“ЖДҮ”-чин Н.Цэрэнбатаас өөр “Эрдэнэс Оюутолгой”-г удирдах хүн МАН-д алга уу!

Админ
2021/09/10

У.ОРГИЛМАА

Ж.Эрдэнэбатын Засгийн газарт Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан Н.Цэрэнбатыг “Эрдэнэс Оюутолгой” ХХК - ийн гүйцэтгэх захирлаар томилохоор яригдаж байна. Энэ бол 160 мянган гишүүнтэй МАН-ын хүний нөөцийн асуудал талаасаа муу мэдээ юм. Учир нь Н.Цэрэнбат нь БОАЖ-ын сайдаар ажиллаж байхдаа нэг бус удаа авлигын шинжтэй санхүүгийн асуудалд холбогдож байсан. Тодруулбал, АТГ-аас тухайн үед мэдээлэхдээ “БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат өөрийн ойр дотны, бизнесийн хамтрагч байсан найзынхаа компанийн данс руу 200 гаруй сая төгрөг шилжүүлсэн. Ингэхдээ ямар нэгэн тендер огт шалгаруулалгүйгээр шууд бэлэн мөнгө өгсөн байгаа. Энэ нь эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу эрх олгосон, мөн Тендерийн тухай хуулийг илтэд зөрчсөн болох нь тодорхой байна.

Н.Цэрэнбатын өгсөн үүрэг даалгавраар “Эрдэнэзул” компани руу шилжүүлсэн мөнгийг Н.Цэрэнбатын төрсөн дүү Н.Отгонжаргал авсан нь шалгагдаж байна. БОАЖЯ-ны хурлын танхимын засвар, ном хэвлүүлсэн гэх зүйлд зарцуулсан гэж байгаа. Хэдийгээр санхүүгийн тайлан байгаа боловч хууль зөрчсөн үйлдэл болсон нь шалгалтын явцад хэд хэдэн баримтаар нотлогдоод байна. 

Мөн дээрх хэргээс гадна Н.Цэрэнбат сайдтай холбоотой улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй ноцтой өөр хэргийг дөнгөж шалгаж эхэлж байна” гэж байв. Харин Н.Цэрэнбат үүнийг “АТГ улс төржсөн мэдээлэл хийлээ. Миний ХОМ-тээ мэдүүлсэн 26 компани ийм асуудалд оролцоогүй” гэж мэдэгдэж байлаа.Мөн “Өдрийн сонин”-ы 2019 оны тавдугаар сарын 3-ны өдрийн дугаарт “ЖДҮ-д нэр холбогдсон 49 гишүүн хэн байв” гарчигтай, ЖДҮХС-гаас эрх мэдэл, албан тушаалаа ашиглан өөрийн болон хамаарал бүхий компанидаа их хэмжээний зээл авсан 49 гишүүний дөрөвт тухайн үеийн УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат бичигдсэн байдаг. Тодруулбал, 2018 оны долдугаар сарын 5-нд “Баруун загвар” ХХК-д 160, мөн оны долдугаар сарын 9-нд “Баян таван тэс” ХХК-д 250, мөн оны есдүгээр сарын 21-нд “Аргалантын хур” ХХК-д 600 сая төгрөг гээд нийт нэг тэрбум 10 сая төгрөгийн зээл гаргуулж авсан байгаа юм. Энэ бол сайдтай хамаарал бүхий зээл гэдэг нь албан ёсоор баталгаажсан буюу хуулийн байгууллагынханд ил мэдэгдэж буй компаниуд бөгөөд ЖДҮХС-гийн зээлийн дуулиан үүсэх үед Н.Цэрэнбат сайдтай холбоотой дахиад гурван ч компанийн нэр дурдагдаж байсан.

 Үүнд, түүний УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан 2016-2017 онд мэдүүлсэн ХОМ-т нь дурдагдсан “Булган буудайн түрүү” ХХК нь ЖДҮХС-гаас 600 сая, түүний хувь эзэмшдэг “Хархираан хөгжил” ХХК нь нэг тэрбум, “Наму дэвжих” ХХК 1.6 тэрбум төгрөгийн зээл авсан гэх мэдээллүүд хэвлэлд нийтлэгдэж байсан юм. Ямартай ч хамгийн сүүлийн байдлаар 26 компаниа ХОМ-тээ мэдүүлсэн залуу улстөрч, бизнесмэн Н.Цэрэнбаттай холбоотой зургаан компанийн нийт зээлийн хэмжээ 4.2 тэрбум төгрөгт хүрсэн ч, түүнийг хэрхэн хянаж шалгаж ямар үр дүнд хүрсэн мэдээлэл ч хаалттай болсон юм даг. 

“ ЖДҮ ” - чин гэдэг нэр Монголын төрийн хамгийн олон эрх мэдэлтнийг хамарсан гэмт хэрэг хэмээгдэж нийгэм даяар жигшигдэж байв. Тэр ч байтугай “Ордны хуйвалдаан”-аар улс төрийн авлигын аргаар Засгийн газрыг огцруулах улс төрийн хэрэгсэл хүртэл болж байсан нь саяхан билээ. Тухайн үед бусдаас давуу эрх эдэлж ашиг хонжоо олсон тэднийг үзэн ядаж, хууль хяналтын байгууллага хариуцлага тооцно гэж найдаж байсан.Тэр үед дээрх асуудлаар шалгагдаж буй улстөрчдийн талаар Улсын Ерөнхий Прокуророор ажиллаж байсан М.Энх-Амгалан 2018 оны арваннэгдүгээр сарын 7-ны өдөр УИХ-ын чуулганы танхимд “Би энэ асуудлыг гурав дахь удаагаа оруулж ирж байна. Эхний хоёр дээр та нар татгалзсан хариу өгсөн. Шударга ёс гэдэг чинь энэ танхимаас эхлэх ёстой юм. Хаана байгаа юм бэ, тэр шударга ёс чинь? Хууль ёсыг дээдлэх ёстой гэх зарчимтай УИХ яагаад энэ хүмүүсийг журмынх нь дагуу шалгуулж болдоггүй юм бэ” хэмээн давчдан хэлсэн нь Ард түмнийхээ талд хүлээн зөвшөөрөгдсөн, албан тушаалтнуудыг хуулийн өмнө бөхийлгөх гэсэн хэзээ ч мартагдашгүй үг байлаа.

Гэтэл өнөөдөр хар! “ЖДҮ”-чин буюу эрх мэдлийн давуу байдлаар, “ мэдээлэлд ойр” байдлаа ашиглаж бизнес эрхлэгчдэд олгогдох байсан бага хүүтэй, нөхцөл сайтай зээлийг олж авсан тэр хүмүүс бүгд албан тушаалаар шагнууллаа. Сонгуульд нэр дэвшиж яллаа! Төрийн өмчит компаниудыг удирдах боллоо! Тэдэнд Монголын Төр ямар өртэй юм бэ? “Эрдэнэс Монгол”- ын дэд захирлаар томилогдсон Л.Энхболдын хэдэн сангаас ямар зээл авсныг хэчнээн анхааруулаад ч томилогддог л юм байна. О.Батнасанг “Монголын төмөр зам” - ын захирлаар томиллоо гэхчлэн тоочоод байвал баршгүй. Хамгийн сүүлд авсан мэдээллээр БОАЖ-ын сайд асан Н.Цэрэнбатыг Оюутолгой гэх аварга төслөөс Монголын Засгийн газрын мэдлийн 34 хувийг эзэмшдэг “Эрдэнэс Оюутолгой”-г удирдуулах гэж байна. МАН нэр цэвэр хүмүүсээ төрдөө илгээхийн оронд ямар нэг өртэй мэт байдлаар төсвийн мөнгөөр угжих ямар шалтгаантайгаа сонгогчдодоо тайлбарлах шаардлагатай. Энэ талаар бид цуврал нийтлэл хүргэх болно.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна