Б.Мэдрээ: Банкны зээлийн хүү эдийн засгийн хөгжилтэй уялдаатай

Админ
2021/08/30

--- Аж үйлдвэржих бодлого хэрэгжүүлвээс өрөө төлөөд барахгүй өр тавих ч шаардлагагүй улс болно ---

А.МӨНХЖИН

Монголын банкны холбооны Ерөнхийлөгч Б.Мэдрээтэй Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Монгол Улсын нийт гадаад өр 2021 оны нэгдүгээр улирлын байдлаар 32.487.0 сая ам доллар байна. Нэг хүнд ногдох нийт гадаад өрийн хэмжээ төгрөгөөр 28.1 сая төгрөг гэсэн үг? -Бид чинь 70-аад сая малтай, их эрдэс баялагтай хэрнээ өртэй байсаар л байна. Үнэндээ Ардын хувьсгал ялсан 1921 оноос эхлээд өртэй явж ирсэн. Ардын хувьсгал ялсны дараа Хятадын пүүсүүдэд өртэй байсныг эсэргүүцэж, өрийн дансыг нь шатааж байсан түүх байдаг шүү дээ. Ингээд 1924 онд ЗХУ Монголд анхны банк байгуулсан. ЗХУ-аас зээл тусламж аваад 1990 он гэхэд 10 гаруй тэрбум шилжих рублийн өртэй байсан. Дараа нь зах зээлд шилжихэд Олон улсын банк, санхүүгийн байгууллагууд, хөгжилтэй орнуудаас зээл тусламж авсаар ирсэн. Энэ жил Ардын хувьсгалын 100 жилийн ой болж байгаа биз дээ. Ийм өртэй байдалтай 100 жил явж ирлээ.

-Энэ их өрнөөс гарах гарц байгаа юу?

-Байгаа

-Яаж?

-Бид хэдхэн үнэтэй зүйл л гаднаас импортолж авч байгаа шүү дээ. Жишээ нь, хамгийн түрүүнд юу авдаг билээ?

-Бензин шатахуун?

-Тэгвэл Монголд нефть байгаа. Нефтиэ нэрээд төрөл бүрийн шатахуун боловсруулан гаргах боломж байна. Жишээ нь, A76, A92, A93, A95 бензин мөн төрөл бүрийн дизель, онгоцны түлш, мазут гээд боловсруулах юм бол жилдээ 1.5 хүртэл тэрбум ам.долларыг гадагшаа урсгахгүй дотооддоо шингээж, улсынхаа валютын нөөцийг нэмэгдүүлэх боломжтой. 

Боломжоо ашиглахын тулд юуны өмнө нефть нэрдэг, боловсруулдаг үйлдвэрээ хурдан барьж, ашиглалтад оруулах хэрэгтэй байна.-Тэр үйлдвэрийг барьж байгаа байх аа ...? ­

Энэтхэгийн Засгийн газрын хөнгөлттэй зээлээр Сайншандын ойролцоо барьж байгаа. 2024 оноос ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй. Үйлдвэр ашиглалтад орсноор бид бензинд зардаг мөнгөө хэмнэнэ. Хоёрдугаарт, манайх маш их зэстэй улс. Түүхийгээр нь гадагш нь зөөхөөсөө илүү зэс утас, зэс хоолой, хавтан үйлдвэрлэн бүтээгдэхүүн болгож гадаадад экспортлох боломж бий. Дэлхийн 206 улсаас зэсийн нөөцтэй цөөхөн улсын нэг нь манай Монгол. Зэсийн үнэ ойрын ирээдүйд өсөх магадлал ч бий. Дэлхий даяараа цахилгаан автомашин хэрэглэх зам руу орж байна. Цахилгаан машины гол эд анги нь зэс шүү дээ. Өнөөдөр зэсийн үнэ тонн нь 9000 гаруй ам.доллар байна. Гуравдугаарт, дээд зэргийн ган хайлуулдаг үйлдвэртэй байх ёстой. Манайх маш их төмрийн хүдрийн нөөцтэй улс. Ер нь гангүйгээр барьдаг байшин барилга, байгууламж ховор. Дараагийн дугаарт гэх юм бол шил шилэн бүтээгдэхүүнийг манайх 100 хувь гаднаас авч байна. Энэ бүтээгдэхүүнд хэчнээн ам.доллар зарцуулж байгаа талаар бодит статистик тоо ч алга. Зөвхөн уудаг архи, пивоны шил гэхэд л жилд 200 гаруй сая ам.доллароор худалдаж авдаг. Товчхондоо, шилний үйлдвэр хэрэгтэй байна гэсэн үг.

-Нүүрсний тухайд? ­

-Манайх нүүрс, зэсээ дандаа автомашинаар түүхий эдээр нь гаргаад байна. Өртөг зардал ихтэй, эдийн засгийн үр ашиг багатай тээвэрлэлт л дээ. Тиймээс төмөр замаар тээвэрлэдэг байхаар бүрэн шийдвэрлэх хэрэгтэй. Барууны хөгжилтэй орнууд 500 жилийн өмнөөс Англиас гаралтай аж үйлдвэржлэлтийн хөдөлгөөн хийсэн. Өөрсдөө үйлдвэржээд бусад улсыг аж үйлдвэржүүлэхгүй бодлого явуулсан. 

Харин Монгол Улс өөрөө аж үйлдвэржих бодлого гаргаад хэрэгжүүлэх ёстой. Хөгжлийн банк нь өнөөдөр санхүүгийн чадамжгүй болчихлоо гэж байна. Энэ банк жижиг сажиг юманд зээл өгч мөнгөгүй болж байхын оронд энэ улсад хэрэгтэй цөөн томоохон хүнд аж үйлдвэр болон дэд бүтцэд бодлогоор зээл олгодог байх хэрэгтэй. Миний ярьж буй энэ аж үйлдвэржих бодлогыг хэрэгжүүлж чадвал өрөө төлөхөөс гадна өр тавих ч шаардлагагүй улс болно.-Энэ үйлдвэрүүдийг зэрэг зэрэг барих санхүүгийн чадамж манай улсад байг юм болов уу?

­-Монгол Улсын хөгжлийн зорилго нь монгол хүн болгон чинээлэг, аз жаргалтай амьдрах ёстой гэдэг рүү чиглэгдэх ёстой. Монгол Улс их гүрэн болно гэж худлаа яриад яах юм бэ. Харин бүх боломжоороо хүнд аж үйлдвэржих зорилго тавибал энэ бүтнэ. Зэрэгцэж хөгжүүлэх ёстой. Эхлээд энэ үйлдвэрээ барина. Сүүлд нь үйлдвэр барина гэвэл түүн шиг цаг алдсан худлаа юм байхгүй. Тэгээд ч өнөөгийн нөхцөлд өртэй байх нь хүнд асуудал биш. Харин өрөө төлөх нөхцөл боломжгүй байх нь л өөрөө асуудал. Өр зээлээ зөв зүйлдээ зарцуулах нь чухал. 

Манай эдийн засаг сайжирвал адгаад олон улсын хэмжээнд нэр хүнд өсөөд зэрэглэл нь ахиад ирнэ. Зэрэглэл сайжраад ирвэл олон улсын хөрөнгийн биржээс босгох өр зээлийн хугацаа тавиу, хүү нь бага болно. Өмнөх өндөр хүүтэй бонд, өр зээлээ бага хүүтэй, урт хугацаатай зээлээр солиод явбал манай улсад ирэх дарамт буурна.Ингэж байх хооронд өмнөх үйлдвэрүүд маань ашиглалтад ороод хүмүүс ажлын байртай, цалин орлоготой болоод ирнэ шүү дээ. Эдийн засгийн цусны эргэлт сайжраад Монгол Улс мөнгөжөөд Төв банкны валютын нөөц нэмэгдээд ирнэ л гэсэн үг.

-Та Монгол Улсын эдийн засгийг үнэхээр сайхан өөдрөгөөр харж байна. Гэхдээ өдийг хүртэл үүнийг хийгээгүй ирсэн. Хийхийн тулд яах ёстой юм бэ? ­

-Төр болоод Засгийн газарт эдийн засаг сайн мэддэг, ёс зүйтэй, шударга, зарчимтай хүмүүс орж ажиллах ёстой. Ингэж байж л эдийн засаг хөгжинө. Мэдээж, хууль эрхзүйн орчин нь эдийн засгаа дэмжсэн байх хэрэгтэй.

-Сайншандын нефтийн үйлдвэр ашиглалтад ороход бид дэлхийн нефтийн үнийн савлагаанд цохигдохгүй болж чадах болов уу?

­-Манайд нөөц бол хангалттай байгаа. Түүхий нефть олборлох хүчин чадлаа нэмэгдүүлэх ёстой. Дэлхий нийтэд нефтийн үнэ чинь нэг л байгаа. Бүх юм нефтийн үнээс л хамааралтай байна шүү дээ. Улс орон бүрд зориулсан нефьт болон бензиний үнэ гэж байхгүй. Зүүн аймгаас малын махаа бид бензин хийсэн автомашинаар л авчирна. Саяхныг болтол монголчууд тууврын мал гэж хэдэн малчин хаваржин, зунжин малаа таргалуулж хот руу хэдэн сараар тууж авчирдаг байлаа.

 Харин адуу мал шиг элдэж хөөгөөд авчирвал туранхай чанаргүй мах гарна. Тэгэхээр энэ нь тухайн үед эдийн засгийн хэмнэлттэй сайн арга байсан байж магадгүй. Одоо бол машинаар ачаад ирнэ. Дэлхийн зах зээлд бензинийн үнэ өсөх нь тууврын малчинд падгүй махны үнийг өсгөдөггүй л байсан байх нь. -Ковидын үед эдийн засгийн бодлого ямар байх ёстой юм бэ?

­-Дэлхий нийтийн асуудлууд нэг болчихоод байна шүү дээ. Жишээ нь, ковид. Дэлхийн эдийн засгийг нийтээр нь энэ ковид өөрчлөөд хаячихлаа. Одоо барьц алдацгааснаа харж байна шүү дээ. Ер нь дайн байлдаан биш юмаа гэхэд дэлхий нийтийн аюул гамшгийн үед тэгнэ ингэнэ гээд дандаа бэлтгэл хангаж байх ёстой л доо. Жишээ нь, Чингис хаан дэлхийг байлдан дагуулахдаа өнөөдөр нь бодоод маргааш нь дайраагүй нь мэдээж. Бүтэн нэг хоёр жилээр зэр зэвсгээ агсах, агт морьдоо сойх бүр тэр ч байтугай шархадсан цэргүүдээ эмчлэх эм тангаа бэлддэг байсан байж таарна. Ард үлдэгсэд нь хүртэл гэнэтийн довтолгооноос зугтах, нүүх бэлтгэлээ хангадаг байж. Энэ талаас нь харвал уужуу тайван байя гээд урсгалаараа өнөөдрөөрөө амьдрах нь тийм сайн зүйл биш аж. Өнөөдөр Турк улсад гэхэд оройн 22 цагт зөвхөн Эрүүл мэндийн сайд нь твиттрээр жиргэдэг. Өнөөдөр улс даяар эхний тунгаа, төд хоногийн дараа хоёр дахь тунгаа хийлгэх ёстой гэх мэтээр ард иргэддээ мэдээлэл өгч байна. Бас тэдэн хүн нас барлаа гэсэн тоо баримт гаргадаггүй.

Учир нь нийгмийн сэтгэлзүйг айдаст автуулахгүй гэж тэр. Харин манайд дуртай бүхэн нь “ковид”­оор жиргэж байна. Нэг улс юм бол нэг цонхоор л бодит мэдээллээ хүргэх ёстой. УОК нь нэг юм яриад, НОК нь бас өөр, ЭМЯ нь өөр, ХӨСҮТ бас өөр юм яриад байдаг. Маск зүү, нэг дор олуул цуглаж болохгүй гээд нэгдсэн нэг л заавар журам байх ёстой. Эхлээд бэлтгэлээ хангачихаад хүмүүсээ вакцинжуулах ёстой. Вакцин хийгээд эхэллээ гэчихээд нөөц дуусчихлаа гэдэг. Төрийн бодлогоор бүгдийг вакцинд хамруулна гэвэл хамруулах л ёстой. Түүнээс биш дуртай нь дургиж дунд чөмгөөрөө жиргэж би тариулахгүй гэсэн ойлголт байж болохгүй. Яагаад гэвэл бид энэ нийгэм дотор олноороо, хамтаараа амьдарч байгаа хүмүүс. Төлөвлөгөөтэй, тэрийгээ хэрэгжүүлдэг шат дараатай алхмуудаа авч хэрэгжүүлдэг байх ёстой. Нэгдсэн нэг бодлого байхгүй учраас эдийн засаг ч гэсэн ийм л байдлаар явж байна. Хэд хэдэн хувилбар бодлоготой байх гэсэн үг л дээ. Урсгалаар нь явуулж болохгүй. Учир нь энэ бол нийт монголчуудын нийтлэг эрх ашиг хөндөгдөнө гэсэн үг.

-Ковидын энэ үед хамгийн эхлээд эдийн засагт ямар алхам хэрэгжүүлвэл үр нөлөөгөө өгөх бол?

­Төв банк, Санхүүгийн зохицуулах хорооноос яаж банкууд болон ББСБ­аа дэмжих вэ гэсэн уламжлалт бус мөнгөний бодлого явуулах ёстой. Гэхдээ зарим талаараа хэрэгжээд үр дүнгээ өгөөд явж байна. Мөн Засгийн газраас боломжийнхоо хэмжээнд төсөв, төсвийн хөрөнгө оруулалт талаасаа яаж ард иргэдээ дэмжих вэ гэдэг бодлого хэрэгжээд явж байна. Төсөв болон мөнгөний бодлого хоёр уялдаатай байх ёстой.

 Хүний эрүүл мэнд, эдийн засгийг дэмжсэн бодлогоо нийгмийн бүх институциудэд уялдаатай хэрэгжүүлэх ёстой. Наад зах нь амны хаалтаар хүмүүсээ таслахгүй байх. Амны хаалтаа өөрсдөө хийж болно шүү дээ. Энийг нь дэмжсэн бодлогууд уялдаатай байх нь чухал. Үүнийг л Засгийн газар сайн зангидах ёстой.-Жишээ нь, энэ үед эдийн засгаа хаяад эрүүл мэнд рүү хамаг анхаарлаа хандуулж, хамаг мөнгөө цацаж байгаа юм шиг санагдах юм. Гаднын улс орноос маш их зээл тусламж авлаа. Өр нэмэгдэж байгаа гэсэн үг биз дээ?

 -Өрийн босгыг бол Их хурлаар тогтоочихсон байгаа. Харин цар тахлын үед ямар байх вэ гэдэг нь арай өөр асуудал. Бид хоёр жил цар тахлын үед амьдарч байна шүү дээ. Энэ нь хэр удаан үргэлжлэх юм гээд судалгаа харсан, тооцоолсон юм байх ёстой шүү дээ. Бид амны хаалтаас эхлээд вакцин өөрсдөө үйлдвэрлэж чаддаггүй, бүгдийг нь гаднаас авдаг учраас мэдээж өр нэмэгдэнэ. Энийг тооцоолж харсан бодлого байх ёстой шүү дээ. Өрний хугацааг сунгаж болдог учраас нэг их айгаад улам дарамт болгоод байх хэрэггүй байх.

-“Чингис”, “Гэрэгэ” бондын тодорхой хэсгийг дахин санхүүжүүлэхээр тэрбум ам.доллар гаргасан гэж яриад байгаа. Энэ талаар та ямар мэдээлэлтэй байна вэ?

­-Сангийн яаманд ажилладаггүй болохоор энэ талаар мэдээлэл алга. Би бол нэмж гаргаасай гэж бодож байна. Өмнөх Чингис бонд, жилийн 6­8 хувийн хүүтэй, таван жилийн хугацаатай, дүн нь 1,5 тэрбум ам.доллар байсан бол шинээр гаргах бонд нь гурваас дөрвөн хувийн хүүтэй, 10­15 жилийн хугацаатай, дүн нь 2.5­3 тэрбум ам.доллар байгаасай гэж хүсэж байна. Ингэвэл өрийг өрөөр солих, эдийн засгаа сэргээх сэхээ авах хугацаатай болно. Өмнөх өрөө хөнгөлөлттэй нөхцөлөөр хаагаад чамд дахиад 50 хувьтай нь тэнцэх хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлийн хугацаа сунгагдлаа гэсэн үг. 

Хүмүүс эдийн засгийн талаарх мэдээллийг мэддэггүй болохоор сүржин хүлээж авдаг. Гэтэл Сангийн яам, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хорооныхон чинь мэргэжлийн хүмүүс. Ийм л юм хийж суух ёстой. Саарал, хар жагсаалтад л орчихгүй байх нь чухал. Санхүүгийн зах зээлд нэр хүнд хамгийн чухал.Тухайлбал, Худалдаа, хөгжлийн банк Монголын бүх арилжааны банкуудаас ганцаараа олон улсын хөрөнгийн бирж дээр зургаан удаа бонд босгосон. 75 саяас эхэлсэн. Банк зээлсэн мөнгөө хугацаанд нь төлдөг гэсэн удаа дараагийн нэр хүндээрээ мөнгөн дүн нь нэмэгдээд хугацаа нь сунгагдаад, хүү нь багасаад явдаг. Ийм л зарчимтай.

-2020, 2022 онд “Чингис”, “Самурай” бондын өр төлнө гэсэн мэдээллүүд явдаг. Тиймээс одоо хүмүүс бондоос айж байна шүү дээ. Таныхаар бонд бол айх зүйл биш юм байна, тийм үү?

­-Бондын эсрэг хүн олон байна. Ард түмний санхүүгийн боловсролыг дээшлүүлэх нь Монгол Улсын төрийн бодлого байх ёстой. Иймэрхүү ойлголтыг дунд сургуульд нь заамаар байгаа юм. Эдийн засгийн өсөлт, бонд, инфляци гэж юу юм бэ гээд хүүхдэд багаас нь эдийн засгийн ерөнхий ойлголтуудыг суулгах ёстой.

-Цаашдаа мөнгөний ханш сулрах уу эсвэл чангарах болов уу?

 -Инфляци өсөөд байвал төгрөгийн ханш суларна. Инфляц жилийн найм дотроо байгаад байвал хэвэндээ байна. Сүүлийн хоёр жил шахам нэг ам.доллар 2.850 төгрөг орчимд л эргэлдээд байна. Энэ бол Төв банкнаас явуулж байгаа эдийн засгийн цар тахлын ийм үеийн маш сайн бодлого. Хоёр жил ханшаа тогтвортой барилаа. Энэ хорвоо дээр эдийн засаг нь тогтвортой дайн байлдаангүй, энх тайван, гэр бүлийн хоёр хүртэл хэрүүлгүй тогтвортой байх нь маш чухал шүү дээ. Тогтвортой байх гэдэг бол эдийн засагт маш үнэ цэнтэй ойлголт. Монголбанк бол ханшаа сайн барьж байгаа, харин юмны үнэ өссөн. 

Бензинийн үнээс хамаараад инфляцид Монголд хэдхэн зүйл нөлөөлөөд байгаа. Нэгдүгээрт, бензинийн үнэ, хоёрдугаарт мах, гурилын үнэ. Бид инфляциа нэг жилийн 2­3 хувьд тогтвортой барьж чадах юм бол эдийн засаг, юмны үнэ тогтвортой байна. Дэлхийн эдийн засагчид инфляци тухайн улсдаа жилийн 2­3 хувьтай байвал тогтвортой, сайн гэж үздэг.-Та яг одоо ямар албан тушаал хашиж байгаа вэ? ­

Миний бие Монголын банкны холбооны Ерөнхийлөгч гэсэн сонгуульт ажлыг 2019 оноос хийж байгаа.

-Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа банкуудын нэгдсэн бодлого ямар байх ёстой вэ. Банкууд хүүгээр иргэдийг шулдаг гэдэг асуудалд та ямар тайлбар хэлэх вэ? ­

-Зах зээлд орж байх 90­ээд онд банкны хүү 397 хувьд хүрч байсан шүү дээ. Харин өнөөг хүртэл буурсаар зээлийн хүү эдийн засгийн хөгжилтэй уялдаатай байгаа гээд ойлгочих. Одоо зээлийн хүү дунджаар жилийн 14.0 гаруй хувьтай байгаа. Энэ нь сарын 1.3 хувь гэсэн үг. Банкны эх үүсвэр гэж юм байдаг. Энэ эх үүсвэрээсээ хамаараад зээлийн хүү хадгаламжийн хүүнээсээ өндөр л байж таарна шүү дээ. Банкны эх үүсвэр гэдэг банкны татан төвлөрүүлсэн харилцах, хадгаламжийг хэлдэг. Бид чинь зах зээлийн нийгэмд орчихоор хэд байхыг зах зээл өөрөө тохируулдаг.

-Монгол Улсад банк олон байвал дээр үү, цөөн нь зохистой юу?

­-Монгол Улсад 1990 оноос хойш арилжааны 34 банк байгуулагдсан. Явцын дунд 23 банк нь алга болсон. Хэдэн банк байхыг зах зээл өөрөө зохицуулдаг. Цөөн нь зөв, олон нь буруу гэж хэлэх боломжгүй.

-Та Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-д байдаг билүү?

­Үгүй.

-Та Ардчилсан намын гишүүн үү? ­

-Тийм.

- Ардчилсан нам хоёр тамгатай, хоёр даргатай болсныг та юу гэж харж байна вэ? ­

1992 онд ардчиллын төлөө таван нам нэгдсэн. Энэ нэгдэлд гаднын нөлөө орсон. Гаднын нөлөө гэдэг нь ардчиллын төлөө гэсэн намуудыг механикаар нэгд гэсэн шаардлага, шахалтыг үзүүлсэн. “Нэгдээд” шуудайд хийсэн үхрийн эвэр шиг нам болсон. Яагаад гэвэл нэг хэсэг нь социалист, зарим хэсэг нь социал демократ, бас нэг хэсэг нь консерватив, нөгөө хэсэг нь либерал үзэлтэй хүмүүсийн нэгдэл болсон учраас тэр. Үзэл бодол нь ийм өөр өөр хүмүүс чинь эв нэгдэлгүй болж, нам байгуулсан угшлаараа талцаж, зөрчилдөж эхэлсэн. 

Зөрчил нь даамжирсаар хагарал болсон. Энэ хагарлын үр дүнд Ардчилсан нам хоёр хуваагдсан бодит жишээ болж байна. Гэхдээ албан ёсны бүртгэлтэй С.Эрдэнээгийн нам л гэж байгаа. С.Эрдэнэ муу хүн байж болно, сайн хүн ч байж болно. Тэр нь хамаа байгүй. Хуулийн дагуу бүртгэлийг нь нэг тийш нь шийдэж өгөх ёстой. Дээд шүүхийнхэн хараат бус засаглалын нэг хэлбэр мөртлөө улс төрийн шалтгаанаар хандаад байна гэж би ойлгоод байгаа.-Ардчилал Монголд үүсэж хөгжөөд 31 жил болчихлоо. Ардчилал юу авчирсан бэ? ­

-Бид чинь хоёр агуу их гүрний дунд хавчуулагдсан халиуны зулзага. Хөрш улс маань хоёулаа ардчилсан улс гэхэд хэцүү. Нэг нь, нэг хүний дарангуйлалд байгаа, нөгөө нь коммунист засаглалтай улс. Энэ хоёр улсын бодлого манай улсыг ардчиллын замаар тууштай явахад төдийлөн дэмжихгүй л болов уу. Хэрвээ Монгол Улс ардчиллын замаар яваад өндөр хөгжилтэй болчихвол хөрш орнуудын монгол гаралтай мужуудад ямар үлгэр жишээ үзүүлэх бол... Манайхыг хөгжлөөр буурай, хараат, түүхийн эдийн орон болгох сонирхол нь давамгайлж байгаа болов уу гэж боддог.

 1990 он хүртэл дэлхий нийтээрээ социалист, капиталист гээд хоёр хуваагдаж, социалист орнууд нурахад коммунист намаа татан буулгаагүй шүү дээ, манайх. 

1921 оноос хойшхи бүх сүлжээг нь хэвээр үлдээгээд тэр нь Монголын сум, бүх баг, нийслэл хотод бүх хороод нь бүгдээрээ, одоо ч тэр сүлжээнийхэн нь удирдаж байна. Эрх мэдэл дамжсан хүмүүс эрх мэдлээ өгөх дургүй. 
Тиймдээ ч геополитикийн нөлөөгөөр Монгол Улсад нэг нам нь дандаа ялдаг, бусад нам нь сонгуульд оролцон гэдэг туслах дүрд тоглодог сонгуулийн тогтолцоо руу явж байгаа гэж харж байна. (Өмнөх жилүүдэд, геополитик йн талаасаа Монгол Улсыг Ерөнхийлөгчийн засаглалтай болгохыг их оролдсон. Даан ч монголчууд хүлээж авахгүй).

-Уг нь бид бүгдээрээ ардчилсан иргэний нийгэмд амьдраад байдаг. Гэтэл зарим зүйлс огт ардчилсан бус хүмүүнлэг биш байгаад байна. Та үүнийг юу гэж хардаг вэ? ­

-Цагийн аясад буюу 2000 гаруй жилийн туршид хүн төрөлхтөн ардчилал, ардчилсан үзэл, хүний эрх, эрх чөлөө, чинээлэг, аз жаргалтай амьдралын төлөө уусан шилжиж байгаа шүү дээ. Эд баялаг, хөрөнгийг зөвхөн өөрсдөдөө хувааж байхын тулд ганц нам бүгдийг ноёлж, захирч байх ёстой гэж үзэж байгаа бол тэд ухвар мөчид, ухаан богинохон, эрүүл саруул бус жижиг сэтгэлгээтэй хүмүүс гэж ойлгох хэрэгтэй. Түүнээс биш 3.2 сая хүнтэй Монгол Улсын бүх иргэд чинээлэг, аз жаргалтай л амьдрах ёстой. Ингэж бодож, мөрөөдөж, улсаа хөгжүүлэх учиртай. 


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна