Н.Түвшинбаярыг чөлөөлж, Ч.Наранбаатарыг үүрэг гүйцэтгэгчээр ажиллуулах шийдвэр эрх зүйн чадамжтай юу?

Админ
2021/09/13

--- МҮОХ-ны бүх гишүүдийн хурлыг хүчингүйд тооцохыг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргажээ---

У.ОРГИЛМАА

МҮОХ-ны бүх гишүүдийн хурал 2021 оны наймдугаар сарын 26-нд цахимаар болон танхимаар болж өнгөрсөн. Харин уг хурлыг хүчингүйд тооцуулах талаар спортын зарим холбоодын төлөөлөл шүүхэд нэхэмжлэл гаргахаар болжээ. Хурлаар МҮОХ-ны үйл ажиллагааны тайлан, “Токио2020”-д оролцсон Монголын багийн тайлан, МҮОХ-ны гишүүнчлэлийн асуудал, МҮОХ-ны чуулганы тов тогтоох, Хараат бус комисс байгуулах зэргийг хэлэлцсэн байдаг. Гэтэл хурлаар хэлэлцсэн асуудалд дор заасан 11 асуудлаар ноцтой алдаа, үйлдэл гаргасан үндэслэлийг баримтлан тус хурлыг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийг нэр бүхий спорт холбоодын зүгээс гаргаж байгаа аж.

Тодруулбал, 

Нэг, МҮОХны бүх гишүүдийн хурал 2021 оны наймдугаар сарын 26-ны өдөр 10:00 цагаас товлогдсон бөгөөд ирцийн улмаас 10:45 минутад эхэлсэн. Хуралд ирвэл зохих 176 гишүүнээс 104 нь оролцож, хурал 65 хувийн ирцтэй байсан. Оролцогчдын 62.5 хувь буюу 66 гишүүн олимпын төрлийн холбоодын төлөөлөл, үлдсэн 38 гишүүн олимпын бус төрлийн холбоодын төлөөлөл байсан. Гэтэл хурлын төгсгөлд буюу 13:00 цагийн орчимд, МҮОХ-ны бүх гишүүдийн хурал тогтоолуудыг батлах үед гишүүдийн ирцийн хувь буурч, гишүүдийн тоо 66 хүн үлдэн, санал хураалтад орсон.

 МҮОХ-ны дүрмийн 16.8 дах заалтын гишүүдийн 50-аас дээш хувийн ирцтэй байж хурал хүчин төгөлдөр болдог. Гэтэл хурлын ирц доод тал нь 176 хүнээс 50 хувийг гэж тооцвол 88 хүн байж ирц бүрдэх ба түүний дотор олимпын төрлийн холбоод саналын олонхыг бүрдүүлэх ёстой.Иймээс хурлыг ирц хүрээгүй үед хурлын тогтоол шийдвэрийг хүчээр тулган батлуулсан буруутай үйл ажиллагаа явагдлаа. Иймд хурлын ирц хүрээгүй тул МҮОХ-ны бүх гишүүдийн хурал 2021 оны наймдугаар сарын 26-ны өдрийн хурлын шийдвэрийг хүчингүйд тооцуулах саналтай байна. 

Хоёр, МҮОХ-ны бүх гишүүдийн хурлын дэг батлуулах үеэр нэг хүн гурван минутад санал гаргаж, үг хэлэх горимыг баталсан боловч, хурлын үеэр нэр бүхий гишүүдийг 1 мин 30 сек үг хэлүүлэн, микрофоныг хааж, гишүүдийн эрхэд ноцтой халдсан үйл явдал болсон. Мөн горимын санал гарган, хэлэлцүүлэг явуулах боломжийг ийнхүү гишүүдэд олгоогүй.

Ийнхүү Монгол Улсын Үндсэн хуулийн 16 зүйлийн 16 дахь заалтын дагуу олгогдсон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх эрхийг хязгаарласан үйлдэл боллоо. 

Гурав, Зарим спортын холбоодыг МҮОХ-ны гишүүнээр батлах асуудлыг хэлэлцэхэд “Монголын каное, каяакийн холбоо” ТББ-ыг элсүүлэхэд олон гишүүд эсэргүүцэн санал хэлсэн боловч, тухайн холбоо нь Азийн холбооны гишүүн байгууллага гэсэн баримт бичгийг үндэслэн гишүүнээр элсүүлсэн юм. Харин МҮОХ-ны дүрмийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.2, 6.3-ийн Б хэсгийн заалтын дагуу зөвхөн олон улсын холбооны гишүүн байгууллагыг элсүүлэх тухай заалтыг ийнхүү зөрчлөө. 

Дөрөв, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг нь давхар Токио 2020 олимпын наадамд Монголын багийн ахлагчийн үүрэгтэй байсан Олимпын хартын 27 ба 28 дугаар зүйлийн албан ёсны тайлбар 2.2 ба 2.5 дах заалтыг зөрчсөн үйлдэл болсон.

 Тухайлбал 2.5 дахь заалтад “Багийн ахлагч (Chefs de Mission) нь Олимпын наадмын үеэр багийн ахлагч нь Олимпын тосгонд амьдран, эмнэлэг, бэлтгэл сургуулилт, тэмцээний бүх байгууламж болон хэвлэл мэдээллийн төв ба Олимпын гэр бүлийн зочид буудалд нэвтрэх эрхтэй байна” гэжээ. Гэтэл Б.Баттүшиг нь ОУОХ-ны гишүүн хувиар тамирчдын тосгонд биш таван одтой зочид буудалд амьдарч байсан юм. Гэтэл МҮОХ-ны нэг гишүүн хурлын үеэр энэ асуудлаар тайлбар хийхийг хүсэхэд “Б.Баттүшиг нь ОУОХ энэ талаар татгалзсан шийдвэр гараагүй” гэсэн тайлбарыг өгсөн. ОУОХ гишүүн Б.Баттүшиг нь Монгол Улсын төлөөлөн олимпын наадамд багийн ахлагчаар оролцсон нь Олимпын хартын дагуу буруутай үйлдэл болж байгааг тогтоож өгнө үү.

 Түүнчлэн Б.Баттүшиг нь энэ удаагийн хурал дээр Монголын багийн ахлагч хэмээн тайлангаа тавьж байгаа нь олон улсын эрх зүйн актыг зөрчсөн, ёс зүйгүй, олон нийтийн шүүмжлэлийг тоомсорлоогүй зйл явдал болсон. Иймээс Б.Баттүшиг “Токио-2020” олимпын наадамд Монголын багийн оролцсон эрх зүйн үнэн шударга байдлыг тогтоож өгнө үү. Энэ асуудлаар Монгол Улсын шүүхийн зүгээс ОУОХ-нд албан ёсоор хандан тайлбар гаргуулан авч өгөхийг хүсэж байна. 

Тав, МҮОХ-ны бүх гишүүдийн хурлаар МҮОХ-ны 2019 оны Чуулганаар сонгогдсон Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тогтоол гаргасан нь МҮОХ-ны 2016 оны дүрмийн 14 дүгээр зүйлийн 14.3 дах заалт, түүний 4 дэх хэсэг, 17 дугаар зүйлийн 17.2, 17.3 дах заалт, 18 дугаар зүйлийн 18.1, 18.2 дах заалт, 21.10 дах заалтыг тус тус зөрчсөн шийдвэр болсон тул хүчингүй болгож өгнө үү.

 Учир нь Чуулганаар хэлэлцэх шийдвэрлэх асуудлыг эрх зүйн чадамж доогуур МҮОХны гишүүдийн хурлаар чөлөөлөх шийдвэр гаргасан нь процедурын хувьд алдаатай шийдвэр болсон тул зайлшгүй залруулах шаардлагатай болж, тогтоолын энэ хэсгийг хүчин болгуулах саналтай байна. Түүнийг зөвхөн ээлжит эсвэл ээлжит бус Чуулган зарлаж үүрэгт ажлаас нь чөлөөлөх зохицуулалттай юм.Хэрэв МҮОХ-ны гишүүдийн хурлаар Ерөнхийлөгчийг томилох, чөлөөлөх шийдвэр гарвал буруу болно. Харин түдгэлзүүлэх шийдвэр гаргасан бол түүнийг үүрэг гүйцэтгэгчийг түр томилох шийдвэрийг мөн адил гаргах байсан. Гэтэл ийм шийдвэр гарахгүйгээр Ч.Наранбаатар нь зөвхөн МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрээр Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа нь эрх зүйн чадамжгүй байна гэж үзлээ. Зохион байгуулалтын асуудлаар МҮОХ-ны бүх гишүүдийн хурал нь алдаатай шийдвэр гаргасан болохыг тогтоож өгөхийг хүсье. 

Зургаа, МҮОХ-ны гишүүнээс хассан “Биеийн тамир спортыг сонирхогчдын холбоо”-г үйл ажиллагааны тайлангаа ирүүлээгүй, жилийн татвараа төлөөгүй, УАШТ-ээ явуулаагүй үндэслэлээр ганцаар нь ялгавартай хандан хассан ба тэдэнд МҮОХ-ны дүрмийн 10.3 дах заалтын дагуу тайлбар гаргах боломж өгөөгүй байна.

Гэтэл МҮОХ-ны гишүүн бусад олон холбоод дээрх 3-н шаардлагыг одоог хүртэл хангаагүй олон жил явж ирсэн байтал тэдгээрийн асуудлыг хуралд хамтад нь оруулж ирүүлээгүй ба бусад холбоодыг шигшин шүүж асуудлыг хуралд нэгтгэн оруулах зарчмыг алдагдуулсан байна. 

МҮОХ-ны гишүүнчлэлийн асуудлыг хэлэлцэж шинээр баталсан холбоодын асуудлыг ч нэг бүрчлэн хэлэлцэх батлах дараалалтай атал бүхэлд нь хэлэлцэн, тэдгээрийн төлөөллөөс тайлбар авахгүй холбоодоос ирсэн хүсэлтийн дагуу үзсэн шалтгаанаар зарим гишүүний эрхийг дуусгавар болгож, зарим хүнийг МҮОХ-ны гишүүнээр тогтоож асуудалд ялгавартай хандсаныг тогтоон шийдвэрлэж өгнө үү. Долоо. Энэхүү хурлаар МҮОХ-ны Хянан шалгах комиссын тайланг МҮОХ-ны дүрмийн 15.2 дах заалтын зургаа дах удаагаа хэлэлцэх ёстой байсан боловч хэлэлцээгүй нь дүрмээ зөрчсөнөөс гадна МҮОХ-ны дүрмийн 23.6 дах заалтад дурдагдсан асуудлыг хэлэлцүүлсэнгүй нуун дарагдуулсан үйлдэл болсон гэж үзэх үндэстэй.

Түүнээс гадна МҮОХны аудитаар батлагдсан тайланг МҮОХ-ны дүрмийн 15.1 дагуу жил бүрийн гишүүдийн хурлаар хэлэлцдэг ч энэ удаагийн хурлын хэлэлцэх асуудалд учир битүүлэг шалтгаанаар оруулаагүй бөгөөд МҮОХ-ны удирдлагууд ийнхүү дүрмийн 15.2 дах заалтыг зөрчсөн бүдүүлэг алдаа гаргасан байна. Найм. Хурлаар МҮОХ-ны энэ оны эхний найман сарын үйл ажиллагааны тайлан болон тогтоолын төслийг хэлэлцэх явцад хурал онлайнаар явж байгаатай холбогдуулан МҮОХ-ны удирдлага зохион байгуулагчийн давуу байдлаа ашиглан гишүүдийн асуулт асуух, санал гаргах цаг гаргах, зарчмын зөрүүтэй саналтай гишүүний тайлбар сонсох, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, шийдвэр гаргахад тэгш оролцоог хангаагүй явагдлаа. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 14.2 дах заалт, 16. 16 дах заалтын дагуу олгогдсон хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан, үзэл бодлоор ялгаварлан гадуурхсан үйл ажиллагаа боллоо. Мөн ТББ-ын хуулийн 13.1 дэх хэсэг, 14 дүгээр зүйлийг болон МҮОХ-ны дүрмийн 8.1 дүгээр заалтыг зөрчсөн үйлдэл боллоо. 

Ес. МҮОХ-ны гишүүдийн хурлаар МҮОХ-ны дүрэмд өөрчлөлт оруулах асуудлаар ажлын хэсгийн МҮОХны Ерөнхийлөгчийн 2020 оны 09 дүгээр сарын тушаалаар байгуулан ажиллуулж, дүрмийн төсөл бэлэн болж, Гүйцэтгэх зөвлөл хүлээн авсан атлаа тодорхой бус шалтгаанаар дүрмийн төслийг хэлэлцээгүй нь ТББ-ийн хуулийн 10. 12 дэх хэсэг, МҮОХ-ны дүрмийн 15.2-ийн 12 ба 13 дах хэсгийн заалтыг зөрчсөн үйлдэл боллоо.

 МҮОХ-ны олон гишүүд дүрмийг өөрчлөх тухай ярьж, саналаа гаргаж байсан боловч хэлэлцүүлэг хийгээгүй нь гишүүдийн эрх ашгийг ноцтой зөрчлөө. Дүрмийн өөрчлөлтөөр МҮОХ-ны үйл ажиллагаанд тулгамдсан олон асуудлыг оруулан шийдвэрлэх хэрэгтэй байсан юм. Арав. Хараат бус гэх ажлын хэсгийг энэхүү хурлаар байгуулахдаа 2019 оны ээлжит бус Чуулганы үеэр өмнөх сонгуулийн ажлыг удирдан явуулж байсан О.Одбаяр нарын зэрэг “Алтай трейденг” ХХК-ийн хамаарал бүхий хоёр хүнийг оруулан батлуулсан нь хараат бус гэдэг нэр томьёогоо зөрчсөн хэрэг болж байна. Хорооны гишүүдээс энэ тал дээр санал хүсэлт, өөр хүний нэрийг дэвшүүлэх боломжийг олгоогүй санал хураалтыг явуулсан буруу болсон. 

Арван нэг. МҮОХ-ны ээлжит чуулганы товыг тогтоон 2021 оны арваннэгдүгээр сарын 30-нд МҮОХны Чуулганыг хуралдуулахаар товлосон тогтоол ч бас хүчин төгөлдөр бус гэж үзлээ. Иймээс Чуулганаар МҮОХ-ны шинэ удирдах бүрэлдэхүүн (ерөнхийлөгч, тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд)- ийг сонгох, нэр дэвшүүлэх үйл ажиллагааг зогсоож өгөхийг хүсье Ийнхүү МҮОХ-ны бүх гишүүдийн 2021 оны наймдугаар сарын 26-ны өдөр болсон хурал нь олон хууль, МҮОХ-ны өөрийн дүрмийг удаа дараа зөрчин хийгдсэн тул хүчингүй болгож өгөхийг хүсье” гэжээ. МҮОХ-ны нэгэн сонгуулийн үеийн “отгон” хурал иймэрхүү маргаантай өндөрлөсөн байна. Дахиад хурал болох эсэхийг харж суух л үлдэв бололтой.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна