П.Сайнзориг: Сэтгэл санааны хохирлыг барагдуулах хуультай болно

Админ
2021/09/10

--- Хохирогчийн сангийн хуультай болохоор судалж байна ---

У.СҮХЭЭ

Хууль зүй дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзоригтой ярилцлаа.

-Сэтгэл санааны хохирлыг мөнгөн дүнгээр тооцож олгодог болох хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхээр танай яам хуулийн төсөл боловсруулж, олон нийтээс санал авч байгаа. Өмнө нь сэтгэл санааны хохирлыг тооцдоггүй байсан юм уу, яаж шийддэг байсан юм бэ?

-Аливаа гэмт хэргийн хохирогч тодорхой материаллаг байдлаар хохирохоос гадна сэтгэл санаанд нь хор уршиг учирдаг. Энэ нь түр зуурын болон байнгын шинжтэй, зарим нь бие махбодид учирсан хохирлын зэргээс шалтгаалж, сэтгэцэд нь хор уршиг учрах тохиолдол бий. Нэгэнт сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, засахад урт хугацаа шаардлагатай. Зарим тохиолдолд арилдаггүй хор уршиг ч бий. Олон улсын жишгээр сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн дүнгээр буюу нөхөн төлбөр хэлбэрээр барагдуулдаг. Манай хууль эрх зүйн орчинд сэтгэл санааны хохирол буюу сэтгэцэд учирсан хор уршгийг барагдуулсан жишээ байхгүй гэж болохгүй ч маш цөөхөн жишээ бий. Аливаа эрүүгийн гэмт хэргийг илрүүлэх явцдаа сэтгэл санааны хохирлыг тооцож барагдуулсан шүүхийн шийдвэр хоёр гурав л байдаг.

Иргэний журмаар явсан асуудлууд дээр цөөхөн шийдвэр байдаг. Энэ бүхнээс ажихад, сэтгэл санаанд учирсан хохирлыг хэрхэн яаж тооцох аргачлал, мөнгөн дүнгээр тооцлоо гэхэд ямар хэм хэмжээгээр тооцох нь тодорхойгүй байдгаас хохирогчид Монгол Улсын Үндсэн хуульд заасан шударга шүүхээр шүүлгэж, өөрт учирсан хохирлоо барагдуулах, зөрчигдсөн эрхээ дутуу сэргээлгэдэг гэж ойлгож болно. Тиймээс манай яамны зүгээс Шүүхийн шинжилгээний хуулийн шинэчилсэн найруулгыг хийх явцдаа энэ хууль хийгээд иргэн, эрүү, эрүүгийн процессын хуулиудад холбогдох шинэчлэлийг хийхээр ажиллаж байна.

-Гэмт хэргийн хохирогч болсон хүн болгон л ямар нэг байдлаар сэтгэл санааны их бага хэмжээний хохирол амсаж байгаа. Харилцан адилгүй ойлголт учраас яаж мөнгөн дүнд шилжүүлэх юм бэ. Олон улсад хэрхэн тогтоодог юм бэ?

-Хэд хэдэн аргачлал бий. Мэдээж мөнгөн дүнгийн хэмжээг шүүхээс тогтоодог жишигтэй.  Сэтгэл санааны ямар хэмжээний хохирол учирсныг мэргэжлийн сэтгэл зүйч болон сэтгэцийн мэргэжилтнүүд мэргэжлийн аргаар тогтооно. Мэргэжлийн байгууллагын тогтоосон дүн шинжилгээнд үндэслээд шүүхээс тухайн иргэнд учирсан хохирлыг мөнгөн дүнгээр үнэлж тогтоох жишиг бусад орнуудад байна.

 Зарим улс тодоос тод гээд мөнгөн дүнг нь тогтоочихсон байдаг бол зарим харгалзаж үзэж өөрсдийн эрх мэдлийн хэмжээнд шийддэг байх жишээний. Жишээ нь Франц улс тодорхой хүснэгтэд заасны дагуу хохирлыг барагдуулдаг.Мөн хүний амь нас хохирсон тохиолдолд гэр бүлийнхэнд нь учирч байгаа сэтгэл санааны хохирлыг арилгах асуудалд мөнгөн дүнгийн дээд хязгаарыг тавьдаг. Улс орнуудын хуулийг харьцуулж үзэхэд, тухайн улсын хүн амын байдал, эдийн засгийн байдал, орлогын төвшин зэргээс хамаарч харилцан адилгүй байдаг. АНУ-д гэхэд л муж мужаасаа хамаарч сэтгэл санааны хохирлын дээд хязгаар 250-750 мянган ам.доллар байхад БНСУ-д 80 сая вон, Францад 60 мянган евро байдаг бөгөөд шүүхээс хохирлыг үнэлж, мөнгөн дүнг нь тогтоодог.

-Манай улсын хувьд хэд орчимд дээд хязгаарыг тогтоох талаар төсөөлөл байна уу. Шүүхээс өндөр дүн тогтоосон ч хэрэгтэн нь төлөх эдийн засгийн чадвартай байх нь бас чухал биз дээ?

- Мөнгөн дүнгээр шүүх тогтоохоос гадна эл мөнгөн дүн нь төлөгдөхүйц байх ёстой. Өөрөөр хэлбэл маш өндөр мөнгөн дүн тавьчихаад тэр нь төлөгддөггүй. Хохирогч араас нь нэхэмжилж, олж авах гэж цаг хугацаа зарцуулдаг практикаас аль болох татгалзаж, төлөгдөхүйц байх хэмжээнд үнэлэх ёстой гэдэг асуудал бусад орны хуулиудын зарчим юм билээ. Бид ч энэ зарчмыг баримтална. Хоёрдугаарт, манай улсын шүүхийн практикт жишээ нь хууль бусаар хоригдсон нэг этгээдэд 16 сая төгрөг гаргаж өгсөн, эрүүл мэндийн үйлчилгээ авч байгаад түүнээсээ болж, хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан нэг хүнд 10 сая олгосон. Харьцангуй багаар үнэлж буй хэрэг л дээ.

Тиймээс бид сэтгэл санааны хохирлыг бодитоор үнэлдэг, хохирогчийг хамгаалах асуудалд нэлээн төвлөрч ажиллаж байна. Мэдээж бүх хэрэгт сэтгэл санааны хохирол тооцохгүй. 

Бодитой хохирогчтой, сэтгэцэд нь хор уршиг учирсан суурь нөхцөлүүдийг авч үзэж байж, сэтгэл санааны хохирлыг тодорхой гэмт хэрэгт хянан шийдвэрлэж, буруутай этгээдэд ял хариуцлага хүлээлгэхийн зэрэгцээ хохирогчдод учирсан учирсан бодит зардлаас гадна хохирлын зардлыг олгодог тогтолцоо руу Монгол Улс шилжинэ гэсэн үг.-Сэтгэл санааны хохирол гэхээр их олон төрөл байгаад байх шиг байгаа юм. Ялангуяа эрүүл мэндтэй холбоотой эмчилгээ буруу хийснээс насаараа тахир дутуу болсон асуудал байна. Ийм тохиолдолд хэд орчим төгрөг өгөх боломж байгаа бол?

-Сэтгэцэд учирч байгаа хохирол түр зуурынх уу, байнгынх уу гэдэг асуудал бий. Гоо сайхны мэс засалд орж байгаад хохирсон байнгын шинжтэй хохирол учирлаа гэхэд хохирол нь харилцан адилгүй магадгүй эмчилгээний явцад алдаа гарсан ч тодорхой хугацаанд илаарших боломжтой байх бол хугацаанаас нь хамаараад арай өөрөөр үнэлнэ. Энэ бүх нөхцөл байдлыг авч үзэн, мэргэжлийн байгууллага хохирлыг тогтоох юм. Мэргэжлийн байгууллагын тогтоосон үнэлгээ дүгнэлт буюу хэр удаан үргэлжлэх, эмчилгээ нь хэдий хугацаанд үргэлжлэх эсвэл эмчлэгдэхгүй үлдэх эсэхийг тогтоож байгааг үндэслэн хохирлын мөнгөн дүнг тогтоох юм. Ер нь гэмт хэргийн хохирогч болоход айж цочихоос гадна бие даасан чадвараа алдан, өөртөө итгэх итгэлээ алддаг. Энэ байдлаасаа болж хөдөлмөр эрхлэх чадвараа алддаг ч гэх юм уу маш олон сөрөг үр дагавар дагуулдаг. Тиймээс Монгол улсын Засгийн газраас хүний эрхийг хамгаалах тал дээр анхаарч зайлшгүй эрх зүйн орчныг нь сайжруулах ёстой хэмээн намрын чуулганд өргөн барьж хэлэлцүүлнэ.

Цаашдаа ч энэ чиглэлээр хийх юм их байна. Мэдээж боловсон хүчнээ чадавхжуулахаас гадна бодитоор үнэлж, төлөгдөхүйц хамгийн гол нь хохирогчийн эрх ашигт нийцсэн зохистой жишиг гарна л гэсэн хүлээлттэй байна.-Хууль батлагдаагүй хэлэлцүүлгийн шатандаа явж байгаа. Хэрвээ яг одоо боловсруулсан хуулийн төсвөөр гэмт хэргийн улмаас хохирогч нас барвал ар гэрийнхэнд нь яг ямар хэмжээний мөнгө өгөхөөр тусгасан бэ?

-Тодорхой шийдвэрүүд гарна гэсэн гэж хэлсэн. Гэхдээ бид хуулийн төсөлдөө хүний амь нас эрсэдсэн тохиолдолд тодорхой жишиг болохуйц томьёоллыг оруулж байгаа. Хэдийгээр хүний амь насыг мөнгөөр хэмжинэ гэдэг нэг талдаа шүүмжлэлтэй боловч нөгөө талдаа үнэлэхээс өөр аргагүй байдал байна. Энэ нөхцөл байдлаа авч үзээд хүний амь насыг хөдөлмөрийн хөлсний хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр үнэлж болох юм. Ер нь монгол хүний дундаж наслалт 71 орчим байгаа. Үүн дээр нас барсан иргэний насны зөрүүг мөн л хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлснээр үнэлэх томьёолол бас бий. Үндсэндээ минимум хэлбэрээр л харж байгаа. Хэрвээ насанд хүрээгүй хүүхэд гэмт хэргийн улмаас нас барсан үүнийг хоёр дахин нэмэгдүүлж байж тооцдог байх ч гэх мэтийн жишгийг шүүх ашиглаж болно гэсэн байдлаар оруулсан. 

Магадгүй шүүх нөхцөл байдлыг харгалзан илүү өндөр тогтоож болно. Ямартай ч тодорхой хэмжээнд хохирогчийн эрх ашгийг хамгаалах, үлдсэн ар гэрийнхэнд үлдсэн сэтгэл санааны хохирлыг барагдуулах боломжгүй ч бага ч болов дэмжлэг өгч, нөхөн төлбөр олгодог байх зохицуулалтыг хийхийг зорьж байна.-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 мянга дахин нэмэгдүүлэхээр 63 сая төгрөг болж байна. Магадгүй иргэд монгол хүний амь насыг 63 саяар үнэлдэг болж гэж шүүмжилж магадгүй. Гэхдээ өмнө нь амь насаараа хохирсон ч ар гэрийнхэн нь ямар нөхөн төлбөр аваагүй үлдсэн олон тохиолдол бий. Хууль батлагдсанаар бага ч болов санхүүгийн дэмжлэг авна гэдэг утгаараа сэтгэцэд учирсан хор уршгийг барагдуулж, нөхөн төлдөг эрх зүйн орчин бүрдэх нь гэж ойлголоо?

 -Бид ч тэгж харж байгаа. Иргэний болон эрүү, эрүүгийн процесс гэхчлэн холбогдох хуулиудын уялдааг сайн хангаж өгөхийг чухалчилж байна. Хохирогч гомдол гаргахаар шүүх хуулийн тодорхойгүй байдлаас болж цааргалдаг. Мөн эргээд Улсын Дээд Шүүхийн хэд хэдэн зөвлөмжөөр хууль эрх зүйн орчин сайн бүрдээгүй учраас сэтгэл санааны хохирлыг тооцоход хүндрэлтэй байна гэсэн гомдол гарч байсан учраас энэ хуулиар залруулахыг зорьсон. Мэдээж хүний амь насыг үнэлж баршгүй ч тодорхой хэмжээнд олон улсын чиг хандлагаар амь насаа алдсан ч ар гэрт нь тодорхой хэмжээний мөнгөн төлбөр байх ёстой гэж үзэж байгаа. Мөнгөн төлбөрийг буруутай этгээдээс гаргах ёстой. Цаашдаа Хууль зүй, дотоод хэргийн яамнаас тодорхой хэргүүдийг төр эхлээд барагдуулах, буруутай этгээдээс нэхэмжлэх гэхчлэн зохицуулалтыг боловсронгуй болгохын тулд Хохирлын сангийн хуулийг судалж байна. 

Бодлогын хэд хэдэн хувилбарууд гаргаж, аль нь манайд тохирохыг судалж, хохирогчийг хамгаалах асуудалд илүү анхаарах, магадгүй нийгмийн бусад хууль зүй, сэтгэлзүйн үйлчилгээнд хамруулдаг, гэмт хэргийн хохирогч болоод үлдчихдэг биш нийгэмдээ дасан зохицож амьдардаг, хөдөлмөрлөдөг байлгахын төлөө энэ хууль эрх зүйн шинэчлэлүүд хийж байгааг онцолъё.-Хохирлыг төр эхлээд барагдуулдаг байх гэдэг зөв гаргалгаа шиг санагдлаа. Гэмт этгээд мөнгөн нөхөн төлбөрийг шууд олгох чадваргйүз бол төр эхэлж төлчихөөд буруутай этгээдээр хөдөлмөр эрхлүүлээд төлүүлнэ гэж ойлголоо, зөв үү?

-Хэд хэдэн хувилбар байж болно. Хөдөлмөр эрхлүүлж эргэн төлүүлэхээс гадна ял шийтгэл эдэлж буй этгээдийг сайн дураар хөдөлмөрлөх боломжоор хангах асуудал бас бий. Магадгүй ял эдлэх хугацаанд хөдөлмөрийн дадалд суралцах, хөдөлмөрлөж олсноороо хохирлоо барагдуулах ажиллагааг хууль эрх зүйн орчинд илүү боловсронгуй болгох шаардлагатай. Өнөөдөр ч гэсэн нийт хоригдлын дийлэнх хувь нь хөдөлмөр эрхлэлтэд хамрагдаж, хэрэгцээгээ хангахаасаа гадна хохирлоо барагдуулдаг, зарим нь ял эдлээд гарахдаа дансандаа мөнгөтэй гардаг тохиолдол ч бий.

Ер нь гэмт хэргийн хохирогч болсон хүмүүс ямар ч баталгаагүй байдалтай үлддэг. Ялангуяа сэтгэцэд учирсан хор уршиг урт хугацаанд үлддэг зүйл учраас анхаарах зайлшгүй шаардлагатай. Өнөөдөр маш олон хүүхэд, эмэгтэйчүүд гэмт хэргийн хохирогч болж байна. Гэмт хэргийн дараа сурч боловсрох, ажиллаж амьдрах орчинд нь огт өөр нөхцөл байдал үүсдэг. Энэ нь эргээд сэтгэлзүйн дарамт болж, амь насаа егүүтгэх хэмжээнд хүрчихсэн кейсүүд ч байна. Иймээс энэ асуудалд анхаарлаа хандуулж, ядаж л эрүүл мэндийн үйлчилгээ авах, сэтгэл зүйчид хандах бололцоог нь бүрдүүлэх ёстой. Бид хуулийнхаа нэр томьёонд хүртэл анхаарч байгаа. Сэтгэл санааны хохирол гэж ярьдаг ч анагаахын шинжлэх ухаанд сэтгэцэд учирсан хор уршиг гэх ойлголт юм билээ. Үнийг л мөнгөн дүнгээр тооцдог болох нь гэж ойлгож болно.

-Сэтгэцэд учирсан хор уршгийг нь тооцоод мөнгөн төлбөр олгочихлоо. Гэвч сэтгэцэд учирсан хор уршиг нь хэдий хугацаанд илааршихыг хэн ч хэлж мэдэхгүй. Тиймээс тэр хүнийг нийгэмшүүлдэг, сэтгэл санаагаар дэмждэг, олон нийттэй харилцахад нь дэм болж дагаж явдаг сургагч багш байдаг ч юмуу мөнгөн бус хэлбэрээр дэмжих асуудал хуулийн төсөлд тусгагдсан уу?

 -Мөнгөн бус дэмжлэг бусад хуулиар зохицуулагдаж байгаа. Өнөөдөр хүчин төгөлдөр хэрэгжиж буй Гэрч хохирогчийг хамгаалах тухайд хуульд хамгаалагчийн хүрээнд сэтгэлзүйн болон хууль зүйн тусламж үзүүлэх, энгийн амьдралдаа дасан зохицох, гэмт хэргийн таагүй дурсамжаас ангижрах боломжоор хангадаг. Үнэндээ зарим тохиолдолд сэтгэл санааны таагүй дурсамжаасаа болж, сэтгэл санааны эмгэгтэй болох тохиолдол ч бий. Үүнээс бол сурч, хөдөлмөрлөж чадахгүй насан туршид үлдэх магадлал маш өндөр л дөө.

Тиймээс буруутай этгээд хариуцлага хүлээх ёстой гээд байгаа юм. Мөнгөөр орлуулшгүй байдалд хохирч үлддэг. Хэрвээ хууль батлагдвал, хууль, өмгөөлөгчид маань хуулийг сайн ойлгон таниулах ажил маш чухал. Гэхдээ хуулийн төсөл маань хараахан Засгийн газрын хуралдаанд орж танилцуулагдаагүй, олон нийтийн саналыг авч байна. Олон нийтийн саналыг авч улам боловсронгуй болгож байж Засгийн газарт танилцуулчихаад УИХ-д өргөн барьж, намрын чуулганаар батлуулах байр суурьтай ажиллаж байна.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна