“Мөр бүтэн, гэдэс цатгалан” байх нь хүүхдийн эрх биш, амьтны хэрэгцээ

Админ
2021/09/10

--- Хүүхдийг тэжээвэр амьтан шиг үздэг томчуудад дайх үг ---

А.МӨНХЖИН

ТОМЧУУД ХӨӨХ ЭРХТЭЙ БОЛ ХҮҮХЭД ТОГЛОХ ЭРХТЭЙ

Орой байрны гадаа унадаг дугуй, дугуйт тавцантай хэдэн хөвгүүд сагсны талбайн брожур дээр болжмор шиг ирийн сууна. Тэд томоотой сууцгааж байгаагийн учир нь ковидын хөл хорионоос болоод тэр хавийн сагсны самбарыг бүгдийг нь СӨХ хураачихсан юм. Удалгүй дугуйт тавцангийн тээртэй чимээ сонсогдож, хөвгүүдийн дуу хадаад ирэв. Төд удалгүй цагдаагийн машин гулсах мэт чимээгүй ирж зогсоод хөвгүүдийг үргэсэн болжмор шиг тарааж орхихыг харлаа. Цонхны дор харж суусан хүнээс асуувал “Дуу чимээ гаргалаа бас ковидын үед олноороо цугларлаа гээд оршин суугчид цагдаа дуудсан гэнээ” хэмээв. Хөөрхий долоон хөвгүүн “олуул” цуглаж, “их” дуу чимээ гаргасан тул ийнхүү оройн цагаар гадаа тоглох эрхээ хасуулан тоглоомын талбайгаас хөөгдөв.

Өөрсдөө хүүхэд байгаагүй юм шиг ямар хачин хүмүүс вэ, хүүхэд л юм чинь тоглоно, цуглана, хөөрнө, хашхиралдана шүү дээ. Тоглох гэдэг ер нь хүүхэд бүрт заяагдсан эрх байхаа гэж үг нэмбэл гадаа хүүхдээ салхилуулж суусан настайвтар эмэгтэй “Та чинь ямар сонин хүн бэ? Энд чинь зөндөө нялх нойтон хүүхэдтэй хүмүүс амьдардаг. Одоо л нэг их хүүхдийн эрх ярьдаг болж гэнэ” хэмээн тас намжирдав. Өөрийнх нь хүүхэд агаарлаж, хүнийхийг харин хөөж болдог аж. Бас “нялх нойтон” нь хүүхэд юм бол бусад нь хэн байдаг хэрэг вэ гэсэн хачин бодол зурсхийв.

Томчууд өөрсдөө хүүхэд байхдаа тоглож өсөөгүй гэж үү? Эсвэл хот суурингийн томчууд хүнээс давсан ямбатай байдаг юм болов уу. Хүүхдийн заяагдмал эрх гэдэг “Одоо л нэг ярьдаг болсон зүйл биш” хүн болж хүйн хорвоод төрөхөд нь л хамт ирдэг хүний хувь тавилан байхдаа томчууд минь. Саяхан: 1. Өглөө 06 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд гар утаснаасаа хөгжим тавин дасгал хийж байсан залуусыг унтуулсангүй хашхиралдлаа хэмээн нэгэн хүрз барьсан залуу айлган сүрдүүлж хөөв. 2. 50 дугаар сургуулийн урд байрлах тоглоомын талбайд шөнийн цагаар иргэдийн амар тайван байдал алдагдуулж, чимээ шуугиан их гаргаж байна гэсэн иргэний гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлага мэдээллийн дагуу очиход хэсэг залуус сагс тоглож байсныг баривчилж, Зөрчлийн хуулиар торгожээ.

Энэ тухайгаа Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Цагдаагийн байгууллагаас шалтгаангүйгээр нэг ч иргэнийг торгосон, баривчилсан, хүний эрхэд халдсан тохиолдол байхгүй. Өчигдөр цагдаагийн байгууллагаас очиж Зөрчлийн хуулийн дагуу 22:00 цагаас хойш та нар чимээ шуугиан гаргаж олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулж болохгүй. Одоо тар гэж шаардлага тавихад хүлээж аваагүй” гэсэн тайлбарыг өгчээ. Энэ мэт хүүхдүүдийг тоглоомын талбайгаас нь хөөдөг томчуудын асуудал дуусахгүй. 

Мэдэгдсэн нь дээрх болохоос хүүхдүүд хаа сайгүй томчуудад хөөгдсөөр л явна. Хүүхдэд байдаг хамгийн наад захын түгээмэл хийгээд заяагдмал эрх нь тоглож наадах.Тиймээс л орон сууц бүхний гадаа хүүхэд тоглох “өчүүхэн” зай талбайг гаргадаг. Тэр талбайг байгуулсан эзэд нь бас л томчууд. Харин өнөөдөр тэр талбайдаа өөрсдөө тамхи татах эсвэл “нялх нойтон” хүүхэд, хөгшид өвгөдөө агаарлуулахаар хүүхэд, залуусаа хөөсөөр. Өглөө тоглох эрхгүй, орой ч тоглох эрхгүй. Цэцэрлэгт хүрээлэнд, зориулагдсан талбайдаа тоглох эрхгүй хүүхэд залуус. Тэгвэл тоглоомын талбайг хэнд зориулж байгуулсан юм бэ? Зөрчлийн хуулийг хэнд зориулж гаргасан хэрэг вэ? Гадаа тоглохоор нь тар гэж хөөнө, гэрт суухаар нь утас ширтлээ гар гэж хөөнө. Томчууд хөөх эрхтэй бол хүүхэд тоглох эрхтэй. Энд хүүхдийн хүчирхийлэл, амь нас, эрүүл мэндийг нь хохироосон гэмт хэргүүдийн тухай ярьсангүй. Томчуудын жижиг хэмээн тоодоггүй өдөр бүр зөрчиж, гишгэж дэвсэлж байдаг хүүхэд, залуусын эрхийн тухай хөндлөө.

ХҮҮХДЭД ЯМАР ЮМНЫХ НЬ ЭРХ БАЙДАГ ЮМ

“Энэнд ямар юмных нь эрх байдаг юм...” Зүрх зүсэм энэ үгийг хүүхдээ зодож байсан ээжийн амнаас сонссон юм. Дэлгүүрт ээжийгээ дагаж ирсэн бяцхан хүү амттан авахуулах хүсэл нь үл биелсэнд чангаар уйлж, мэддэг мэхээ хэрэглэсэн нь тэр. Гэвч ээж нь ичсэндээ хүүгээ дэлгүүрт балбав. Тэр үед ичиж уурласан ээж нь хүмүүст ийн хариу барьсан юм. Хүүхдээ амттан нэхэж сургачихаад албатай юм шиг дэлгүүрт дагуулж ордог. Орчихоод зодоон, цохион уйлаан майлаан болдог ээж, аав нар маш олон. Тэр ээжийн хэлсэн үг гашуун ч гэсэн харамсалтай нь үнэн.

Учир нь гэр бүлд хүүхдийн эрх эцэг, эхийн гарт байдаг. Эцэг, эх хүүхдээ зодно уу, ална уу, хаяна уу, өлсгөж цангуулна уу бүгдийг тэд л мэддэг. Мэдсээр ирсэн. Харин Монгол хэмээх улсын хувьд хүүхдийн эрх аль нэг бичиг цаасны хавтсан завсар байдаг. Хүүхдийн эрхийн тухай хууль дүрэм, статистиск, судалгаа ном товхимлын завсар л хүүхдийн эрх гээч хэвтээ. Тэр эрхийн тухай ойлголтыг эцэг эх, насанд хүрэгчдийн толгойд хэзээ, хэрхэн хүргэх вэ? Монголчууд хэзээний харгис хүмүүс. Хүүхдэдээ “таван салаа боов” өгөх, “турсагыг нь хуулах”, “цусыг нь холих”, “мөчийг нь санжуулах”, “хэлийг нь тасдах” гээд аймшигтай үг, хэллэг хэрэглэж айлган сүрдүүлж өсгөдөг. Үүнийгээ байх ёстой мэтээр үеийн үед сэтгэсээр ирсэн нь эдүгээ амьдралд бодит биеллээ олсон мэт.

 Хамгийн сүүлийн сэтгэл хирдхийлгэм жишээг бид бүгд зүрх шимшрэн үзсэн, уншсан, сонссон. Есхөн настай охиныг хойт эцэг нь хэрхэн тамлан зовоож, төрсөн эх нь чихэн дүлий, нүдэн балай царайлсаар явтал, хөөрхий охин цагдаа руу хоёр удаа залгасан дуудлагынхаа хариуг хүлээсээр амьсгал хураасан шүү дээ. Шуудхан хэлэхэд монголчуудын дээр үеэс хүүхдийг өсгөж ирсэн үг хэллэг, арга барил хийгээд одоогийн хэрэглээг шүтсэн, хүнлэг энэрэнгүй бус хандлагыг бүгдийг тас цохиж өөрчлөх цаг болсон. 

Хүүхдээ хүчирхийлдэггүй юмаа гэхэд “Мөр бүтэн, гэдэс цатгалан” өсгөлөө болоо гэх хандлага нийтлэг. Энэ хандлага бол хүний эрх биш амьтны хэрэгцээ гэж хэлмээр байна. Үс ноосгүй хүн гэдэг амьтан хувцас өмсөж, амьд байхын тулд хоол хэрэглэх нь тодорхой.Аав ээж болсноо амьтны хэрэгцээг хангах төдий авч үздэг ийм ичмээр зэрлэг хандлага нийгэм даяараа бий. Түүнээс цаашлаад хүүхдийн нэр төрд нь халдахгүй байх, хэл амаар доромжлохгүй байх, харааж зүхэхгүй байх, гоочилж шоолохгүй байх, ялгаварлан гадуурхахгүй байх, үзэл бодлыг нь хүндэтгэх, хувийн орон зайд нь халдахгүй байх гээд хүний эрхийн нарийн ойлголт яривал ойлгох эцэг, эх цөөрөөд ирнэ. Учир нь олон насанд хүрэгчид өөрт нь хүртэл ийм эрх байдгаа ч мэддэггүй амьдардаг.

Тиймээс л ядаж хүүхдийн “Хүн болох” язгуур эрхийг хөндөхгүй байхсан гэж ийнхүү бичиглэж сууна. Хүний эрхийн наад захын ойлголтгүй бол ядаж хүн гэгч амьтны хүсэл юу вэ гээд нэг бодчих хэрэгтэй. Хүн идэж уух, өмсөх хувцас, унтаж амрах, зугаацаж наадах, танин мэдэхийг хүсдэг. Хүүхдэд эдгээр хүсэл бүр илүү. 

Хүүхдэд хамгаалуулах эрх гэж маш том эрх бий. Энэ эрхийг томчууд хангах ёстой. Хүүхдийг хамгаалах эрх өөрөөр хэлбэл томчуудад үүрэг болж очно.Тухайлбал зөвхөн өнгөрсөн оны байдлаар хүүхдийг хувцас, хоол, хүнс, орон байраар зориуд гачигдуулсан зөрчил 23, хүүхдийг дархлаажуулалтад хамруулах үүргээ биелүүлээгүй зөрчил 18 (эрүүл, аюулгүй байх эрхийг нь зөрчсөн), хуулиар хүлээсэн асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ биелүүлээгүй зөрчил 23, хүүхдэд эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй хоол хүнсний зүйл хэрэглүүлсэн зөрчил 17, хүүхдэд утаат тамхи татахыг санал болгосон, бэлэглэсэн, эсхүл утаат тамхи олж авах, хэрэглэхэд дэмжлэг үзүүлсэн зөрчил 17, хууль тогтоомжид заасны дагуу өмчлөх, өв залгамжлах, эсхүл ажил үйлчилгээний хөлс, урамшуулал авах эрхийг хязгаарласан зөрчил 24, хүүхдийг сурч боловсрох, хөгжих, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хязгаарласан зөрчил 20, аливаа төлбөр хураамжийг төлөөгүй үндэслэлээр хүүхдийн сурч боловсрох эрхийг хууль бусаар хязгаарласан зөрчил 18, өөрийнх нь болон эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрөлгүйгээр гэрэл зураг, дууны, дүрсний, дуудүрсний бичлэгийг мэдээлэл, сурталчилгаанд ашигласан зөрчил 17, өөрт ашигтай байдал бий болгох зорилгоор хууль бусаар хүүхдийн нэрийг барьж, ашиг олох, эсхүл амь нас эрүүл мэнд, нэр хүндэд харшлах, аюул учруулах тоглоом наадам, бусад арга хэмжээнд оролцуулсан зөрчил 22, хүүхдийн хүсэл зоригийн эсрэг шашны үйл ажиллагаанд татан оролцуулсан зөрчил 18 гэх мэтээр хүүхдийн эрхийг зөрчсөн тохиолдлуудын статистик гарчээ. Энэ бол зөвхөн бүртгэгдсэн тохиолдол.

 Харин өдөр тутам энэ мэт зөрчлүүд үй түмээрээ гарч байдгийг уншсан бүхэн таамаглах байх. Энд 90-ээс дээш хувь нь хүүхдийн бие махбодид халдсан, үл хайхарсан, хүүхдийн дэргэд архидан согтуурсан, мансуурсан, хүчирхийлэл үйлдсэн зөрчил эзэлж байна гэсэн судалгаа гарчээ. Ингээд харахад монголчууд хүүхдийн эрхийг зөрчих биш хүүхдийн эрхэнд халдаж, бүр хүчирхийлж байдаг улс гэдэг нь харагдана. Эндээс тооны олон, цөөнийг нь биш хүүхдэд ямар эрх байдаг түүнийг мэдэхгүйгээр хэр зөрчиж байдгаа ойлгоосой, насанд хүрэгчид. Хүүхдэд эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй хоол хүнсний зүйл хэрэглүүлсэн бол зөрчилд тооцогддог байх нь. Бид захын ТҮЦ-нээс эхлээд том дэлгүүрүүддээ бүр сургуулийн цайны газартаа хүүхдийн эрүүл мэндийн эсрэг бүтээгдэхүүнүүд зарж, хүүхдээ амттанаар бялхуулж баярлуулдаг. Ийм л улс, ийм л хүмүүс. Гадаадад амьдардаг нэгэн ээж “Энд айлын хүүхдэд юу авахыг нь асуулгүйгээр бэлэг өгвөл гэмт хэрэг болно” гэж ярьж билээ.

Гэтэл манайд уйлахад нь чихэр өг, баярлуулахдаа ч чихэр өг, хүүхдэд ерөөсөө л чихэр өг гэдэг “дүрэмтэй”. Хүүхдийн хүсэл зоригийн эсрэг шашны үйл ажиллагаанд татан оролцуулсан зөрчил нэлээд хэд бүртгэгджээ. Харамсалтай хэд хэдэн тохиолдлыг санаж байна. Хүүхдээ харах хүнгүй гэдэг шалтгаар бэлдмэл зардаг сүлжээний сургалт, арга хэмжээнд дагуулж очдог, тухайн бүтээгдэхүүнээ хэрэглүүлдэг ээжийг харж билээ.Мөн шашны сүмд хүүхдээ дагуулж очдог олон аав, ээж нар бий. Шашны аливаа зан үйлд дагуулж явдаг, тухайн зан үйлийг хийхийг зааж сургадаг, дагахыг шаарддаг эцэг эхчүүдэд “Та хүүхдийнхээ эрхэнд халдаж байна” гэж хэлвэл яах бол? “Хүүхдийнхээ толгойг би мэднэ” хэмээн ам таглах биз. Ийм л учраас хүүхдийн эрх эцэг эхийн гарт байдаг хэврэг хийгээд хэцүү асуудал болоод байна. Эцэст нь хүүхэд хувцаслаж, хооллож, гэрээ цэвэрлүүлж, гар хөлийнхөө үзүүрт зарахад зориулагдсан ямар нэгэн гэрийн тэжээмэл хүн ерөөсөө ч биш юм шүү. Түүнд томчууд биднээс илүү олон эрх бий. Танд хүүхдийн өмнө хүлээсэн олон үүрэг бий. Учир тэр бол хүүхэд.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна