Монгол орны УЦС-ын хөрөнгө оруулалт ба түүний үр ашиг

Админ
2021/09/14

Техникийн ухааны доктор Монгол Улсын Зөвлөх инженер Б.ДАГВАДОРЖ


ЖИЛИЙН ТУРШИД ТАСРАЛТГҮЙ АЖИЛЛАХ УЦСЫН ОНЦЛОГ

Ø Жил бүр нөхөн сэргээгддэг усаар цахилгаан эрчим хүч (цаашид ЦЭХ гэх) үйлдвэрлэн, зогсолтгүй ажиллах 100 жилийн удаан насжилттай

Ø Ашиглалтдаа түлш шатахуун хэрэглэдэггүй, түүний хангамж, үнэ өртгийн өөрчлөлтөөс хамааралгүй ажиллана

Ø Инфляц, дефляц, эдийн засаг, нийгмийн өөрчлөлтийн нөлөөнд автагддаггүй Ø Нийгэм, эдийн засгийн хөгжлийн эх үүсвэр болдог

Ø Өвөл, зуны цаг уурын өөрчлөлт, усны үер, хүчтэй салхи шуурга, газар хөдлөлт зэрэг гамшгийн нөхцөлд найдвартай ажиллана

Ø Хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа хамгийн хямд ЦЭХ-ээр хангах, ногоон эдийн засгийг хөгжүүлэх боломж бүрдүүлнэ.

Ø ЦЭХ -ий хэрэгцээнд тохируулан богино хугацаанд хүчин чадлаа өөрчилж, ЦЭХ-ий оргил ба бага ачааллыг хааж, нар салхины эрчим хүчний эх үүсвэрийн зогсолтыг нөхөж, хослон ажиллах чадвартай. Улс орон бүрд голууд дээр боомт барьж эрчим хүч гаргах УЦС-ыг байгуулах олон боломж байдаг боловч түүнийг барихад хөрөнгө ихээр зарцуулах шаардлагатай байдгаас хамгийн хямд, үр ашигтай байрлалаас нь эхлэн сонгон байгуулах нь нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдолтой. Манай оронд Усны бодлогын хүрээлэнгээс 1994 онд голуудын усны эрчим хүчний нөөцийн тооцоог хийж, нэгтгэн гаргаж, голууд дээр УЦС байгуулах байрлалыг товлосон боловч тэдгээрийн эдийн засаг, экологийн үзүүлэлтүүдийг тодорхойлох судалгааны ажил маш цөөн газарт хийгдэж, ихэнх голуудад огт хийгдээгүй тул ашигтай хувилбарын сонголт хийх боломжгүй байна. 

Усны Эрчим ХХК Монгол орны Баруун бүсэд 50 гаруй өндөр түрэлтийн (100-800 м түрэлттэй) УЦС-ын байрлалыг илрүүлэн 44 УЦС-ын техник эдийн засгийн үзүүлэлтүүдийг тоймлон гаргасан нь тэдгээрээс хамгийн ашигтайгаас нь сонгон байгуулах боломжийг олгож байна.Голууд дээр байгуулах УЦС-ын техник эдийн засгийн үзүүлэлтүүд тодорхойгүй болохоор ашигтай хувилбараас бус сайд дарга нарт таалагдсан байрлалыг сонгон, улс төрийн бодлогодоо оруулан хөрөнгө оруулалтыг хийдгээс УЦС-ын үр ашгийн үзүүлэлт ихээхэн доогуур байна.


ДӨРГӨНИЙ УЦС, ТАЙШИРЫН УЦС-ЫН ҮЙЛДВЭРЛЭСЭН ЦЭХ-ИЙГ ХЯМДРУУЛСАН ТУХАЙ

Зарим улс төрчид, сайд дарга нар баригдсан Дөргөний 12 МВт, Тайширын 11 МВт УЦС хямд цахилгаан эрчим хүч (цаашид ЦЭХ гэх) үйлдвэрлэж байгаа шинээр барих Эрдэнэбүрэнгийн УЦС маш хямд ЦЭХ гаргана хэмээж буй. Дөргөн, Тайширын УЦС-ын үйлдвэрлэж байгаа ЦЭХ-ий 1 кВтц-ийн үнийг 37.8 төгрөг буюу 0.0133 ам.доллар буюу 1.33 цент$/кВтц-аар тогтоосон нь дэлхийд тохиолдоогүй бага үнээр хямдруулсан хэрэг. УЦС-ын хөрөнгө оруулалт нь Дөргөний УЦС-ын 28 сая ам.доллар дээр нь ДөргөнМянгадын 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам (цаашид ЦДАШ гэх) 4 орчим сая долларыг нэмээд 32 орчим сая доллар, Тайширын УЦСийн хөрөнгө оруулалт 38 сая ам доллар дээр нь УЦС-Улиастайн 110 КВ-ын ЦДАШ 6 сая орчим мөн УЦС-Алтай 35 кВ-ын ЦДАШ 1 сая орчим бүгд нийлээд 45 сая ам.доллар, 2 УЦС-д 77 орчим сая ам.доллар зарцуулж, дээр нь зээлийн хүүгийн төлбөр нэмэгдсэн байна.

ОХУ, БНХАУ-ын нормативын дагуу УЦС-ын хөрөнгө оруулалтын зээлийн төлбөрийг хүүтэй нь 10 жилд буцаан төлнө гэвэл үйлдвэрлэсэн ЦЭХ-ээ Дөргөний УЦС 0.123 дол/кВтц (350.5 төг/ кВтц), Тайширын УЦС 0.137 дол/кВтц (390.5 төг/кВтц)–аар борлуулах хэрэгтэй байсныг 10 дахин бага үнээр тогтоож хямдруулжээ. Дөргөн болон Тайширын УЦСын хөрөнгө оруулалтын зээлийн төлбөрийг улсын төсвөөс буюу бидний татварт өгсөн мөнгөнөөс төлж байгаа.

ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УЦС-ЫН ҮЙЛДВЭРЛЭХ ЦЭХ-НИЙГ БОРЛУУЛАХ ҮНИЙН ТУХАЙ

Ховд гол дээр 90 гаруй м өндөр боомт бүхий 9500 га талбайд байрлах 1.2 тэрбум м3 эзлэхүүнтэй усан сантай, 90 МВт чадалтай УЦС-ыг 288.5 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар байгуулан, жилдээ 366 сая кВтц ЦЭХ-ийг үйлдвэрлэх Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийг Эрчим хүчний яам хэрэгжүүлэхээр ажиллаж байна. УЦС-ыг барих хугацаа таван жил, усан сан дор орох талбайг чөлөөлж, цэвэрлэж, усаар дүүргэх хугацаа 2-3 жил нийтдээ 7-8 жил үргэлжилж, 2029-2030 оны орчимд ашиглалтад орох төлөвтэй юм. УЦС-ын 288.5 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг 10 жилд буцаан төлөхийн тулд жилд 28.85 сая ам.доллар, зээлийн хүүг 3 хувиар бодоход жилд 8.7 сая ам.доллар УЦС-ыг жилийн ашиглалтын зардал 5.8 сая орчим ам.доллар нийлээд 43.3 сая ам.долларыг ашиглалтын эхний жилүүдээс эхлэн УЦС үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ борлуулж, төлөх хэрэгтэй болно.

Энэ төлбөрийг хийхийн тулд УЦС-ын жилд үйлдвэрлэх 366 сая кВтц-ийг 12 цент$/кВтц-аар буюу 337.2 төг/кВтц үнээр борлуулах хэрэгтэй болно. Энэ нь бидний төлбөр төлж байгаа ЦЭХ-ний ахуй, албан байгууллагад 4.63-6.55 цент$/ кВтц-аас 2 дахин, ОХУ-ын импортын ЦЭХ 8-9 цент$/кВтцаас 1.5 дахин их өртөгтэй байгаа нь Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ЦЭХ хямд байж чадахгүй.

 Баруун бүсийн ЦЭХ-ний жилийн хэрэгцээ болон импортын 130 сая орчим кВтц ЦЭХ-ийг одоо ажиллаж байгаа 26 МВт УЦС Майхантолгойн 36-40 МВт УЦСаас хангах төлөвтэй. Иймд Эрдэнэбүрэнгийн УЦСын 90 МВт чадал болон 366 сая кВтц ЦЭХ-ийг Төвийн бүсэд хүргэн ашиглах нь оргил ачааллыг хааж, импортыг багасган, хөрөнгө оруулалтаа нөхөх бол омж олгохоор байна.

Төвийн бүсэд хэрэглэгчдээ хүргэхэд 1400-1500 км урт 220 (330) кВ-ын ЦДАШ байгуулах шаардлагатай бөгөөд түүнд 200 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулах хэрэгтэй болно. Энэ хөрөнгө оруулалтыг 20 жилд нөхөхийн тулд жилд 10 орчим сая ам.доллар төлөх хэрэгтэй болохоор дээрх УЦС-ын жилийн төлбөр 43.3 сая ам.доллар дээр нэмэгдэн 53.3 сая ам.доллар болж, түүнийг төлөхийн тулд УЦС-ын жилд үйлдвэрлэх 366 сая кВтц ЦЭХ-ээ 14.6 цент$/кВтц буюу 415 төг/кВтц-аар борлуулах шаардлагатай байна.


ӨНДӨР ТҮРЭЛТИЙН МАЙХАНТОЛГОЙН УЦС-ЫН ЭХНИЙ ЭЭЛЖ МАЙХАН УЦС-ЫН ҮР АШГИЙН ТУХАЙ

 Өндөр түрэлтийн УЦС нь дээрх УЦС-аас өөр хийцтэй, урьд өмнө Монгол Улсад хэрэглэж байгаагүй шинэ технологи, инновацын шийдэлтэй юм. УЦС-ын өвөл ажиллах усыг хуримтлуулах зорилгоор Эрдэнэбүрэнгийн УЦС-д Ховд гол дээр 90 гаруй метр өндөр боомт, Дөргөн УЦС-д Чонохарайх гол дээр 18 м өндөр боомт, Тайширын УЦС-д Завхан гол дээр 60 м өндөр боомт байгуулж, усан сангийн дор орох газрыг чөлөөлж, түүнд хөрөнгө оруулалтын 50-60 хувийг зарцуулдаг байна. Гэтэл Майхан 18 УЦС-д боомт бүхий усан сан барихгүй, түүнийг барих хөрөнгийг хэмнэн, байгалийн нуурыг усан санд ашиглах тул хөрөнгө оруулалт бага юм. Цэнгэлхайрханы нурууны мөстөл, цасны хайлалтаас эх авсан голуудын усыг гидротехникийн байгууламжаар байгалийн Хар нуур торуулж өвөл ажиллуулах усыг хуримтлуулан ашиглана.

Туннел, түрэлтийн хоолойн байгууламжаар усыг дамжуулан 418 м түрэлт үүсгэн, Хотон голын эрэгт УЦС-ын байшинд 2 ширхэг V6 пелтон турбина генератортай байрлуулан түүнээс ЦЭХ үйлдвэрлэн, 110 кВын ЦДАШ-аар Өлгийн дэд станцад хүргэн ББЭХС-д холбогдон, ЦЭХээ түгээнэ. Майхан 18 УЦС-ын хөрөнгө оруулалт нийтдээ 22.7 сая ам.доллар, үүнээс УЦС-ын байгууламж 17 сая ам.доллар, УЦС-аас Өлгийн дэд станц хүртэл 110 КВ-ын ЦДАШ-ын өртөг 5.7 сая ам.доллар байна. Майхан 18 МВт УЦС нь 418 м түрэлтийн хүчээр 1.2 м3/с усаар 4 МВт чадал, 5.2 м3/с усаар 18 МВт чадлыг гарган ажиллах чадвартайг Дөргөний УЦС 36 м3/с усаар 4 МВт, 73 м3/с усаар 8 МВт чадал гарган ажилладагтай харьцуулахад 30 дахин бага усаар маш их хэмнэлттэй технологиор ЦЭХ үйлдвэрлэнэ. УЦС-д ашиглах Хар нуурын усан сангийн ашигтай эзлэхүүн 170 сая м3 нь Дөргөний УЦС-ын усан сангийн ашигтай эзлэхүүнтэй адил нөөцтэй нь Майхан 18 МВт УЦС-ыг найдвартай ажиллах усны эх үүсвэртэйг харуулж байна.

УЦС-ыг тоноглохоор төлөвлөж буй Австри Улсын Андритц Хайдро компанийн V6 пелтон турбина нь 6 цоргиуртай хэвтээ байрлалтай бөгөөд хоёр цоргиураар 0.8 м3/с усаар 3 МВт, 4 цоргиураар 1.6 м3/с усаар 6 МВт, 6 цоргуураар 2.6 м3/с усаар 9 МВт чадал гарган, 2 турбинээр 18 МВт чадлыг ЦЭХний хэлбэлзэлд тохируулан ажиллах чадвартай байна. Дөргөний 12 МВт УЦС-ын барилгыг 2002-2008 онд 7 жил, Тайширын 11 МВт УЦС-ын барилгыг 2004-2008 онд барьж, усан санг усаар дүүргэх ажил удаашран 2011 онд ашиглалтад оруулж найман жил зарцуулсан байна.

 Майхан 18 УЦС-ыг барьж байгуулахад 2 жилийн дулааны улирлын хугацаа шаардлагатай бөгөөд усан санд нууранд оруулсан усыг ашиглах болохоор боомт барьж, усан санг усаар дүүргэх хугацаа хэмнэгдэн, барилгын ажил, тоноглолын угсралт дуусмагц шууд бүрэн хүчин чадлаар ажиллана.Эрдэнэбүрэнгийн УЦС-ын усан сангийн доор орох 9500 га талбайд бэлчээр, хадлан, ой мод, услалтын систем орж ихээхэн хохирол үүсэх, 528 айл өрхийг орон сууцтай нь нүүлгэн шилжүүлэх шаардлагатай байгаа бол Майхан УЦС-ын усан сангийн талбай нь байгалийн нуур болохоор бэлчээр, хадлан, ой мод зэрэг эдэлбэр газрын хохирол үүсэхгүй, орон сууц, айл өрхийг нүүлгэн шилжүүлэх асуудал гарахгүй юм. Майхан 18 МВт УЦСын үйлдвэрлэх ЦЭХ-ний үнэ тарифийг 2019 онд Эрчим хүчний зохицуулах хорооноос 1 кВтц-ийг 0.071 ам.доллараар тогтоосон бөгөөд түүний 0.053 дол/кВтц нь УЦС, 0.018 дол/ кВтц нь ЦДАШ-д ногдож байгаа нь УЦС-ын үйлдвэрлэх ЦЭХ Эрдэнэбүрэнгийн УЦС-аас 2.3 дахин бага үнэтэй, импортын ЦЭХ-ээс хямд байна. Майхан 18 МВт УЦС нь жилд 50-60 сая кВт-ц ЦЭХ үйлдвэрлэн ББЭХС-д нийлүүлэх бөгөөд дунджаар 57 сая кВт-ц ЦЭХ үйлдвэрлэнэ гэвэл 0.071 дол/ кВтц-аар үнэлэн жилдээ 4.05 сая ам.долларын орлоготой ажиллан, түүнээс ашиглалтын зардал 0.728 сая ам.долларыг хасаад жилд олох ашиг нь 3.32 сая ам.доллар болно.

Энэхүү ашгаар Майхан УЦС хөрөнгө оруулалтаа 8-11 жилд нөхөх боломжтой байна. Майхан 18 МВт УЦС-ын эхний ээлжийг ашиглалтад оруулсны дараа хоёр дахь ээлжид Цэнгэлхайрханы нурууны Баруун талын зургаан голын усыг нийлүүлж, усан санд хуримтлуулан түүнээс 7.3 км төмөрбетон хоолой, 5.4 км урт т уннелийн гидротехникийн байгууламжаар усыг дамжуулан Хар нуурт оруулж УЦС-ын чадлыг 36-40 МВт болгон өргөтгөхөөр төлөвлөж түүнд 30 орчим сая ам.долларын хөрөнгө оруулна. Энэ нөхцөлд Майхантолгойн УЦС нь жилдээ 180-200 сая кВтц хямд ЦЭХ үйлдвэрлэх боломжтой болж, одоо байгаа УЦС-уудтай хамтран Баруун бүсийн БаянӨлгий, Ховд, Увс, Говь-Алтай, Завхан таван аймгийн ЦЭХ-ний хэрэгцээг бүрэн хангана. ББЭХС импортын ЦЭХ-д жилд 8-9 сая ам.доллар /22.8- 25.7 тэрбум төгрөг/ зарцуулдаг импортын хараат байдлаас ангижран, бие даан ажиллана Мөн ББЭХС ба АУЭХС 2020 онд улсын төсвөөс 19.85 тэрбум төгрөг авч байсан нь дараагийн жилүүдэд өсөх төлөвтэй юм.

Харин УЦС-ыг ашиглалтад орсны дараа Улсын төсвөөс хөрөнгө авахаа больж (Улсын хөрөнгийн хэмнэлт нийтдээ жилд 42.6-45.5 тэрбум төгрөг), бие даан ажиллах боломжтой болно. Майхан толгойн УЦС-г байгуулах нь Баруун бүсийн 5 аймаг болон Улсад өндөр үр ашигтай болох нь тодорхой байна.


 АРД ТҮМНИЙ ЭРХ АШИГТ НИЙЦСЭН БОДЛОГО ХЭРЭГТЭЙ БАЙНА

Усны Эрчим ХХК 53 сая ам.доллараар Майхантолгойн УЦС-ыг байгуулж Баруун бүсийн таван аймгийн ЦЭХ-ний хэрэгцээг хангах төсөл хэрэгжүүлэх гэж байхад Эрчим хүчний яам 388.5 сая ам.доллараар Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг байгуулж Баруун бүсийг ЦЭХ-ээр хангана гэж ярьж байгаа нь буруу бөгөөд харин түүний 90 МВт чадал, 366 сая кВтц ЦЭХ-ийг Төвийн бүсэд хүргэн импортыг багасгах, оргил ачааллыг хаахад ашиглах нь оновчтой болно.

 Майхан толгойн УЦС нь Эрдэнэбүрэнгийн УЦС-аас тав дахин бага хөрөнгө оруулалттай, 1 кВтц ЦЭХ-ийн борлуулах өртөг бараг хоёр дахин бага байх төлөвтэй Баруун таван аймгийг хямд ЦЭХ-ээр ханган орон нутгийн хөгжүүлэх, хүн амын ахуй соёл, амьдралыг дээшлүүлэх, экологийн нөхцөлийг сайжруулах чухал үүрэгтэй байна. Мөн ББЭХС, АУЭХС-ийг бие даан ажиллуулах, импортын хараат байдлаас ангижран, системийн найдвартай ажиллагааг хангах стратегийн ач холбогдолтой юм. Ард түмэнд бага хөрөнгө оруулалтаар байгуулж, хямд ЦЭХ ашиглан улс орноо хөгжүүлэх, хямд ЦЭХ-ээр хүн амын амьжиргааг сайжруулах шаардлагатай байдаг.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна