Виктория Жастис: Миний мөрөөдлийг биелүүлэхийн тулд гэр бүл минь Лос Анжелес рүү нүүж байсан​

Админ
16 цаг 30 минутын өмнө

С.ЭНХЦЭЦЭГ

Энэ удаа Америкийн хамгийн алдартай хүүхэд залуусын шоу болох “Victorious” буюу монголоор“Авьяастнуудын сургууль” хэмээн орчуулагдан хүрсэн цувралын гол дүрийг онцолж байна. Тори Вегагийн дүрээр дэлхийн олон улсын хүүхэд залуучууд дунд алдаршсан Америкийн залуу жүжигчин дуучин Виктория Жастисын “Glitter” сэтгүүлд өгсөн ярилцлагыг орчуулан хүргэе. Тэрбээр НҮБ -ын охидод зориулсан “Girl Up” хөтөлбөрийн нүүр царай юм. Түүний жүжигчний карьер болон фенүүддээ барих дараагийн уран бүтээлийн тухай сонирхоцгооё. 

-Та жүжигчний гараагаа хэрхэн эхлүүлсэн бэ? 

-Би найман настай байхдаа зурагтаар өөртэй минь ойролцоо насны хүүхдийн тоглосон рекламыг үзсэн юм. Тэгээд би ээждээ үүнийг хийж чадна гэж бодож байгаагаа, мөн туршиж үзмээр буйгаа хэллээ. Түүнээс хойш ээж намайг тухайн үед манайх амьдардаг байсан Флорида мужийн Майамид зохион байгуулагдсан бүхий л реклам сурталчилгаа, загвар өмсөгчийн сонгон шалгаруулалтад дагуулж явах болсон. Би хамгийн анх Ovaltine-д зориулсан сурталчилгаанд тоглож байлаа. Надад таалагдсан шүү. Үргэлжлүүлэн сурталчилгаанд тогломоор санагдсан. South Beach сурталчилгааны агентлагтай гэрээ байгуулж өдөр болгон маш завгүй ажилласны эцэст ээждээ телевиз, киноны жүжигчин болохыг хүсэж буйгаа хуваалцсан юм. Харамсалтай нь тэр үед Флоридод дэлгэцийн уран бүтээлийн сонгон шалгаруулалт болдоггүй байлаа. Манай гэр бүлийнхэн намайг үргэлж дэмждэг учраас бид 2005 оны зун маш гэнэтийн байдлаар Лос Анжелест нүүж ирсэн билээ. Ердөө надаас болж шүү дээ. Харин тэр үед би тун богино хугацаанд NBC телевизэд туслах дүрд тоглохоор болсон юм. “Зак Коди хоёр” нэвтрүүлэг бол миний хамгийн анхны телевизийн бүтээл. Үүний дараа “Zoey 101” шоу нэвтрүүлэгт оролцсоноор Nickelodeon-ний гэр бүлийн нэг хэсэг болж, Дан Шнайдертай анх уулзаж байлаа. Шоу бараг дуусах үед дан надад зориулж шоу нэвтрүүлэг бичихээр ээжтэй минь ирж уулзаж байсныг санаж байна. Энэ бол миний амьдралын хэзээ ч мартагдашгүй мөч.

 -Та GIRL UP-тай яаж холбогдсон бэ? 

-Би багаасаа сайн дурын байгууллагад ажиллахыг мөрөөддөг байсан. Яг над шиг охид дэлхий дээр ямар харгис, шударга биш хүн чанаргүй нийгэмд өсөж торнин, амьдарч байгааг бид бүгд мэднэ. Тэд бүгд боловсрол эзэмшиж, цэвэр ундны ус ашиглан, эрүүл мэндийн үйлчилгээ авах эрхтэй. Ядаж хүн амын тооллогод оролцох буюу хүн гэж тооцуулах эрхтэй байгаасай гэж би чин сэтгэлээсээ хүсдэг. Тэдний ихэнх нь төрсний гэрчилгээгүй байдаг. Тэдгээр охидод яг л бидний адил хүсэл мөрөөдөл, боломж байдаг ертөнцийг бүтээхэд жаахан ч болов хувь нэмэр оруулах нь миний уран бүтээлийн мөрөөдлөөс ч илүү үнэ цэнтэй хүсэл минь юм.

 -Тэдгээр охидод туслахын тулд хүүхэд залуучууд юу хийж чадах вэ? 

-Нөхцөл байдлын талаар хэзээд ухамсарлаж, дотроо тунгаах замаар л туслах болно. Намайг энэ дэлхий дээр аз жаргалтай амьдарч байхад дэлхийн нөгөө талд энэ эрхийг хүртэж чадаагүй олон мянган хүүхдүүд зовж байгаа тухай эргэцүүлэл биднийг илүү сайн, хүн чанартай хүн болгоход тусалдаг байх. Хүн өөрөө байгаа ертөнцдөө сайн хүн байхыг хичээх нь бусдын төлөө хийж чадах хамгийн том зүйл. Бас хүүхэд залуусын хийж чадах бяцхан ч болов тус нэмэр нь Girlup.org руу орж таван доллар ба түүнээс дээш мөнгө хандивлах боломжтой. Энэ нь охидын боловсролд шаардлагатай хичээлийн хэрэгсэл худалдаж авах, эрүүл мэнд, хүчирхийллээс хамгаалахад тусална. Дэлхийн нөгөө өнцөгт байгаа охидод амьдралаа өөрчлөх боломж өгөх чадвар бид бүгдэд бий. 

-”Victorious” киноны уран бүтээлчидтэй хамтран ажиллах ямар санагдсан бэ? 

-Энэ кино гайхалтай бүрэлдэхүүнтэй. Тэд бүгд өөрийн гэсэн авьяастай. Ер нь зураг авалтын ард дандаа инээд наргиа байсан гэж хэлж болно. Бидний аз жаргал дундаас бүтсэн болохоор хүмүүст сайн хүрсэн байх гэж боддог. Дуулах, хөгжим тоглох тал дээр хэн нь ч гэлтгүй бүгд л жигд чадварлаг уран бүтээлчид байсан шүү. Эван Жогиа (Бэкийн дүрд тоглосон) бид хоёр шоуны өмнөөс л маш дотно болсон байсан л даа. Тэр миний шоунд тоглохоор болоход мэдээж маш их баярласан. Дотны хүнтэйгээ ажил дээрээ ч хамт байх боломжтой болсон учраас би өөрийгөө маш азтай гэж бодож байна. 

-Та дуулах, жүжиглэх хоёрын аль нэгийг нь сонго гэвэл алийг нь сонгох вэ? 

-Надаас маш их асуудаг асуулт. Миний хариулт бол би сонгож чадахгүй. Хоёуланд нь адилхан дуртай. Би багаасаа хоёуланг нь хийж байсан. Учир нь дуулж байхдаа авдаг тэр сайхан мэдрэмжүүдийг кино уран бүтээлийн ардаас яг адилхан авч байдаг. Одоо ч хоёуланг нь үргэлжлүүлэн хийж чадна гэж найдаж байна.

 -Гайхалтай аяллын маршрутаасаа хуваалцаач?

 -Би хэдэн жилийн өмнө анх удаа Лондонд очиж үзсэн. Би ээжтэйгээ, дотны найз Эвантай хамт явсан. Бид 17 хоногийн турш аялаад ирсэн ч сайхан газарт байхад энэ хэтэрхий богино хугацаа юм шиг санагдсан. Бид Парист нэг өдөр очсон, үнэхээр үзэсгэлэнтэй байсан. Одоо ч Парист очих тухай бодол ухаан санаанаас гарахгүй л байна. Тэнд дахиад их цагийг өнгөрөөхийг хүсэж байна. Би бас Ванкуверт дурласан гэж хэлж болно. Би тэнд хоёр киноны зураг авалт хийсэн учраас хотыг маш сайн мэддэг болсон. Миний харж байсан хамгийн үзэсгэлэнтэй, саруулхан хотуудын нэг. 

-Жүжиглэх эсвэл дуулах хүсэлтэй өсвөр үеийн залууст та ямар зөвлөгөө өгөх вэ? 

-Энэ бол таны сонирхож буй зүйл мөн гэдгийг гарцаагүй баталгаажуул гэж хэлмээр байна. Магадгүй түүнийхээ төлөө бүх амьдралаа зориулахад бэлэн байвал энэ мөрөөдөл бодит болох боломжтой. Би шууд урлагийн сургуульд орохоосоо өмнө эхлээд ямар нэг жүжигчний сургалт дугуйланд хамрагдахыг зөвлөж байна. Энэ мэргэжил гаднаас нь харахад ямар сэтгэл татам болохыг би мэднэ. Гэхдээ энэ бол маш их хөдөлмөр, цаг хугацаа. Хэрэв та үүнд дуртай бол мэдээж энэ замд зарцуулах их цаг хугацаа, олон золиослолыг давж гарах нь тодорхой. Тэгэхээр үнэхээр дуртай юу эсвэл ямар нэг золиос гаргахад бэлэн хэмжээний дуртай байж чадахгүй юу гэдгээ өөртөө тодорхойлох л үүнд ойртох хамгийн том алхам байх. Миний хэлэх гэсэн зүйл хиймээр байгаа бол оролдоод үз. Тэр хүрээлэлд орж туршаад үзэх хэрэгтэй.



0
1
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна