцдаг юм шиг?

 -Яг зөв. Хөрс сайтай цэцэг үзэсгэлэнтэй сайхан ургадаг шиг суурь хүмүүжил, мэдлэг чадвартай хүүхдийн суралцах замд ямар ч бэрхшээл учирдаггүй. Багш хүн, тэр тусмаа бага ангийн багш байна гэдэг сурах бичиг дээрх агуулгыг заахаас гадна сайн хүн байх ухааныг ч сургадаг гэж боддог. Харин түүнийг үг үйлдэл, хандлагаараа шавь нартаа үлгэрлэх хэрэгтэй.

 -Та “Би багш” нэвтрүүлэгт оролцсоноороо өөрийнхөө ямар талуудыг хөгжүүлж чадсан гэж боддог вэ?

 -“Би багш” нэвтрүүлэг бараг хагас жил үргэлжилсэн. Ер нь багшийн ур чадварыг сорьсон олон даалгаврыг багаараа, ганцаараа гүйцэтгэж байлаа. Хүн хичээвэл, богино хугацаанд их зүйлийг сурч хөгжиж болдгийг харсан. Завгүй байх тусмаа хүн хурдан сэтгэж, янз бүрийн шинэ санаа, шийдэл олдог. Бага хугацаанд нэг даалгавар гүйцэтгэж шалгуулаад, дараагийн ажлаа хурдтай, чанартай, үр дүнтэй, бүтээлчээр гүйцэтгэхийг суралцсан гэж хэлнэ. 

-Цар тахлын үед теле хичээл заасан шүү дээ. Энэ хугацаанд ямар мэдрэмж төрж байв?

 -Улс орон даяар дөрөвдүгээр ангийн хүүхдүүд харна, суралцана гэж бодоод “Би багш” нэвтрүүлгийн финалын даалгавраас ч илүү сандарч байсан (инээв). Тэр үедээ их л хичээж байлаа. 30 гаруй цагийн хичээл заасан байна. Хүүхдүүдийнхээ догдолсон, гайхсан, эргэлзсэн хөөрхөн нүд рүү хараад хичээлээ заах нь багш байхын хамгийн сайхан мэдрэмж. Харин к амерын өмнө хичээл зааж байхдаа шавь нараасаа бүхий л эрч хүч, энерги авч ажилладаг байснаа мэдэрсэн.

-Удахгүй хичээл хосолсон хэлбэрээр явагдах нь. Багшид нэлээд үүрэг, хариуцлага оногдож байна уу?

 -Ковидын үеэр хүүхэд багачууд хохирч байна гэж бодоход харамсах сэтгэл төрдөг. Хэдий цахимаар суралцсан ч хөл хорионы хугацаанд найзуудтайгаа тоглож наадах, дурсамж бүтээх, харилцаа үүсгэх, нийгэмших, хөгжих хэрэгцээ нь хязгаарлагдмал хоёр жил өнгөрлөө. Нийгэмших хамгийн чухал хэрэгцээ бүгд орхигдсон. Энэ үед багш хүний мэдрэмж, ур чадвараа гарган хичээж ажиллах, мөн шавь нараа коронавирусээс хамгаалах гээд ол он хариуцлага бидэнд ирж байна. Тийм болохоор эцэг эхчүүд багштай нь илүү сайн хамтарч ажиллаасаа гэж хүсэж байгаа юм. 

-Тусгай хэрэгцээт боловсрол гэж ялгахгүйгээр сурах нөхцөлөөр хангах хэрэгтэй юм шиг санагддаг. Ер нь та багшилж байх хугацаандаа ийм асуудалтай нүүр тулж байв уу? 

-Хамгийн энгийн юм шиг буюу тусгай хэрэгцээ гэдэг үгээр битгий тусгаарлаж байгаасай. Хүүхэд бие, сэтгэхүйн онцлогоос хамаараад ялгаатай хөгжилтэй байдаг. Би өмнө нь дауны хөнгөн хэлбэрийн хам шинжтэй хүүхдэд хичээл заадаг байлаа. Тэр хүүхдийг заавал шилдэг хүүхэдтэй адилхан болгох гэж биш, өөрийнх чадах зүйлийг маш сайн сургахыг л хичээдэг байсан. Одоо тухайн хүүхэд улам мундаг болчихсон яваа.

-Багш бүрд нэг сайн арга барил байдаг бололтой. Таны хувьд? 

-Сайн багш байхад шалгуур маш чухал. Хамгийн чухал гэж эрхэмлэдэг гурван зүйлээ хэлье. Хүүхэд бүрт заавал нэг давуу тал, чадвар байдаг. Түүнийг нээж, хөгжүүлэх нь багш байхын мөн чанар. Тийм багш байхыг хичээдэг. Дараа нь хүүхэд бүрд “би чадна” гэх итгэл өгдөг багш байхыг хичээдэг. Мөн тэдэнд боломж олгодог, ижил тэгш ханддаг байх их чухал шүү. 

-Зарим хүүхдүүд аав ээжийнхээ хэлснээр хүмүүсийг харж, би үүн шиг, түүн шиг ч болохгүй гэдэг болчихсон байдаг. Тийм хүүхэдтэй таарч байв уу, ойлголтыг нь өөрчилсөн үү?

 -Тийм хүүхэдтэй таарч байсан. Аав ээжид нь аминчлан хэлдэг. Энэ бол эцэг эхээс олгож байгаа хүмүүжил. Ер нь хүнийг хүнтэй харьцуулах шиг муухай зүйл байхгүй. Хүүхэд бүр өөр өөрийнхөөрөө гэрэлтдэг. Хүний сайн талыг хамгийн түрүүнд олж хардаг байгаасай гэж боддог шүү. Хүнээс мууг олж харах гэвэл мууг л харна, сайныг харахыг хүсвэл сайн сайхан нь л харагдана. Хүн сэтгэлийн амьтан гэдэг нь энэ шүү дээ.

 -Багаасаа гадаад хэл сурсан хүүхдэд монгол хэлний хичээлийг заахад ямар хандлага илэрдэг вэ?

-Хүүхэд хэл сурахдаа маш хурдан. Бага насанд сурсан зүйл хүнд чадвар болж сайн тогтдог. Гэхдээ монгол хэлээрээ сайн уншиж, бичиж, ярьж сурсны дараа хоёр дахь хэлийг үзэх нь зүгээр юм шиг санагддаг. Төрөлх хэлээрээ сайн ярьж чаддаггүй хүүхэд бусдын өмнө өөрийгөө илэрхийлж чадахгүй ичимхийрч, өөртөө итгэлгүй байгаа харагдах үе бий. Хүнд өөртөө итгэх итгэл гэдэг хамгийн чухал шүү дээ,тийм ээ. 

-Тийм шүү. Та шавь нарыгаа зааж байгаа хичээлээсээ утгыг нь ойлгоосой гэж ажилладаг уу? 

-Багш бүрийн зорилго, хүсэл ижил. Эх орондоо ихийг хийж бүтээх, дэлхийд өөрийгөө таниулах хэмжээний сайн хүнийг бэлдэх юм сан гэх мөрөөдөл зүрхэндээ тээж яваа. Миний шавь нар бүтээлч, хүнлэг, хийж байгаа зүйлийнхээ үр дүнг үзэж чаддаг тууштай, хариуцлагатай байхыг сураасай гэж хүсдэг.

 -“Аз жаргалтай хүүхэд хамгийн сайнаараа суралцдаг” гэж нэг багш хэлж билээ. Тэгэхээр багш хүн сэтгэлзүйн ч мэдрэмжтэй байх хэрэгтэй бололтой? 

-Хүүхэд гэлтгүй томчууд хүртэл тухайн үед ямар сэтгэл зүйтэй байна, түүнээс хамаарч ажлын бүтээмж, үр дүн гардаг. Ангидаа орж ирсэн цагаас нь хойш ажиглах хэрэгтэй болдог. Хүүхдээ хараад л мэддэг, ойлгодог байх чадвар, мэдрэмж чухал. Нэг талаасаа багш хүн чинь “хүн судлаач” шүү дээ. Уяач хүн морио сайн шинждэг шиг багш хүн сурагчаа сайн шинжиж сурах хэрэгтэй.Хэдий цахимаар суралцсан ч хөл хорионы хугацаанд найзуудтайгаа тоглож наадах, дурсамж бүтээх, харилцаа үүсгэх, нийгэмших, хөгжих хэрэгцээ нь хязгаарлагдмал хоёр жил өнгөрлөө. Нийгэмших хамгийн чухал хэрэгцээ бүр орхигдсон. Энэ үед багш хүний мэдрэмж, ур чадвараа гарган хичээж ажиллах, мөн шавь нараа коронавирусээс хамгаалах гээд олон хариуцлага бидэнд ирж байна.


19
38
3
12
39
50

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.67.197
    2021/08/27

    Шинэ үеийн шилдэг багш шүү.Өөрийгөө байнга хөгжүүлдэг эпрэг зүйлд уриалдаг багшид амжилт хүсье.

    Хариулах
  • 192.82.80.223
    2021/08/27

    Зөв зүйлийг хөндсөнийг зөв хариулжээ. Багш ялангуяа бага ангийн багш хүүхдийн цаашдын ирээдүйг тодорхойлоход хамгийн чухал үүрэгтэй гэж боддог.

    Хариулах