Алтны нөөцөө нэмэгдүүлэх нь цар тахлын үеийн эдийн засгийн уналтаас сэргийлнэ

Админ
2021/09/09

М.СУГАР

Ковид 19 цар тахал дэлхийг нөмөрснөөс хойш тууштай үнэ нь өссөн цорын ганц хөрөнгө АЛТ юм. Алтны үнэ 2020 оны эхний хагаст 28 хувь өсөж, улмаар 2020 оны наймдугаар сард оргилдоо хүрчээ. Өнөөдрийн байдлаар 1 унци алт 1827 доллар дээр тогтворжоод байна. Алтны үнэ өсөхөд нөлөөлсөн хэд хэдэн шалтгаанууд дотор бүс нутгийг хамарсан инфляцын айдас болон цар тахлын улмаас зогссон эдийн засгийн сэргэлт цаашид хэрхэн явагдах нь маш ойлгомжгүй байгаатай холбоотой юм. Дэлхийн инфляцын түвшин 2021 онд 3.5 хувь өсөж, бодит өгөөж хасах руу орж, америк доллар суларсан. Тийм учраас улс орнууд болон хувь хөрөнгө оруулагчид мөнгөө алт болон алтны биржүүд рүү чиглүүлэх нь энэ жил улам нэмэгдлээ.

Алт нь ХХ зууны эхэн хагаст “мөнгөний бодлогын суурь” гэж явдаг байсан үеэс хойш үүрэг роль нь өөрчлөгдсөөр өнөөгийн ертөнцөд “үнэ цэнийг найдвартай хадгалдаг хөрөнгө” гэх статустай болжээ. Он гарсаар Азийн бүс нутагт байрладаг хөрөнгө оруулагчид алтанд 1.6 тэрбум доллараа цутгасан нь бусад бүс нутгийн (Америк, Европын) алтны хөрөнгө оруулалтаас их юм. Ялангуяа Хятадуудын алтанд оруулсан хөрөнгө оруулалтын жин хамгийн их байна. Хувь хөрөнгө оруулагчдаас гадна улс орны төв банкууд алтны нөөцөө нэмэгдүүлэх ажлыг өнгөрсөн жилээс эрчимтэй хийсээр байгаа. Дэлхийн Алтны Зөвлөлийн сүүлийн судалгаагаар цар тахлын ойлгомжгүй байдал цаашид ч даамжрах хандлагатай учраас Төв банкууд алтны нөөцөө улам ихээр нэмэгдүүлнэ гэжээ.

Алт нь улсуудын гадаад валютын нөөцийн нэг чухал хэсэг болдог бөгөөд эдийн засгийн хүнд үед аминд орох гол нөөц юм. 2014 онд Крымын хойгтой холбоотойгоор АНУ бол он Европын холбооны улсууд Оросод томоохон эдийн засгийн хориг тавьж эхэлснээс хойш Орос улс нь эдийн засгийн цайзаа бэхэлж өөрсдийн алтны нөөцөө жил болгон нэмэгдүүлэх арга хэмжээ авсан юм. Өнөөдөр Орос улс нь 2000 тонн бүхий зүүн европын хамгийн том алтны нөөцтэй орон бөгөөд эдийн засагчдын ёрлож байсан хямралаас зайлж чадсан юм. Шалтгаан нь ОХУ гадаад шокоос бүрэн тусгаарлагдсан эдийн засагтай бөгөөд үүнийгээ ч алтны нөөцөөр баталгаажуулсан. 

Хөгжиж буй орнууд ч дэлхийн алтны өсөн нэмэгдэх сонирхолд нь нийцүүлж өвөрмөц санхүүгийн бүтээгдэхүүнүүдийг дэлхийн хөрөнгө оруулагч нарт санал болгож эхэллээ.Африкийн хамгийн том алтны экспортлогч Гана улс 16 алтны уурхайн ирээдүйн роялтиг 1 тэрбум доллараар үнэлж Лондон хөрөнгийн бирж дээр гаргахаар зэхэж байна. Өсөн нэмэгдэж буй гадаад өрийн төлбөрүүдээ төлөх, орлого нь хумигдсан төсвөө нөхөх шинэлэг шийдэл хэмээн шинжээч нар энэ шийдвэрийг дүгнэсэн аж. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын гадаад валютын нөөцийн 20 орчим хувь нь алтаар байршиж, 13 тонн алт нөөцөлсөн нь 1 орчим тэрбум долларын үнэлгээтэй байгаа нь манайх шиг баялаг алтны нөөцтэй орны хувьд (Эрдэс баялгийн санд бүртгэгдсэн 1530 тонн) чамлахаар тоо юм. Ямар ч тохиолдолд Монгол Улс алтны нөөцөө нэмэгдүүлэх хэд хэдэн амин шаардлага байгаа юм. Нэгд, инфляцын айдас 2021 оны эхний хагаст манай инфляц 7.9 хувь гарч байгаа нь өмнөх үетэй харьцуулахад хоёр дахин өссөн  үзүүлэлт.

Инфляц хэмээх мангасын аюултай тал нь “инфляц өсөх нь” гэсэн нийгмийн айдсан дээрээс “тэжээл” авч улам бүр томордог онцлогтой. Инфляцын учир шалтаг олон боловч суурь асуудал нь монгол төрийн менежментийн чадваргүй байдалтай шууд холбогдож, шаардлагагүйгээр гол барааны үнэ өсөхөд хүргэдэг. Хоёрт, сангийн бодлогын гол найдвар болсон манай түүхий эдийн зах зээлийн супер циклийн мөчлөг ирсэн байгаа. Коксжих нүүрсний үнэ 28 хувь өсөж, дэлхийн хамгийн том хэрэглэгч Хятад улс төрийн, үзэл бодлын ялгаанаас хамгийн том ханган нийлүүлэгч Австралиас нүүрсээ авахаа бууруулаад байгаа нь хөрш залгаа манайд ашигтай боловч, зүүний нүхээр шахуу гарч байгаа бага хэмжээний гарц Ковидын хязгаарлалтуудаас болж улам бүр доголдох болов. Өнөөдөр нүүрсний экспорт 50 хувиар унаад байна.

Уг нь алтны нөөцөө нэмэгдүүлэх зорилгоор төр анхаарч Алт-2 хөтөлбөрийг 2017 оноос хойш хэрэгжүүлж байгаа хэдий ч, тавьсан гол гол зорилтууддаа 2021 оны байдлаар хүрсэнгүй. 2017 онд Уул уурхайн сайдын мэдэгдэж байснаар 2020 он гэхэд бид эрдэс баялгийн биржтэй болсон байхаас гадна, алт цэвэршүүлэх үйлдвэрийг ч ашиглалтад оруулсан байх ёстой. Хоёр зорилт өнөөдрийн байдлаар биеллээ олоогүй байна. Дэлхийн эдийн засагт нүүрлээд байгаа тодорхойгүй байдал, тодорхой бус хүчин зүйлүүдийг гэтлэх, тэсэж үлдэхийн тулд алтны нөөцөө эрс нэмэгдүүлэх тал дээр Монгол улс илүү нухацтай хандаж, цайзаа бэхлэх үндсэн шаардлага хоолойнд тулжээ. 




0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна