Вьетнамд халдвар тараасан хэргээр таван жилийн хорих ял оноожээ

Админ
2021/09/09

С.ЭНХЦЭЦЭГ

Вьетнамын төрийн мэдээллийн агентлагийн мэдээлснээр иргэн 28 настай Ле Ван Три коронавирусийн халдвар тараасан гэх хэргээр таван жилийн хорих ял сонссон байна. Түүний нэгдүгээр хавьтал болох найман иргэнээс халдвар илэрсэн бөгөөд тэдний нэг нь өвчний хүндрэлийн улмаас нас баржээ. Вьетнам хатуу хөл хорио, дэглэмийн ачаар халдварыг тархаахгүй хамгийн удаан барьж чадсан орон болоод байсан билээ.

 Хорих ял оногдуулах болсон гол шалтгаанд иргэн Ле Ван Три явсан маршрутаа худал мэдээлсэн, 21 хоногийн хорио цээрийн дэглэмийг зөрчсөн, халдвар тээгч гэдгээ нуусан зэрэг орох юм. Тэрбээр Вьетнамын нийслэл Хо Ши Мин хотоос өмнө зүгт орших Камау мужид очсон бөгөөд орон нутгийн хил рүү нэвтрэх хорио цэрийн дэглэм, болон албаны хүмүүсийн өгсөн зааварчилгааг зөрчсөн аж. 

Саяхныг болтол Вьетнам улс Ковид-19 халдварын тохиолдол дотоодод бүртгэгдээгүй цөөн хэдэн орнуудын нэг байсан. Гэвч зургадугаар сараас хойш халдварын тоо эрс нэмэгдэж дельта хувилбар давамгайлах шинжтэй болов.Тус улсад 530 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж, 13300 гаруй хүн цар тахлын улмаас нас барсан гэсэн мэдээлэл байна. Цар тахлын улмаас нас барагсдын ихэнх хувь нь сүүлийн хоёр сард илэрсэн бөгөөд бүгд нийслэл хот Хо Ши Миний бүс нутгаас гарчээ. Долдугаар сарын эхээр Ле ВанТри мотоциклоор Хо Ши Мин хотоос тус улсын өмнөд хэсэгт орших Ка Мау муж руу явсан байна. Ка Мауд цар тахал гарснаас хойш хоёр жилийн хугацаанд 191 тохиолдол бүртгэгдэж хоёр хүн нас барсан явдал гарав. Засгийн газраас хэрэгжүүлсэн арга хэмжээний ачаар халдварын тохиолдол бүртгэгдээгүй ногоон бүс болж байжээ. Иргэн Три хотын шалган нэвтрүүлэх хэсгээр гарахдаа эрүүл мэндийн мэдүүлгийн хуудсыг худал бөглөсөн ба орон нутгийн эрх баригчдын гаргасан Ка Мау мужид зорчих 21 хоногийн тусгаарлалтыг зөрчсөн байна.

Улмаар иргэн Тригийн шинжилгээний хариу эерэг гарсан бөгөөд өөрийн очсон халамжийн төвийн ажилтнуудад халдвар тарааснаар ажилтны ар гэрийн нэг хүн хүндэрч нас барсан юм. Тус хэргийн шүүх хурлын дүн мягмар гарагт гарсан. Түүнийг таван жилийн хорих ялаар шийтгэхээс гадна 880 ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулжээ. Вьетнам улс өөр хоёр хүнд ижил хэргээр хоёр жилийн хорих болон 18 сарын тэнсэн харгалзах ял оноожээ. Тэдний нэг нь Вьетнамын агаарын тээврийн ажилтан онгоцны үйлчлэгч эмэгтэй байсан бөгөөд халдвар хамгааллын дэглэмийг зөрчсөн, зорчигчид халдвар тараасан хэргээр хоёр жилийн хорих ял сонссон юм.

Түүнээс өмнө өнгөрөгч оны арван хоёрдугаар сард тус улсын Ханой хотын Халдвартай тэмцэх, урьдчилан сэргийлэх төвийн даргыг ковид-19 халдварын дэгдэлтийг даван туулахад хэрэглэх тоног төхөөрөмж оруулж ирэхэд саад учруулсан хэргээр 10 жилийн хорих ял оноож байсан билээ. Ийнхүү Вьетнам улсын цар тахалтай тэмцэж буй арга барил дэлхийн улс орнуудын гайхширлыг төрүүлж байна. Тус улс цар тахалтай тэмцэх тухай хуулийн тооцох хариуцлагыг чангатгах арга замаар халдвартай тэмцэж байгаа ч энэ зөв шийдэл мөн эсэхэд олон улс эргэлзэж байгаа юм.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 223.104.39.104
    2021/09/10

    ho chin minh n huuchin niislel.odoo hanoi niislel n.

    Хариулах