Б.Буянтогтох: Нийгмийн дарамт, эрүүл мэндийн салбарынхныг ядрааж байна

Админ
2021/09/13

--- Гуравдугаар тунг ДЭМБ хориглоогүй ---

У.СҮХЭЭ

Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтохтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Халдварын тархалт, нас баралт ихсэхийн хэрээр нийгэм айдаст автаж, бухимдал нэмэгдэх хандлагатай байна. Нөгөөтээгүүр цахим ертөнцөд баталгаатай, баталгаагүй янз бүрийн мэдээлэл их түгэх юм. Эрүүл мэндийн яамны зүгээс энэ бүх нөхцөл байдалд яг ямар бодлого баримталж ажиллаж байна вэ. Мэдээж, вирусийн хувьсах чанараас болоод авч хэрэгжүүлж буй арга хэмжээгээ байнга сольж шинэчлэх шаардлага тулгарч байгаа байх?

 -Хүн төрөлхтөн корона вирусийн халдвартай хамт амьдраад яг хоёр жил болж байна. Бид дотоодоо 2020 оны арваннэгдүгээр сард алдсанаас хойш бараг 10 сар боллоо. Өнгөрсөн гурван сарын хугацаанд гурван давлагаа болж өнгөрлөө. Нэгдүгээр давлагаа өнгөрсөн гуравдугаар сард, хоёрдугаар давлагаа зургадугаар сард, гуравдугаар давлагаа найман сарын сүүл, есдүгээр сараас эхэлж байна. Эхний давлагаан дээр бид вакциныхаа нэгдүгээр тунг хийж байсан бол хоёрдугаар давлагааны үед хоёрдугаар тунгаа хийж байсан. Харин одоо гуравдугаар давлагаатай зэрэгцээд гуравдугаар тунгаа хийгээд явж байна. Гуравдугаар тунгийн өвчлөл өмнөх хоёр давлагаанаасаа их байна. Дэлхий дахин нэг адилхан тодорхойгүй нөхцөл байдалд байна. 

Магадгүй дэлхий дахин өмнө нь яг ийм адилхан тодорхойгүй нөхцөл байдалд орж байсан түүх байхгүй байх. Иргэдийн зүгээс тохиолдлын тоо нэмэгдэх тусам өөрийн чинь хэлснээр айдаст автаж, болгоомжоо нэмэгдүүлэх биш харин ч эсрэгээрээ дасах маягтай болоод байгаа. Эхэлж хөл хорио тавих үед өөр байсан одоо гараад хар. Нийгмийн амьдрал ямар байгаа билээ. Би халдвар авах эрсдэлтэй гэдгээ огт тооцоолохгүй хэвийн амьдралын хэв маяг үргэлжилж байна. Халдварт өвчин өөрийн онцлогтой. Өөрөөр хэлбэл, халдварын эх уурхай болсон хүн, халдварын замыг ямар нэг байдлаар таслан сэргийлэх арга хэмжээ авахгүй л бол халдвар хөдөлгөөнөөр дамжаад байнга тардаг.

Бид дотоодод халдвар тараагүй үед хамгийн ихээр хөл хориотой, дэг журамтай байсан атлаа өнөөдөр бүх нийтэд тарчихаад байхад дөжрөх хандлагатай болчихоод байна уу гэх эмзэглэл байна. Бидний өдөр тутам баримтлах ёстой, хоорондын зай барих, амын хаалт зүүх, гараа ариутгах гэдэг маань зүгээр л лоозон маягтай хэрэгжүүлдэггүй зүйл болчихож.

 -Хүн төрөлхтөн хөл хорио, вакцинд их найдсан ч талаар боллоо гээд хэлчихэд хилсдэхгүй байх. Одоо тэгээд хамгийн зөв гарц, гаргалгаа гэж харж хэрэгжүүлэх ажил юу байна вэ?

-Эргээд харахад дэлхий дахин хөл хориогоор таслан зогсоочихно, тодорхой хугацаанд хөл хорио тогтоовол вирусийг өөрийнх нь халдварлах чадамж аажимдаа сулрах байх гэсэн найдвар, хүлээлт байсан. Харамсалтай нь хөл хориог чангалаад сайн үр дүнд хүрсэн улс алга. Хоёрдугаарт гэвэл вакцинд их найдлаа. Манай улсын тухайд дэлхийн эхний аравт орохоор хурдацтайгаар, олон хүнээ хамруулсан вакцинжуулалт хийж байна. Гэтэл гуравдугаар тун вакцин хийж байгаа орнуудад халдварын тохиолдол тархах хандлагат ажиглагдаад байгаа. Ер нь ковид гэдэг зүйл тийм амархан биднээс салахгүй гэдэг нь тодорхой болчихлоо. 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага ч, “Ковид гэдэг ойрын хэдэн жилдээ салахгүй нь ээ. Ковидтой шинэ амьдралын хэв маяг гэдэг зүйл рүү орохгүй бол болохгүй нь. Хэдийгээр нийт хүн амын олонх вакцинд хамрагдсан ч халдвар хамгааллын дэглэм хамгийн чухал арга хэмжээ хэвээрээ үлдэх нь.” гэдгийг дэлхийн нийт хүмүүст анхааруулж байгаа. Бидний хувьд ч ялгаа байхгүй.-Манай улс гурав дахь тунгаа хийгээд эхэлчихсэн. Гэтэл Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гурав дахь тун хэрэггүй гэлээ гэх мэдээлэл түглээ. Албан ёсоор ДЭМБаас гуравдугаар тунгийн талаар зөвлөмж, зөвлөгөө өгсөн үү?

-ДЭМБ бол их натурал байгууллага. ДЭМБ-ын харьяанд бүх орон багтдаг. Өнөөдөр ДЭМБ яагаад гуравдугаар тун шаардлагагүй гэж хэлээд байна вэ гэвэл дэлхий нийтэд ковидын вакцины үйлдвэрлэл ба түгээлт, хүртээмж дэндүү хангалтгүй байна. Өнөөдөр ядуу буурай орнуудад нэгдүгээр тунгийн хамрагдалт нийт амынх нь 1.6 хувьтай байна. Гэтэл манай улс нэгдүгээр тунг нийт иргэдийн 70 хувьд нь, хоёрдугаар тунг 64.8 хувьд, гуравдугаар тунг 150 мянга гаруй иргэдээ хийчихээд байж байна. Энэ тохиолдолд ДЭМБ-ын санаа зовж байгаа зүйл нь, “Хариу арга хэмжээнд ажиллаж байгаа хүмүүст вакцины хүрэлцээ муу байхад бүх нийтийн вакцинжуулалт буюу гуравдугаар тунд хамрагдана гэдэг ёс зүйгүй үйлдэл” гэсэн тайлбарыг өгч байгаа. Түүнээс биш гуравдугаар тунг огт хэрэглэж болохгүй, ДЭМБ хориглож байна гэсэн зүйл байхгүй. Товчхондоо хүртээмжтэй холбоотой асуудал.

-Вакцин хийлгээгүй иргэд бас бий. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй журам, дүрмийн дагуу вакцинд хамрагдах эсэх нь хувь иргэний сайн дурын асуудал. Гэтэл вакцин хийлгээгүй гээд иргэний эрхэнд халдсан гэж тайлбарлаж болохуйц шийдвэр бас хэрэгжээд байгаа. Энэ зөв үү?

 -Вакцин хийлгээгүй иргэд хийлгэснээс ээ хүнд өвчлөх хандлагатай байгаа. Ний нуугүй хэлэхэд бид эв хамтын нийгэмлэг дотор амьдарч байна. Хэн нэгэн сондгойроод дангаараа яваад байх боломжгүй. Өнөөдөр вакцин хийлгэлээ гээд халдвараас 100 хувь сэргийлж чадахгүй байгаа ч хүндрэл, нас баралтаас сэргийлж чадах нь үнэн. АНУ-д саяхан хийсэн вакцин тариулсан хүн тариулаагүй хүн хоёрын харьцуулсан судалгаанаас харахад, эмнэлэгт хэвтэх магадлал 29 дахин их байна. Нас барах болон хүндрэх магадлал тав дахин их байгаа нь нотлогдлоо. Мэдээж вакцин тариулах эсэх нь тухайн хувь хүний асуудал. Хоёрдугаарт, хүнд өвдөх тусмаа халдвар тараах нь их болж байгаа. Өөрөөр хэлбэл илүү хүнд, удаан хугацаагаар өвдөхийн хэрээр бусдад тараах хугацаа нь урт байна. Энэ урт хугацааны турш бусдад тараах магадлал ихэснэ гэхээр эрсдэл нь ойлгомжтой биз. 

Өнөөдөр нийгмийн эмзэг хэсгийнхэн вакцинд хамрагдаж чадаагүй байна. 11 наснаас доош насны хүүхдүүдэд хийх вакцин алга. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж ч гараагүй байна, вакцин үйлдвэрлэгч хүчирхэг орнуудын судалгаа шинжилгээ ч эцэслэгдээгүй байна. Тиймээс вакцин тариулах насных мөртлөө тариулаагүй хүмүүс хариуцлагатай байх хэрэгтэй. Тэгж байж л нийгэмдээ зохицож амьдарна. Би тариулахгүй, намайг тариулаагүйн төлөө нийгэмд хавчин гадуурхсан гэж үздэг чинь нэг талаар өрөөсгөл зүйл.-Энэ сарын 15-ны орчим гурав дахь давлагаа оргилдоо хүрнэ гэх мэдээлэл бий. ЭМЯ орой 22 цагаас хойш хатуу хөл хорио тогтоох саналаа УОК-т хүргүүлсэн. Цаг зааж хөл хорио тогтоосноор эрсдэлээс хэдэн хувь хамгаална гэсэн тооцоо бий юу?

-Нэгдүгээрт, халдварт өвчний гинжийг таслах арга нь халдварын эх уурхай болсон хүнийг тусгаарлах. Хоёрдугаарт, халдвар авах замуудыг блоклох нь хамгийн сайн үр дүнтэйд тооцогддог. Дээр үед ч тийм байсан, одоо ч энэ арга аргачлалын ач холбогдол буураагүй. Судалгаа хийхэд 22-24 цагт баар цэнгээний газрууд хамгийн өндөр идэвхжилтэй, хүмүүс амны хаалтаа авдаг юм байна. Энэ бүсэд халдвар тарж, халдварлачихаад орой гэртээ харина, маргааш нь ажил дээрээ очно. Халдвар тараах үндсэн шалтгаан нь энэ. Дэлхийн улс орнууд ч амны хаалт авах үйлчилгээнүүдийг хориглож байгаа. Тухайлбал супер маркетад хүн амны хаалтаа авдаггүй. Сургуулийн орчны үйлчилгээ ч нээлттэй байж болно. Тэр орчинд байгаа хүүхдүүд амны хаалтаа зүүчихнэ. Ташрамд дуулгахад, өнгөрсөн хугацаанд дэлхийд сургуулийн үйл ажиллагааг хориглосон 16-17 орон л бий. Бусад нь сургуулийн үйл ажиллагааг явуулсан. 180 гаруй орон сургалтын үйл ажиллагааг танхим болон холимгоор хичээллэхэд сургалтын үйл ажиллагаатай холбоотой тохиолдлын тооны ихсэлт ажиглагдаагүй. 

Манай улсын тухайд, Эрүүл мэндийн болон Боловсролын сайд нарын хамтарсан түр журам хэрэгжиж буй. Түр журмыг хэрэгжүүлээд явбал сургалтын үйл ажиллагаанаас болж халдварын тоо нэмэгдэхгүй гэж харж байна. Тодорхой зайгаа барьж, амны хаалтаа зүүж, ариутгал хийгдэж байгаагийн дээр нягтрал бууруулсан орчинд хичээллэж байгаа болохоор эрсдэл бага. Үнэндээ хүүхдүүдэд аав, ээжүүд л халдвар тараагаад байна.-Өвчлөл ихсэх хэрээр орны нөөц хэр байна вэ гэх асуулт ард иргэдийн дундаас их ирж байна. Оргүй учраас хөнгөн өвдсөн тохиолдолд гэртээ эмчлүүл гэсэн зөвлөмжийг өгч байна гэх хардлага ч бас байна?

-Өнөөдрийн байдлаар 21.200 хүн эмнэлэгт хэвтэж байна.

-Энгийн үед эмнэлэгт хэвтэн үйлчлүүлэх иргэдийн тоо хэд орчим байдаг юм бол. Бэлэн хэдэн ортойгоор эмнэлгийн үйлчилгээ хэвийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг юм бэ?

-Улсын хэмжээнд 27.000 ортой. Дээр дурдсан 21.200 хүн бол ковидоор өвчлөгсөд. Гэхдээ 27.000 орноос тодорхой хувь нь ковидын өвчтөнд ашиглагдаж буй. Мөн бид эмнэлгийн бус орчинд ор дэлгээд явж буй. Манайхан орны тоо л яриад байдаг. Орны тоог хязгаарлаж буй хүчин зүйл нь боловсон хүчний нөөц. Манай улс 27.000 мянган эмнэлгийн ортой, 56.000 эмнэлгийн ажилтантай. Орны тоог зочид буудал, дотуур байр, түр тусгаарлах байранд дэлгэх маягаар дэлгэж болох ч үндсэн тусламж үйлчилгээ үзүүлж чадахгүйд хүрнэ. Төрөх, гэмтэл, хавдар яаралтай мэс засал, дотрын үйлчилгээ үндсэн тусламж үйлчилгээ зэрэгцээд явж байгаа. Үндсэн тусламж үйлчилгээнд өнөө л 56.000 ажилтнаас ажиллаж байгаа. Ор шинээр дэлгэж болох ч 56.000 ажилтан маань үндсэн үйлчилгээнээсээ ковид руу шилжин тусламж үйлчилгээ үзүүлж буй. Ямар нэг байдлаар шинэ боловсон хүчин бэлдээд гаргаж дайчилж байгаа нь бага. Бид 370 резидентээ лавлах үйлчилгээнд дайчилсан. 

Өрхийн тухайд НЭМГ-тай хамтраад Глобаль сангаас нэг өрхийн эмнэлэгт хоёр сайн дурын ажилтан авчрахаар ажиллаж байна. Өрхийн эмнэлгийн холбоо ч сайн ажиллаж байгаа. Мөн Улаан загалмай нийгэмлэг сайн дурын 400 ажилтан бэлтгэсний сүүлийн 50 нь өнөөдөр ажлын талбарт шилжлээ. Эрүүл мэндийн салбарын ажилтныг шууд ажлын талбарт гаргадаггүй, эхэлж сургаж бэлтгэдэг онцлогтой. Сайн дурын ажилтнууд өрхийн эмнэлэг дээр эмийг нь хүргэх, харилцуурт хариулах ч гэх юм уу эмнэлгийн бус мэргэжлийн хүн дэм болох маягаар ажиллаж байна.-Монголд яг хэдэн анагаахын чиглэлийн сургууль байдаг юм бэ. Улсынхаас гадна 10-аад сургууль байдаг санагдаж байна. Анагаахын оюутнуудыг дайчилж болдоггүй юм уу. Гурав, дөрөвдүгээр курсийнхэн дөртэй болчихсон байгаа биз дээ?

-Эм зүйч, сувилахуйн чиглэлийн нийт 10-аад сургууль бий. Цар тахлын хоёрдугаар давлагааны үеэр, Боловсролын яаманд хандаж, төгсөх курсийнхнийг дайчлах талаар санал тавьсан. Гэхдээ эцэг, эхчүүдээс заавал зөвшөөрөл авах юм билээ. Мэдээж ковидын голомтод ажиллаж байхдаа өвчлөх архаг хууч өвчтэй бол хүндрэх, амь насаа алдах эрсдэл гарахыг үгүйсгэх боломжгүй учраас Боловсролын яам шууд “Тэгье” гэсэн шийдвэр гаргаж чадахгүй гэсэн хариу өгсөн. Өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн салбар бүхэлдээ маш өндөр ачаалалтай байна. Талархаж, дэмжиж буй нь олон ч тааруу муу ажиллаж байна гэж шүүмжлэх тохиолдол ч бий. Ажиглаад байхад нийслэлд хөдөлгөөнт хүн ам маш их байдаг юм. Хөдөө орон нутгаас түр ирж байрлагсдаас гадна нийслэл дотроо маш их хөдөлгөөтэй байдаг юм байна. Сонгинохайрхан дүүргийн Баянхошуунд хаягтай хүн хаяг дээрээ бус Баянзүрх дүүрэгт байр түрээсэлж амьдардаг. Халдвар илэрч, мэдээллийн систем рүү орж, үндсэн хаягийнхаа дагуу өрхийн эмнэлэгтээ харьяалагдана. Өрх дээр нь тухайн хүн хаягийн шилжилтээ хийлгээгүй учраас тусламж үзүүлж, холбогдох боломжгүй болчихдог. Атал иргэн маань манай өрх надтай холбогдсонгүй гэж гомдоллодог тал ч ажиглагдаж байна.

 Гэтэл өнөөдөр эмнэлгийн салбарынхан маань ажиллахгүй гээд хаалгаа бариад зогсчихсон, хаалгаа цоожилсон ганц ч тохиолдолд байхгүй, бүгд маш өндөр ачаалалтай ажиллаж байгаа. Хоёрдугаарт, иргэдийн зүгээс өгч буй энэ их сэтгэл зүйн дарамт, үндсэн ажлаас авч буй ачааллаас илүү ядрааж байгаа. Эмнэлгийн ажилтнууд ч гэсэн ар гэртэй, үр хүүхэд, хань ижил, аав, ээжтэй шүү дээ. Гэтэл вирусийн хамгийн их ачаалалтай орчинд ажиллаж буй. Ний нуугүй хэлэхэд иргэн та өвдөхгүй байх боломж бий. Өөрөө гадуур дотуур яваад, халдвар хамгааллын дэглэмээ зөрчиж байж өвдчихөөд эргэж ирээд бүх бурууг эрүүл мэндийн салбараас хайж байгаа нь өрөөсгөл санагддаг. Халдвар бүх нийтэд тарсан тохиолдолд нэг салбарын шийдэж, авч явах биш. Бүх салбар, бүх иргэний оролцоотойгоор даван туулахаас өөр аргагүй юм байна. Зөвхөн эрүүл мэндийн салбар юу хийж байна, юуг хийж чадахгүй байна гэдэг талаас нь хандаад өөрсдөө ямар нэг үүрэг хариуцлага хүлээхгүй байвал энэ өвчний ард амархан гарахгүй. Сүүлийн үед Мю хувилбар гарч ирлээ. Вакцинд хамаарахгүй байх хандлагатай хувилбар гэж байна. Вакцин тариулсан ч үйлчилэхгүй шууд халдварлах эрсдэлтэй. Тиймээс иргэд маань илүү хариуцлагатай байгаач ээ, та бүхний эрүүл мэндийн салбарынханд үзүүлж чадах хамгийн том тус бол өөрсдөө өвдөхгүй, халдварлахгүй байх явдал.

-Өөрсдөөсөө болсон асуудлаа систем рүүгээ чихлээ гээд амжилтад хүрэхгүй л дээ?

-Одоо эрүүл мэндийн салбарт ажлаасаа хаширсэн, гарахад бэлэн болсон хүн олон байна. Тэгээд яах юм бэ тэд гараад явчихвал хэн үйлчлэх юм бэ. Иргэний хувьд би ковидын голомтод ажиллахгүй гээд явах эрх хүн бүрд бий. Эмч тангараг өргөсөн гэдэг ч бүх насаараа таны эрүүл мэндийг хамгаална гэсэн үг биш. Үүгээрээ би иргэдтэй хамтарч салбар дундын оролцоогоо нэмэгдүүлье гэж байна. Бид халдварыг буулгаад л авдаг. Дараа нь хөл хөдөлгөөнийг дэмжсэн шийдвэр гардаг. Ховд аймагт Даншиг наадам болоод л халдвар ихэсчихсэн. Баян-Өлгий аймагт Алтай Таван Богдыг зорих хөдөлгөөн нэмэгдээд л хяналтаас гарчихсан. Санаж байгаа бол долдугаар сард халдварын тохиолдлыг буулгасан шүү дээ.

-Сонгууль, шагнал хоёр халдварын тохиолдол огцом ихсэхэд нэмэр болсон уу?

- Хоёрдугаар давлагаанд нөлөөлсөн, гуравдугаар давлагаанд наадмын урт хугацааны амралт нөлөөлсөн. Эхний давлагааны үеэр нэг өрх нэг шинжилгээ аяныг өрнүүлж хумьсан байсан ч үйлчилгээний байгууллагууд 95 хувь нээгдсэнээр халдвар нэмэгдсэн. 

Иргэдийн хувьд биднийг хорих гээд байна гэх айдас байх шиг. Хэвийн амьдралын хэв маягаар ажиллахыг хүсэж байгаа бол бүгд хамтарч ажиллах хэрэгтэй болчихоод байна. Иргэн та өөрийгөө болон гэр бүлээ хамгаалж чадвал хэвийн амьдрах бүрэн боломжтой. Түүнээс биш өөрөө ямар ч хариуцлага хүлээхгүйгээр, зөвхөн эрүүл мэндийн байгууллагад бүхнийг хариуцуулна гэвэл бид бүгд л хэзээ өвдчих бол гэсэн байнгын айдастай амьдарна.-Гуравдугаар тунгаа хийгээд эхэлчихлээ. Ингэхэд вакцины нөөц хэр байгаа юм бэ?

-Вакцины нөөц хангалттай байгаа. Файзер ч байна, вероцелл ч бий. Монгол Улсын Засгийн газар хангалттай таталт хийсэн шүү дээ. Нөөцийн тухайд бага насны хүүхдэд хийх зөвшөөрөл гарвал хийсэн ч хүрэлцэнэ. Харамсалтай нь дэлхийн анагаах ухаан зөвшөөрч, нэгдсэн дүгнэлтэд хүрээгүй байна.

-Манайхан өөрсдөө шүлсээр оношлох оношлуур хийсэн. Саяхан бас хамрын хөндийгөөс арчдас авч шинжлэх оношлуур бүтээлээ гэх мэдээлэл түгсэн. Энэ ажил ямар шатандаа яваа бол?

-Хэрэглээд эхэлчихсэн. PCR шинжилгээ гэснээс бас нэг зүйлийг тодруулахад халдварын үе шаттай холбоотойгоор хариу арга хэмжээний тактик техникүүд өөрчлөгддөг. Засгийн газар ч үүнтэй холбоотой дүрэм журмаа баталчихсан. Жишээ нь бүх нийтийг хамарсан тохиолдолд ямар арга хэмжээ авах, шинжилгээг ямар байдлаар авах гэхчлэн өөр өөрийн онцлог, аргачлалтай. Санаж байгаа бол эхний үед батлагдсан тохиолдол болгоныг эмнэлэгт хэвтүүлж, ойрын хавьтлыг гэрээр тусгаарлаж, дам хавьтлыг хянадаг байсан. Кластер буюу алаг цоог байх үед энэ нь үр дүнтэй арга л даа. Нийтийн дунд тархаад эхлэхээр энэ арга хэрэггүй болчихож байгаа юм. Нэгэнт тархсан тохиолдолд ойрын хавьтлын тоог гаргая гэвэл өдөртөө 40-50 мянган тохиолдол илрэх магадлалтай байна. Хөдөлгөөн ийм байхад магадлал маш их. Энэ тохиолдолд ойрын хавьтлын хөөсөн шинжилгээ эхнийх нь эдийн засгийн хувьд ч хэт үрэлгэн аргачлал. 

Өнөөдөр бид өдөрт 10.000 PCR шинжилгээ хийхэд эерэг хувь нь 28 хувьтай байгаад байгаа. Хүрээг тэлэх тусам эерэг хувийн тоо буурна. Өөрөөр хэлбэл, өвдөөгүй байх магадлалтай хүмүүс олноор шинжилгээнд хамрагдана гэсэн үг. Тиймээс ЭМЯны зүгээс аль болох байндаа туссан шинжилгээ хийе. Ойрын хавьтал дотроос магадлал өндөртэй, жишээ нь жирэмсэн эмэгтэй, настай хүмүүс, архаг өвчтэй иргэн, хүүхэд гэхчлэн сигментчлэх бодлого барьж байгаа.

Энэ тохиолдолд байгууллагууд сайн дураараа ажилтнаасаа шинжилгээний хариу нэхдэг асуудал, эрүүл мэндийн салбарт нэмэлт ачаалал болж байна. Тиймээс хувь хүмүүс эрсдэлээ тооцоод, PCR шинжилгээ өгөх хэмжээнд хүртэл эрсдэлд бүү орооч ээ гэж хүсье дээ. Нэг PCR шинжилгээний ард 50 мянган төгрөг байгаа. Өдөрт 10.000 шинжилгээ гэхээр 500 сая төгрөг зарлагдаж байна. Түргэвчилсэн тестийн дундаж үнэ 16-19 мянган төгрөгийн өртөгтэй. Улсын хэмжээнд 10.000 шинжилгээ хийж байгаа гэхээр өдөрт 200-гаад сая төгрөгийн зардал өдөр бүр гарч байгаа. Гэтэл түргэвчилсэн шинжилгээний эерэг хувь нь 14 хувьтай. Зүй нь сигментчлээд явбал хүндрэл, нас баралтаас урьдчилан сэргийлэх боломжтой.

-Манай улс дэлхийн бусад улстай харьцуулахад нас баралтаараа хэддүгээрт явж байна вэ. Цөөн хүн амтай учраас өдөрт 5-10 хүн нас барлаа гэх мэдээлэл хүнд сонсогдоод байна л даа?

-200 гаруй улс орныг жагсаахад нас баралт багатай улс орны 15 дотор явж буй. Эцсийн дүндээ ковидын үйлчилгээ хэрхэн ард иргэдээ хамгаалсан юм бэ гэдгээр л хэмжигдэнэ. Дэлхийд эрүүл мэндийн үйлчилгээний чанараараа нэгдүгээр байранд ордог Франц улс гэхэд нас баралтаараа 25 дугаар байранд орж байна. Итали эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанараараа хоёрдугаар байранд ордог. Нас баралт бас л өндөр байна. Италид нэгдүгээр давлагааны үед нийт өвдсөн хүмүүсийн 14.5 буюу 100 хүн өвдөхөд 15 нас барж байсан. Одоо манай улсад 0.45 хувьтай байна. 1000 хүн өвдөхөд 4-5 хүн нас барах эрсдэлтэй байна. 

Ний нуугүй хэлэхэд манайхан ийм мэдээллийг авч үздэггүй хэрнээ намайг эмнэлэгт хэвтүүлсэнгүй, ирж үзсэнгүй гэх мэдээлэлд түлхүү анхаардаг. Нас баралт, хүндрэл бага байгаа нь манай эрүүл мэндийн салбар систем өдөр шөнөгүй ажилласны гавьяа. Дэлхий дахинд нийт өвдсөн тохиолдлынхоо 2-3 хувийг эмнэлэгт хэвтүүлж эмчилж байна.-Харин манайх нийт тохиолдлын хэдэн хувийг хэвтэн эмчлүүлж байгаа юм бэ?

-Нийт тохиолдлын 40 хувийг эмнэлэгт хэвтүүлж эмчилж байгаа. 30 дахин өндөр байхад манайхан дахиад ор нэм л гээд байна. Дахиад ор нэмэх юм бол үндсэн тусламж үйлчилгээнээсээ татгалзах хэрэгтэй болно. Төрөх гэж байгаа ээж төрж чадахгүй болно. Ний нуугүй хэлэхэд ажлын энэ их ачааллын хажуугаар дарга нар таньдаг хүнээ хэвтүүлээд өгөөч хэмээн ярих нь дарамт болж байгаа. Хөнгөн хэлбэрээр өвдсөн хүнээ танил тал харж эмнэлэгт хэвтүүлэх гээд өдөр шөнөгүй утас цохиулах тохиолдолд ч гарч байна. Эцэст нь хэлэхэд, халдварын тархалт их байгаа ч нас баралтыг бууруулах тал дээр хангалттай арга хэмжээ авч байгаа.

-Нас барсан иргэдийн яг хэдэн хувь нь вакцинд хамрагдаагүй байсан гэдэг судалгаа байна уу. Иргэдийн дунд нэг, хоёрдугаар тунгаа хийлгэчихээд халдвар авчихлаа, нэмэргүй юм байна гэх ойлголт байна?

-Нэгдүгээр тунгаа хийлгээд хоёр дахь тунгаа хийлгээгүй эсвэл огт вакцин хийлгээгүй настай иргэд 80 орчим хувийн хамааралтай байгаа юм. Яаж ийгээд вакцинд хамрагдаач гэж ард иргэдээ уриалъя. 

Хүний амьд явах эсэх мэдээж ганцхан вакцин гэдэг зүйлээс хамаарахгүй шүү дээ. Хорт хавдрын эцсийн шатандаа орчихсон хүн вакцин тариуллаа гээд хавдар нь алга болохгүй. Нас баралтад ерөнхийдөө гурван хүчин зүйл л нөлөөлөөд байна.-Тодруулбал?

-Маш тод хамааралтай гурван хүчин зүйл байна. Нэгдүгээрт суурь өвчин 80 хувийн хамааралтай, хоёрдугаарт нас байна. 60-аас дээш насныхан 72 хувь. Нийт нас баралтын 72-оос дээш хувийг 60-аас дээш насныхан эзэлж байна. Гуравдугаарт вакцин тариулаагүй бол 80-аас дээш хувьтай. Хэрвээ архаг хууч өвчтэй, 60-аас дээш настай, вакцинд хамрагдаагүй бол эрсдэл маш өндөр гэсэн үг.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна