225 резидент эмч, 200 гаруй сайн дурын иргэдийг дайчлах шийдвэр гарлаа

Админ
2021/09/14

С.ЭНХЦЭЦЭГ

Монголчууд коронавирусийн нөхцөл байдалтай дасан зохицох нэрээр Ковид-19 халдварыг түр мартаж орхисон. Саяхан хичээл сургалтын үйл ажиллагаа эхэлсэнтэй холбоотойгоор сүүлийн өдрүүдэд өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдол гурван мянгыг давлаа. ЭМЯ-наас өглөө бүр зарлаж байгаа энэ тооны ард халдвар авсан иргэдийн бодит нөхцөл байдал дээрдсэнгүй. Тухайлбал, эмнэлгийн ор хүрэлцэхгүй , ачааллаа даахгүй гэсэн шалтгаанаар өвчтөн хүлээж авахгүй байгаад иргэд бухимдаж байгаа юм. Энэ талаар бид халдвар авч, хэвтэн эмчлүүлж байгаа болон гэрийн хяналтад байгаа иргэдтэй холбогдож байр суурийг нь сонслоо. 

Шинж тэмдэг хүндэрсний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа XVIII хорооны иргэн Д.Баярмаа бидэнтэй нөхцөл байдлаа хуваалцлаа. Тэрбээр “Эерэг гараад зургаа хоноод эмнэлэгт ирсэн. Энэ хооронд хүндэрч хоёр удаа амьсгалын дутагдалд орсны улмаас ухаан алдаж унаад, Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Хоёр уушги хатгалгаатай, наалданги үүссэн байсан. Зургаа хоног хэвтэж чадаагүй нь ор байхгүй гэдэг ганцхан шалтгаанаас болс он. Өнгөрсөн бямба гарагт тэргэнцэр дээр түрүүлэн эмнэлэгт ирсэн. Бага насны гурван хүүхэдтэйгээ уулзахгүй өөрийгөө тусгаарлаж байгаад хүндэрсэн хойноо ирлээ. Эмч нар ачаалал ихтэй, маш хүнд нөхцөлд ажиллаж байна. Манай тасагт долоон хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Бүгд хүндэрсэн, өвчиндөө зовж шаналж буй улс харагдаж байна” гэлээ. 

Мөн эмнэлгийн ачааллын улмаас гэрийн хяналтад байгаа Сүхбаатар дүүргийн XI хорооны иргэн Д.Золжаргал “Есдүгээр сарын 9-нд батлагдсан. Эхэндээ хүнд байгаад одоо биеийн байдал сайжирч байна. Хоёр нялх хүүхэдтэйгээ тусгаарлалтад байна. Анх өрхийн эмнэлэгт очиход ачаалал ихтэй байсан.Миний биеийн байдал эмнэлэгт хэвтэх шаардлагагүй дээрдсэн ч хоёр хүүхэд маань хүнд байна. Өрхийн эмнэлэгт эмчийн хүрэлцээ бага гэсэн шалтгаанаар үзүүлэх тусламж үйлчилгээ муу байгаа. Өнөө өглөө утастаж нөхцөл байдлаа хэлснээр эмч ирэхээр болсон. Хүүхэд өвдөнө гэдэг хэцүү. Халуурч амьсгал нь боогдоод яах учраа олохгүй байна. Хүүхдэд ямар эмчилгээ хийх талаар мэдээлэл огт байхгүй. Тиймээс эмнэлэгт хэвтэх тухай бодсон боловч ачаалал их байгаа гэсэн. Өрхөөс өгсөн эмүүд хүрэлцэхгүй, байсан тул би 110 мянган төгрөгийн эм авч ууснаар дээрдсэн.

Харин одоо хүүхдүүдэд маань эм, эмчилгээ хэрэгтэй байгаа. Бага насны хүүхдүүд эмнэлэгт хэвтэх нь бүр эрсдэлтэй байж магадгүй гэж бодож байна”. Хэвтэн эмчлүүлж буй иргэдийн нөхцөл байдал болон орны хүрэлцээний талаар ХӨСҮТийн чанарын албаны дарга Б.Энхжаргалаас мэдээлэл авав. Б.Энхжаргал: “ХӨСҮТ нийт 554 ортой, Түүнээс 200 нь сүрьеэгийн тасгийн ор бөгөөд сүрьеэгээр өвчилсөн өвчтөнүүдийг хүлээж авдаг байсан. 

Харин ковидын нөхцөл байдлаас шалтгаалан сүрьеэгээс бусад тасгийн халдварт өвчний 60 орыг оролцуулаад 354 орыг дэлгэн ковидоор өвчилсөн иргэдийг хэвтүүлэн эмчилж байна. Өнөөдрийн байдлаар өвчтөн хүлээж авахаар батлагдсан орны тооноос хэд дахин давсан. Өөрөөр хэлбэл орны тооноосоо хэтэрсэн, өвчтөн хүлээж авахын хэрээр эмч сувилагчдын ачаалал их болж байна гэсэн үг. Нэг орон дээр хоёр хүүхэд хүлээж авах тохиолдол байна. Заримыг нь эрт гаргах зэрэг арга хэмжээ авч байгаа. Өвчний шинж тэмдэг хүндэрсэн нярай ээжүүд болон 60-аас дээш насны ахмадууд хэвтэн эмчлүүлэгсдийн дийлэнх хувийг эзэлдэг.

Мөн эмнэлэгт хэвтэх зайлшгүй шаардлага тулгараагүй иргэд ихээр хандаж байна. Ирсэн хүн болгоныг авна гэж байхгүй. Ачаалал маш их. Манай эмнэлгийн хувьд аль болох хүндрэх магадлалтай, зөвхөн эмнэлгийн тусламж яаралтай шаардлагатай иргэдийг хүлээж авахыг хичээж байгаа. Гэвч маш хүнд болон хүндэвтэр ангилалд хамаарах шинж тэмдэггүй өвчтөнүүд олноор ирж асуудал үүсгэж байгаагаас харахад иргэдийн дунд дельта вирусийн тархалттай холбоотой айдас нэмэгдсэн нь илт анзаарагдаж байна. 

Бид нэн түрүүнд хүндэрсэн, нярай ээж болон өндөр настан гэх мэт нас баралтын түвшин өндөр байгаа эрсдэлт бүлэгт хамаарах иргэдийг эмнэлэгт эмчлэхийг зорьж, чадахаараа хичээж байна.Үүнийг иргэд ойлгох хэрэгтэй. Хөнгөн туссан иргэдийн хувьд эмнэлэгт эмчилгээ хийлгэх нь хамгийн сайн сонголт биш. Эсрэгээрээ халдварын голомтод очно гэсэн үг гэдгийг ойлгоосой”. Энэ мэт эмнэлэг болон иргэд хоорондын үл ойлголцлыг Эрүүл мэндийн яам тодорхой болгох шаардлагатай байгаа юм. Бид орны хэрэгцээ хангамжийн зохицуулалт болон эмч эмнэлгийн байгууллагын ажилтны хүрэлцээний нөхцөл байдлыг ЭМЯ-ны хэвлэлийн албаны ажилтан Э.Сэлэнгээс тодрууллаа. Э.Сэлэнгэ “Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд ковид-19 халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байгаа 21673 иргэн байна. Үлдсэн 41534 иргэн гэрийн хяналтад байгаа юм. Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэг, гурван амаржих газарт нийт 27 мянга гаруй ор бий. Үүнээс 21600 орыг коронавирусийн халдварын улмаас хэвтэн эмчлүүлэгсэд эзэлж байна.

 Анх улсын хэмжээнд нийт 27 мянган орноос Ковид-19-ийн эмчилгээнд 14 мянгыг нь дэлгэсэн. Харин одоо ачаалал ямар их хэтэрснийг харж байгаа болов уу. Энэ үед эмнэлгийн орноос гадна хамгийн их тулгамдаж буй асуудал нь эмч эмнэлгийн ажилчдын хүрэлцээ юм.Энэ талаар хариу арга хэмжээний хүний нөөцийн хомстлыг арилгах шуурхай хурлыг ЭМЯ, ЭМХТ, НЭМГ, ХХЭМБНХолбоо хамтран өчигдөр зохион байгуулсан. Уг хурлаар 156 өрхийн эмнэлгийн төвд 225 резидент эмч 200 гаруй сайн дурын идэвхтнүүд дайчлах шийдвэр гарсан” хэмээн мэдээллээ. Эмнэлгийн орны хүрэлцээтэй холбоотой асуудлаар Баянзүрх дүүргийн IV хорооны иргэн О.Наранчимэг: “PCR шинжилгээний хариу эерэг гараад дөрөв хонож байна. Амтлах болон үнэрлэх мэдрэмж байхгүй, толгой өвдөх, бие сульдах халуурах шинж тэмдэг илэрч байна. Би угаас бие султай хүн. Тиймээс хүндрэхээс нь өмнө эмнэлэгт хэвтэх гэсэн боловч ямар ч эмнэлэг ор дүүрсэн, хөнгөн шинж тэмдэгтэй гээд хүлээж авахгүй байгаа. Танил талгүй бол эмнэлэг олох хэцүү болжээ” хэмээн өөрийн нөхцөл байдлыг хуваалцсан юм.

Ковид-19 халдварын дельта вирус анх долдугаар сард тархаад байх үед есдүгээр сарыг цар тахлын хамгийн оргил үе байж болзошгүй хэмээн эрдэмтэд таамаглаж байсан. Тэгвэл энэ таамаг биеллээ олсон буюу хичээл сургуулийн үйл ажиллагааг танхимаар оруулж эхэлснээр халдварын тохиолдол эрс нэмэгдэж, улсын хэмжээнд эмнэлгүүдийн ачаалал өндөр болоод буй.Тиймээс хүнд шинж тэмдэг илрээгүй тохиолдолд аль болох эмнэлэгт ачаалал үүсгэхээр сонголт хийхгүй байхыг холбогдох хүмүүс анхааруулсаар байна. Эмнэлгийн нөхцөл байдал хүнд, дельта вирусийн халдвар тархсан, үндсэндээ хамгийн хүнд үед ирсэн тул иргэд халдвар хамгааллын дэглэмийг орхигдуулахгүй байж, санаа амрахгүй улам болгоомжтой байх шаардлага үүсэж байна.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна