О.Саруул: Ухармаар санагдсан үед урагш татдаг зорилго надад бий

Админ
2021/09/10

М.ДЭВЭЭЖАРГАЛ

Энэ удаагийн “Шинэ танил” буланд Самбо бөхийн дэлхийн аварга О.Саруулыг урин ярилцлаа. Тэрбээр бүх ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон олимпын наадмын тэнгэрт улсынхаа далбааг намируулах чинхүү хүсэлдээ хөтлөгдөн хөдөлмөрлөж буй нэгэн юм.

-Жүдо болон самбо бөхөөр хичээллээд хэдэн жил болж байна вэ?

-Энэ спортоор хичээллээд долоон жил болсон байна. Анх С.Ганхуяг багшийн удирдлагад хичээллэж эхэлсэн. Багадаа л “Бөх болно, би барилдана” гэдэг байсан юм билээ. Эхлэхийн тулд дэмжих хүн хэрэгтэй. Гэтэл аав зөвшөөрчхөөд байхад ээж дургүйлхсээр байсан юм. Тухайн үед эмэгтэй хүнд хэцүү гэж бодсон байх л даа. Гэхдээ шалсаар байгаад зөвшөөрөл авсан. Спортын өөр төрлөөр хичээллэе гэж бодсон ч энэ л миний явах ёстой хамгийн зөв зам мэт санагдсан даа.

-Самбо бөхийн дэлхийн аварга болсон шүү дээ. Тухайн үед ямар мэдрэмж төрж байв?

-Өнгөрсөн жил би мөнгөн медаль хүртсэн. Шагналын тавцангаас буухдаа “дараагийн тэмцээнээр заавал аваргын медалийг энгэртээ зүүнэ дээ” хэмээн бодож байлаа. Харин өөртөө болон аав ээж, найз нөхдөдөө амласан үг, тэмүүлсэн зүйлдээ хүрч, Монголынхоо далбааг мандуулан төрийн дууллаа эгшиглүүлсэн юм. Тэр мөч гайхалтай сайхан бүхэн намайг хүлээж байгаа гэдэгт эргэлзэх зүйлгүйгээр итгүүлсэн дээ.

-Шантрах зүйл бишгүй л гардаг байх, тэр үеийг хэрхэн туулдаг вэ?

-Жин хасах үедээ л шантардаг байсан. Хэдий больчихож болох ч өөрийгөө зүрх зоригтойгоор ялахгүй бол хэрхэн бусдыг ялж, амжилтад хүрэх юм бэ гэсэн бодлоор хурцлагддаг даа. Замаасаа буцах юм бол эхлэх хэрэггүй, их спортод хичээж байж л мөрөө үлдээж чадна. 

Ухармаар санагдсан үед урагш татах зорилго бий, түүнд хүрэхийн тулд шантрах эрх байхгүй. “Оргилд нь хүрч чадна” хэмээн өөрийгөө ямагт зоригжуулдаг.-Бэртэл гэмтэл гэдэг тамирчин бүрийн замд таардаг нэг том саад, даваа бий дээ?

-Бэртэхгүйгээр барилдана гэдэг боломжгүй дээ. Ер нь тамирчид нэг ч бэртэл авахгүйгээр амжилтад хүрсэн тохиолдол үгүй л болов уу. Мэдэгдэхүйц бус бэртлүүд зөндөө байдаг. Тамирчин хүний хамгийн том дайсан нь бэртэл гэмтэл шүү дээ. 

Тэмцээнд орох өдрийнхөө өглөө бие халаалтаа хийж байгаад өвдөгөө бэртээчихээд алхаж чадахгүй 14 хоног хэвтэж байсан. Үнэхээр сэтгэлзүйн хувьд ч, биеийн хувьд ч хүнд байдалд ордог. Ингээд л хүсэж мөрөөдсөн бүхэндээ хүрч чадахгүй юм байна гээд сэтгэлээр их унаж билээ. Санаагаар унахгүй гээд яах вэ, бэртэл гэмтлээс болж спортын замналаа орхиход хүрч ч мэднэ. Үгүйсгэх аргагүй.

-Уг спортоор дамжуулан та өөрөө болон бусдаас ямар сайн чанаруудыг олж харсан бэ?

-Жүдо бол хүндлэлийн спорт. Тиймээс өрсөлдөгчөө ч хүндлэх ёстой. Дэвжээн дээрх өрсөлдөгчид дэвжээнээс буугаад найзууд болдог. Мөн тэвчээр, тууштай байдал, өөртөө итгэх итгэл гээд олон зүйл рүү намайг хөтөлсөн юм шүү.

-Ойрын төлөвлөгөө, ирээдүйн мөрөөдлөөсөө бидэнтэй хуваалцахгүй юу?

-Би долоон хоногийн зургаан өдөр нь бэлтгэл хийдэг. Тамирчин хүнд бэлтгэл сургуулилалтаас гадна амралт их чухал. Гэхдээ гэрэл гэгээтэй мөрөөдлийнхөө төлөө аз жаргалтайгаар хичээж байна. Маргаашийн амжилтын төлөө өнөөдөр өчигдрийнхөөс их хөлс урсгах хэрэгтэй ч байж мэднэ. Жүдо болон Самбо бөхийн улсын аваргын тэмцээнд түрүүлж, ирэх олимпд хүн бүрийн итгэлийг өвөртөлж явах тамирчдын нэг болох бол миний мөрөөдөл. Гэхдээ цаг хугацаа гэдэг их хурдан өнгөрдөг учраас ойрын төлөвлөгөө ч гэж болох байх. Гэхдээ том, жижиг гэлтгүй аль ч орны тэнгэрт улсынхаа далбааг мандуулах л тамирчин бидний үүрэг билээ


0
1
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна