Афганистаны шинэ засгийн газар аюул эрсдэлийн дунд төвхнөж байна

Админ
2021/09/09

С.ЭНХЦЭЦЭГ

Тун саяхан буюу наймдугаар сарын 31 -ний өдөр Афганистанаас дүрвэгсдийг гаргах сүүлчийн нислэг болсон билээ. Талиб бүлэглэл наймдугаар сарын дундуур Афганистаны нийслэл Кабул хотыг эзлэн авсан. Талибуудын халдлагад өртсөний дараа тус улсын ерөнхийлөгч Ашраф Гани Арабын Нэгдсэн Эмират улс руу дүрвэсэн юм. Түүнээс хойш 14 хоногийн хугацаанд олон улс хэдэн зуун мянгаар тоологдох дүрвэгсдийг АНУ-ын цэргийн хүчний тусламжтайгаар өөрийн оронд хүлээн авч байсан. Дүрвэгсдийг гаргах сүүлийн хугацаа гэж заасан наймдугаар сарын 31-ний өдөр Талиб бүлэглэл албан ёсоор тусгаар тогтнолоо олон улсад зарлаж, афганистан дахь өөрийн бүрэн эрхийг тогтоох арга хэмжээг янз бүрийн хэлбэрээр гүйцэтгээд байна.

Афганистаны түүхэнд 1996- 2001 оны хооронд террорист бүлэглэл засгийн эрхийг авч байсан удаатай. Тухайн үед эмэгтэйчүүдийн эрхийн тухай асуудал хурцаар хөндөгдсөн төдийгүй гэмгүй иргэд рүү чиглэсэн цуст шийтгэлүүд эмх замбараагаа алдаж байв.Афганистанаас дүрвэх хүсэлтэй олон зуун афгани иргэн Кабулын нисэх онгоцны буудлаас гарч чадалгүй хоцорсон. Ард иргэд 20 жилийн өмнөх байдалтай дахин нүүр тулна гэсэн айдастай байгаа аж. Харин Талибын дээд удирдагч Хайбатулла Ахундзада наймдугаар сарын 15-ны олон нийтэд хийсэн анхны мэдэгдэлдээ “Талибууд олон улсын бүх хууль тогтоомж, гэрээ, хүний эрхийн асуудлыг Исламын хууль тогтоомжтой хослуулан ухаалаг замаар засаглана” хэмээн олон улсад мэдэгдээд байсан юм.

Талиб бүлэглэл нь уламжлалт шариатын хууль ёсыг баримталдаг. Тиймээс ч Талибын хэвлэлийн төлөөлөгч Сохайл Шахин “Ирээдүйд Афганистаны засаглал, амьдралын бүхий л асуудлыг ариун шариатын хуулиар зохицуулах болно” гэж мэдэгдсэн. Энэхүү хатуу дэг жаяг бүхий уламжлалт хууль ёс нь хүний эрх ёс суртахууны хуультай зөрчилддөг гэж хэлж болно. АНУ тэргүүтэй гадаадын цэргүүд татан буугдаж, барууны дэмжлэгтэй асан засгийн газар нуран унаснаас гурван долоо хоногийн дараа гэхэд Талибууд хуучны шариатын дэглэмийн шинжтэй хэд хэдэн шийдвэрүүдийг гаргаад байгаа. Тухайлбал Афганистанд дээд боловсролын сургуулиудын үйл ажиллагаа эхэлж бас оюутнуудыг эрэгтэй эмэгтэйгээр нь ангилан суулгах зохицуулалт хийжээ.

АНУ-ын засгийн газраас уг бүлэглэлд хандаж “Дэлхий та бүхнийг анхааралтай ажиглаж байгаа” хэмээх санааг даваа гаргийн мэдэгдэлдээ дурдсан. АНУын дэмжлэгтэйгээр боловсрол, иргэний эрх чөлөөнд 20 жилийн хугацаанд томоохон ахиц гарсан гэж хэлж болно.Афганистаны хувьд улс төр, хүний эрхийн олж авсан статусаасаа ухарч байна гэсэн үг. Түүнээс хойш хэд хэдэн хотод Талибын шинэ засгийн газрыг эсэргүүцсэн иргэдийн жагсаал өрнөсөн боловч харамсалтай нь хоёр афгани иргэн амиа алдаж 13 хүн шархадсанаар уг тэмцэл өндөрлөжээ. 2001 оныг хүртэл афгани эмэгтэйчүүд боловсрол эзэмших болон ажил хөдөлмөр эрхлэх эрхгүй байлаа. Тухайн үед цагдаа нар дүрэм зөрчсөн иргэнийг олон нийтийн газар цаазаар авах ялыг гүйцэтгэдэг байв. Харин Талибууд шударга ёсыг баримтална гэдгээ мэдэгдсэн боловч үүнийгээ батлах дорвитой шийдвэрүүдийг одоогоор хэрэгжүүлээгүй байна.


ШИНЭ ЗАСГИЙН ГАЗРЫН УДИРДЛАГУУДТАЙ ТАНИЛЦЪЯ

Ерөнхий сайдаар томилогдсон Мулла Хасан Ахунд хамгийн сүүлд Талибын засгийн эрхэнд байхдаа Гадаад хэргийн сайд, дараа нь Шадар сайдын албыг хашиж. Тэрбээр Засгийн газрын олон гишүүдийн нэгэн адил шийдвэр үйл ажиллагаанаасаа болоод НҮБ-ын хориг арга хэмжээнд хамрагдсан юм. Дотоод хэргийн шинэ сайд Сиражуддин Хаккани бол Вашингтоны террорист бүлэглэл гэж нэрлэгдэх Хаккани сүлжээг үүсгэн байгуулагчийн хүү юм. Тэрээр Аль Кайдагийн бүлэглэлийн хамсаатан бөгөөд АНУ-ын холбооны мөрдөх товчооноос хамгийн олон удаа эрэн сурвалжлагдсан хүн.

Талибаны гол төлөөлөгч Забихулла Мужахид Кабулд хийсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Талиб хөдөлгөөний улс төрийн албаны даргад Гани Барадарыг томилсон гэж мэдэгдсэн байна. Барадарыг төрийн дээд албан тушаалд томилсон нь Катарт болсон хэлэлцээнд АНУ-аас гарах тухай хэлцэл хийж, талибуудын нүүр царайг гадаад ертөнцөд танилцуулах үүрэгтэй байсан тул ийм шийдвэр гарагсан гэж ажиглагчид үзэж байгаа юм.Барадар өмнө нь АНУ-ын цэргийн эсрэг урт хугацааны бослогын үеэр талибуудын ахлах командлагч байсан. Түүнийг 2010 онд Пакистанд баривчилж, шоронд хорьсон бөгөөд 2018 онд суллагдсаныхаа дараа Доха дахь Талиб бүлэглэлийн улс төрийн албаны даргаар ажиллаж байжээ. Харин Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жен Псаки болон Ерөнхийлөгч Жо Байден Нью -Йорк руу нисэж байх үед Air Force One -ийн сэтгүүлчдэд хэлэхдээ, Талибын засгийн газрыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн байна.


 АФГАНИСТАН ЭДИЙН ЗАСГИЙН ХҮНД БАЙДАЛД ОРЛОО

Талибаны хэвлэлийн төлөөлөгч Мужахид эмх замбараагүй байдлын улмаас олон нийтийн үйлчилгээ нуран унаж, эдийн засгийн хямрал нүүрлээд байгааг мэдэгдсэн. НҮБ-аас өчигдөр хийсэн мэдэгдэлд Афганистанд үндсэн үйлчилгээнүүд зогсонги байдалд орж, хоол хүнс болон бусад нөөц хомстож байгааг анхааруулсан. Энэ жил хагас сая гаруй хүн дотооддоо нүүн шилжсэн байна. Тиймээс олон улсын хандивлагчдын бага хурлыг есдүгээр сарын 13 -нд Женевт хийхээр товлосон байгаа. Барууны хүчнүүд хүмүүнлэгийн тусламж илгээхэд бэлэн гэдгээ мэдэгдсэн боловч эдийн засгийн хамтын ажиллагаа нь Талибын засгийн газрын шийдвэр үйл ажиллагаанаас шууд хамаарах юм. 


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна