Coin-оор яг юу хийх вэ

Админ
2021/08/27

Х.БАТСУУРЬ /Эдийн засагч/

Өнөөдөр Монголд цахим мөнгө нэрээр хоёр coin (койн) бий болж ихээхэн шуугиан тариад байна. Анхдагч нь ArdCoin араас нь IHC гэх шинэ coin гарч борлуулалт нь Монголын биржийн худалдаанд түүхэн амжилт тогтоосон аж. Энэ нэг талаас амжилт, ололт. Залуус шинэ технологи, сэтгэлгээгээр ажиллаж нийгэмд бизнесийн шинэ төрөл, НоХау, үйл ажиллагааны шинэ орчныг танилцуулсан үйлд эл болсон. Гэхдээ хүмүүсийн шүүмжлэлтэй хандаад буй шалтгаан бас үндэслэлтэй. Учир нь, манай залуусын ихэнх нь Coin гэж чухам юу вэ гэдгийг мэдэхгүй шуурч байгаад асуудал, мөн эрсдэл буй юм. 

Цахим мөнгөний том төлөөлөл нь Coin. Үүн дундаа анхдагчид болох Bitcoin, Litecoin, Etherium юм. Гэхдээ өнөөдөр олон улсын цахим мөнгөний зах зээлд 4000 гаруй Coin байна. Тухайлбал дээр дурдсан анхдагч болох арваад coin зарим талаар олон улсад хүлээн зөвшөөрөгдөж цахим мөнгө болох эхлэлээ тавьсан. Тэгвэл үлдсэн 4000 гаруй coin юу болох талаар хэн ч мэдэхгүй байгаа юм. Coin­ы арилжаа нь олон талаар хувьцааны наймаатай төстэй харагдах ба ирээдүй нь тодорхой бус, үнийн савлагаа ихтэй, богино хугацаанд олноор бий болж буй нь хөрөнгийн бирж дээр үүсдэг хөөсрөл цахим мөнгөний бирж дээр давтагдаж болохыг харуулж байгаа юм. 1990 оны сүүл 2000­аад оны эхээр АНУ-­д онлайн худалдаа, технологийн хөгжлийн IT нэр зүүсэн хэдэн мянган компаниуд борооны дараах мөөг шиг цэцэглэсэн. Ингээд удалгүй бүгд алга болж одоо Amazon, Google, FB, Oracle гэх мэт анхдагч тэргүүтэй хэдэн компаниуд шалгаран үлдсэнийг уншигч та андахгүй байх. Хөөр сэтгэлийн хөдлөлөөр мөнгөө хийсэн маш олон хөрөнгө оруулагч хувь хүн, компаниуд хохироод хоцорсон түүх бий.

Coin бол нэлээн онцлог бүхий цахим бүтээгдэхүүн. Яагаад гэвэл энэ нь өөрөө block chain-д (блокчеин) суурилсан технологийн шийдэл болохоос биш яг биет бүтээгдэхүүн биш. Цахим мөнгө гэж нэрлэгдэж буй ч Bitcoin, Etherium гээд гарын таван хуруунд багтах хэд л цахим мөнгө болох эхлэлээ тавьсанаас бусад coin-ууд нь сураггүй. Иймээс иргэн бүрэн утгаар нь ойлгоход ярвигтай. Технологи, санхүүгийн хосолсон мэдлэгтэй байж сoin хэрхэн ажилладаг, ямар үр дүн өгдгийг ойлгоно. Нэг талаас зүйрлэвэл өнөөдөр дэлхийн 180 гаруй улсын ихэнх нь өөрийн үндэсний мөнгөн тэмдэгттэй. Ам.доллар, манат, Зимбабве доллар, вон, рупи, кроно, шекел, динар, риал, рингит гэх мэт, бүгд олон улсын арилжааны хэрэгсэл болж чаддаггүй, зөвхөн тав нь ам.доллар, Британий паунд стерлинг, Евро, Юань, Иень олон улсын арилжаанд хүлээн зөвшөөрөгдсөн мөнгөн тэмдэгт. Coin-ын талаар мэдлэг муутай, сонирхогчдын хувьд арав биш мянгаар тоологдох coin-уудын дунд хаа нэгтээ яваа ArdCoin, IHC байна уу, эдгээр шинээр гарч буй coin-ууд нь яг юу вэ? Мөнгө мөн үү, үнэ цэнэ нь яг юундаа байна вэ гэдгийг бодож үзэхэд илүүдэхгүй.