Б.Болор-Эрдэнэ: Хэн нэгнийг хайрцгаасаа шахаж гаргалгүйгээр хамтдаа урагшилна

Админ
Өчигдөр 10 цаг 12 минут

--- “Асуудал шийдэл 330” залуучуудын манлайллын хөтөлбөр орон даяар үргэлжилж байна ---

У.СҮХЭЭ

АН-ын Хүний нөөцийн бодлого хариуцсан нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Орон ну тагт ажиллаж байгаа дуулдсан. Ямар ажлаар яваад ирэв?

- Өнгөрсөн сар гаруйн хугацаанд УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Цогтгэрэл удирдлагын багийн хамт баруун болон говийн аймгуудад ажиллаад ирлээ. Сумын удирдлага, анхан шатны намын гишүүдтэй уулзаж, тухайн сумдын тулгамдсан асуудлыг судлаад ирлээ. Мөн АН-ын үнэт зүйл, үйл ажиллагааг шинэ төвшинд гаргаж хөгжүүлэхийн тулд ямар байдлаар хэрхэн хамтарч ажиллах талаар ярилцсан.

-Уулзалтын үеэр хөндөгдсөн асуудлаас онцолбол?

- Сумын төвшинд хүний нөөцийн асуудлыг дэмжсэн үйл ажиллагааг төв намын зүгээс зохион байгуулаач гэсэн хүсэлт, санал нэлээн гарлаа. Бодит хэрэгцээ шаардлага ч байгаа нь ажиглагдсан. Угаасаа салбар салбарт ажиллагсдын амжилтад хүний нөөцийн боловсрол, ур чадварын асуудал хэр чухлыг хүн бүхэн мэднэ. Тэр дундаа улс төрийн салбар гэдэг өөрийн гэсэн онцлогтой. Монгол Улсын хөгжлийн бодлогыг тодорхойлоход улс төрийн салбарынхны үүрэг оролцоо өндөр. Тэр хэрээр улс төрийн салбарт ажиллаж байгаа хүний нөөц нь хэр хэмжээнд бэлтгэгдсэн, ямар хэмжээнд боловсорсон гэдэг нь чухал. 

Улс төрийн салбарт ажиллаж байгаа хүний нөөц өөрөө улсын хөгжлийг тодорхойлоход бэлэн биш байх юм бол тооцоо судалгаа муутай алдаатай бодлого тодорхойлогдоно. Тэр бодлогоор улс орныг дагуулбал улс орны хөгжлийг хойш татах, олон жилээр удаашруулах сөрөг нөлөөтэй.-Танай намын боловсон хүчний нөөц өнөөдрийн байдлаар ямар байна вэ?

-АН-ын хувьд улс даяар 200 мянга шахам гишүүнтэй. Гишүүдээ бэлтгэж, хөгжүүлж чадвал Монгол Улсын хөгжилд оруулж байгаа хувь нэмрийн нэгээхэн хэсэг нь юм шүү дээ. Мэдээж АН, МАН-д ч боловсрол өндөр, мэдлэг чадвартай хүний нөөц бий. Хэдийгээр Монгол Улсад ардчилсан хувьсгал өрнөөд 32 жил, АН байгуулагдаад 21 жил болж байгаа ч гэсэн манай намын хувьд засаглах төвшин буюу хөгжлийн бодлого тодорхойлох төвшинд ажиллах боломж хомс байсан. Гэхдээ 2012 онд АН ялалт байгуулсны дараа богинохон хугацаанд олон зуун км зам хийж чадсан. Мэдээлэл харилцаа холбооны салбарт шинэ нэгжийг байгуулж, төрийн үйлчилгээг автомат ж уулж, цахимжуулах чиглэлд амжилттай ажиллаж, ахиц дэвшилд хүрсэн.

Улаанбаатар хотод 30 гаруй зам, уулзварыг сэтэлж, авто замын хөдөлгөөний урсгалыг дэмжсэнээр нийслэлийн авто замын түгжрэлийг тодорхой хэмжээнд бууруулсан гээд дурдвал олон юм бий. Энэ бүхний ард тооцоо судалгаа, хүний нөөцийн үйл ажиллагаа амжилттай хэрэгжсэний жишиг. Цаашдаа ч Улаанбаатар хот, улс орны хөгжлийн бодлого гэдгээс гадна сумын төвшинд, сумандаа бодит манлайллыг бий болгож, сумынхаа бодит асуудлыг харж, харсан асуудлынхаа шийдэл, гарц гаргалгааг тодорхойлж чаддаг. Тодорхойлсон асуудал руугаа ханцуй шамлан орж шийдэж чаддаг залуучуудыг бэлдье гэдэг утгаар “Асуудал шийдэл 330 ” залуучуудын манлайллын хөтөлбөрийг улс орон даяар зарласан. Хөтөлбөр маань 35 нас хүртэлх насны АНын гишүүн залуусыг хамруулах юм. Өнөөдрийн байдлаар гишүүн залуучууд маш идэвхтэйгээр анкетаа ирүүлж байна. Ирсэн анк ет дундаасаа “Асуудал шийдэл 330” хөтөлбөрийнхөө дагуу 330 залууг шалгаруулж хамруулна.

-Хөтөлбөр хэдий хугацаанд үргэлжлэх вэ?

-Гурван сарын хугацаанд үргэлжилнэ. Үндсэн хөтөлбөрт ардчиллын үнэт зүйлс, засаглал, төрийн захиргаа удирдлага, иргэний манлайллын сургалт багтсан.

-АН-ын хуваагдал нийгмийн сэтгэл зүйд таагүй мэдрэмжийг төрүүлж байгаа нь нууц биш. Хоёр АН гэх ойлголттой боллоо. Асуудал нааштай шийдэгдэх яриа хэлцэл болж байгаа юу?

-Монголчуудад ардчилал хэрэгтэй. Гэтэл ардчиллыг хамгаалах, түгээн дэлгэрүүлэх нийгмийн томоохон үүргийг гүйцэтгэгч АН дотооддоо ийм асуудалтай байгаа нь харамсалтай хэрэг. Миний хувьд, хүний нөөцийн бодлого хариуцан ажиллаж байгаа учраас наад асуултад чинь хариулт өгөх нь ажлын чиг үүргийн хувьд боломжгүй. Гэхдээ АН үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, аливаа асуудалд шүүмжлэлтэй хандаж, гарц гаргалгааг санал болгож чөлөөт мэтгэлцээнийг өрнүүлж байсан жишээ олон. 

Хүн үзэл бодлоо чөлөөтэй сонгож, илэрхийлэх эрхтэй. Энэ эрхийнх нь төлөө ардчилсан үзэл санаа оршин тогтнодог. АН дотор энэ асуудалтай холбоотой мэтгэлцээн үүссэн байгаа. Гэхдээ бидний өнгөрсөн түүх, ирээдүйн зорилго ижил. Тодруулбал, Монгол Улсад ардчиллыг түгээх, бэхжүүлэх, хайрлан хамгаалж, өвлүүлэх зорилго ижил.Ардчилал гэдэг ганц нэг хүний үзэмжээр асуудлыг шийддэг юм биш. Олон ургалч үзлээр, олуулаа ярилцаж байж хамгийн зөв гэсэн шийдлээ олонхын саналаар дэмжээд хэрэгжүүлж чаддаг, хувь хүний өвөрмөц шинж чанартайг хүлээн зөвшөөрч чаддаг, ялгаатай байгаагийнх нь төлөө ялгаварлан гадуурхдаггүй олон ургалч үзэл санааны нэгдэл. Энэ нийгмийн төлөө дуугардаг, тэрний төлөө явж байгаа учраас биднийг өнгөрсөн түүх, ирээдүйн зорилго маань нэгтгэнэ. Тун удахгүй бид хамтдаа ардчиллыг хамгаалагч байр сууриндаа маш эв нэгдэлтэйгээр нягтарч зогсоно гэдэгт хувь хүний зүгээс итгэлтэй байдаг. Уулын мод урттай богинотой байдагчлан урт богино моднууд нийлж байж ой болдогтой адил учраас санаа зовохгүй байгаа. 

Мэдээж өнгөрсөн хугацаанд намын зүгээс хүчтэй, эв нэгдэлтэйгээр дуу хоолойгоо нийгэмд хүргэж чадахгүй байгаа ч тун удахгүй нам голдиролдоо орно. Гэхдээ хэн нэгнийг болохгүй байна гэж хайрцгаасаа гаргах биш хамтдаа урагшилна гэсэн итгэл дүүрэн байна.-Уг хөтөлбөрийн давуу тал гэвэл та юу хэлэх вэ?

-Улсын хэмжээнд, ихэнх тохиолдолд, менежмент эсвэл хувь хүний менежментийн сургалт орж байна. Муу биш сайн хэрэг. Харин манай сургалтын агуулга багийн төвшинд магадгүй багтаа өөрчлөлт оруулъя, багийнхаа малчин, тариаланч иргэдийн өмнө тулгамддаг асуудлыг шийддэг болъё гэвэл багийн засаг дарга яг ямар ур чадвартай байхыг нарийн тодорхойлж, тэр чиглэлийн мэдлэгийг өгье гэж байгаа юм. Хашаандаа сайхан амьдаръя, жорлонгоо өөрчилье гэдэг ч юм уу бодитой нийгмийн асуудлыг шүүмжлээд суулгүй, өөрсдөө ханцуй шамлаад ордог нийгмийн 330 манлайлагчийг бий болгохыг зорьж байгаа. Мөн зөвхөн хүний нөөцийн бодлогын хувьд сургалт хөгжлийн хөтөлбөрөөр хязгаарлагдахгүйгээр АНын гишүүн ардчиллын үнэт зүйлсийг ойлгож мэддэг, түгээн дэлгэрүүлдэг, сэтгэл ханамжтай байх гэхчлэн бусад хөтөлбөрүүд ар араасаа хэрэгжих юм.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.75.38
    Өчигдөр

    Оросуудаас ч илүү муу санаатай

    Хариулах
  • 192.82.75.38
    Өчигдөр

    Монголчууд шат ахиад ирэхээрээ хайрцагнаасаа нэгнээ гаргаад эхэлдэг. Хүн чанар муутай

    Хариулах