Чөлөөт зах зээл гэж хаа ч бодитоор байдаггүй

Админ
2021/09/06

--- Бид бодит оршдоггүй зүйлд итгэж 30 жил эдийн засгаа унагасан ---

А.МӨНХЖИН

Эдийн засагч Х.Батсуурьтай ярилцлаа.

- Шинэ парламент болон шинэ Засгийн газар бүрэлдээд жил гаруй хугацаа өнгөрлөө. Судлаачийн зүгээс та энэ бүтцийг хэр ажиллаж байна үзэж байна вэ?

-2020 он эдийн засгийн хувьд ихээхэн хүндрэлтэй жил болж өнгөрсөн. Дэлхий даяараа хэцүү байсан ч Монголын хувьд бүр хүндрэлтэй туссан гэж миний хувьд үзэж байна. Эрүүл мэндийн талаасаа арга хэмжээ авч, тодорхой цаг хугацаанд цар тахлын тархалтыг барьж чадсан. Гэвч эдийн засаг талаасаа урьдчилан сэргийлж чадаагүйгээс хүнд туслаа шүү дээ. Энэ хүндрэлтэй байдал 2021 онд нөлөөлж үргэлжлээд явж байна. Бусад улс оронд тухайлбал Хятад, Солонгос, Япон улсуудын хэрэгжүүлсэн эдийн засгийн арга хэмжээнүүдийн талаар зөндөө ярьж сануулсан. Харин манайд сүүлдэж буюу найман сар өнгөрсний дараа анхаарал хандуулж эдийн засгаа уналтаас сэргийлэх арга хэмжээ авах гэж оролдсон. 2021 оноос эхлээд шинэ Засгийн газар тодорхой арга хэмжээнүүдийг авах гэж оролдож байна. Тухайлбал 10 их наяд төгрөгийн төлөвлөгөөг хэрэгжүүлж байна. 

Хоёр их наядын жижиг, дунд үйлдвэрлэлийн болон бизнес эрхлэгчээ дэмжих зээлийг банкнуудтай харилцан зөвшилцсөний үндсэн дээр гаргалаа. Ямар эх үүсвэрээс гаргав гэдэг шүүмжүүд их явж байгаа ч гэсэн санаачлагыг нь маш зөв гэж харж байна.-Шүүмжлэхээс өмнө эхний үр дүнг та хэрхэн харж байна вэ?

-Хэрэгжилт нь ямар байна вэ гэдгийг тоон үзүүлэлтээс харвал Засгийн газрын мэдээлж байгаагаар сайн байна. Жар гаруй мянган зээлдэгчид хоёр их наядын гурван хувийн хүүтэй зээлийг аль хэдийн авчихсан байна. Ингэснээр 125 мянган ажлын байрыг хадгалж үлдэж чадна. Гэхдээ энэ үзүүлэлтүүд нөхцөл байдлын тусгал болж байна уу, үгүй юу гэдэгт судлаачдын хувьд эргэлзээ бий. Тухайлбал хоёр их наядын зээл гарчихаад байхад эдийн засагт мэдэгдэхүйц сайжралтууд үзэгдээд эхлэх ёстой. 

-Эдийн засаг сэргэдэггүй юмаа гэхэд илт доошоо унахгүй, тогтворжих хандлага харагдахгүй байгаа гэж үү? 

-Яаруу дүгнэлт байж мэднэ.Үүнээс хойш мэдэгдэх болов уу гэж бодож байна. Зээл зорилтот бүлэгтээ хүрэхгүй байгаа учраас зээлийн шалгуураа эргэж харах хэрэгтэй. Ийм зөвлөмжүүдийг гаргаж байгаа. Олон нийтийн хэвлэл мэдээллээр ч дамжуулсан. Зорилтот бүлэгт хүрэх ёстой хоёр их наядын зээлийн 90 орчим хувь нь бараг хүрээгүй гэх дүгнэлт байгаа учраас ингэж хэлж байгаа юм. Учир нь эдийн засагт хамгийн их хувь нэмэр оруулдаг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэрлэгчдээс уг зээлд хамрагдаагүй гэж маш олон жишээ байна. 

Баялаг бүтээгчдийнхээ үгийг сонс. Хоёр их наядын зээл гэдэг бол асар их хэмжээний мөнгө. Хэр баргийн жижиг дунд үйлдвэрлэлийг босгоод ирэх хэмжээний хөрөнгө оруулалт болж чадах учиртай.-Өмнө нь ЖДҮ-гийн зээлийн хяналт сул, зорилтот хэрэглэгчдэдээ хүрээгүй бөөн дуулиан шуугиан болсон. Энэ сургамжаасаа зээлийн хяналтын тогтолцоогоо сайжруулаагүй дахиад зээл гаргасан гэж ойлгож болох уу?

-Яг энэ асуудлаар 10 их наядын зээлийг батлахад нь асуудал хөндөн тавьсан. Хяналтын системтэй байя, өмнөх алдаагаа давтахгүй байя гэж. Ер нь зээлийн 90 хувь хүрэх ёстой газраа хүрдэггүй. Зөндөө ярьсан, хэлсэн өмнөх туршлагасаа суралцаагүй.

-Зээлэнд тавих хяналтын тогтолцоо алга уу эсвэл ажиллахгүй байна уу?

-Төсвийн зарцуулалт, төсвөөс гадуур зарцуулалт зэргийг хянах хяналтын тогтолцоо уг нь манайд байгаа. Аудитын, Татварын газар цаашлаад Эрүүгийн цагдаа, Авилгатай тэмцэх газар, Мэргэжлийн хяналт гээд байгаа биз дээ. Гэтэл тэр тогтолцоо огт ажиллахгүй байна шүү дээ. Хачирхалтай нь энэ зээл эдийн засгийн үр өгөөж муутай салбар руу яваад байдаг. Ажлын байрыг хадгалж байгаа, шинээр үүсгэж чадах нэмүү өртөг шингээдэг үйлдвэрлэлийн салбар руу орохгүй байна.

-Засгийн газрын санаачлага нь сайхан ч агентлагууд нь ажлаа хийдэггүй гэх гээд байна уу?

-Тэгж ойлгож болно. Засгийн газарт санаачлага, мэдлэг байна. Үүн дээрээ туршлагаа нэмэх хэрэгтэй байна. Тэгэхгүйгээр ямар нэгэн ажлыг хэрэгжүүлж бодитой үр дүнд хүрэхэд туршлага нь дутдаг тал байна. Мөн Засгийн газрын хэрэгжүүлэлтийг хангах процесст менежментийн, захиргааны чадвар дутагдаж байна. 

Засгийн газар амжилтад хүрэхийг хүсвэл туршлага, ур чадварыг эзэмшсэн баг бүрэлдэхүүнтэй байх ёстой. Энэ дөрөв хосолж байж зөв ажиллаж, хурдацтай урагшилна. -Туршлага гэдэг хаана хадгалагддаг юм бэ. Засгийн газар дөрвөн жилийн настай учраас туршлага дутаад байна гэсэн үг үү? Эсвэл туршлагатай лидерүүд багтаа оруулах ёстой гэсэн үг үү?

-Ямар ч засгийн газар, хэдэн настай байсан ч түүнээс үл хамаараад туршлага гэдэг зүйл төрд өөрт нь хадгалагдах ёстой. Төрийн залгамж халааг туршлага авч явдаг. Одоо энэ алдагдчихаад байна. Төрийн хар хүн гэж нэрийддэг тийм чанарыг агуулсан хүмүүс нь маш бага үлдчихсэн юмуу гэж хардаг. Ямар ч засагт ажлаа мэддэг, ажлын голыг нугалдаг хүмүүс байдаг шүү дээ.

-Олон нийт төрд шинэ лидер гарч ирэхгүй байна, үеийн үед байсан хэдэн хүн албан тушаалаа солиод л байж байна гэдэг. Энэ хүмүүсийг “зайлуулж” шинэ лидер “төрөхийг” үргэлж хүсэлжилдэг хүмүүсийн хүслийг та юу гэх вэ?

-Туршлага гэдэг мэдлэг, чадвараар зүгээр бий болчихдог зүйл биш.

 Туршлага төрд ажиллаж он цагийг элээж мэдлэг, чадвартайгаа нийлж бий болно. Он цагийн шалгуур гэж ойлгосон ч болно. Тэр хүмүүс өнөө болтол яагаад байгаад байгаа юм. Хэрэгтэй болоод л байж байгаа.-Тэгвэл нөгөө талаас төрийн ажил сөрөг хүчнээс болоод явдаггүй. Санаачлагыг няцаадаг гэх мэтээр тайлбар тавьдаг байсан. Одоо төр засгийн бүх бүтэц нэг намд байна. Энэ сайн уу, муу юу?

-Үүнтэй санал нэг байна. Өмнө нь ийм үнэмшилтэй шалтгааныг ард иргэдэд хэлдэг байсан. Сөрөг хүчингүй дөрвөн жил боллоо. Тэгээд яагаад ажил нь урагшлахгүй байна вэ гэж үү? Үндсэн статистикийн мэдээг харвал бодит байдалд эдийн засаг уналттай, хүндрэлтэй байна. Яагаад юмны үнэ нэмэгдчих вэ. Одоо сөрөг хүчин байхгүй учраас бодит шалтаг шалтгаанаа бүгдээрээ ил гарган хэлэх хэрэгтэй. Өмнөх хэлснээ л би энд хэлмээр байна. Засгийн газар туршлагаа нэмэх хэрэгтэй.

-Танд тэгвэл ам бардам хэлэх туршлагатай тийм хүмүүс байна уу?

- Зөндөө хүмүүс байна шүү дээ. Жишээ нь Н.Энхбаяр, Ц.Оюунбаатар гээд туршлагатай улс төрчид байна. Тэртэй тэргүй МАН, МАХН хоёр нэгдсэн. Энэ дагуу энэ хүмүүсийг Засгийн газар багтаа оруулж ажиллуулах хэрэгтэй. Бусдаар би намын дарга хийгээд намын хүмүүсээ Засгийн газарт шахаад байгаа юм биш. Би хөндлөнгийн шинжээч, эдийн засагч л хүн. Тэднээс Засгийн газарт орж ажиллавал магадгүй энэ дутагдаад байгаа туршлагаа илүү нэмж чадах байх гэж харж байна.

-“Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэр өөрчлөгдөхгүй” гэдэг муухай ч гэмээр үг байдаг. Гэхдээ хувь улс төрчийн туршлага, хандлагаас их зүйл хамаардаг тал ч бий. Яагаад заавал Н.Энхбаяр, Ц.Оюунбаатар гэж...?

 -Заавал МАХН -аас гээгүй. Өөр намаас ч байж болно. Гэхдээ өнөөдөр бодит нөхцөл байдал, хууль журмаа харвал хамгийн боломжтой нь МАН-тай нэгдсэн МАХН-аас хүн орно. МАХН-аас улс төрийн тохиролцоонд ойролцоогоор 30-40 хувьд нь оролцоод явна гэсэн учраас ингэж хэлж байгаа юм. Монгол Улсын төрийн бүхий л албанд ажиллаж байсан Н.Энхбаяр гэдэг хүнийг одоо практикт ажиллуулж ашиглах хэрэгтэй. Мөн Ц.Оюунбаатар Эрүүл мэндийн сайд, Шадар сайд хийж байсан. Татварын ерөнхий газарт ажиллаж байхдаа татварын шинэчлэлийг хийсэн. “Тавантолгой” уурхайг Хятадын Шинхуа-д өгөнгөө алдаж байхад оройлон оролцож зогсоож чадсан гээд туршлагатай улс төрч. Н.Энхбаяр гэдэг хүнийг энэ улсын 70 гаруй жилийн өрийг тэглүүлж чадсан гэдгийг бүгд мэдэж байгаа шүү дээ.

-Өнөөдөр нэг монгол хүний өөрөө тавиагүй өр 28 сая төгрөг байна. Энэ өрийн тухай эдийн засагч хүний хувьд танд хэлэх үг байна уу?

-Одоогийн 30 гаруй тэрбум ам.долларын өр бол үндсэндээ 2005 оноос хойш бий болсон өр. Энэ өрийг дарж эхлэхгүй бол ойрын ирээдүйд буюу 5-10 жилд эдийн засагт маш их хүндрэл учирна. Үндэсний аюулгүй байдлыг эрсдэлд оруулах хэмжээний. Энэ 30 тэрбум ам.долларын 10 орчим нь Засгийн газрын өр. Үлдсэн 20 орчим тэрбум нь хувийн хэвшлийн өр гэж үзэж байгаа. Магадгүй энэ өрүүдийн зарим нь хэрэгсэхгүй болох өр байж болно. 

Тухайлбал, 20 орчим тэрбумын өрийн нэлээд нь хувийн компаниуд хоорондын зээл байдаг. Энэ зээл дотроо шийдэгдээд явахаар хувийн хэвшлийн өр багасаад ирнэ. Харин 10 тэрбум ам.доллар нь Засгийн газар буюу татварын мөнгөөр төлөгдөх ёстой өр. Засгийн газар бодлогоор шийдээд явах учиртай.-Энэ улсын эдийн засгийн байр байдлыг энгийн иргэн хэтэвчин дэх хэдээрээ мэдэрч нөгөө талаас Засгийн газраас гаргаж буй мэдээ мэдээллээр л авдаг. Гэхдээ энэ хоёр хэмжээ зөрөх нь их. Монголын эдийн засгийн төлөв цаашдаа ямархуу байх бол?

-Монголын эдийн засгийг аваад үзэхэд суурь үндэс нь олон улсын орчиндоо зохицол муутай. У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгч болоход миний хувьд баяртайгаар хүлээн авсан. Тэрээр Ерөнхий сайд байхдаа “Чөлөөт зах зээл, чөлөөт эдийн засаг гэж дэлхийд хаана ч байхгүй” гэж хэлсэн. Угаасаа тийм, бодитой оршин байдаггүй. Бодит оршдоггүй юманд бид таарсан бодлогыг л явуулах ёстой. Энэ бол маш зөв.

-Чөлөөт зах зээл гэж дэлхийд байхгүй юм бол өнөөдөр бид ямар эдийн засгийн чиг баримжаатай байгаа хэрэг вэ. Яагаад байхгүйг та тайлбарлаж өгнө үү?

-Чөлөөт эдийн засаг гэж байгаа. Харин чөлөөт зах зээл гэж байхгүй. Чөлөөт зах зээл гэдэг маань аль хэдийн үйлдвэрлэл нь хөгжлийн өндөр түвшинд хүрсэн орнуудын бодлого. Энэ зах зээл өндөр хөгжилтэй орнуудад л ашигтай. Өндөр хөгжилтэй улс орнууд ядуу буурай, байгалийн баялаг ихтэй улс орнуудыг “мөлжих” гэж болохоор тийм л бодлого. Бүх юм чөлөөт гэдэг газарт тэд үл үзэгдэгч гараа явуулж чөлөөт зах зээлийн бодлогыг өөртөө ашигтайгаар эргүүлж, дүрмийг зохиодог. Олон зүйлээр тайлбарлаж болно. Жишээ нь 1990 оноос хойш өдий хүртэл 30 жил чөлөөт зах зээл гэж ярьж ирсэн. Чөлөөт зах зээл гэж тогтолцоо байгаа гэдэгт итгэж ирсэн. Гэтэл энэ 30 жилд ард түмний амьжиргаа, Монгол Улсын эдийн засгийн ерөнхий хөгжлийн хувьд ямаршуухан байдалтай байна вэ гэдгийг тооцож үзэх хэрэгтэй болж байна. Маш олон буруу тооцооллоор ор үндэсгүй тоо баримтуудад итгэж ирсэн. Монгол Улсын эдийн засаг төд дахин өслөө гэдэг бүр үндэсгүй шүү. 

“Худал үгийг мянга хэлвэл үнэн болдог” гэдэг. Монгол Улс тодорхой хэмжээнд сайжирсан уу гэвэл сайжирсан. Дэвшиж дээшилсэн зүйл байгаа юу гэвэл байгаа. Юуны өмнө хүмүүс хувийн өмчтэй болсон. Өмчийнхөө төлөө тэмцэх сэтгэлгээг бий болгосон.Харамсалтай нь дэлхий дээр хаа ч бодитоор оршин тогтдоггүй чөлөөт зах зээл гэж зүйлийг дагаж явсаар Монгол Улсын эдийн засаг унасан. Үүнийг маш олон жишээгээр ярьж болно. Яагаад гэвэл баян хоосны ялгаа бүр Энэтхэгийн хэмжээнд хүрчихсэн байгаа. Ядуурал 30 хувь гэж олон жил ярьж байгаа. Үгүй, 60-70 хувь нь ядууралтай байна. Дундаж давхарга алга болсон. 1989 оны байдлаар ДНБ-ний 35 хувийг эцсийн бүтээгдэхүүн бүрдүүлдэг байсан. Өнөөдөр энэ дөрөвхөн хувь байгаа. Уул уурхай 10 орчим хувийг эзлэж байсан. Гэтэл өнөөдөр уул уурхай 25-30 хувийг эзэлж байна. Манай уул уурхай онцлогтой. Бид бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй зөвхөн түүхий эдийг газраас ухаж гаргадаг. Үүн дээр л 1990 оноос хойш эдийн засгийн өсөлт явагдаж байна. Харин 1990 оноос өмнө баялаг бүтээх хөдөө аж ахуйн аж үйлдвэрлэлд тулгуурлаж байсан. Өнөөдөр хөдөө аж ахуй, аж үйлдвэрлэл хоёулаа уналтад орчихсон. Хөдөө аж ахуй өнөөдөр долоон хувьтай л байгаа. Ерөөсөө олборлолтын салбар дээр л тогтож байна манай улс. 1990 оноос эдийн засгийг хөгжүүлсэн хоёр л зүйл байна. Өөрөөр хэлбэл 30 тэрбумын зээл, уул уурхайн түүхий эдийн экспорт энэ хоёр дээр л манай эдийн засаг өссөн.

-Тэгвэл ямар хэмжүүрээр ядуу юу, баян уу гэдгээ тодорхойлж болох юм бэ?

-Онолын үүднээс авч үзвэл сард нэг өрхийн нэг гишүүд зарцуулагдаж байгаа мөнгө 148.000 төгрөг буюу түүнээс доош байх юм бол ядуу гэгдэнэ. Монголчууд “Өртэй бол ядуу” гэж хэлдэг. Зардал чинь орлогоосоо даваад өр тавихад хүрээд байгаа бол ядуу л гэсэн үг. Ядуу байхаас ч аргагүй байна.

-Улсаа харвал нэг талаасаа баялагтай их баян орон юм шиг. Гэтэл байгаа байдал, хүмүүсийн цалин, орлого амьдралыг харахаар буурай ч орон юм шиг. Үүнд ямар учир байна вэ?

-Монгол бол асар баян орон. Гэхдээ баялгийн зарцуулалт нь маш буруу байгаа учраас 80 хувь нь ядууралд байна.

-Тэгвэл “Баян айлын дүрэм ядуу айлд тохирохгүй” гэсэн үг болж таарлаа. Чөлөөт зах зээл гэж байхгүй юм бол бид цаашид ямар чиг баримжаагаар явна гэсэн үг вэ?

-Монгол Улсын онцлогт тохирсон өрсөлдөх чадвараа дээшлүүлэх дунд болон урт хугацаандаа хөгжиж чадах эдийн засгийн бодлого, тогтолцоо хэрэгтэй. Англи хэлэнд “One shoes doesn’t fit all, one size doesn’t fit all” гэдэг үг байдаг. Өөрөөр хэлбэл нэг размер бүх хүнд таардаггүй гэсэн үг. 

Монгол Улс газарзүй, түүхэн, баялаг, үйлдвэрлэлийн чадамжаасаа шалтгаалаад онцлогтой. Солонгос, Япон, Америк, Хятад зэрэг улс орнуудын эдийн засгийн бодлого 100 хувь таарахгүй. Манайх өөрөө юу үйлдвэрлэж, ирээдүйд өрсөлдөж чадах вэ тийм л бодлого явуулах ёстой. Олон улсын зах зээлд өрсөлдөх чадвараа сайжруулах гээд байна шүү дээ. Дотооддоо өөр дүрэмтэй, гадагшаа гарахдаа тэр дүрмэнд нь тохирох бас дүрэмтэй байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл бодлого. Наад захын жишээ хэлэхэд бид гадаадаас ажиллах хүчин экспортлоод байна шүү д ээ. Энэ экспортоос хамгийн багадаа 600 сая ам.доллар жилд орж ирдэг. Уул уурхайн экспортоосоо 2-3 тэрбумаар орлого олж байна. Энэ бол Монголын эдийн засагт асар их мөнгө.

Мөн Монгол гадаад худалдаагаа задгай тавьчихсан. Малын бүх түүхий эд үнэгүйдсэн. Гадаад худалдаандаа татвар тавих ёстой. Гадаад худалдаа чөлөөтөй байх ёстой гэдэг худлаа. Бид ядуу буурай орон гэсэн нэрээ ашиглаад хамгийн дээд талдаа 18 хүртэлх хувийн татвар тавих хэрэгтэй. 

1990 оноос хойш бүх барааны хавтгайрсан таван хувийн татварын бодлого бол мунхаг бодлого. Би саяхан нэг хүний яриаг сонслоо. Үндэсний аюулгүй байдлын нэг дарга нь “Би 2018 онд гадаад худалдаанд татвар тавьж болдог гэдгийг мэдсэн” гэнэ. Энэ чинь одоо юу гэсэн үг юм. 2000 оны таван хувийн хавтгайруулсан татвар Монголыг сүйрүүлсэн шүү. Тэгээд Женевт олон улсын эдийн засгийн сургалтад сууж байж мэдлээ гэдэг нь ичмээр явдал.Мөн хаана ч банкны зээлийн хүүгээ чөлөөтэй хаячихсан улс орон байдаггүй. Жилийн 34 хувийн хүүгээс доошлоод 18 хувь болгох гээд би жишээ нь зөндөө хэл ам хийж явсан. Банкны хүү бууруулах хуулийн эдийн засгийн багийг ахлаж ажилласан. Одоо банкууд тодорхой хэмжээнд хүүгээ бууруулаад явж байна. Гэхдээ үүнийг төр зохицуулах ёстой. Хууль гаргадаг юм уу, яадаг юм төр зохицуулах ёстой. Төв банкаараа эсвэл гадаадаас банк оруулж ирэх ёстой. Энэ чинь тэр чөлөөт зах зээл гэж юм байхгүй гэдгийг харуулах олон жишээний нэг. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд Монголын зах зээлд тохирсон бодлого хэрэгтэй болно.


1
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.49
    2021/09/06

    Хор нь гарсан хүмүүсээ төрийн өндөр албан тушаалд тавихгүй болохоор ууж идэх шунал нь дийлдэхгүй ажил урагшлахгүй юмаа. Оюунбаатар тулхтай, сайн хүн, намын харьяаллаас илүү хүнээ харж томилох хэрэгтэй.

    Хариулах
  • 192.82.72.234
    2021/09/06

    Оюунэрдэнийн ЗГ ч үнэндээ хэцүү л бна. Зээл мээл яриад ХУЛГАЙЧУУД нь хвуаагаад авчихсан. Хөшөө бариад Нураагаад хаясан. Ямар ч туршлага байхгүй, залуус яаж төрбарих вэ дээ.

    Хариулах