Хүүхдүүд зожиг болох, хэл ярианы хоцрогдолд орох эмгэг нэмэгджээ

Админ
2021/09/09

Д.БЯМБАСҮРЭН

Техник технологи хурдацтай хөгжиж, цахим хэрэглээ нэмэгдэхийн хэрээр хүн хоорондын харилцаа холдож, хүний сэтгэлзүй, сэтгэцийн өвчлөл нэмэгдэж буй ажээ. Өөрөөр хэлбэл, ном уншиж, уулзаж ярилцахаас илүүтэй утас, компьютерын дэлгэц ширтэх нь түгээмэл болсон. Хүн нийгмийн харилцаанд орж, бие биетэйгээ ярилцсанаар харилцаа хөгжиж, сэтгэц эрүүл байх талаар эмч, мэргэжилтнүүд зөвлөдөг. Дээрх зүйлсийн нөлөөгөөр хүний сэтгэлзүй тогтворгүй болж, цаашлаад сэтгэцийн эмгэг рүү хөтөлдгийг ч эмч нар онцолж байна. Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн сүүлд хийсэн судалгаагаар сэтгэлзүйн хямрал, стрессээс үүдэн эмнэлэгт хандах хүмүүсийн тоо эрс өссөн ажээ. Энэ удаагийн дугаартаа Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн өнөөгийн нөхцөл байдал, тус төвийн тасаг, клиникийн ачаалал ямар байгааг сурвалжиллаа.

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн үйл ажиллагааны талаар тус эмнэлгийн Ерөнхий захирал, Анагаах ухааны доктор, профессор Л.Насанцэнгэл “Манай эмнэлэг социализмын үед 780 ортой, 21 аймаг, есөн дүүрэгт салбар нэгжтэй байсан. Тухайн үеийн манай улсын эрүүл мэндийн салбарын бодлого өөр учраас хэвтүүлэн эмчлэх орыг чухалчилж, аймаг дундын 50-75 ортой сэтгэл мэдрэлийн диспансеруудтай байсан юм билээ. Өдгөө манай төв 21 аймаг, есөн дүүрэгтээ 3-20 ортойгоор үйл ажиллагаа явуулж байна.Мөн есөн дүүрэгт амбулатори нэмэгдсэн. Ингэхдээ хоёроос дөрөв хүртэлх сэтгэцийн эмч, сувилагч, с этгэлзүйч ажиллаж байна. Социализмын үед хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээг голлодог байсан бол өдгөө нийгэм, хамт олны тусламж үйлчилгээ болон урьдчилан сэргийлэх амбулаторийн тусламж үйлчилгээн анхаарал хандуулж байна. Мөн өрхийн систем рүү шилжиж байгаа. Харин аймаг дахь салбаруудын орны тоо нэлээд буурсан” гэв.


Түүнээс Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмчилгээ, үйлчилгээний талаар зарим зүйлийг тодрууллаа.

-Хүмүүс утас, компьютерт хорхойсох болсон. Энэ байдал сэтгэцэд нь хэр нөлөөлдөг вэ?

-Техник технологи хөгжих тусам дэлхий нийтэд хүмүүсийн сэтгэцийн эрүүл мэндийн асуудал өөрчлөгддөг. ДЭМБ-ын ажлын албаны судалгаагаар өндөр хөгжилтэй оронд хүн амынх нь 16 хувьд нь сэтгэцийн тулгамдсан асуудал байдаг бол хөгжил нь арай дундаж орны хүн амын 6-8 хувьд энэ байдал тохиолддог байна. Манай төвийн 1984 оны судалгаанд 1.1 хувийн тархалттай гэсэн байдаг. Үүнийг одоогийн судалгаатай харьцуулахад, стрессийн шалтгаантай эмгэг 10 дахин өсөж, архинд донтох эмгэг 40 дахин өссөн байдаг.

-Хүний сэтгэцэд яг юу нөлөөлж байна вэ?

-Хүмүүс мэдээллийн олон урсгалаас хүссэнээ үзэж, уншиж буй. Үүнээс улбаалан хүний зан үйл ихээхэн өөрчлөгддөг. Нүүдлийн соёл иргэншилтэй үед харьцангуй стресс, нойргүйдэл, сэтгэл түгшүүр, гутрал, амиа хорлолт бага байсан бол өдгөө 10 дахин өссөн. Мөн социализмын үед харилцаа илүү дотно байсан. Гэтэл одоо тус бүрдээ утсаа ширтээд харилцаа нь холдсон. Үүнээс улбаалан сэтгэл гутрал, архаг ядаргаа, нойргүйдэл ихэссэн. Энэ бүхэн даамжирч, дээд цэгтээ хүрэхээрээ солиорол галзуурлын түвшинд хүрдэг. Сэтгэцийн дээд эмгэгт хүрэх ундарга нь дээрх эмгэгүүд юм.

-Энэ хүрээнд хамгийн сүүлд гаргасан судалгаанаас бидэнд танилцуулбал?

-Манай төвийн 2013 оны зонхилох судалгаагаар архаг ядаргаа нийт насанд хүрсэн хүн амын 16.2 хувь, сэтгэл түгшилт 18.4 хувь, биеийн хэлбэрийн эмгэг 11.9 хувь, сэтгэл гутрал 6.2 хувиар, архинд донтох эмгэг 6.4 хувиар тус бүр өссөн байна. Тухайлбал, биеийн хэлбэрийн эмгэгт зүрх, мэдрэл зэрэг эрхтэн өвдөх нь мөн стрессээс шалтгаалсан байдаг. Үүнийгээ мэдэхгүй зүрхний эм ууж элдэв онош тавиулах нь бий. -Хүмүүсийн сэтгэцийн эрүүл мэндийн ойлголт, хандлага ямар байна вэ? -Өмнө нь галзуу, солиотой хүнийг эмчилдэг гэж боддог байсан бол одоо сэтгэлзүй их чухал гэдгийг ойлгож зөвлөгөө авах нь ихэссэн. Энэ дагуу сэтгэлзүйн зөвлөгөө авах, сэтгэл засал хийлгэнэ гэсэн хүмүүс хандах нь элбэгшиж байгаа нь сайн тал. Урьд нь бол оюуны хомстолтой хүнийг сэтгэцийн эмгэгтэй гэдэг байлаа. Харин одоо нойргүйдэх, тамхи татах зэрэг нь ч эмгэг гэж ойлгодог түвшинд ирсэн байна.


“СЭТГЭЛЗҮЙН ОНОШИЛГООНД ХҮҮХДҮҮД ИХЭЭР ХАМРАГДАХ БОЛСОН”

Тус эмнэлгийн Амбулаторийн тасгаар орлоо. Цаг дөнгөж 9:30 болж байсан ч цаг авах, үзлэг, эмчилгээнд орох гэсэн хүмүүс үзүүлэх өрөөнийхөө үүдэнд дараалал үүсгэжээ. Энд Хүүхэд өсвөр үеийн үзлэг, Стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэгийн үзлэг, Урьдчилан сэргийлэх үзлэг гэсэн гурван кабинет ажиллаж байв. Мөн хэвтэн эмчлүүлэхээр өвчний түүх нээлгэх гэсэн арав гаруй хүн зогсжээ. Дээрх кабинетуудаас цар тахлын улмаас хамгийн их ачаалалтай ажиллаж буй нь хүүхдийн үзлэгийн кабинет аж. Тус кабинетын үүдэнд дөрөв, тав, 15 насны гурван хүүхэд ээжүүдтэйгээ иржээ. Тэдний нэг болох иргэн Н-ээс ямар шалтгааны улмаас хүүхдээ үзүүлэх гэж буйг асуухад “Манай ач хүү таван настай ч хэлд орохгүй байгаа юм. Энд ирж үзүүлснээр, хэл заслын эмчилгээ хийлгэж буй.

Хамгийн гол нь эндээс групп тогтоолгосон болохоор сардаа нэг эмчид үзүүлж, зөвлөгөө авдаг. Өнөөдөр ч мөн зөвлөгөө авч, эмчдээ үзүүлэхээр 09:00 цагаас үзлэгийн хуваарь авсан ч эмчийнх нь компьютер эвдэрснээс хүлээж байна” гэв. Харин 15 настай хүүгийн хувьд сэтгэлзүйн оношилгоо хийлгэж, эмчид үзүүлэхээр ирсэн гэнэ. Түүний ээж Х “Хүү маань төрөхдөө харвалттай төрсөн. Энэ байдал сэтгэцэд нь нөлөөлөх вий гэж айдаг юм. Тэгээд сая Q шалгуултал 80 гаруй хувиар эрүүл гарлаа. Ашгүй сэтгэц нь зүгээр байгаад баяртай байна” гэлээ.

Ийнхүү дөрөв, таван нас хүрсэн ч хэлд ороогүй, цахим тоглоомд өртсөн, оюуны хомстолтой зэрэг хүүхдүүд энд ирж үзүүлж, оношлуулдаг байна. Энэ талаар СЭМҮТ-ийн Хүүхэд өсвөр үеийн клиникийн эрхлэгч Л.Цэрэндолгор ”Манай Хүүхэд өсвөр үеийн үзлэг кабенитийн хувьд өдөрт ажлын цагаар 12 хүүхэд үзэх нормын дагуу нэг хүүхдийг 30 минут үздэг. Харин цар тахал гарч, хөл хорионоос үүдэн хүүхдүүдэд сэтгэцийн эрүүл мэндийн асуудал нэлээд тулгарсан байдлаас үүдэн дээрх тооноос илүү буюу зарим өдөрт 20 давж буй. Эдгээр хүүхдүүд ихэвчлэн стресстэй холбоотой эмгэг, гэр бүлийн орчноос үүдсэн архидалт, хүчирхийлэл, үе тэнгийн ялгаварлан гадуурхалт зэрэг шалгаантайгаар ирдэг. Үүнээс үүдэн булчин татганах, орондоо шээх зэрэг эмгэг түгээмэл байна. Манай кабинет улсын хэмжээнд 18 хүртэлх насны бүх хүүхдэд сэтгэцийн тусламж үйлчилгээг үзүүлд эг учраас хөгжлийн хоцрогдолтой хүүхдүүд үзүүлж, зөвлөгөө авдаг.

Сүүлийн жил гаруйн хугацаанд цар тахлын нөхцөл хүүхдүүдэд их нөлөөлж байна. Хүүхэд гэдэг бусдын дунд нийгэмших, тэр хэрээр өөрийгөө илэрхийлэх ёстой. Гэтэл жил гаруйн хугацаанд гэрт нь хорихоор хэл ярианы хоцрогдолд орох, зожгорох байдал ажиглагдаж байна” гэж ярилаа. Эмчийн өрөөнөөс гарахад, дахиад таван хүүхэд нэмэгдэж ирсэн харагдав. Тус төвд хамгийн чухал үйл ажиллагаа явуулдаг дараагийн нэг клиник бол сэтгэлзүйн оношилгоо.Уг клиник нь хүний сэтгэц, Q ямар хэмжээнд буйг тогтоож, сэтгэцийн өвчний хөнгөн, хүнд байдлыг тодруулдаг байна. Энэ талаар тус төвийн Сэтгэлзүйн оношилгооны эмч Ц.Нямцэцэг “Сэтгэцийн эмгэгийг шинж илэрсэн хүнийг эхлээд харьяа дүүргийн эмч нар үзээд, тухайн хүн нарийвчилсан шинжилгээ хийлгэх шаардлагатай гэсэн тохиолдолд манай клиник үздэг. Бид одоогоор олон улсад хэрэглэгддэг 40 гаруй төрлийн тестээр оношилж байна. Энэхүү сэтгэлзүйн сорил нэг хүнд хоёр цаг зарцуулж хийдгээрээ бусад сорилоос ялгаатай. Манай оношилгооны төв стандартынхаа дагуу өдөрт 3-4 хүн үзэх нормтой байдаг.

Зарим тохиолдолд хөдөө, орон нутгийн иргэдэд хүндрэл үүсгэхгүйн тулд тухайн өдөр нь шинжилгээ авдаг. Нийт шинжилгээнд орж байгаа хүмүүсийн 50-аас дээш хувь нь оюуны хомстол өвчнийг илрүүлэх зорилготой. Цар тахалтай холбоотойгоор сэтгэлзүйн оношилгоонд хүүхдүүд ихээр хамрагдах болсон. Тухайлбал, манай хүүхэд энэ жил дөрөвдүгээр анги мөртөө уншиж бичиж сураагүй гэж хандах эцэг, эх, эмээ, өвөө нар их байна. Тэгээд үзэхээр тухайн хүүхэд оюуны хомстолтой биш, хичээлийн хоцрогдолтой байна” гэсэн юм.




0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна