"Хү” хамтлагийн “Их Чингис хаан” дуун дээрх гадаад хүмүүсийн сэтгэгдэл: Тэд эзэн Чингис хааны сүр сүлдийг дуудан, эзэнт гүрнээ өргөжүүлэхэд бэлэн болжээ

Админ
2021/09/06

Хүннү рок урсгалын төлөөлөл “Хү” хамтлаг 2021 оны анхны аялан тоглолтоо энэ сард албан ёсоор эхэлсэн. Тэд энэ удаагийн “Хүн” нэртэй аялан тоглолтоо АНУ-аас эхлэхээр төлөвлөсөн байна. Хамтлагийн залуус есдүгээр сарын 1-нээс аравдугаар сарыг дуустал тоглолт хийхээр төлөвлөж байгаа аж. “Хү” хамтлагийн АНУ дахь фенүүд нь тэднийг очиход Welcome back буюу “Буцаад тавтай морил” хэмээн Монголоор бичин, тэднийг онгоцны буудал дээр угтан авсан юм. Тэгвэл бид энэ удаа Хойд Америкийг донсолгож буй “Хү” хамтлагийн “Их Чингис хаан” дуун дээр бичсэн ОУ-ын фенүүдийн сэтгэгдлийг "YouTube" хуудаснаас орчуулан хүргэж байна.

-Хэрэв Монгол улс өнөөгийн Хятад шиг түүхэн хил дээр үндэслэн нэхэмжлэл гаргаж эхэлбэл дэлхийн улс орнуудын 25% нь бүх нутаг дэвсгэрээ алдана даа.

-Би Унгар хүн, тэд 800 жилийн өмнө манай улсыг эзэлж байсан. Гэсэн ч би энэ дуунд үнэхээр дуртай. Би тэдний бахархлыг ойлгож байна!

-Эдгээр залуус юу ч хийсэн хамаагүй, гол нь тэд хэзээ ч өөр хэлээр дуулж болохгүй. Тэдний эх хэл нь хүчирхэг бөгөөд там шиг сүрдэм юм.

-Эдгээр залуус тоглолт хийгээд мөнгө авдаггүй. Тэд хүндэтгэл цуглуулдаг.

-Тэд сэтгэл татам, сүрдэм бас айдас төрүүлэм юм… Илүү их зүйл нуршилгүйгээр яг одоо би тэдэнд хүндэтгэл үзүүлэхэд бэлэн байна.

-Энэ дууг сонссоныхоо дараа Хятадууд:  “Цагаан хэрмээ дахин засах цаг болжээ”.

-Хүмүүсээ нэг зүйлийг санаж яваарай. Их Чингис хаан хүртэл нохойноос айдаг байсан. Түүнд хүртэл айдас байсан гээд боддоо. Тэгэхээр сул талтай байлаа гээд чи сул дорой гэсэн үг биш. Чингис залуудаа зовж шаналж, дайснууддаа баригдан хоригдож, эхнэр нь хулгайлагдаж, эцгийнхээ өв залгамжлуулсан бараг бүх зүйлээ алдсан.Гэсэн ч эцэст нь тэр бүх зүйлийг даван туулсан!

-Эртний Монголын дайчид харгис хэрцгий байсан нь гарцаагүй, гэхдээ энэ дуу, түүний дүрслэл нь асар их баялаг түүхийг харуулж байна. Би бүр дурлачихлаа.

-Энэ дуу намайг монгол хүн гэдгээр бахархуулж байна. Гэхдээ хамгийн сонин нь юу гээч? Би уг нь Чили хүн.

-Соёл, түүхээ дэлхийд таниулж буй энэ хамтлагт хүндэтгэл үзүүлмээр байна.

-Хүчтэй видео, хүчирхэг хөгжим, гайхалтай хоолой.

-Англи улсаас хүндэтгэл, хайраа илэрхийлж байна. Би танай соёлд хичнээн их хайртайгаа үгээр илэрхийлж чадахгүйнээ.

-Энэ дуу намайг монгол хүмүүсээр бахархахад хүргэж байна.

-Мянган жилийн дараа ч өөрийнх нь тухай ийм дуу зохиогдохуйц амьдарсан гэхээр бахархалтай юм. (Чингис хаан)

-Буриадын бүгд найрамдах улсаас мэндчилж байна. Монгол ахан дүүс минь сайхан хөгжмөөр зүрх сэтгэлийг минь байлдан дагууллаа. Сайн байна. Би 30 жилийн дараа дахин рок хөгжим сонсож эхэллээ.

-Англи эр хүний хувьд би та бүхний бардамналд атаархаж байна.

-Хэдийгээр би Индонез хүн ч гэлээ, энэ дуу намайг тэдний өмнөөс Монгол хүн гэдгээрээ бахархахад хүргэж байна.

-Өмнө нь миний хэзээ ч харж байгаагүй маш хүчирхэг клип болсон байна. Та нар зүгээр л агуу юм. Оросоос хамгийн сайн сайхныг хүсье!

- Би бол Хазар-Монгол хүн бөгөөд Афганистанаас гаралтай Барулас овгийн нэг гишүүн байна. Би агуу их эзэн Чингис хаандаа хайртай, бүх монгол ах дүү нартаа хайртай.

Ийнхүү уг дуун дээрх сэтгэгдэл бичсэн хүмүүс нь Америк, Англи, Чили, Орос, Индонез, Унгар, Солонгос гээд маш олон орны хүмүүсийг хамарчээ. Америкт сар тутам 100 мянган хувь хэвлэгддэг, метал рок хөгжмийн нэр хүндтэй сэтгүүл болох “Revolver” “Чингис хаан” одонт “Хү” хамтлагийн “Их эзэн Чингис хаан” дууны клипийг 2019 оны шилдэг арвын нэгээр тодруулснаа зарлаж байсан билээ.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна