Сэтгэлдээ ниссэн шувуу

Админ
2021/08/27

М.ДЭВЭЭЖАРГАЛ

Гурав дахь мэлмийг бүрхсэн гэзэг, шүлэг уншихад чичрэн хийсэж, нэлмэгэр хөх үдшээр “үүрд баяртай” гэлээ. 

Тэр дурсамжийн тойрогт эргэлдэгч танихгүй “гараг” хэвээр. Шүлгийнх нь мөр бүрээс нүд, гар, хамар, уруул, үсийг нь ургуулан харна. Үсэг бүр над руу тонгойж, үг бүр өндийн босох шиг. “Ганц удаа ч уулзахгүй дээ” гэж бодохоор улам гүнээс ховсдон татна. Дотоод хүнгэнэсэн дуу хоолойгоор “Азиза” өөрийгөө уншиж өгөх агаад бодол сэрвэгнүүлэн алхсаар, ахиад л намар...

 2018 оны салхи сэвэлзсэн өдөр. Ганболдын Баярын “Буган толгойтын гарам” ном, “Тэнгэрийн сүм, миний эх орон” шүлгийн цомгийг барьсаар Улаанбаатар хотын төв номын сангийн хаалгыг татаж байв. Учир нь тухайн үед дээрх ном болон цомгийн нээлт болсон юм. Бид түүний номоор тэнгэрийн сүм босгоход анд нөхдийнх нь нүдэнд дурсамжийн цамхаг гэрэлтэж байлаа. Өдгөө бодоход гурван оны цас бороо, салхи шуурга, цаг хугацаа тэдний харцыг мартуулж эс чаджээ. Ганцхан хормын мэдрэмжийн дундаас мөр шүүрэхийн төлөө үргэлж өөрийгөө анирдан явах хувь заяа яруу найрагчдыг отож байдагт эргэлздэггүй. Авсан шагналаасаа илүү утга төгөлдөр амьдарч чадсан тийм нэгний тухай чадан ядан бичихээр зэхэж суугаа минь энэ. Улирал солигдон, навчис уналаа ч урьдын адил гучин хоёр настай, цэл залуухан. Бусдын хайранд бүтэн гэрэлтэж, сахиулсан тэнгэр мэт хором бүрд нисэж. 

Тэрээр бүгдийн үздэг бага насны баяр хөөр дундуур хоёр хөлөөрөө туучин гүйсэн дэлдэн чихтэй, сахилгагүй шар хүү байсан аж. Харин түүний цааш алхах хувь тавилангийн зам дардан байгаагүй. Сумын эмч оношийг нь зөрүү тогтоож, буруу тариа хийснээс булчингийн сулрал хэмээх өвчнөөр өдрөөс өдөрт тамир тэнхээ алдаж, тэргэнцэр дээр суух болсноо нэгэн яриандаа дурдсан байдаг. Орчлонд утга учиргүй нэгээхэн ч зүйл үгүй. Эрвээхэй барих гэж гүйдэг байсан таван настай жаал шувуу тоолон суудаг том хүн болчихно гэж хэний санаанд байх вэ. Аргалын арагт, ижийнхээ нуруунд үүрүүлээд явж байхдаа тэр амьдралын хүйтэн шуурганаас зүрхээ нөмөрлөх зүйл өчнөөн байгааг мэдрээ л биз ээ. Муутуу цаасан дээр бороон дусал бийргүйгээр бий болох шиг бичгийн ширээнээ нэгэн хүн үзэггүйгээр яруу найраг бүтээдэг байж. 

Санчигныхаа үсэнд цагаан судал суутал 

Ижийтэйгээ байюу гэхдээ 

Ширээнийхээ цагийг эвдээд би 

Бор шувууны үүр хийчихлээ... хэмээн бичсэн нь ч “амьдралд хайртай” байснаа гэрчлэхтэй агаар нэг бодогдоно. Чанад гэж бодох тусам ахуй хоосорч, хоосны дотоод цуурайг анирдах аж. Энхэл донхол, эцэж туйлдам ачаанаас оюун санаагаараа чөлөөлөгдөж, Тариатын суурингаасаа үзэг түшин, цэг хатгаж босоод уран зохиолын ертөнцөд орж иржээ. Дүрс бичлэг дээрх түүний дүрлэгэр хар нүд, өргөн мөртэй хүрэм, савхан хуруунаас харцаа салгахгүй бүтэн цаг харж сууснаа одоо ч мартаагүй. Тэмдэглэлийн дэвтрээ сугавчилж, хүрэмнийхээ энгэрийн халаас руу үзгээ хийгээд, гэзгээ шидэн алхах байсан даа гэж төсөөлөлдөө жуузнаас нь татан босгож ч үзсэн... 

Сормуус чийгтэхэд хамтдаа норсон “Танихгүй цэцгийн үр”, шархтсан амьтан шиг үснийхээ ширхэг бүрээр гуниглаж суухад хань болсон мөртүүд. Бардам омголон бус ч мэдэрснээ л бичсэн уянгын шүлгүүд давалгаа мэт нөмөрнө. Ертөнцийн олон, олон маргаашд дулаацах шалтаг ч бишгүй олдох буюу. Арван нэгдүгээр сарын чимээгүй өдрөөр ирсэн болохоор ч юм уу, үнэний урсгал чагнаархан байна. 

Уулын манан арилж, өвсний чийг хатлаа чиг байгалийн эрчимлэг увдис цээжин тушаа гэрэл болно. Цас бударсан, бороо шаагисан мянган оны дараах хуучин сар эргээд элэгдсэн ч шинжгүй мандана даа.

Хүн хүнээ таньдаг болохоор л дурсдаг юм биш, хүн хүнийхээ хязгаарт хүрч очихоор л дурсагддаг юм болов уу. Өмнө минь дэлгээтэй номын хуудаснууд цонхоор сийгэх наймдугаар сарын салхинд үл мэдэг хөдөлнөм. Мөнхийн залуу нас, хайр дурлал, халуун сэтгэл, хүсэл мөрөөдөлтэй идэрхэн залуу ширээн дээр амьсгалж байна. Дурлал бол сэтгэлийнхээ гүн ангал руу унахгүйн тулд өөртөө урласан далавч юм. Г.Баярын хайрын шүлгүүд нандин энхрий, хүрэхээс үргэлж халгаж яваа мэт эмзэг мэдрэмж төрүүлнэ. 

Чөдөртэй тавилангийн чагтыг хоёулаа тас татаад 

Чимээ сураггүй хаа нэгтээ рүү явчихъя л даа Түвшингоо

 Бидний алхаж өнгөрсөн зам дээгүүр түүний тэрэгний мөр дурайж байгаа. Зохиолчдын эвлэл, их сургуулийн гудамж хаана ч юм бэ нөхдийгөө харуулдаад л зогсож буй гэж бодно. Түүний хорин насны “хорз” мэт шүлгүүдийг залгилж суухдаа дурсаагүй хэн бий бол. Аавынх нь нүдэнд урсаж байсан нулимсны чимээ, ээжийнх нь энгэрт чинэрч байсан сэтгэлийг мартаж чадахгүй он уджээ. Ахиад л намар... 

Олонтой явсан хүн өн удаан амьдардаг гэж. Гучин хоёр жилийн амьдралаа гуниг үүрэлцэх нөхөдтэй, хувааж унших шүлэгтэй өнгөрүүлжээ. Яруу найраг бичихдээ эхлээд тархиндаа цэгцэлж, шивэхдээ нэг хуруугаараа товшин бичдэг байсан гэдгийг дотны анд Н.Минжинсайхан нь дурссан юм. Нэг хуруугаараа товшин бичих, амьдрал хатуудаа хатуу ч шүлэг бичих тэнхээ, хүсэл цуцамгүй байж. Дуу хоолой нь цээжнээс бус хаанаас ч юм бэ хүнгэнэн дуугарч, зөв амьдрах юм сан гэж боддог гэх үгс хичээл зүтгэлгүйгээр урсаж байгааг сонсох. Долоон жилийн өмнөх дэлгэцийн дурсамжийг хуваалцан суухад “хэрвээ, хэрвээ, хэрвээ”. Шулуун шударга зантай нэгэн байсан нь илт. Сэтгүүлчийн асуултад шүлсээ залгихгүй, нүдээ цавчихгүй хариулна. Бүдэг ягаан хүрэмний өнгө, цээжиндээ гэрэлтэй оршиж байгаа гэдгээ батлах гэсэн шиг санагдаж байв. Түүний аав Ганболд нэгэнтээ дурсан ярихдаа “Миний хүү оюун бодлоороо өвчнөө ялан дийлж, тэсвэр тэвчээр гарган дурсамж, хүсэл мөрөөдлөөр дүүрэн амьдарсан” гэсэн нь бий. 

Долоон сарын бүрхэг тэнгэр усан бороон дор Арын хангайн уулс дүнсийнэ. Эл замаар анх удаа түүний шүлгийг санаандаа хүлхэн явахдаа туулах замынхаа төгсгөлийг арван он руу эргүүлж орхиод тэр бас тэр, тэгээд өчнөөн зүйлийн тухай асууя гэж бодлоо. Учир нь Г.Баярын төрсөн нутаг Архангай аймгийн Тариат сум юм. Мэндэлсэн өдөр ямар байгаль өлгийдөн аваад тэвэрч, тэтгэн өсгөсөн бол доо. Шүлгүүдэд нь өвс ургамал ургаж, модод найгаж, навчис тасарна. Мөн шувууд үүрээ засаж, гол мөрөн намуун урсаж, дэргэд нь бүсгүй хүн шилбээ норгон алхаж, зүрхэн дээр нь даашинзны хэвээ үлдээнэ. Г.Баярыг яруу найрагт дурлуулсан зүйл нь Д.Нямсүрэнгийн “Сэтгэлийн байгаль” ном юм билээ. Харин яруу найрагч болгосон нь Тариатын бяцхан суурин гэвэл хилсдэхгүй л санагдсан юм. Энэ л түүнийг уран зохиолын хэлд оруулжээ. Хадан хавцлын ирмэгт шувуу өндгөө дарсан юм шиг хариугүй эмзэг мөрүүд зүрхэн дундуур урсахыг яана. 

Тариатын буйдхан тосгондоо даруухнаар цэцэглэж ургасан

 Тоорын залуу мод юм, шүлгүүд минь

 Сайхан дүү нартаа нар зөв тойруулж барьсан 

Сарны аялгуутай дарс юм шүлгүүд минь ...

Үеийн нөхдийнхөө дунд хүндлүүлж, хорвоогийн ямархан нэгэн шуурган дундуур сэтгэл дааралгүй туулсан байна. Магтаалын үгэнд хөөрөхгүй байж, магад ирэх гавьяа шагналдаа бялуурахгүй байх хэрэгтэйг ч хэлсэн байдаг юм. Угаас өөрийнхөө дотор өөрөөрөө оршиж чадсан нь үлдэж хоцордог хорвоо. Одоо ч шүлэг нь уншигдаж, огт оргүйд хувирсан гэлээ чиг амьд “шүлэг” үлдээжээ. 

Гүйгээд, гүйгээд л байсан байх даа тэр... 

Альхан чиг хөндийд чинь би өвс болж ганхаад

Альхан чиг шувууны чинь үүр болох билээ ... 

Сэтгэл бодит байдлыг олдог гэж итгэдэг учир бичсэн бүхэндээ байгаа гэдэгт нь эргэлзэж чадахгүй нь. Гадаа намар иржээ. Навчис орчлонгийн мэлмийг дарж унасаар байна. Магадгүй тэдэнтэй нуугдаж тоглоо юу. Тоолж эхэллээ шүү нэг, хоёр, гурав, дөрөв...Нүдээ нээгээрэй, бид зүүдэлсэн байна.


4
9
0
1
1
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.10.21.42
    2021/08/27

    Баярлалаа, сайхан нийтлэл байна, сэтгэл гаргаж бичнэ гэдэг энэ шүү дээ

    Хариулах