Х.Анар: Ээжийн шалгуурт нийцсэн үед л үсний гоёлуудаа худалдаанд гаргадаг

Админ
2021/09/07

М.ДЭВЭЭЖАРГАЛ

Өөрийн гараар үсний гоёл хийж, ирээдүйнхээ хүсэл мөрөөдлийг биелүүлэхээр тэмүүлж яваа хүүхдүүдийг харах бахархам билээ. Энэ удаагийн “Шинэ танил” буланд “Оюуны Ундраа” цогцолбор сургуулийн долдугаар ангийн сурагч Х.Анарыг урилаа. Түүний урласан үсний гоёлуудыг харахыг хүсвэл “Anuka scrunchies” хуудсаар зочлоорой.

-Үсний боолт хийх санаагаа хэрхэн олсон бэ?

-Би үсний янз бүрийн боолтод их дуртай. Гоё үсний боолт харахаараа цуглуулсаар байгаад нэг мэдсэн хобби маань болчихсон. Ингээд нэгэнт цуглуулж эхэлсэн тул ажил хэрэг болгож эхний удаа найзууддаа борлуулахаар шийдсэн. Одоо худалдаанд гаргаад хоёр сар л болж байна.

-Оёдлын машин ашиглан урлаж сурахад хэн тусалсан бэ?

-Ээж минь “Deluna mongolian lingerie” хэмээх брэндийн дотуур хувцас урладаг юм. Захиалга ихээр ирээд туслах хүн хэрэгтэй болсон. Тэгээд л оёдлын машиныг хэрхэн ашиглаж, зөв оёх талаар зааж өгсөн. Харин одоо оёод сурчихсан учраас өөрийнхөө дуртай боолтыг янз бүрээр урлаж, мөн интернэтээс бичлэг үзээд анхны бүтээлээ хийж эхэлсэн.

-Эртэч хүүхдүүдэд зориулан үсний боолтоосоо бэлэглэсэн гэж сонссон. Энэ талаараа ярихгүй юу?

-Би өглөө эрт босож мандаж буй нарыг харах дуртай. Мөн ээжтэйгээ ууланд алхах, дугуй унахыг чухалчилдаг. Замд минь эртэч хүүхдүүд тааралдвал үсний боолтоосоо бэлэглэхээр цүнхэндээ хийгээд гардаг болоод удаж байна.

-Загварын санааг хэрхэн гаргадаг вэ?

-Загвараа олохын тулд удаан бодно. Сонирхолд суурилсан судалгаа хийхээс гадна интернэтээс ямархуу материал, загвартай үсний боолт эрэлттэй байгааг хардаг. Тэгээд бодож байгаад зургаа зурж загвараа гаргана. Миний хамгийн удаан бодож гаргасан загвар “Энхрий хонхтой боолт” юм. Ээж хонхонд үнэхээр дуртай. Манай гэр бүлийнхний биед ямар нэгэн байдлаар хонх байнга хамт явдаг. Ээж нэг өдөр “Миний охин хонхтой боолт хийгээч” гэж зөвлөсөн. Монголчууд хүүхэд тогтдоггүй, өвчин ээрсэн, хүүхэдтэй айлд торгоны өөдсийг нийлүүлэн буруу энгэртэй дээл өмсүүлдэг гэсэн домыг олж мэдсэн. Тэгээд өсвөр насны хүүхдүүд энхрий дээл өмсөж, гуталдаа хонх зүүгээд явах боломжгүй болохоор өдөр тутамдаа зүүх үсний боолтод энэхүү домыг шингээсэн. Дараа нь даахиа үргээлгэсэн болон богино үстэй охидод зориулан даруулга хийе гэх мэтээр санаа ар араасаа урган гарсан. Монгол өв соёлыг шингээсэн болохоор хүмүүс их бэлгэшээлтэй ханддаг.

-Бас олон торгоны өөдсөөр хийсэн байсан?

-Тийм. Олон өнгийн торгоор хийдэг. “Энхрий боолт” есөн өнгийн торгоноос бүрдсэн. Монголчууд есийн тоог бэлгэшээдэг учраас тусгайлан хийсэн санаатай юм.

-Үсний боолтоо эгч дүүстэйгээ булаацалдах үе байдаг. Өөрт тань тийм зүйл тохиолдож байсан уу?

-Би эгч бас эмэгтэй дүүтэй. Бид адилхан боолт авчихаар “минийх, чинийх” гээд тэрүүхэн тэндээ бөөн юм болдог үе байсан. Энэ асуудлыг ший дэхийн тулд өөрийн нэртэй боолт хийсэн санаатай.

-Үсний боолтыг янз бүрээр цуглуулах сонирхолтой хүүхдүүд байдаг юм билээ?

-Тийм хүүхэд зөндөө байдгийг өөрөө боолт хийх зарах явцдаа анзаарсан. Тэд эхлээд нэг, хоёр боолт авчихаад аав ээжийнхээ цалинг буухаар өөр боолт авдаг гэсэн. Ихэвчлэн миний насны хүүхдүүд сонирхдог болохоор үнийн тал дээр боломжийн, хямд байлгахыг хичээдэг. Хямд байлаа гээд чанар муутай хийж болохгүй. Ямар ч ажлыг чин сэтгэлээсээ хийх хэрэгтэй гэж ээж захидаг. Бас хийсэн боолтыг ээж нэг бүрчлэн шалгадаг. Ээжийн шалгуурт нийцсэн үед үсний гоёлуудаа худалдаанд гаргадаг. Хэрэв жаахан алдаа гаргавал болоогүй байна гээд буцаачихна. Эхэндээ их буцдаг байсан. Одоо тийм асуудал гарах нь бага болсон.

-Үсний боолтын сав урладаг уу?

-Боолтоо нэг удаагийн уутанд хийж өгдөг. Энэ нь байгаль дэлхийгээ бохирдуулахгүй гэсэн санаа юм. Бид байгалиа хайрлах хамгаалах ёстой. Тийм учраас боолтын эко уут оёж борлуулдаг.

-Ирээдүйн хүсэл мөрөөдлөөсөө хуваалцаач?

-Том болоод өөрийн гэсэн брэндийн дэлгүүртэй болж монголдоо төдийгүй дэлхийд танигдахыг хүсдэг. Дан ганц боолт хийхгүй өв соёл, зан заншлаа шингээсэн ээмэг, зүүлт, бугуйвч болон толгойн гоёлуудыг хийнэ гэж бодож байгаа. Манай эгч бас органик гоо сайхны бүтээгдэхүүн хийдэг. Эгчээрээ органик уруул өнгөлөгч хэрхэн хийхийг заалгуулсан. Удахгүй нэрийн уруул өнгөлөгч хийж, худалдаанд гаргана гэсэн бодолтой яваа. 


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна