Төр хувийн хэвшлийн түншлэл төсөвт хэрхэн нөлөөлөх бол

Админ
Өчигдөр 10 цаг 19 минут

У.СҮХЭЭ

Монгол Улсын ирэх жилийн төсвийг ирэх сарын 1 -нд өргөн барих учиртай. Улсын төсвийг хэлэлцэхээс өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, “Экспортын зориулалттай бүтээн байгуулалтыг барьж байгуулан ажлын байрыг олноор бий болгож, үйлдвэрлэгч экспортлогч улс болох шаардлагатай байна. Тиймээс ядуурлын тухай өдөр бүр санаж, ялангуяа цар тахлын үед орлого багатай иргэдийн амьжиргааг хамгаалах, ажлын байрыг хадгалах, шинээр ажлын байр бий болгоход онцгой анхаарч ажиллах шаардлагатай.

Энэ зорилтыг хангахын тулд үйлдвэр үйлчилгээний салбарт ажиллаж байгаа баялаг бүтээгч бизнес эрхлэгчдээ дэмжин хамтран ажиллаж, тусалж, аливаа эрсдэлээс хамгаалъя. Ажиллаж амьдрах эрх зүйн таатай боломж нөхцөлийг та бүхэнд олгож өгье. Энэ бол төр засгаас хийх ёстой ажил. Төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид тулгамдаж байгаа асуудлаа хамтарч шийддэг байх ёстой” хэмээн онцолсон. 

Харин Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, “Инфляц 8.5 хувьд хүрэх тооцоог Төв банк хийсэн. Монголбанкны тооцооноос хэт даваагүй ч энэ бол сорилт мөн. Аливаа хямралын дараа эдийн засаг сэргэдэг. Сингапур эдийн засгийн сэргэлтийн хуулиа баталжээ.Манай улсад өмнө нь таван жилээр бодлогоо тодорхойлдог, Шинэ сэргэлтийн бодлого гаргаж, улс даяар баяжигтун гэсэн уриа гаргаж байсан туршлага бий. Бид ямар нэг хууль батлахаас өмнө хувийн хэвшилтэй заавал хэлэлцдэг болно. Шинэ хуулийн хамгийн эхний өгүүлбэр нь төрийн эрх мэдэл, төрийн ашиг сонирхлыг илэрхийлдэг. Цаашид энэ сэтгэлгээнээс татгалзана.” гэсэн. Ямартай ч сүүлийн 30 жилийн хугацаанд Төрийн гурван өндөрлөг хувийн хэвшлийнхэнтэй нүүр тулж уулзан жаргал зовлонгоо хуваалцсан тохиолдол үгүй бөгөөд хүнд байдалд орсон Хөгжлийн банкийг экспорт-импортын банк болгохоо дуулгасан. Түүнчлэн Зөвлөлдөх уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОюунЭрдэнэ “Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлого”-ын талаар танилцуулсан агаад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ээлжит хурлаар “Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлого”-ыг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцэхийг дэмжсэн билээ. Харин бид уулзалтад ирсэн хувийн хэвшлийнхэн болон төрийн өмчит үйлдвэрийн газрынхны байр суурийг тоймлон хүргэхээр бэлдлээ.

Х.ГАНБААТАР: АЖ АХУЙ НЭГЖҮҮДИЙГ ШАЛГАХ ШАЛГАЛТАА ЗОГСООХЫГ ХҮСЬЕ

 (Ажил олгогч эздийн холбооны гүйцэтгэх захирал) Эдийн засгийг сэргээхийн тулд Аж ахуй нэгжүүдийг шалгах шалгалтаа зогсоохыг хүсэж байна. Долоо хоногт 3200 байцаагч, аж ахуй нэгжүүдийг шалгаж байна. Үүнийг зогсоогооч, хариуцлагыг нь ажил олгогч бид хүлээе. Төр битгий оролц. Эдийн засаг хүндэрсэн учраас 2021-2022 онд аж ахуй нэгжүүдэд ямар нэгэн торгууль тогтоохгүйгээр өнгөрөөч. Энэ үед нь хяналт шалгалт хийгээд торгууль, алданги тооцохоо болих хэрэгтэй.

 Хэрэв 2021-2022 онд борлуулалтынхаа орлогыг нэмсэн аж ахуй нэгж байгаа бол татвараас чөлөөлөөсэй. Тухайлбал, 100 сая төгрөгийн борлуулалтыг 150 сая болгосон бол 50 сая төгрөгийн орлогыг татвараас чөлөөлөөсэй гэж хүсэж байна.


П.БАТСАЙХАН:ТӨРТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХАД БЭЛЭН БАЙНА, БИДЭНД ЦАГ АЛДАХ АЛДАХ ЭРХ БАЙХГҮЙ (“Шунхлай” группийн ерөнхийлөгч)

-Цар тахал бидний амьдралыг ихээхэн өөрчиллөө. Үүний дараа дэлхий хоёр хуваагдана. Нэг талаас цар тахлыг амжилттай даван туулсан улсууд, нөгөө талд тахлын өмнө сөхөрсөн, эдийн засаг нь туйлдсан орнууд байх болно. Энэ сорилтыг даван туулах үүрэг өнөө үеийнхэнд ирлээ. Аливаа шинэчлэлийн 50 хувь нь удирдагчийн манлайллаас шууд хамаардаг. Үүнийг төр, хэвийн хэвшил хамтдаа хийх ёстой. Энэ эгзэгтэй үед тэсэж үлдэх нь Засгийн газар , УИХ-ын гишүүдийн алсын хараа, манлайллаас шууд хамаарна. 

Мэргэжлийн амбийц гарган, хүнд суртал үзүүлж, нутаг усны талцалд хуваагдах нь хөгжлийн хамгийн том чөдөр тушаа болж байв. Үүнийг бид нэн шинэ түүхээсээ харж болно. Богино хугацааны нэр төр хөөцөлдөн шийдвэр гаргаад, шийдвэрээ буцаах замаар ажиллаж байна. Нийгмийн сүлжээнд цөөн хүн иргэдийг удирдаж байна. Тэдний үзэл санааг олонхынх гэж андуурч байна. Эдийн засгийн хамгийн хүнд ачааг хувийн хэвшил үүрч ирлээ. Цаашдаа ч үүрэх ёстой гэдгээ ухамсарлаж байна. Яг одоо төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа ус агаар мэт хэрэгтэй байна. Шинэ аргыг эрэлхийлэх боломж бидний өмнө байна. Та бүхний манлайлал дор төртэй хамтран ажиллахад бид бэлэн байна. Бидэнд цаг алдах алдах эрх байхгүй.


Б.ЖАРГАЛСАЙХАН: БЕНЗИНЭЭС ОНЦГОЙ АЛБАН ТАТВАР АВЪЯ (“Буян” компанийн захирал/)

Улсын төсөв хэмжээтэй. Нэг айлын тогоо л гэсэн үг. Гэтэл энэ улсад ээж л ганцаараа хоол бэлддэг, ажил хийдэг. Тэгсэн атлаа бүгд ээжээр ам руугаа хоол халбагадуулж иддэг. Эргээд төсөв дээрээ нэмж байгаа зүйл алга. Тиймээс энэ жилийн төсвөөс эхлээд орон нутгийн төсөв батлахдаа 50 хувийг өөрсдөө татвараараа бүрдүүлэх цаг болсон. Монгол Улсын нэгдсэн төсвөөр бүх зүйлээ даалгадгаа боль. Тэд хэзээ болтол улсын төсвөөс татаас авч амьдрах юм бэ. Тэгсэн атлаа улс орны хөгжилд хувь нэмэр оруулахгүй. Хөгжилд оролцдоггүй. 

Тээврийн улмаас юмны үнэ их өслөө. Эндээс түүхий эд ачсан галт тэрэг буцахдаа хоосон ирдэг. Үүнийг хориглох хэрэгтэй. Гашуунсухайтад нарийн хоолойгоор бараа гарч байна. Энэ боомтод чөлөөт бүс байгуулбал нүүрсний экспорт өснө. Машинаа нэмээд ч нүүрсний гаргалт өссөнгүй. ОХУ манайд 40-60 хувийн худалдааны татвар тавьсан. Худалдааны яамыг хурдан байгуулах хэрэгтэй. Япон улстай чөлөөт худалдааны гэрээ байгуулсан ч тэд бидэнд хуучин машинаа борлуулдаг нь алдагдалтай. Тяньжинд гацсан чингэлгийн 60 хувь нь машин байна. М ашиныг нь авсан болохоор сэлбэг хэрэгслээ бас худалддаг. Төгсгөлд нь бензинээс онцгой албан татвараа эргүүлж авдаг болъё. М анайх шиг татваргүй улс алга. Зунжин хөдөө яваад, намар бөөн хурал хийдэг амьдралын энэ хэмнэлээ өөрчлөх цаг болсон.


Х.БАДАМСҮРЭН: ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ЭНЭ ЖИЛИЙН ТӨСӨВТ 1.2 ИХ НАЯДЫГ ТӨВЛӨРҮҮЛНЭ (”Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал)

Өнөөдөр дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ харьцангуй өндөр байна. Зах зээл дээр зэсийн үнэ 100 ам.доллараар өслөө гэхэд 30 ам.доллар нь л Эрдэнэт үйлдвэртээ үлдэнэ. Бусад нь татварт явахаас гадна ашигт малтмалын гаралтай түүхий эдийн үнэ өсөхөд бусад бараа материалын тэр тусмаа технологийн материалын үнэ өсдөг. Бид аль болох хүрсэн төвшнөөсөө бууруулахгүйг хичээж ажиллаж байна. Өнгөрсөн жил 1,8 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн, энэ жил 1.2 их наядыг төвлөрүүлэх боломжтой гэж төсөөлж байна. Зэсийн үнэ нэг, хоёр жилийн хугацаанд тогтвортой байх дүр зураг байгаа. Уул уурхайн үйлдвэрлэлийн хувьд, тэр дундаа Эрдэнэт үйлдвэрийн тухайд технологийн материал, сэлбэг, тоног төхөөрөмжөө бүгдийг гаднаас авдаг. 

Зэсийн үнийг дагаад үнэ өсөж байгаа. Гэсэн хэдий ч зэсийн баяжмал хайлуулах боловсруулах үйлдвэрээ барьж байгуулахаар бүх хүчин чармайлтаа гаргаж ажиллаж байна. Зэсийн үнийн өсөлт бол монголчууд бидний хувьд үүлэн чөлөөний нар. Энэ үеэ ашиглаад үйлдвэрээ барихаар ажиллаж байна.Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэл технологийн парк барих замаар асуудлыг шийдэхээр засгийн газар шийдэж, тусгай зөвшөөрлөө өгсөн. Энэ хүрээнд томоохон төслүүд хэрэгжинэ. Боловсруулах үйлдвэрийнхээ төслийг дагаад төр хувийн хэвшлийн хөгжих ёстой. Боломж бүрдэж байгаа. Эцэст нь тэмдэглэхэд, зөвлөлдөх уулзалтаас хэрхэн хамтран ажиллах болон гарц шийдлээ тодотгосон зөвлөмж гаргах бөгөөд үүнийг ажилдаа тусгахыг Монгол Улсын Ерөнхийлөгч чиглэл болгосон. Басхүү төрийн зүгээс төр бүх зүйлийг хийх биш чадахыг нь хувийн хэвшлийнхнээр хийлгэж, зардлаа хэмнэх нь бодлого барих нь гэж ойлгогдсон.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.75.38
    Өчигдөр

    Далай доогуур тунель ухаад хурдны галт тэрэг явж байна

    Хариулах
  • 192.82.75.38
    Өчигдөр

    Далай доогуур дээгүүр хоёр талаас нь тунель ухаж далайн ёроолд хот байгуулж

    Хариулах