​ Их амьдрал руу ирж яваа дүү минь...

Админ
2021/09/09

А.МӨНХЖИН

Их хот руу, их амьдрал руу ирж яваа дүү минь. Эрдмийн мөрөө хайж яваа, ирээдүй рүү нүүж яваа дүү минь. Өсөж торниогүй ч, идээшиж дассан энэ л хотдоо намрын намарт өнгөт шүхрийн дор өсгий товшин алхахад таардаг нэг асуултад их дуртай. Эгч ээ, МУИС хаана вэ, ах аа, СУИС руу яаж очих вэ, автобусанд хаанаас суух вэ?

Хөдөөнөөс ирсэн хөөрхөн бор хүүхдүүд ийн дандаа асууна. Инээмсэглэн би хариулна. Өнөөдөр тэд сургуулиа олохгүй төөрч яваа ч удахгүй ирээдүйнхээ замыг олно, амьдралынхаа замыг олно. Эгч чинь ч гэсэн яг л чам шиг их мөрөөдлөөс цаашгүй амьтан ингэж л төөрч будилж явлаа. Гэвч хүсэл мөрөөдлийн чиг чинь зөв бол зурайгаад олддог зам, дурайгаад ирдэг амьдрал юм шүү дүү минь. Тэмтэрч бэдэрч, төөрч будилж явлаа ч өөрийн гэсэн замаа нэг л олсон бол эргэлтгүйгээр замна. Асуу, асуу ах, эгчээсээ ахиад олон зүйлийг асуу. Энэ замыг бас л чам шиг асууж сураглан байж олсон болохоор хариулахад хэзээд бэлэн байна.

Хөдөөнийх гэж тэднийг бүү хялай. Юу ч мэдэхгүй гэж бүү басамжил. Алтан тэвшийн хөндий атар онгон байхад хэн энд хотынх байсан юм бэ. Бид бүгд дөрвөн уулынхаа дунд уван цуван ирсэн нүүдэлчид. Зүгээр л тэдэнд гудамжинд шүлсээ хаядаггүйг, гүүрэн дээр такси барьдаггүйг, гарцаар заавал зам гардгийг, ил задгай хогоо хаядаггүйг, асууж байж хүний юманд хүрдгийг, хот гэдэг олон дүрэмтэй их айл гэдгийг, дүрэм дагахгүйгээр хотын хүн хэзээ ч болохгүйг л зөвлөөд хэлээд өгчих. Энэ их амархаан дүү минь. Уурган дээгүүр алхдаггүйтэй чинь адилхан, унасан морио зоддоггүйтэй чинь ижилхэн, ижий аавынхаа үгэнд ордогтой чинь ижилхэн, усны цэнгэгт сүү дусаадаггүйтэй чинь адилхан, хөлстэй эмээлээ хуулдаггүйтэй чинь ижилхэн.

Энэ их амархан дүү минь. Хот гэдэг уулын хяраанд хашгирч дуулдаг шиг, хөдөө талд бууриа хатгадаг шиг, буусан газраа биеэ хөнгөлдөг шиг чинь хэтийдсэн эрх чөлөөтэй газар биш гэдгийг хэзээд санаж яв. Хот газар биеэ хичээ, хүний газар нэрээ хичээ.Их хот руу, их амьдрал руу нүүж яваа дүү минь, эрдмийн мөрөө хайж яваа дүү минь. Эгч нь чамд хэдхээн жилийн дараа хөгшин өрнийн гудамжинд Харвард хүрэх замыг асууж зогсохыг ерөөе. Харин түүнийхээ дараа Монгол руугаа л ирэх замаа битгий мартаарай. Битгий асуулгаарай, битгий голоорой. Нутгийн зам үргэлж ивээлтэй байдаг юм шүү. Их амьдрал руу ирж яваа дүү минь, ирээдүй рүү нүүж яваа дүү минь ээ.


0
3
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.