Д.Цахилгаан: “Илиада”,”Одиссэй”-г дан ганц монгол хэлэнд биш, монгол сэтгэхүйд хөрвүүлэхийг хичээлээ

Админ
2021/09/13

Г.ЭНХГЭРЭЛ

Монголын уран зохиолын үндэс суурь юу вэ гэвэл бид Монголын нууц товчоо, Гэсэр, Жангар туулийг нэрлэнэ. Харин өрнийн уран зохиолын үнэт өв, охь манлай, урлагийн суурь бол “Илиада”, “Одиссэй” тууль мөн. Тус туулиудыг эх хэлнээ яруу тунгалаг хөрвүүлээд буй орчуулагч Д.Цахилгаантай ярилцлаа.

- Эртний Грекийн их хөлгөн туульсыг эх хэлнээ хөрвүүллээ. Өмнө нь хураангуй хэлбэрээр л танилцаж байснаас т уульсын хэлбэрээр нь эх хэлээрээ уншиж байсангүй. Хэдий хугацаанд хөрвүүлэв?

 -Орчуулаад суухад тус тус зургаан сар орсон. Дараа нь хянан тохиолдуулах гэж нүсэр ажил бий. Олон дахин харах тусам өөрийгөө шүүмжлэх, засах зүйл гарч ирдэг юм билээ. Орос эхтэйгээ харьцуулан харна. Хомэр бол домгийн үүднээс сохор хүн. Одоо болтол эрдэмтэн, судлаачид ганцхан хүн энэ их аугаа туульсыг хайлдаг байсан гэж үү хэмээн маргаж, мэтгэлцдэг юм билээ. Юугаараа сонин, содон бэ гэвэл нэгдүгээрт, МЭӨ 2700 жилийн өмнө бичигдсэн. Хоёрдугаарт, дэлхийн туульсын зохиолын үндэс, язгуур нь гэж нэгэн дуугаар хүлээн зөвшөөрдөг юм. Энэхүү туулиас дэлхийн уран зохиолын сонгодог бүтээлүүд ургаж гарсан. Жишээлбэл, Жуль Верны адал явдалт зохиолууд Одиссэйн амьдралтай их төстэй, арабын “Мянга нэгэн шөнийн үлгэр”-т Синдбат далайчны үлгэр гэж бий. Энейн дуулал, Жеймс Жойсын “Үлисс” зэрэг багтана. Ургаж гарсан гэж үзэх нэг шалтгаан нь дэлхийн утга зохиолд хамгийн их нөлөө үзүүлсэн 100 ном гэсэн жагсаалт бий. Тэрний нэг, хоёрдугаарт эл хоёр тууль орсон. Илиада болон Одиссэйн туулийг 1974 онд н.Цэдэндамба гэж хүн товхимол гаргасан. Харин бүрэн хэмжээгээр гарч байгаагүй. Би өөрөө багш.

Ерөнхий боловсролын сургууль болон их сургуулийн багш, оюутнуудад бүрэн эхээр нь орчуулсан нь их хэрэг болох болов уу хэмээн зориглон барьж авсан юм. Дээрээс нь Адмон групп, Монсудар хэвлэлийн газрын ерөнхий захирал Р.Энхбат надад тус туульсыг орчуулах санал тавьсан. Үүнийг орчуулна гэж зориглосон нь л миний сонголт. Нөгөө талаар миний аз. Харин зохиолын тухай яривал хэдэн цаг ч багадах юм.

 Одиссэйг 2020 онд орчуулчихаад нээлт хийх гэж бэлтгэлээ базаасан боловч цар тахлын үе таарч хийгээгүй. Харин “Илиада”-ын нээлтийг өнгөрсөн дөрөвдүгээр сард хийлээ. Утга зохиол судлаач, сэтгүүлч, орчуулагч гээд олон хүн ирсэн.-Дүр, үйл явдлын тухай яривал цаг багтахгүй байх. Туульсын зохиолын онцлогийн тухайд юу хэлэх вэ. Хэлний хувьд яг л монгол туульс шиг уншигдах юм?

-Уран зохиолын сонгодог, сонгомол зэрэг төрөл байдаг даа. Хэн нэг хүн зүгээр л уншаад таалагдсан зохиол оо “Энэ бол сонгодог зохиол юм” гээд нэрлэчихдэггүй шүү дээ. Сонгодог гэж нэрлэхэд тодорхой шалгуур бий. Зохиолын зангилаа, өрнөл, тайлал, хэтрүүлэл, найруулга бүгд гайхалтай. Хүний амьдралд байж болох бүх зүйл багтаж байгаа. Жаргал, зовлон, хайр, үзэн ядалт, нэр алдар гэх мэт. “Илиада” бол 10 жилийн дайны түүх. Харин “Одиссэй” дайны дараах энх цагийн түүх. Тэр үед Грек, илионууд гэсэн нэр ч байгаагүй. Ахейчүүд, аргосынхон зэрэг нэрээр гарч байгаа биз. Трой хот бол Туркийн Истанбул хотоос баруун хойно Торой гэж нэрлэсэн газар байдаг. Харин хотыг нь Илион гэдэг. Тэр газар бол зохиолд гарч байгаа Приамын өвөг эцэг Ил хаан байжээ. Приам хаан өвөг эцгийнхээ дурсгалд зориулж Илион хот гэж нэрлэсэн домогтой. Энд тогтоохын аргагүй олон нэр бий. Грекийн шинжлэх ухааны зүтгэлтэн, судлаачид “Энэ дүрүүд бүгд бодит хүн” гэж үздэг юм билээ. Илиада манай Гэсэр, Жангар туульсын хэлц, тавьцтай ижилхэн таараад байдаг нь их сонин байсан. Мөрөндөө зургаан цохилттой.

Манай туульсын хэллэг, сүүлийн үеийн зохиолчдод энэ зургаан цохилт бий шүү. Д.Нацагдоржийн “Миний нутаг”, Д.Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийн цохилтыг анзаараарай. Яг л зургаа байгаа. Энэ хэв маяг нь эх хэл рүүгээ хөрвүүлэхэд их дэмтэй байлаа. Орос хэлнээс орчуулсан учраас заримдаа ойлгоход бэрх үг хэллэг гарна. Түүнийгээ англи хэлээр хардаг. Орос руу анх орчуулагдсан нь слав хэлнээс учир орчин үеийн орос хэлнээс арай өөр. Туулийг дуулдаггүй хайлдаг. Тийм учраас хайлаан гэж орчуулсан. Нэг тууль нь 24 бүлэгтэй. Бүлэг бүрийн эхэнд туульд гарах бүхий л үйл явдлын зангилаа оршино. Илиада эхлэхэд Аяа гэгээн дарь эх минь та Ахилл баатрын ааг омог, уур хилэнг Алдаршуулан дуулах гээ юү Аархуу омголон түүний Агур хилэнгийн золионд Ахей түмний эдэлсэн зовлонг тоочиж барах уу даа гээд л зохиол өрнөж байгаа юм. Харин трой хот яаж сүйрсэн тухай өгүүлэлгүй дуусдаг эмгэнэлт зохиол. Харин Одиссэйн хувьд арай өөр. Монгол домог зүйгээр гэрээ мартсан гэсэр гэдэг шиг дайнд 10 жил, гэртээ харих гэж дахин 10 жилийг туулж байгаа. Эргэж ирээд гэр бүл, үр хүүхэдтэй уулзаж бидний хэлдгээр амар сайхандаа жаргаж төгсөнө. Тэгэхээр энэ бол аж байдлын тууль болж байгаа юм. 

Одиссэйн зангилаа нь Аяа гэгээн дарь эх минь хэлээд өгөөч Ариун Илион хотыг нурааж эзлээд Алс одод сураг тасарсан Алдар цуут баатар хаана явна Хүний газар ядарч явна уу Хүйтэн газар зүдэж явна уу гээд өнөөх үйл явдал гарна. Хувь заяаны эрхээр байж болох бүхий л зовлон зүдгүүрийг туулж байгаа нь хүний сэтгэлийн зориг, ямар ч байсан зорьсондоо хүрнэ гэж зүдэрч яваа итгэл, хүнийг яаж авч явдаг вэ гэдгийг харуулна.Дан ганц зоригтой, баатарлаг байдал ч биш сэтгэл, зүрх хэчнээн бат бөх ёстойг ойлгож болох юм. Пеналопа хатны үнэнч сэтгэл болон хүү нь ямар сайхан төлөвшилтэй юм бэ. Бүр зарим судлаач энэ бол төлөвшлийн тууль ч гэж дүгнэсэн байдаг. Дээрээс нь ариун, үнэнч хайр дурлалын бэлгэдэл юм шүү дээ.

- Энэхүү бүтээлүүдийг уншигч, судлаач бүхий л хүн олзуурхаж байна билээ?

-Сэтгэгдэл их л ирэх юм. Чамд нэг сонин жишээ хэлэх үү. Чиний үеийн л бололтой залуухан хархүү бүтээлийг минь худалдаж аваад ерөөлийн үг бичүүлж, гарын үсэг зуруулахаар ирлээ. “Чи яагаад заавал үүнийг авч байгаа юм бэ” хэмээн сонирхон асуутал “Би аавынхаа төрсөн өдрөөр бэлэглэнэ. Дэлхийн хамгийн урт настай зохиол болохоор аавдаа өндөр их насыг ерөөж байгаа юм” гэж хэлж билээ. Утга зохиол судлаачдын хувьд бүрэн уншсаны дараа судалгаа, шинжилгээний бүтээл бичнэ гэж байсан.

-Зохиолын өлгий нутаг, тэр дундаа Грек, Ромыг биеэр очиж үзэв үү?

-Хувь заяаны тохиолоор Грект гурван удаа очсон. Бүх хот арал, далай, тэнгис, түүхэн музейгээр ч очсон. Тэгэхээр энд юу гараад байгаа талаар бас ч гэж ойлголттой юм шүү (Инээв)

-Бид уран зохиолтой анх танилцахдаа л А.С.Пушкины “Алтан загасны үлгэр”-ээс эхэлдэг. Академич, аугаа Ц.Дамдинсүрэн гуай

Хөрст алтан дэлхийн

Хөвөө хязгаар нутагт

Хөх цэнхэр далайн

Эрэг ирмэг газарт

Эрт урьд цагт

Эмгэн, өвгөн хоёр

Айл болон амьдарч аж төрөн суужээ гээд л гаднын биш монгол үлгэр юм шиг амттай уншигддаг. Уншигчийн хувьд дээрх туулиуд надад мөн л тийм амттай байлаа. Орчуулах эрдмийг яаж ингэж суралцав аа гэж асууя?

- Би Монгол Улсын их сургуулийн орос хэлний ангийг төгссөн. Орчуулгын онолыг н.Шаравнямбуу багш ордог байлаа. Яг чиний хэлж байгаа шиг Алтан загасны үлгэрийг харьцуулан уншиж, бичүүлдэг байсан. Ц.Дамдинсүрэн , Б.Ринчен гуайн орчуулгыг маш их уншиж, харьцуулж, бичиж үзсэн. Оюутан байхдаа “Новости Монголия” сонинд орчуулга хийж өгдөг байсан. Оюутан надад хэд гурван цаас нь хэрэгтэй. Дээрээс нь туршлага, арга барил болж буй юм. Өөрийгөө хэт дөвийлгөх гэсэнгүй. Гэхдээ тэр аугаа хүмүүсийн арга ухааныг олж, “Илиада”, “Одиссэй”-г дан ганц монгол хэлэнд биш, монгол сэтгэхүйд буулгахыг хичээлээ.

-Орчуулгын төрлүүдээс уран зохиол хамгийн ярвигтай нь. Манайд би хоёр дахь хэл мэддэг л юм чинь юу ч байсан орчуулна гээд зүтгэдэг. Өмнөх жил Эцгийнхээ цогцост хүндэтгэл үзүүлээд гэсэн орчуулга уншиж байлаа. Угтаа бол хүндэтгэх нэр нь шарил шүү дээ. Энэ мэтээр орчуулж буй болон төрөлх хэлнийхээ утга, соёлыг ойлгохгүй бол модон, жонхуу шиг юм болчихдог олон жишээ бий. Орчуулагчийн хувьд хамгийн чухал эрдэм юу вэ?

-Би тийм их зүйл мэддэг сүрхий хүн биш шүү дээ. (Инээв) Яруу найргийн 10 гаруй, нийтлэл, орчуулгын 10 гаруй ном бий. М анайд д элхийн с онгодог зохиолуудыг 1950, 1960-аад оны сүүлээр л орчуулж эхэлсэн. Би тэр орчуулгуудаас унших, харах үнэхээр дуртай. Уран зохиол бол өөрт нь байгаа уран тавьцыг, яруу тансаг үг хэллэгийг монгол хэлэнд яаж буулгах билээ гэдгийг ойлгож, монгол сэтгэхүйгээр буулгах хэрэгтэй. Орчуулгын онолын “Мэргэд гарахын орон”-г чи мэдэх байх. Түүнд “Үгэнд бүү итгэ. Утгад итгэ” гэж үг бий. Энэ нь өнөөх нь сэтгэхүй, соёлыг ойлго гэсэн үг. Гэхдээ мэдээж орчуулж буй эхээсээ хадуурч болохгүй. Эхэд нь байгаа хэллэг, утгыг хадгалах хэрэгтэй. 

Сайн жүжигчид дүрдээ орохоороо яаж сэтгэлээ зориулдаг билээ. Орчуулагчийн ажил ч яг л тийм шүү дээ. Зохиол чинь тархи, зүрхэнд гүн суух ёстой.-Одоо орчуулгаа нухан сууж байгааг тань харж байна. Ямар зохиол вэ?

-Арваннэгдүгээр сарын эхээр Ф.М.Достоевскийн мэндэлсний 200 жилийн ой тохиож байна. Одоо барьж буй орчуулга минь ч үүнтэй хамаатай. Энэ зохиолчийн өөрийнх нь зохиолын хэл их ярвигтай.Би өмнө нь “Газар доороос бичсэн тэмдэглэл” туужийг нь орчуулан хүргэж байлаа. Дээрээс нь орчин үеийн орос хэл биш. Хэл өөрөө амьд, хувьсан, өөрчлөгдөж байдаг. Тэгэхээр яг тухайн үед Ф.М.Достоевский гуай монголоор ярьдаг байсан бол юу гэж хэлэх бол хэмээн бодож, бясалгах шахуу болж монгол хэл рүү хөрвүүлж байна.

- Энд танин мэдэхүйн, хүмүүжлийн олон гайхалтай дүр, үйл явдал бий. Ахилл бол нэр алдар, харин Гектор эх орноо хамгаалахын төлөө тулалддаг. Хаан Приам “Миний хүүг алсан гарыг чинь би үнсье. Хүүгийн минь шарилыг өгөөч” гэж гуйдаг. Энэ мэт хүний санаанд оромгүй, зүрх шимшрүүлэм үйл явдлууд өчнөөн өрнөдөг шүү дээ. Би танаас орчуулагчийн биш уншигчийн хувьд асууя. Туульсаас таны хувийн үзэл бодол, зан чанарт нөлөөлсөн дүр бий юү?

-Чиний хэлж байгаа шиг ийм мэдрэмжийг олон хүнд мэдрүүлсэн учраас л өдгөө хүртэл энэ зохиол оршин байгаа учир шалтгаан юм шүү дээ. Хүний амьдралын зовлон, жаргал, нийгмийн ахуй, хувь хүний амбиц яаж зөрчилдөж байна вэ. Дээрээс нь хүний хувь заяа, ахуйдаа яаж хөтлөгдөж, түүнийг арга мэхээр яаж давж байна вэ гэдэг бас сонин юм шүү. Заль гэдэг муу утгаар биш арга ухаан юм шүү гэдгийг Одиссэйгээс ойлгох байх. 

Ахилл бол тухайн нийгэмтэйгээ зөрчилдсөн дүр. Өөрийн эрх чөлөөг хэнээр ч боолгохгүй гэсэн зан байгаа биз. Түүнээс гадна үүнээс дайны хор уршгийг хамгийн тодоор харуулсан. Тэгэхээр үүнийг уншсан хүн дайныг жигшдэг, энх тайвныг эрхэмлэдэг хүн болох болов уу даа. 

Дээрээс нь үйлийн үр заавал дайрдаг гэсэн санаа бий. Үүний жишээ нь Одиссэй үхэгсдийн тивд очоод сүнстэй ярилцаж буй хэсгээс ойлгож болно. Бурхадын тухай их гардаг ч тэд мөн өө сэвтэй, алдаа, эндэгдэлтэй гэсэн хүнчилсэн маягаар гарна. Дээд тэнгэрт итгэдэг, тахилгын ёс заншил ч гардгийг чи уншсан биз дээ. Яриагаа үүгээр өндөрлөх үү дээ.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна