Урт наслахыг хүсвэл ном унш

Админ
2021/09/06

1.Ном уншдаг хүмүүс илүү  урт насалдаг

Хүний тархийг булчин шөрмөстэй адилхан дасгалжуулах шаардлагатай. Байнгын ном уншдаг хүмүүсийн тархины холбоосууд идэвхтэй байдаг. Тархинаас ухаан, булчин шөрмөс, хоол боловсруулах зэрэг хүний биеийн бүх эрхтний системтэй холбоотой дохио санамжуудыг байнга түгээдэг. Энэ нь удаашраад эхлэхээр бие махбодын үйл ажиллагаа суларч, хөгширдөг байна.

2. Хамгийн сайн стресс тайлагч

Өнөөгийн амьдралын хэв маяг хүмүүсийг хүссэн хүсээгүй, байнгын стресст оруулдаг болжээ. Харин стрессээс гарахад ном тус болдог. Ном уншсанаар хүн сэтгэлийн дарамтаасаа хөндийрөх  боломжтой. Уншиж буй номондоо орж, өнгөрсөн баларсныг мартаж, шинэ соргог бодлууд мэдрэлд нөлөөлдөг. Ном уншсанаар сэтгэл зовоосон зүйлс ямар ч ач холбогдолгүй болсон мэт санагддаг.

3. Миний үгийн сан миний хязгаар

Аль ч хэлний үндэс 60 мянган үгээс хэтэрдэггүй. Харин түүнээс ердөө л 5000 үг  хүмүүсийн харилцаанд хэрэглэгддэг гэвэл цаана нь 55 мянган үг идэвхгүй хэрэглээнд байдаг гэсэн үг. Гэхдээ ном уншихын хэрээр тэдгээр үг идэвхжин сэргэж, санаа бодол арвижиж, хүн илүү нарийн няхуур үгээр ярих чадвартай болдог. Баялаг үгийн сантай байна гэдэг хүнд уран төсөөлөл, сэтгэмж төрүүлэх бололцоо өргөнтэй байна гэсэн үг юм.

4. Уншиж байж бичиж сурна

Ном унших нь хүмүүсийн хэлний мэдрэмж, бичих арга барилд сайн нөлөөтэйг эрдэмтэд судлан тогтоожээ. Уншигч зохиолд юу бичигдсэнийг уншихын зэрэгцээ зохиолчийн бичлэгээр дамжиж уншигчийн сэтгэл хөдлөл, мэдрэмжүүд сэргэдэг. Зохиол бүр хүнд, хөнгөн янз бүрийн аясаар бичигдсэн байдаг. Адармаатай текст унших тусам нөлөөлөл нь гүнзгий байдаг.

5. Нойрны эмний оронд ном хэрэглэ

Хөгшин залуу гэлтгүй олон хүн нойрны асуудалтай болсон байдаг. Өдрийн болсон үйл явдал шөнийн асуудал болон хувирч нойр хулжаах нь хэцүү, түүнээс салах гэдэг тийм ч амар бус. Нойр хулжихад номноос сайхан эм байдаггүй. Өдөр ч, орой ч ном бариад хэвтэхэд номонд анхаарал төвлөрч, нойрыг тань хүргэх болно.

6. Бусдыг ойлгох түлхүүр

Зохиол бүтээл уншиж байхдаа хүн байнга өөрийгөө хамт оролцуулан боддог. Өөрөөр хэлбэл, бусдын тухай уншихдаа тэр бүр өөрийнхөө анзаардаггүй зүйлүүдийг бусдаас олж хараад хүн өөрийгөө засаж залруулахыг хичээх, бусдын дунд өөрийгөө аятайхан аваад явах арга барилд суралцдаг гэж хэлж болох юм. Ингэснээр урд өмнөхөөс илүү олон найз нөхөд, үе тэнгийнхэнтэйгээ харьцах сонирхолтой болж, тэдний бодол санааг анхааралтай сонсож, үерхэл нөхөрлөл гүнзгийрэхэд ч нөлөөлнө.

7. Ном таныг өөрчилнө

Хүн өөрчлөгдөхөд тийм ч амар биш, ихээхэн хугацаа шаардлагатай. Цаг хагас үргэлжлэх кино хүнийг өөрчилж чадахгүй. Хүн унших явцдаа аливааг бодож эргэцүүлэхээс гадна, уншсан хэсгээ эргэж харах, бусадтай санаа бодлоо солилцох, өөрөөр хэлбэл номтой нөхөрлөх нь илүү нухацтай үйл явц явагддаг. Хүн киноны баатруудыг дуурайдаг бол харин номын баатруудын төсөөлөн боддог. Алдарт зохиолч Гарсиа Маркес “Зуун жилийн ганцаардал” зохиолоо хэзээ ч кино болгохгүй гэж татгалзжээ. Тэр энэ зохиолоо кино болгож, ямар нэгэн тодорхой дүрээр амьдруулахаас зайлсхийсэн байна. Сайн зохиол хүмүүсийг бодуулдаг, бодол явагдаж байж хүн өөрчлөгднө.

8. Уншвал урагшилна

Ном уншигч өөрийн орчноос тасарч, өөр ертөнц рүү өнгийн шагайдаг гэж хэлж болно. Гадны жуулчид хаа ч явсан гартаа үргэлж ном барьж явдгийг бид сайн мэднэ. Тэд тааралдсанаа үзэж, тааралдсанаа идэж уугаад явдаггүй. Тэд номноос тухайн газар орны түүх, ахуй амьдралын тухай хамгийн шинэ мэдээ, мэдлэгийг олж, үзэж харснаа ул үндэстэй ойлгохыг хичээдэг. Тодруулбал, манайд ирсэн жуулчид биднийг зөвхөн сонирхох төдий бус биднийг сайтар ойлгож аваад буцдаг гэсэн үг. Тэд үзэж харж буйгаа номтой зэрэгцүүлэн, хуучин ойлголтоо шинэчилж цэгцэлдэг. Бидэнд өдөр тутмын амьдралдаа тааралдсанаа хэрэглэх бус учир начрыг нь сайтар ойлгох, нэг ёсондоо боловсон амьдралд суралцах шаардлага тавигдсаар байна.

9. Мэдээлэл авах гэж ном уншдаггүй

Орчин үед бид хаанаас л бол хаанаас мэдээлэл олоод авчих бүрэн боломжтой болсон. Ийм байхад роман, тууж уншаад сууж байх нь хэр тохиромжтой вэ гэж асуух хүмүүс байдаг. Хүний ойлголт өнгөц бус, гүнзгийрсэн түвшинд л явагддаг. Мэдлэг боловсрол эзэмшихэд маш их цаг хугацаа шаардагддаг. Мэдлэг боловсролтой хүмүүс хий дэмий юманд цагаа үрдэггүй, үргэлж ажилтай, ажлаасаа ч хүч зориг авдаг, тиймээс цаг завандаа ч харам байдаг.

10. Өөрийгөө хөгжүүлэх төгс арга

Ном уншихад, ялангуяа дуустал нь уншихын тулд хүмүүс олон янзын сорилттой тулгардаг. Тэгэхээр юуны түрүүнд өөрийн чин сэтгэлээсээ сонирхож буй сэдвээр мөн тэр хэмжээнд сонирхол татаж буй номыг л сонгож унших хэрэгтэй. Түүнээс биш гарт тааралдсан номоо эсвэл хэн мундаг гэсэн хүний санал болгосон номыг сонговол ном унших явц төдийлөн ахиж өгдөггүй. Хэрэв яг сонирхсон номоо уншвал хурдан дуусгахаас гадна хэрэгтэй санаанууд нь ч өөрт шингэж үлддэг. Ер нь ном уншихын гол ач холбогдол нь уншиж дуусгахдаа биш харин тэндээс хэрэгтэй зүйлийг өөртөө шингээж, өөрийгөө хөгжүүлж, мэдлэгжүүлэх явдал.



0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.22.58
    2021/09/07

    Өөртөө эзэн болж чадахгүй бол нэг л өдөр зомби болдог

    Хариулах