Нобелийн шагналт дөрвөн зохиолчийн бүтээл

Админ
2021/09/08

Д.БЯМБА

Бид энэ удаагийн “Оюунт Монгол” буландаа Нобелийн шагналт дөрвөн зохиолчийн бүтээлийг онцолж байна.

Мо Янь “ЭРГЭЛТ”

БНХАУ-ын Нобелийн утга зохиолын шагналт зохиолч Мо Янийн “Эргэлт”. Уг зохиолыг зохиолч өөрийн түүхээс сэдэвлэн бичсэн гэдэг. Соёлын хувьсгалын хөлд хохирч хоцорсон хүүхэд ахуй наснаасаа эхлэн хожим алдартай зохиолч болох хүртэлх хувийн амьдралаа Хятадын нийгмийн амьдралын өөрчлөлт, хувьсалтай зэрэгцүүлэн хүүрнэжээ. Товчхондоо шинэ үеийн Хятад орны түүхийг харуулснаараа онцлог. Энэхүү бүтээлийг нэг талаас Хятадаас анх удаа Нобелийн шагнал хүртсэн зохиолчийн намтарчилсан тууж, түүхэн бүтээл гэх өнцгөөс уншиж болох ч нөгөө талаас уран зохиолын тодорхой зарчим, Мо Янийн бүтээл туурвих арга барил, онцлогийг тусгасан бүтээл гэж үзэн унших боломжтой байна.


Элис Манро “САЙХАН БҮСГҮЙН ХАЙР”

Нобелийн шагналт Канадын зохиолч Элис Манрогийн “Сайхан бүсгүйн хайр” зохиол нь амьдралд ховор тохиох этгээд хачин асуудалд шийдвэр гаргах тухай өгүүлнэ. Уг зохиолын гол цөм нь хайр сэтгэл. Тэр дундаа сайхан бүсгүйн хайр олон янз гэдгийг харуулсан бүтээл аж. Энэхүү зохиол анх 1996 онд “Нью Йоркер” сэтгүүлд Хайр, нууц, алуурчин нэртэйгээр хэвлэгдэж байсан ч хоёр жилийн дараа “Сайхан бүсгүйн хайр” нэрээр уншигчдад хүрсэн байна.


Элиас Канетти “МАРРАКЕШИЙН ДУУ ХООЛОЙ”

Болгарын зохиолч, нобелийн шагналтан Элиас Канетти “Марракешийн дуу хоолой” зохиолыг бид гуравдугаарт онцолж байна. Тус зохиолч нь намтарчилсан бүтээлүүд туурвидаг бөгөөд дээрх зохиол ч мөн энэ төрөл. Энэхүү бүтээлийг зохиолч Марроко руу аялснаасаа хойш хэдхэн долоо хоногийн дараа буюу 1967 онд хэвлэжээ. Тэрбээр уг зохиолоороо уншигчийг тухайн үеийн олны хөдөлгөөнтэй барааны зах, еврейчүүдийн дүүрэг, европ маягийн баар, цэнгээний газар болон араб чихрийн дэлгүүрээр аялуулах аж. Энэ зохиол ХХ зууны хамгийн алдартай аян замын тэмдэглэлүүдийн нэгээр үнэлэгдэх болжээ.


Надин Гордимер “ЗУРГААН ТОХОЙ ГАЗАР”

Нобелийн шагналт Надин Гордимерын “Зургаан тохой газар” бүтээл нь анх 1982 онд хэвлэгдэн гарчээ. Уг номд зохиолчийн 1956 оноос 1980 он хүртэлх хугацаанд бичсэн бүтээлийн дундаас сонгогдсон шилдэг долоон өгүүллэг багтжээ. Үүнээс номоо нэрлэсэн “Зургаан тохой газар” өгүүллэгт гэр бүлийн харилцаа нь бүтэлгүйтсэн нэгэн цагаан арьст эр өөрийн зарц нарын нэгний дүүг зохих ёсоор оршуулахаар Өмнөд Африкийн хүнд сурталтай тэмцсэн тухай түүхийг харуулна.



0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна