Б.Эрдэнэбат: Ижийтэйгээ дахиж уулзахгүйн гунигаар сэтгэлээ сэмлэж, сэмэрч бүтээсэн дуу бии

Админ
2021/09/08

М.ДЭВЭЭЖАРГАЛ

Үг нь ухааруулж, ая нь аргадсан ардын дууны гүн ухаан, язгуур урлагийн мөн чанарыг уран бүтээлдээ сийлэн гарч ирж байсан “Алтан ураг” хамтлагийг мэдэхгүй хүн цөөн бизээ. Тус хамтлагийн ахлагч, хөгжмийн зохиолч Б.Эрдэнэбатыг энэ удаагийн “Зочин” буландаа урин ярилцлаа. Түүний бичсэн хөгжмийн зохиол болон дуунуудаар зүрхээ хөглөж, мэдрэмжийнхээ гүнийг хэмжиж яваа хүн олон бий гэдэгт огтоос үл эргэлзэх буюу.

-Гараагаа эхэлсэн “Алтан ураг” хамтлаг байгуулагдаж байсан түүхээс хуваалцвал?

-“Алтан ураг” хамтлагийнхан 2001 онд хөгжим бүжгийн коллежийг төгсөхдөө тайлан тоглолт хийсэн юм. Шинэ зүйлд өөрсдийгөө сорьё гэсэн үүднээс “Алсын газрын зэрэглээ” зохиолоо тоглосон сургуулийнхаа тайзыг урлагийн замын эхлэл гэж хэлнэ. “Алтан ураг” нэрээр 2003 оноос уран бүтээл хийсэн ч 2004 онд “Унага төрөв” цомгоо гаргасан тул он цагаа цомгоосоо тоолдог юм. Хамтлаг байгуулах болсон шалтгаан нь залуу нас, хүсэл сонирхол, олон хүнд өв соёлынхоо сайн сайхан, мөн чанарыг мэдрүүлье гэсэн чин сэтгэлээс үүдэлтэй. Тэр үед жуулчид ардын урлагийн тоглолт үздэг эсвэл хүмүүс цагаан сараар морин хуур, ардын дуу сонсдог байсан нь бидэнд маш харамсалтай санагддаг байж. Бүр найз нөхөд маань сонирхдоггүй байсан. Зүгээр л, ардын хөгжмөө тоглодог гэсэн ойлголттой байсан байх. “Алтан ураг”-ийн араас орчин цагийн урсгалыг хослуулсан, олон сайхан зүйл хийхийг зорьсон уран бүтээлч гарч ирснийг эргээд харахад тааламжтай байдаг. Ийм л замаар бид олон жилийг ардаа орхиод явж байна даа.

-Яагаад “Алтан ураг” хэмээн нэрлэсэн юм бэ?

-Өчнөөн нэрэн дундаас гэрэлтэж байсан нь энэ. Чингис хааны одоо цагийн алтан ураг гэвэл Монголчууд учраас хамтлагтаа энэ нэрийг өгсөн юм.

-Танай хамтлаг их чимээгүй байх шиг. Тарчихсан юм уу, үгүй биз дээ?

-Хамтлаг тараагүй, нэг морин хуурч маань тэнгэр болсон юм. Тиймээс уран бүтээл хийхээ түр хойш тавьсан. Энэ жил хамтлагийн 20 жилийн ой тохиож байгаа тул уран бүтээл рүүгээ орох санаатай байлаа. Гэвч цар тахлын улмаас хамаг төлөвлөгөө хойш татагдсан гэх үү дээ. Гэхдээ удахгүй уран бүтээлдээ эргэн орох байх аа.

-Уран бүтээлч, ялангуяа хөгжимчин болоход тань нөлөөлсөн хүн гэвэл хэний тухай ярих вэ?

-Намайг хөгжимтэй холбож, гайхалтай амьдрал руу хөтөлсөн хүн бол миний ээж. Ээж минь ёочин тоглодог байсан болохоор долоон настайд минь хөгжим бүжгийн коллежид оруулсан. 

Төгөлдөр хуурын ангид байж байгаад дөрөвдүгээр ангиасаа ээжийнхээ мэргэжлийг эзэмшсэн дээ. Ер нь урлагаас холдохгүй явсаар өөрийн мэдэлгүй уран бүтээлч болчихсон гэх үү дээ. Зохиолыг нь бичсэн дуу хөгжмийг хүмүүс таашааж, ямар нэгэн сайхан мэдрэмжийг авч байгааг мэдэрсэн болохоор хөгжмийн зохиолч болох чадвартай юм байна гэдгээ мэдэрсэн.-Хамтлагийнхнаасаа тусдаа бие даан уран бүтээл хийгээд явахад ямар мэдрэмж төрж байна?

-Би хөгжмийн зохиолч болон продюсерээр ажиллаж байгаа. “Алтан ураг” хамтлагийн нэг эс буюу хөгжмийн зохиолч бус гишүүн, хөгжимчин нь байлаа шүү дээ, одоо ч тэр. Өмнө бүтээсэн аялгууг бүгдээрээ хэлэлцэн уран бүтээлийнхээ зорилгод нийцүүлж найруулгаа хийдэг байсан. Уран бүтээлийн зорилго гэдэг нь манай хамтлагийн үндсэн зарчим байхгүй юу. Харин хөгжмийн зохиолч бол аялгуундаа өөр, өөр илэрхийлэмжүүдийг шингээхээс гадна байж болох бүх боломжийг хайх ёстой. Мөн дотоод эрчмээрээ гаргаж болох хүч чадлаа дайчлах хэрэгтэй. Бие даан уран бүтээл туурвих явцдаа өөрийн сэтгэл хөдлөлөөр дамжуулан гадаад ертөнц рүү эгшиглүүлэх агуулгыг анхаарч байгаа юм. Гэсэн хэдий ч хэн нэгний төлөө ажиллаж, авьяас мэдрэмжээ шавхан зүтгэж буй л хэрэг шүү дээ.

-Удахгүй нээлтээ хийх “Цасан хүн” кинонд хөгжмийн зохиолчоор ажилласан юм билээ. Ер нь хөгжмийн хэлээр дотоод сэтгэлийн зөрчил тэмцэл, зовлон жаргалыг гаргана гэдэг өөрөөс их л зүйлийг шаарддаг байх?

-Хөгжим гэгч хүний сэтгэлийн нарийн, нандин утсанд нэлээн дөхөж очсон урлаг болов уу гэж боддог. Үг болоод өнгөөр гаргаж чадахгүй байгаа зүйлийг хөгжим илэрхийлдэг. Аялгуу урлахын тулд орчлонгийн зүйлсэд хувирч, мэдрэмжүүдээ өөрийнхөөрөө дамжуулах ёстой гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Гунигтай хөгжмийн зохиол бичихдээ гунигийнхаа гүн рүү хөл алдаж, өрөөлийн хэмнэлийг мэдрэх гэж хичээдэг. Гар минь сэтгэлийн аясаар хөдөлж, төгөлдөр хуурын товчлуур дээр зөнгөөрөө хүрч байж сайхан бүтээл гарна. Эсвэл маш их бахархал, хөөр баярыг мэдэрч буй мэт хөөрөн догдлохын сацуу нот бүрд мэдрэмжээ шингээдэг. Хөгжмийн урлаг сэтгэлээс сэтгэл рүү хөвөрч, тэндээ үүрд эгшиглэсээр байдаг юм.

-“Өв” хэмээх тоглолт хийсэн шүү дээ. Зохиолын дуунууд гээд хэлчихье гэхээр боломгүй байсан. “Ардын дууны шүлэг шиг шүлэг биччихвэл хүсэл гүйцлээ” гэж ярьсан яруу найрагч бий?

-Ихэнх нь цахилгаан хөгжим дээр ая хийж, дуугаа дуулаад явж байгаа. Ардын дууг үндэсний цөөхүүл хөгжимтэй дуулдаг төрөл 1990 оны сүүлээс 2000 оны эхэн үед байхгүй болчихсон гэхэд хилсдэхгүй болов уу. Угтаа орхигдуулж, санамсаргүйгээр ч болов гээж болохгүй тусдаа нэгэн урлагийн төрөл байхгүй юу. Зөөлөн, дотно дулаан мэдрэмж төрүүлдэг. Тийм л дуу хийе гэсэн санаа төрсөн юм. Баяр ёслолын үеэр ээжийн ёочинтой төгс зохицсон аавын дууг сонсож өссөн минь эргэн бодоход хамгийн сайхан дурсамж болон үлджээ. Намайг ардын дуу хөгжим л урлагийн замд дагуулсан даа.

 Харин тээж яваа амьд мэдрэмжүүдээрээ дуу хөгжим зохиовол болох юм байна гэсэн бодлоор дуунуудаа бүтээсэн. Зохиосон дууг маань ардын дуутай андуурч л байвал зорилго минь биелнэ. Сайн дуу, шүлэг мөн эсэхийг надаас бусад нь хэлэх байх. Интернэтээр хүмүүс “Ийм ардын дуу байсан билүү” гэж бичсэн байхыг харах сайхан санагдсан шүү.-Ардын урлагийн онцлогийг тод, томруунаар харуулна гэдэг чухал үйл хэрэг болоод байна шүү дээ?

-Олж сонсоогүй эсвэл хол байгаа учраас мэдэхгүй юм шиг мэдрэмж төрдөг байх. Ардын урлаг бол бидний зүрх сэтгэлд эгшиглэж буй аялгуу, урсаж байгаа яруу найраг шүү дээ. Хамгийн гол нь хүмүүсийг сэдэлжүүлж, тэдэнд хүргэхийн төлөө уран бүтээлчид илүү анхаарахаас гадна сайн ажиллах хэрэгтэй болов уу. Гэхдээ ардын урлагаа бүх л талаас хөгжүүлэхийг зорьж байна. Бид хичээгээд барахгүй болохоор төр засгийн дэмжлэг шаардлагатай байдаг. Мөн хувийн хэвшлүүд дэмжин ажиллавал Монголчууд ардынхаа дуу хөгжимд улам татагдан дурлах болно. 

Гаднын олон янзын урсгал чиглэлийн дуу хөгжим орж ирж байгаа энэ үед өөрийн гэсэн онцлог, соёл, урлагтай ард түмэн гэдгээ байнга мэдрэх зүйлсийг хийсээр байх хэрэгтэй. Тухайлбал, залуучууд үндэсний дээлээ өмсдөг болсон шиг дуу хөгжмийн үнэ цэнийг ойлгуулах учиртай. Гэтэл ардын урлагийг хэт бэлгэдлийн чанар руу оруулснаас болж хүндлэл ихдээд, иргэд өөрийн амьдралаас хол барих гээд байх шиг санагддаг. Уг нь ахуй соёлтой холбоотой зүйл бол бидний хамгийн ойрын итгэл үнэмшил шүү дээ.-Дуунд хөгжмийн зохиолч, дуучин, яруу найрагч гэсэн гурван жигүүр бий. Харин та шүлгээ бичээд хөгжмөө зохиож байна. Тэгвэл дуучинтайгаа хэрхэн хамтран ажилладаг вэ?

-Мэдээж. Урлагт хамтдаа зүтгэж байж л хол явдаг. Сая тоглолтоо хийхдээ ихэнх дууныхаа үг, аяыг өөрөө зохиогоод хийчихсэн. Гэхдээ яруу найрагчидтай хамтарч ажиллалгүй яах вэ. Дуу дуулах хүнийхээ чадвар, өнгө төрх, илэрхийлэх илэрхийлэмжийг төсөөлж зохиодог. Тиймээс эхлээд дуучиндаа хандах тохиолдол бий. Эсвэл “Би ийм дуу зохиочихлоо” гээд ханддаг ч үе байна. Янз бүрээр л ажилладаг.

-Ямар үед танаас сайн уран бүтээл төрдөг гэж бодож байна вэ?

-Ганцаараа байх үед л сайн бүтээл төрдөг болов уу. Өөртөө орчин бүрдүүлж суухыг хичээдэг юм. Яагаад гэвэл ямар хүнээс, яагаад ийм мэдрэмж гардгийг мэдэх хэрэгтэй болно. Мангас эсвэл ядарсан хүний дүр бүхий өөртэйгээ нүүр тулж ч мэднэ.

 Гудамжаар ганцаараа алхаж байхуйд ч уран бүтээл намайг зорин ирдэг. Мөн өдөр бүр, өглөө болгон ажлаа заавал хийх нь чухал. Дадал зуршил гэдэг хүчтэй эд шүү дээ. Түүнээс гадна тогтсон цагт амрах нь уран бүтээл сайн байхад нөлөөлдөг юм шиг санагддаг.-Сайн бүтээлийг он цаг шалгана гэдэг. Гэтэл бүтээлдээ сэтгэл хангалуун байх үе уран бүтээлч хүнд байдаг шүү дээ?

-Цаг хугацаа уран бүтээлийг шалгалгүй яах вэ. Энэ бол туйлын үнэн. Хожим хойно нь ч дэлхийн сонгодгуудын гайхалтай сайхныг бишрээд байж байна. Сонсохоос, хүндлэн гайхахаас өөр аргагүй дуу зохиох сон. Байнга шинийг эрэлхийлж, өөртөө таалагдахыг хичээдэг. Уран бүтээлдээ ханах сэтгэлд тархины салхивч сөхөгдөхгүй байна. Цаг тутам эрэлд хатаж байгаа учраас тийм бодол надаас хол байна даа.

-Таны хамгийн их хөглөгдөн уясаж бичсэн аялгуу гэвэл?

-Ер нь бүх хөгжмийн зохиолоо уярч, уясаж бичдэг дээ. Гэхдээ ижийтэйгээ дахин уулзахгүй болохоор сэтгэлээ сэмлэж, сэмэрч бүтээсэн дуу бий. Хурааж яваа гунигийн зангилааг тайлсан “Ээж минь” хэмээх дуугаа удахгүй олны сонорт хүргэх болно.

-Дууны шүлэг, яруу найраг хоёр ялгаатай гэлцдэг шүү дээ. Тэгвэл та ялгааг нь юу гэж харж байна?

-Тухайн яруу найрагч илэрхийлэх гэж буй мэдрэмжээ ямар нэгэн хайрцагт баригдахгүйгээр бичдэг. Гэтэл дууны шүлэг аялгуунд баригдахаас өөр аргагүй. Хоёр нотон дээр нэг үг орох уу, хоёр үг орох уу. Тэгээд ч тэр нь дуучинд эвтэй байх уу, үгүй юу гэх мэт түмэн асуултад хариу олох хэрэгтэй болдог. 

Зарим тохиолдолд аялгуугаа хийчихсэн учраас санааг нь шүлгээр илэрхийлж, тохирсон үг олох нь амар байдаг. Тиймээс өөрөө аялгуу болон мэдрэмждээ зориулан шүлэг бичих үе бий. Ж.Бадраа гуайн гайхалтай сайхан бичдэг байсныг Н.Жанцанноров гуай нэгэнтээ ярьсан байдаг. Яалт ч үгүй өөр зүйл дээ.-Ямар ч зүйлийн төлөө бус, хэнд ч зориулагдаагүй, зоргоороо бүтээгдэж, дотроо эргэсэн уран бүтээл бий л биз дээ?

-Дан хөгжмийн бүтээлүүд маань ихэвчлэн ямар нэгэн зүйлд зориулагдаагүй, эргэн хургаж гарсан нь бий. Удахгүй хөгжмийн зохиолуудаараа тоглолт хийх бодолтой байгаа. Сэтгэлийн өмнөөс хөгжим ярьж байгаа л гэсэн шүү утгатай. Хөгжмийн аялгуу, тухайн уран бүтээлчийн дотоод ертөнцөөр аялах хийгээд хязгааргүй орон зайг хамт туулах боломж олгодог.

 -Ойрын хугацаанд төлөвлөсөн ажлынхаа тухай сонирхуулаач?

-Сүүлийн үед их уран бүтээл дээр ажиллаж байгаа. Дуучин А.Нарандуламын цомгийн ард ажиллаа, дуусах тун дөхөж байна. Мөн “Уул ус” хамтлагийн цомог болон шинээр гарч ирж буй залуу уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байгаа. “Өв” тоглолтынхоо хоёрдугаар бүлэг рүү орсон. Түүнчлэн бас бус киноны хөгжмийн зохиолыг бичиж буй. Энэ мэтээр хийх зүйл ар араасаа ундарч байна. Мөн Италийн “Rai” телевизээр ардын дууны төрлөөр хийсэн “Өв” тоглолт гарахаар болсон бөгөөд бичлэгийн ажилдаа орчихсон байгаа. 


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.73.165
    2021/09/08

    Боорчу жанжиний шүлэг дээр хийсэн ая гоё болсон бн лээ

    Хариулах