Модод дотроо онгойтол навчсын хэлээр хуучилна

Админ
2021/09/13

Д.БЯМБА

Тэнгэрт ургадаг миний моддын 

Тэмдэгт навчин гэгэлзэхэд энд намар болдог...  Л. Ө 

Намар гэдэг моддын уйтгар гуниг, миний гэгэлзэл гэвэл уншиж буй танд хүн чанаргүй хүйтэн хөндий нэгэн тодрон ирэх вий... Буй биеэрээ бүх л уйтгар гунигийг тээж, орчлонгийн жамыг чадах чинээгээрээ даан авсан модод л хэтэрхий хатуу өрөвдөм гэлтэй. Гэхдээ л модод шарлахгүй, навчис унахгүй бол намар утгагүй, намар намар биш болно. Намар намар биш байна гэдэг яруу найрагчдын шүлэг шүлэг биш болж, над мэт ганцаардалдаа гэгэлзэн суудаг хүмүүст ганцаардал ганцаардал биш болно гэсэн үг. Магадгүй нэг юм нөгөөгүйгээр оршихгүйн утга энэ ч байж болох. Модод гунигийг тээж би түүгээр нь тэжээгдэн амьдардаг гэвэл хүн чанаргүй болох хэдий ч орших утгаа хайж өөрөө өөрийгөө эрэн яваа би ер нь өөртөө л чухал биш гэж үү ? хэмээн моддын дунд зогсоод тэдэнтэй ярилцана. Дотоод ертөнцөөрөө намартай харилцан зогсохуйд навчис унасаар л байдагсан...Би ямар ч үед намрыг дотроо тээж явах дуртай. Учир нь сэтгэлээр унасан, шантарсан , бүх зүйл юу ч үгүй хоосон санагдсан үед ч өөр доторх намрын тухай бодол минь намайг сэргээдэг билээ. Уг нь хүн өөртөө л шаналал тарьдаг болохоос биш одоохондоо ч нэг их шаналал зовлонд автах болоогүй л дээ. Хайр дурлал гэгчийн шаналал ч ирээгүй л байна. Гэхдээ хүн уйтгарлан шанална гэд эг том жижиг байхаасаа үл хамаарна. Хүсвэл хэзээ ч шаналж болох шүү дээ. Энэ бодол минь ч бас намраас л үүдэлтэй. Тэр зүүдэнд минь , хүлээлтэд минь, хайранд минь хүртэл байдаг учир гурван сар л бүхнийг шарлуулаад нэг л өглөө цас ороход хаашаа ч юм алга болсон байна. Өөрийн минь дотор хурган орчих шиг тэр л намрыг би тээж явдаг. Намар Их сургуулийн гудамжинд үнэхээр дурлам сайхнаар ирнэ. Их сургуулийн намар, их хотын намар, чиний намар гээд л төрөл бүрийн намар буй мэтээр шарласан бүхнийг харах бүртээ тийм л олон янзаар гэгэлздэг билээ. Өмнө нь би намар богинохон байх вий гэж айдаг байсан ч одоо бол бие сэтгэлээрээ намрыг дотроо тээж, айх айдас минь өөр зүйлээр солигдсон юм. Тэр бол модод чи. Чиний зовлонг бодохоор намар уйтгарламаар ч энэ л улиралд дэндүү дуртай өөрийгөө би яах вэ хэмээн асуухад , дахиад л өөдөөс минь нэг ч хариу үл дуугарна... Гагцхүү навчис л хаялна...Уг нь би энд моддоос уучлалт гуйх гэж ирсэн ч навчис унахаас өөр хариугүйд гоморхоно... “Байгаль амьгүй бишээ тэдний амь бидний зүрхэнд явдаг юм”. Би ийн бодох зуурт навчис салхины түрэлтэд улам олноор хуйлран бууж буйг хараад модод навчсын хэлээр надтай ярих шиг санагдсан. Аяа намар чи нэгний жаргал нөгөөгийн зовлон болсоор ахиад л хүрээд ирнэ дээ... 

Модод дотроо онгойтол навчсын хэлээр хуучилна 

Миний мэдэх ертөнц ерөөс гуниг юм...


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.