М.Дариймаа: Дуурь бол ямагт ур чадвартай байхыг шаарддаг урлаг

Админ
2021/08/30

М.ДЭВЭЭЖАРГАЛ

Дэлхийн дуурийн түүх орд харш, язгууртны амьдралаас эхэлдэг. Харин тухайн урлагийн манай улс дахь түүх театрын тайзнаас эхэлсэн гэж хэлж болно хэмээн сэтгэнэ. Эн зэрэгцэх, мөр шүргэлцэх завшааныг сонгодог урлаг бидэнд өгч буй. Хэрвээ өөрийн мэдэрдэг зүйл өөрт л байвал түүнээсээ нэг алхам ч холдож чадахгүй болов уу. Тэгвэл өдгөө дуурийн урлагийн хөгжил, үнэ цэн цаг минут тутамд нэмэгдэж буй. Учир нь сонгодог бүтээлүүд хэзээ ч хуучирдаггүй бас үнэнээс зугтаадаггүй. Цаг үе, үзэл санааны шуурганд ч эс нөмрүүлэх билээ. Учигт зүйлсийн зангилаа иймийн тул энэ удаагийн “Зочин” буландаа Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, МУСТА М.Дариймааг урин ярилцлаа. Түүний бүтээсэн дүрүүдийг театрын урлагт шимтэгчид ихээхэн үнэлсэн нь бий.

-Зарим үг амьдрал туршид бодогддог шүү дээ. Танд багшаасаа сонсож байсан, хэзээ ч мартагддаггүй үг бий юу? 

-Соёл урлагийн их сургуульд дуурийн дуулаач мэргэжлээр Монгол Улсын гавьяат багш Д.Дашиймаа багшийн удирдлаган дор суралцаж төгссөн. Багш маань их даруу төлөв хүн байдаг юм. Бидэнд ганц л зүйлийг аминчлан хэлдэг байсан нь “Олны дунд даруухан байгаарай” гэх үг. Магадгүй энэ л бидэнд даруулга болдог байх. 

-Дуурийн дуучин болсон шалтгаан гэвэл юуг хэлэх вэ? 

-Анх юугаа ч мэдэхгүй жаахан охин их сургуульд орж байснаа санаж байна. Өөрийгөө дуурийн гоцлол дуучин болно хэмээн мөрөөдөж ч байсангүй ээ. Багш маань “жижигхэн хоолойтой” гээд их голдог байсан. Хичээнгүйлэн хөдөлмөрлөж, багштайгаа ойлголцсоны үр дүнд курс ахихын хэрээр сайжирсан юм. Багш чин сэтгэлийн баяртай байж билээ. Түүндээ урамшиж л дуурийн дуучин болохоор зориг шулуудсан даа. 

-Дуурь бол дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн сонгодог тодотголтой урлаг. Тэр ч утгаараа уран бүтээлчээс чадвар, чансаа нэлээн шаарддаг болов уу? 

-Дуурийн урлаг манай улсад хөгжиж эхлээд 60 гаруй жилийн зузаан түүхийг бүтээжээ. Жаран жил, хүний насжилттай харьцуулахад багагүй хугацаа мэт боловч сонгодог урлаг үүсэж, хөгжсөн европын орнуудтай харьцуулахад хөлд орж буй хүүхэдтэй л ижилхэн. 

“Дуучин хүн өөрт заяагдсан авьяас, багшийн заасан эрдмийг өдөр бүр тордож, өнгөлж байхгүй бол нүд ирмэхийн зуурт л зэвэрнэ” хэмээн урлагийнхан ярьдаг. Тийм ч учраас байнгын бэлтгэл, сургуулилт хийхийн зэрэгцээ мэдлэг мэдрэмжээ сэлбэж байх шаардлагатай байдаг юм.

-Карменийн дүр, өөрийн тань дотоод эмэгтэйгээс нэлээн ялгаатай байсан байх, дүрийн сэтгэлзүйг гаргахын тулд та хэрхэн бэлддэг вэ?

 -Алдарт Ж.Бизегийн “Кармен”- ийг дуулна гэдэг меццо-сопрано хоолойтой бүхий л дуучны мөрөөдөл гэж хэлэхэд хилсдэхгүй болов уу. Тэр утгаараа шалгуур өндөр, дуулаачаас нарийн мэдрэмж, уран чадварыг хамгийн ихээр шаарддаг дүр дээ. Мэдээж уудам тал, өндөр уулсын сүр бараанд төрж, өссөн монгол бүсгүй, гал цогтой испани эмэгтэй хоёрын дунд сэтгэлзүйн хувьд асар зөрүү бий шүү дээ. Харин түүнийг аль болох ойртуулахын тулд дуулах репертуар, нот бүр дээр ажиллахаас гадна найруулагчтайгаа тухайн дуурийн дүр дээр урт хугацаанд ажилласан. Миний хувьд ойлголцохгүй зовоосон нь их байх. Гэвч азтай учралаар 40 жил Кармен дуурийг удирдан театрын тайзнаа амилуулсан МУАЖ Ж.Бүрэнбэх маестрог эх хэл дээр нь шинэчлэн найруулж, удирдан тоглуулахад нь би дуулж байлаа. 

Хэд хэдэн удаа Карменд дуулчихсан байсан юмдаг. Нэг тоглолтын дараа баяр хүргэхдээ “Овоо дөхөж байна шүү” гэж билээ. Тэр үг миний хувьд маш их урам өгсөн магтаал байсан даа. -ДБЭТ-ын гоцлол дуучин болох хүртэлх замд та юу туулав. Шууд гоцлол дуучин болоогүй л байх?

 -Улсынхаа нэгдүгээр тайзан дээр гол дүр бүтээж, тэр дундаа холын мөрөөдөл шиг санагдаж асан эрхэм хүмүүстэйгээ хамт ажиллаж, тоост хорвоод мөр нийлүүлэн амьдарна гэдэг хөдөөний охины хувьд зүүд мэт байлаа. Тиймдээ ч нэгэнт шийдэж, өндөр шалгууртай театрын алтан босгоор алхаж орсон. Оюутан байхдаа театрын найрал дууны ангид Кармен дуурийн альт хоолойны партыг сурч, хормейстр Оюунхишиг багшид шалгуулаад ажилд орж байсан юм. Тухайн үедээ МУУГЗ Н.Туулайхүү алдарт Ж.Россиний “Севилийн үсчин” дуурийг итали хэл дээр шинэчлэн тавихад гол дүр болох Розинагийн дүрд амжилттай дуулснаар гоцлол дуучнаар дэвшин ажилласан юм. 

-Дуурийн дүр болгоноо хайрлаж дуулдаг болов уу. Гэхдээ таны хамгийн хайртай нь ямар дүр вэ?

 -Дуулаачийн хувьд Вердигийн гайхамшигт “Аида” дуурийн Амнерисийнн дүр намайг нээсэн гэж боддог. Уг дуурийг тоглогдоход залуухан гоцлол дуучин том дүр авсан болохоор багагүй сандарч, бас догдолж байв шүү. ОХУ-ын гавьяат удирдаач А.П.Чепурнойгийн найруулгаар хоёр өдөр тоглоход Чепурной удирдаачтай хамтдаа дуулж билээ. Би Амнерисийн дүрээ хайрлаж явдаг даа. 

-Театр үзэгчтэй байхдаа амьд оршдог гэж боддог юм. Ер нь дуурийн урлаг хэр үзэгчтэй байдаг юм бол? 

-Манай үзэгчид харьцангуй тогтвортой санагддаг. Тухайлбал, Аида дуурь хоёр өдөр дараалан тоглоход үзэгчид ч гэсэн дахин үзэх нь бий. Энэ нь утга учиргүй бус өөр, өөр составыг харьцуулан сонсож байгаа хэрэг л дээ.

 -Жижиг, том гэлтгүй дэлхийн тайз өндөр. Хүлээн авч буй хүмүүс нь ч тэр хэрээрээ хөгжөө биз. Харин таны хувьд хамгийн гайхалтай мэдрэмж, хүсэл тэмүүлэл үлдээсэн тайз гэвэл? 

-2016 онд Итали улсын Ром хотын жижгэвтэр театрт Россинийн “Үнсгэлжин” дуурийн Тизбегийн дүрд гурван удаа дуулсан юм. 

Дуурийн урлагийн өлгий Итали оронд очиж, театрын тайзан дээр нь дуулах мөрөөдөл минь биелсэн. Мөн өөрийн хэмжээнд эх орноо таниулсан, Монгол Улсаа сурталчилсан гэж боддог юм. Тухайн орны үзэгчид үнэхээр халуун дулаанаар хүлээж аваад зогсохгүй монгол дуучид өргөн диапазон, хүчтэй хоолойтой юм хэмээн баяр хүргэж байсан шүү. -Хүн бүр л битүүхэн мөрөөдөл тээж амьдардаг шүү дээ. Одоо ямар дуурийн дүрд тоглохыг хүсэж байна вэ?

 -Вердигийн “Дон Карлос” дуурь тавигдвал Эболигийн дүрийг бүтээнэ гэсэн мөрөөдөл бий. Меццо-сопрано хоолойтны хувьд нэлээн чадвар, техник шаардсан драматик дүр учраас өөрийгөө сорьж үзмээр байгаа.

 -Танай гэр бүлд урлагт элэгтэй хүн бий юу? 

-Намайг урлагт хөтөлсөн ах минь хөгжмийн зохиолч М.Алтангэрэл. Миний нагац талд Өөлдийн алдарт уртын дууч н.Нямсүрэн, хөгмийн зохиолч Хаймчигийн Баатар, МУГЖ Д.Болормаа гэх мэт олон сайхан хүн байдаг. 

- Ер нь таны бодлоор дуурь гэлтгүй урлаг хаашаа тэмүүлж байдаг юм бол? 

-Урлагийн бүхий л салбарт ажиллаж буй хүмүүс уран сайхнаар дамжуулан сайн сайхныг түгээдэг. Бидэнд өвлүүлэн үлдээсэн сонгодог бүтээлүүдийг улам сайжруулан хойч үедээ хүргэхсэн гэж боддог юм.

 -Олон цагаар дуулахын тулд хоолойны болон бие махбодын хувьд их л бэлтгэл шаарддаг биз ээ?

 -Дуулаачийн төрлүүдээс хамгийн хүнд нь дуурийн дуулаач. Энэ утгаараа байнгын бэлтгэл шаардлагатай. Багадаа л хоёр цаг тасралтгүй дуулдаг учраас хоолойн болоод биеийн эрүүл мэнд сайн байх хэрэгтэй. 

-Танд хүмүүсийг театр руу татах үүрэг өгвөл та юу хийх байсан бол, бодоод үз дээ?

 -Театрынхаа ирээдү й н үзэгчийг бэлдэх тал дээр түлхүү ажиллах юм байна шүү. Бага насны хүүхдийн сэтгэхүйн онцлогт тохирсон үлгэрчилсэн дуурийг (Үнсгэлжин) цомхон хэлбэрээр тоглуулах болно. Тэгж гэмээн Монголын театрын урлагт залгамж халаа тасрахгүй болов уу. 

-Хамгийн романтик эсвэл эсрэг дүр гаргаж байсан дуурь бий юу?

 -Ж.Бадраа гуай меццосопрано хоолойг “эмэгтэй хүний эрдүү хоолой” гэж монгол хэлнээ хөрвүүлсэн байдаг. Тиймдээ ч дуурьт эх хүний дүр эсвэл эсрэг дүрүүдийг ихэвчлэн бүтээсэн. 

Ц.Нацагдорж гуайн “Үүлэн заяа” дуурийн Цурхай бүсгүйн дүрийг нэрлэж болно. Эд хөрөнгө, эрх мэдлийн төлөө бүхнийг зольж байгаа аймшигтай хүн юм шиг боловч нөгөө талаас нь бодож үзвэл хувь тавилангаа өөрчлөх гэсэн өрөвдөлтэй бүсгүйн эмгэнэлт дүр. Харин Карменийн дүр бол юунд ч үл хүлэгдэх, эрх чөлөөг эрмэлзэгч гал цогтой үзэсгэлэнт испани бүсгүй байх жишээтэй. Эх хүний дүрүүдээс нэрлэвэл Б.Шарав гуайн “Чингис хаан “ дуурийн Өүлэн эх, Вердийн “Турбадур” дуурийн Азучена гэх мэт олон дүрийг нэрлэх байна. 

-Цар тахлын үед урлагийн салбар ч зогссон. Та өөрийн болон танд хамаарах ойрын төлөвлөгөөнөөсөө хуваалцаач?

 -Энэ хэцүү цагт нэлээдгүй хугацааг гэртээ өнгөрүүллээ. Гэхдээ л цахим тоглолтуудад оролцож, аль болох л цаг хугацааг ашигласан. Одоо дууны уран бүтээлийн хос цомог гаргах ажил бараг дуусаж байна. Мөн хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Б.Шарав нарын мэргэжлийн дуучдад зориулан бүтээсэн романс, ардын дууны найруулгаар пянз гаргана. Хэвлэлтэд явуулчихаад байж байна. 

-Дууны уран бүтээл гэлээ шүү дээ. Ямар төрлийн хэчнээн дуутай цомог гарч байгаа вэ?

 -Сүүлийн үед нийтийн дуу дуулаад байгаа. Ерөнхийдөө энэхүү цомогт 20 гаруй дуу багтсан. 

-Дуурийн дуучин гэдэг дуулахаас гадна асар их мэдрэмж шаардсан мэргэжил юм шиг? 

-Дуурь гэдэг бидний хувьд үүсмэл урлаг биш олдмол урлаг учраас харь хэл дээр дуулж, тэр хүмүүсийн дүрд хувирах хэрэгтэй тул судалгаа шинжилгээ, мэдрэмж, мэдлэг зайлшгүй хэрэгтэй. Нэмээд тухайн дуучнаас ур чадвартай байхыг ямагт шаарддаг урлаг шүү дээ.

 -Монголын дуулалт жүжигт ямар ямар дүр бүтээв. Сэтгэлд үлдсэн нэг дүрээ тодотгож яривал? 

-Өнөөдөр театрт тавигдаж байгаа монгол дууриудаас өөрийн хоолойд тохирох бүхий л дүрийг дуулж байна. 

Тухайлбал, Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаа, Л. Мөрдоржийн “Хөхөө намжил” дуурийн Алтайн дагина, Б.Шаравын “Чингис хаан” дуурийн Өүлэн эх гэх мэт үндэсний дууриудад дуулж байна. -Ари романс гэх мэт төрлүүд гоцлоочийн дотоод сэтгэлийг илүү дэлгэн харуулдаг болов уу гэж санадаг?

 -Хөгжмийн зохиолч дуурийг бүтээхдээ гол дүрдээ зориулж заавал Ари романс гэсэн том бүтээлийг тусгаж өгсөн байдаг. Энэ нь гол дүрийн дотоод шинж чанарыг үзэгчдэд хүргэхэд тусалдаг юм. Үүнд маш олон ари романсыг нэрлэж болно л доо.



4
6
1
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.