Урлагийн тухай онцлох дөрвөн ном

Админ
2021/08/27

Г.ГЭРЭЛ

Бид энэ удаагийн Оюунт монгол буландаа “Монсудар” хэвлэлийн газраас эрхлэн гаргасан хөгжим, гэрэл зураг, утга зохиол, театрын тухай дөрвөн номыг тайлбарын хамт хүргэж байна. 

Хөгжим: ДЭЛГЭРЭНГҮЙ ЗУРАГТ ТҮҮХ 

Үндэс угсаа, соёлын ялгаа, үзэл бодлын зөрүүнээс үл хамааран хөгжим түүхийн явцад хүмүүний сэтгэлийн бүхий л утсыг хөндөж ирсэн билээ. Дэлгэрэнгүй зурагт түүх ном дун, ясаар урласан нэн эртний хөгжмийн зэмсгээс орчин цагийн гитар, синтезатор хүртэлх түүхийг он цагийн дарааллаар улс орон бүрээр дэлгэрэнгүй харуулах болно. Тус номд дундад зууны үеийн эгэл дууллаас сонгодог хөгжмийн гайхамшигт тэсрэлт, түүгээр дамжин гарч ирсэн орчин үеийн блюз, жааз, хип хоп урсгал хөгжмийн төрөл, хэв маягуудын үүсэл гарлыг онц сонирхолтойгоор тайлбарлажээ. Орон орны хөгжмийн зэмсгүүдийн гоёмсог дүр төрх, төгөлдөр хуур, хийл хөгжмийн хувьслыг харахын зэрэгцээ Моцарт, Жорж Гершвин, Элвис Прэсли, Дэвид Боуи зэрэг агуу уран бүтээлчидтэй дотно танилцана. Дэлгэрэнгүй зурагт түүх номоос дуу хөгжим дэлхий ертөнцийг хэрхэн өөрчилсөн тухай олж мэдэх боломжтой.

 ГЭРЭЛ ЗУРАГ: Дэлгэрэнгүй зурагт лавлах

 Энэ ном нь хүн төрөлхтний гэрэл зургийн үүх түүх болон чанартай, сайн зураг авах арга техник зэргийг нарийн тодорхой өгүүлсэн дэлгэрэнгүй зурагт лавлах юм. Бид нүдээ аниад, харсан зүйлээсээ хэсэг бусгийг эргэн санадаг бол зургийн аппарат секундын дотор анивчихдаа бүх деталиудыг хадгалж авдаг. Гэрэл зураг болгонд илэрдэг энэхүү боломж нь хүний харсан зүйлийг мөнхжүүлж бидний зөн совинд утга учир бэлэглэдэг. Зургийн аппарат нь дэлхий дээр болж буй бүх үйл явдлыг толинд тусгах боломж олгож байгаа юм. Үүлэнд даруулсан уул, үзэсгэлэнт шилтгээн, хүмүүсийн дотно харилцаа, сая сая жилийн өмнөх гараг ертөнцийн гэрэл зургийг зургийн аппаратаар буулгаж болно. Гэрэл зураг нь аж үйлдвэр, шинжлэх ухаан, худалдаа, цэрэг армийн салбарт маш чухал хэрэгсэл төдийгүй ихэнх хүмүүсийн харилцааны хэлбэр болж өгдөг. Шинэ санааг танилцуулах, шинэ чиг хандлагыг түгээхэд гэрэл зургийг дэлхий даяар хэрэглэж буй агаад олон нийтийн мэдээллийн сүлжээгээр амжилттай байхын тулд гэрэл зураг хэрэглэхгүй байх аргагүй болж байгаа юм. Гэрэл зургийн түүхэнд дэлхийг өөр өнцгөөс, шинээр харахад уриалсан гэрэл зурагчид маш олон. Эдгээр шинийг санаачлагч, зохион бүтээгч, мөрөөдөмтгий хүмүүсийн гэрэл зургийн түүхийг сонсоход зугаатай, санаа алдмаар, урам зориг авмаар санагддаг. Түүхэнд болсон үйл явдлыг ойлгосноор бүтээлч энергийг сэргээж, өнөөдрийн гэрэл зурагчдад ирээдүйн уран бүтээлийн сэдлийг төрүүлж өгөх юм. Номын онцлог нь гэрэл зургийн сэдвээр бичигдсэн, хамгийн сүүлийн үеийн мэдээлэл багтаасан хатуу хавтастай бэлгийн ном. Гэрэл зургийн түүхэн дэх хамгийн алдартай зургууд, түүнийг тодорхойлсон хүмүүс, зургийн технологийн талаар дэлгэрэнгүй бичсэн цор ганц ном юм. Түүнчлэн Пулитцерийн шагнал хүртсэн алдартай зургууд болон тэдгээрийн тухай өгүүлсэн түүх, гэрэл зургийн алдартай 50 гаруй гэрэл зурагчдын товч намтар, бүлэг тус бүрдээ сэдэвчилсэн цагийн хүрдийг багтаасан байна. Жишээлбэл, хөрөг зураг, дайны зураг, сурталчилгааны зураг, загварын зураг, сэтгүүлийн зураг гэх мэт. 

ТЕАТРЫН ТҮҮХ 

“Театрын түүх” бүтээл нь театр үүссэн цагаас өнөөдрийнх хүртэлх театрын урлагийн түүхийг агуулсан нэвтэрхий толь бичиг юм. Уг бүтээлд театр анх үүсэн цагаас хойш ээдрээтэй бөгөөд сонирхолтой түүхийг аль болох дэлгэрэнгүй толилуулахыг зорьж, улс үндэстнүүдийн театрын өвөрмөц шинж чанаруудыг харуулах, жүжгийн зохиолч, найруулагч, жүжигчдийн уран бүтээлийн онцлогийг тусгажээ. Театр судлал хэмээх шинжлэх ухаан XIX зууны сүүлээр бий болсон гэж судлаачид үздэг. Тэр үед театрын үүслийн талаар тэс өөр хоёр онол гарсан. Зарим судлаач “тайзны урлаг өрнийн болон дорнын зан үйлээс гаралтай” гэж үздэг. Нөгөө хэсэг судлаачид “өрнөдийн театрын хөгжил нь хувь хүний ухамсар өссөнөөс үүдэлтэй” хэмээн үзээд хувь хүн өөрийгөө маш хүчтэй нөлөө үзүүлдэг учир үзвэрийн урлагаар илэрхийлэх шаардлага гарснаар театр бий болсон гэж үзжээ. Театр нь өөрийн оршин тогтносон 25 зууны турш зан үйлээс хүн төрөлхтний оюун санааны хэцүү төвөгтэй асуудлыг тусгасан жүжиг тоглох хүртэл амаргүй замыг туулсан байна. 

УТГА ЗОХИОЛ

 Энэ номд Өрнө, Дорнын утга зохиолын сор бүтээлүүд, тэдгээрийн сэдэв, утга агуулгыг оюутнууд, утга зохиолын хорхойтнуудад зориулж нарийн тодорхой авч үзжээ. Товчхондоо уг номоос утга зохиолын ойлголт, түүхэн тойм, гол төлөөлөгчид гээд бүрэн мэдлэгийг энгийн тайлбар сэлт, график хүснэгтийн тусламжтайгаар цогцоор нь авах боломжтой. Утга зохиол ном алдарт Илиадаас эхлээд “Дон Кихот”, “Агуу Гэтсби” хүртэлх дэлхийн утга зохиолын шилмэл бүтээлүүдээр уншигчийг аялуулна. Энэ ном, эртний Грек, сонгодгийн дараа үеийн Европ эсвэл орчин цагийн Солонгос аль нь ч бай хамаагүй тухайн цаг үеийнхээ зохиол бичих урлагт шинэчлэл оруулж, аливаа хэв маягийн тулгуур чулуу болсон роман, өгүүллэг, жүжгийн зохиол, яруу найраг зэргийн томоохон төлөөлөл бүрийг нийт 100 орчим нийтлэлдээ гүн гүнзгий судалжээ. DK хэвлэлийн газрын олон шагнал хүртсэн “Агуу санааг энгийнээр тайлбарлах нь” цувралын нэг хэсэг болсон “Утга зохиол” ном бүтээл туурвилын гол санаа, сэдвийг тайлбарлахдаа хялбар ойлгогдох схем, зургууд ашигласан байна.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна