С.Ганбаатар: Ганцаардсан чоно шиг олон хавар “партизаны аян дайн” хийлээ

Админ
2021/09/09

--- Оюу толгойг Монголд ашигтай гэрээ болгох цондон туссан минь үнэн ---

П.ОЮУНСУВД

УИХ-ын гишүүн С.Ганбаатартай улс төрийн бууриа сэлгэх болсон талаар болон, өлсгөлөн зарласан шалтгаан, Засгийн газар, Оюу толгой зэрэг олон асуудлаар илэн далангүй ярилцлаа. УИХ-ын гишүүнээр сонгогдсоноосоо хойш хэвлэлд анх удаа бүрэн хэмжээний ярилцлага өгч буй нь энэ юм.

 - Ардчилсан намд орох шийдвэрийг яагаад гаргасан бэ?

-­Би МАХН буюу “Та бидний эвсэл”­ийн нэр дээр УИХ­ын гишүүнээр сонгогдсон. Сонгогчид төрд хяналт тавьж, хулгай хийхийг нь зогсоохыг захисан. МАН Ерөнхийлөгчийн сонгуульд намайг нэр дэвшихээс болгоомжилж, увайгүй байдлаар миний орогнож байсан улс төрийн гэрийг минь худалдаж авсан. Би МАХН­ыг буруутгахаас илүүтэй эрх баригчдыг буруутгаж байгаа. Буйран дээрээ ганцаараа үлдсэн хүн нь би. МАХН тамга тэмдгээ бариад МАН­д дагаар орсон. Тэд үзэл бодол, үнэт зүйлээсээ урвасан.

-Яагаад МАН-ын гишүүн болоогүй юм?

­-МАН­ыг сонгож үнэт зүйлээсээ урвах хүн би биш. Намайг тухайн үед Шадар сайд, УИХ­ын дэд дарга болно гэсэн нийтлэлүүд нэлээн явсан. Би албан тушаал горилдоггүй. С.Ганбаатар хатуу байр суурьтай хүн. Хэзээ ч сонгогчдынхоо итгэлийг улс төрийн ашиг хонжоогоор солихгүй.

-Та эхний асуултад хариулахгүй өнгөрчихлөө. Би асуултынхаа хариултыг авмаар байна?

-Надад гурван боломж байсан. Нэгд, МАН-д дагаар орж сүнсээ худалдах. Хоёрт, эрх баригчид тоглоом хийгээд задалчихсан АН-д орох. Гуравт, бие даагч болох. Энэ гурван боломжоос АН-д орох хувилбарыг сонгосон. Би бие даагч байсан шүү дээ. Их ганцаарддаг юм билээ. Яг хувь хүнийхээ хувьд миний нэр хүндэд бол амар ажил. Бие даагч хүчтэй тэмцэл хийнэ, үр дүнд бага хүрдэг. Бүлэг олуулаа шийдвэр гаргадаг. Энэ нь ард түмэнд тустай. Ардчиллын үнэт зүйлд итгэж АН-ыг сонгосон. Энэ шийдвэрээ буруу гэж боддоггүй. 

Өнөөдрийн АН засагт хамтрах нь бүү хэл их хуралд ч байхгүй байна. Би жудагтай ёс суртахуунтай үйлдэл хийсэн гэдэгтээ итгэлтэй байгаа. МАН-д гишүүнээр орсон бол хүмүүс намайг ёс суртахуунгүй гэж хэлэх байх.-Таныг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжгүй тул АН-ыг сонгосон гэдэг?

-Би МАХН-аас гараагүй. Энэ нам МАН-д дагаар орсон. Би 13 жилийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч болно хэмээн мэдэгдэж байсан. МАХН-д байхдаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн. 2020 онд дэвшинэ гэж бэлтгэлээ базааж байсан. Ардчилсан намд орсон ч би нэр дэвшинэ гэдгээ илэрхийлсэн, зүтгэсэн. Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулна. Баялгийн эх оронч үзлийг Монголд дэлгэрүүлсэн Ерөнхийлөгч болно.

-Улс төрийн бууриа сэлгэх хэр байна. АН-ын ямар гишүүдтэй ойр ажиллаж байна?

-Ер нь бүх гишүүдтэйгээ гайгүй. Их аятайхан хүмүүс байдаг. (Инээв)

-Урд нь та бие даагч байсан. Одоо бүлгийн гишүүн боллоо. Танд ямар санагдаж байна?

-Бүлгийн үйл явц явж л байна. Би олон жил “партизаны аян” хийчихсэн хүн “отряд”, “армид” харьяалагдах аятайхан юм. Ганцаардсан чоно шиг олон хавар “партизаны аян дайн” хийлээ. Тэр дайндаа нэлээн мэргэшиж ур чадвартай боллоо. АН-д би хэрэг болно гэж боддог. Жирийн нэг гишүүн би биш.

-АН-д ороод тун удалгүй өлсгөлөн зарласан. Үүнийг янз бүрээр тайлбарладаг. Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Алтанхуяг гишүүнийг сунгаанд сойхын тулд өлсгөлөн зарласан гэж?

-УИХ-ын 13 гишүүн АН-ын байр суурийг илэрхийлдэг. Хуурамч тамга тэмдгийг зохиомлоор үүсгэж сонгуулийн хороонд захиалга өгч сөрөг хүчнээ самарсан явдал эрх баригчдад байж болохгүй зүйл. Үүнийг АН-ын бүлэг эсэргүүцэж өлсгөлөнгийн хэлбэрийг сонгосон. Ингээд УИХын дарга, МАН-ын удирдлагын зарим бүрэлдэхүүн хэлэлцээр хийж өлсгөлөнгөө зогсоох асуудлыг хөндсөн.

Бүлгийн гишүүд ярилцаж байгаад өлсгөлөнгөө зогсоосон. Н.Алтанхуяг гишүүнийг журмын нөхөд нь нэр дэвшүүлэхийг хүссэн. Үүнд эрх баригчид бүдүүлгээр, хууль бусаар дээрмийн аргаар саад хийсэн. Үүнийг ард түмэнд та бүхний сонгох эрхэнд халдчихлаа шүү гэдгийг илэрхийлж өлсгөлөн зарласан.-АН-ын бүлэг сөрөг хүчний үүргээ хангалттай биелүүлж чадаж байна уу?

-Бид бүх хүчээрээ чармайж байгаа. Бүлгийн 13 гишүүн, АН-ын дарга О.Цогтгэрэлтэйгээ хамтран ажиллаж байна. Хуурай гүжирт хариугүй гэдэг шиг гүжирдэж, гүтгэж хүчирхийлж байгаа энэ эрх баригчид өөрсдийнхөө үйлд аюултайгаар унана. Төрийн машиныг хөлөглөсөн эрх баригчид, хуулийг гууль болгодог эрх мэдэлтнүүдтэй тэмцэх нь сөрөг хүчинд ахадсан даалгавар.

-АН-ын бүлгийн дарга солигдох тухай чих дэлсээд эхэлсэн. Энэ үндэслэлтэй юу, худлаа мэдээлэл үү?

-Энэ зун Оюу толгойн ажлын хэсэгт их цаг зарцуулж ажилласан. Мөн Эрдэнэтийн зэс хайлуулах үйлдвэр гэх мэт таван үйлдвэрийн төсөлд анализ хийсэн. Зарим төслүүд нь Монголын болон Эрдэнэтийн ард түмний эрх ашигт ноцтой хохирол учруулахуйц байдлыг нь гаргаж хэрхэн засах тухай асуудал яригдаж байна. Түүнээс төслүүдийг зогсоох садаа болох гэдгээр биш шүү.

 Би юу хэлэх гээд таны асуултад хариулахгүй байна гэхээр ачаалалтай ажилласан учраас энэ мэдээллийг анх удаа танаас сонслоо. Үнэнийг хэлье, бүлгийн даргын марафон яригдвал би туршлагатай, хүчтэй, намын зохион байгуулалтад сайн, ардчилсан намын хүнээ дэмжинэ.-Та с аяхан твиттертээ жиргэсэн байсан. “Хүний гараар могой бариулаад Сү.Батболд Л. Оюун-Эрдэнийн засгийн газрыг унагаах гэж байгаа бол би энэ асуудалд оролцохгүй” гэж. Энэ талаараа тодруулаач?

 -Засгийн газар, Оюу толгойн асуудал дээр Монголын ард түмэнд сайнаар шийдэхийн тулд анх удаа “Рио Тинто” компанитай хэлэлцээрийн ширээнд сууж тодорхой буулт хийлгэж ажиллаж байна. Анх удаа Л.Оюун- Эрдэнийн Засгийн газар маш хүчтэй ажиллаж сөрөг нэхэмжлэлийг Олон улсын шүүхэд Монголын ард түмнийг төлөөлж гаргалаа. Энэ асуудал дээр нь би тууштай дэмжинэ. Өөрөөр хэлбэл намайг Засгийн газар, Ерөнхий сайд болгоныг үзэн яддаг, цондон тусчихсан хүн гэж зарим нь боддог. Надад тийм цондон байхгүй. Бараг бүх Засгийн газар “Рио Тинтой”-гийн бууны нохой болж угаадсыг нь долоосон. Надад нэг л цондон бий. Оюу толгойг Монголд ашигтай гэрээ бий болгох цондон туссан минь үнэн. Оюу толгойн гэрээ нааштай болгох магадлалтай. Ядаж энэ засаг хэлэлцээрт орж, сөрөг нэхэмжлэл гаргаад явж байна. Тулалдаанд ялагдаж болно. Дайнд ялагдаж болохгүй. Өнөөдөр энэ засгийн газрыг унагахын тулд “Рио Тинто”- гийн, тэжээврүүд аймшигтай хөдлөөд эхэлчихлээ. Ер нь Оюу толгойн талаар ард түмнийхээ талд байр сууриа илэрхийлсэн Ерөнхий сайд, Засгийн газар болгоны амыг барьдаг. 

Н.Алтанхуяг Ерөнхий сайд ард түмний төлөө байсан, түүний Засгийн газрыг унагасан. Ч.Сайханбилэг гарч ирээд Дубайн гэрээ гэдэг аймшигтай гэмт хэрэг хийсэн. Өнөөдөр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын олон алдаа бий. Би шүүмжилдэг, хариуцлага тооцохыг шаарддаг. Тэгэхдээ Оюу толгойн гэрээний асуудал дээр энэ янзаараа хүчтэй байр суурьтай байгаасай гэж хүсэж байна. Монголын ард түмэн үүнийг нь дэмжих ёстой.-Ээлжит бус чуулган зарлаж Засгийн газрыг унагах асуудал яригдаад авсан. Тодруулбал дөрвөн сайдын асуудал яригдсан. Засгийн газрыг унагах нь хэр зөв шийдэл вэ?

-Би сөрөг хүчний хувьд энэ Засгийн газрыг огцрох, хариуцлага тооцох ёстой гэдэг байр суурийг илэрхийлдэг. Эрх баригчид ковид дээр бодлогын алдаа гаргасан буруу ажилласан хэмээн огцруулах гарын үсэг зурж байсан тэр үед.

-МАН ажиллаж чадаж байна уу, чадахгүй байна уу?

-Оюу толгойн гэрээг Монголын ард түмэнд авч өгөхийн төлөө ажиллаж байгаа. Энэ явдал бол үнэхээр сайн. Бусад асуудал дээр бүр тэсвэр алдаж, үтэр түргэн огцруулах юм сан гэмээр ч асуудлууд зөндөө байна.

-Та өнгөрсөн нэгдүгээр сард бас өлсгөлөн зарласан. Шалтгаан нь Оюу толгойн асуудалтай холбоотой байсан?

-Тийм нэгдүгээр сарын 22- нд санаж байна. Би өлсгөлөн зарласан. Энэ өлсгөлөн зарлахаас 14 хоногийн өмнө төрийн гурван өндөрлөгт хандан “Олон улсын шүүхэд бид ялахаар болчихлоо Оюу толгойн гэрээг нааштай шийдэгдэх магадлалтай боллоо гэтэл гэнэт татгалзах гээд байна. Энэ маш том гэмт хэрэг гэдгийг хэлж уг асуудлыг их хуралд яриад өгөөч хэмээн албан тоот” явуулсан. Эрх баригчид үл ойшоосон. Энэ үед чуулган завсарлана гэдэг шийдвэр гарчихсан байсан. Ингээд тав хоног өлсгөлөн зарлаж иргэд намайг дэмжсэн. Олон хүчирхэг гишүүдийн дэмжлэгтэйгээр энэ асуудал шийдэгдсэн. Ингээд сөрөг нэхэмжлэл явсан.

Одоо сөрөг нэхэмжлэл олон улсын таван шүүх дээр яригдаж байгаа. Бид ялах магадлалтай учраас “Оюу толгой” компанийн зүгээс буулт хийх боломжтой гэсэн захидал саяхан ирүүлсэн. Гурван жилийн дотор нэг их наяд төгрөг төсвийн нэмэлт орлого болгож өгье гэлүү дээ. Монголын 34 хувийг дахиж эргэж харья гэсэн. Олон улсын хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт сая гарлаа. “Рио тинто” компани Монголын ард түмнийг хуурч байсан гэдэг нь тодорхой боллоо. Энэ бол Х.Баттулга Ерөнхийлөгч асан маш хүчтэй ажилласны үр дүн. Бас прокурор, Авлигатай тэмцэх газар, төрийн өмчийн газрын олон эх оронч төрийн албан хаагчдын нөр их хөдөлмөр байсан. Түүнчлэн эх орноо бодсон, муулуулж доромжлуулахаас, үл айж халшрахгүйгээр зүтгэсэн олон залуучуудын буян юм. Намайг өлсгөлөн зарлаж байхад далан залуу өдөржин, шөнөжин ачуулахгүй хамгаалж байлаа. Миний хэлэхийг хүсэж байгаа зүйл гэвэл сайн цаг ирж байгаа. Оюу толгойн ордыг Монголдоо буцаагаад авсан тохиолдолд олон мянган сургууль, цэцэрлэг, эмнэлэг, үйлдвэр, ажлын байр бий болно. Хамгийн наад зах нь монгол хүмүүс тэнэг биш, хувиа бодсон, хөгийн улс төрчдөөр дүүрэн биш гэдгийг дэлхийд тунхаглах алтан боломж хэмээн харж байна.

-Та ямар хуулийн төслүүдэд ажиллаж байгаа вэ?

 -УИХ-ын Хяналтын тухай хуулийн төсөл дээр ажиллаж байна. С.Бямбацогт гишүүн ахалж байгаа. Энэ үнэхээр сайн хууль. Уг хуулийг янз бүрийн байдлаар бүлэглэлүүд битгий эсэргүүцээсэй гэж бодож байгаа. Энэ намрын чуулганаар батлах гол хууль.

-Хуулийн гол акц нь юу вэ?

-УИХ хууль баталж шийдвэр, захирамж гаргадаг. Монгол Улс 30 жил хяналтгүй явснаас хулгай нүүрлэсэн. Энэ хууль хяналтын системийг чангатгах юм. Парламентын амин сүнс нь энэ хууль.

-Өөр ямар хууль дээр ажиллав?

-Усны тухай хуульд нэлээн ач холбогдол өгч ажилласан. Мөн бэлчээрийн тухай хуулийн ажлын хэсэгт ажиллаж байгаа. Эмийн тоног төхөөрөмжийн тухай хуулийн төсөл дээр ажиллаж байна. Эмийн тоног төхөөрөмжүүд бүлэглэлийн гарт орчихсон байна шүү дээ. 

Энэ мафуудтай төрөөс тодорхой хэмжээгээр зохицуулалт хийхгүй бол Монголын ард түмний эрх ашгийг боомилж байна. Үүнийг таслан зогсоохын тулд энэ хуульд ач холбогдол өгч ажиллаж байгаа.-Таны ирээдүйн хэтийн төлөвийг сонирхъё?

-Монголчуудын хамгийн хайртай улс төрч нь байх болно. Оюу толгойг Монголын ард түмэнд ашигтай болгоно. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдож сайн үйлийг дэлгэрүүлж хэрэгжүүлнэ.

 -Саяхан БСШУ-ны сайд Л. Энх-Амгалан МУИС, МҮИС хоёрын нэрний асуудлаар хүчтэй байр сууриа илэрхийлсэн. Энэ тал дээр таны байр суурийг сонсъё?

-Л.Энх-Амгалан сайдын талд байгаа. Хүүхэд галаар тоглож байвал хажуугаар нь дугуй өнгөрнө гэдэг гэмт хэрэг. МҮИС гэдэг нэрийн ард амьдралд дөнгөж хөл тавьж байгаа хүүхдүүд бий. Энэ Засгийн газрын сургууль юм байна. Ард нь Монгол Улсын баталгаа байгаа гэдэг ойлголт үүснэ. Нэртэйгээр нь Монголын Засгийн газрын их сургууль гээд нэр өгчих. Тэгвэл бас дахиад зулын гол болох уу. Үндэсний гэдэг нэрэнд стандарт байх ёстой. Энэ ар нь түүз юм байна гэж итгэж орж байгаа олон хүүхдүүдэд үндэсний биш шүү гэдгийг нь илэрхийлж, хэлж ойлгуулах хэрэгтэй. Монголын үндэсний их сургууль гэж бичээд ард нь хаалтан дотор “хувийн их сургууль” гэж тодотговол зөв болно.

-Хоёулаа сэдвээ өөрчлөх үү. Та А.Адъяасүрэн гишүүнд дөнгөж сонгогдсон үед нь юу гэж хэлсэн юм бэ?

 - А.Адъяасүрэн гишүүнд хандаж “Парламентад ирээд чимээгүй байж болдоггүй юм шүү. Монголын ард түмний эрх ашгийг зөрчиж байгаа энэ хулгайч луйварчидтай шууд зодолдоорой, тэмцээрэй битгий бууж өгөөрэй, энийг л чиний сонгогчид хүсэж байгаа шүү” гэсэн. Үүнийг шивнэж хэлэхгүй бол чангаар яримааргүй үг байгаа биз. Нэгэнт та асуусан учраас би нээлттэй хэллээ шүү. Би санаа зовохгүй байна. Та өөрөөс нь бас асуугаарай яг ийм л үг хэлсэн. А.Адъяасүрэн маш их хөдөлмөрч хүн. Би хүндэлдэг. Жижигхэн биедээ баймгүй мундаг ухаантай эмэгтэй. Олон мянган хүмүүсийг ажилтай орлоготой болгож, том компанийг удирдаж хөл дээр нь босгоно гэдэг жирийн эмэгтэй хүн битгий хэл эрчүүдийн хувьд хүнд ажил. 

Говийн хүмүүс айхтар сэтгэлийн тэнхээтэй холч ухаантай. Хангайнхан их эрэмгий, зоригтой, хөдөлмөрч, дайчин. Би хангай талын хүн. Энэ утгаараа гишүүн бид хоёр их зохицдог.Тэгэхээр Баянхонгорчууд маань хөдөлмөрч дайчин, ялангуяа ийм хүчирхэг эмэгтэй хүнийг сонгож төлөөллөө болгосон явдалд би талархалтай байгаа. Ер нь олон эмэгтэй парламентад сонгогдож байж авлига багасдаг гэсэн олон улсын судалгаа байдаг. Би эрчүүдийг бүгдийг нь идэж ууж байгаа гэж хэлээгүй шүү. Гэхдээ эрх баригчид дотроос эрчүүд ихэвчлэн иддэг. Би өөрөө эрэгтэй хүн хэдий ч энэ болгоныг засаж залруулахын төлөө ажилладаг учраас ийм байр суурийг илэрхийллээ.

- Та хоёрын зургийг янз бүрээр эвлүүлж, бүүр гэрлүүлээд , хүүхэдтэй болгочихсон байсан. Таны гэргий хэрхэн хүлээн авсан бол?

-Би арьсаа элдүүлсэн амьтан шүү дээ. Манай гэр бүлийн хүн тоогоогүй. Үнэхээр буруу зөрүү юм хийдэг хүний хувьд хүнд тусна. Миний хань надад итгэдэг, надад хайртай, би ханьдаа хайртай.




0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна